Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2024/0062/З |
Дугаар | 001/ХТ2024/0071 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/0071
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0148 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0263 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч “М” ХХК-аас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 дүгээр шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.“М” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2016 оны А/248 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2702 м.кв хэмжээтэй газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Уг газар эзэмших эрхийн хугацаа 2021 онд дууссан байна.
2.1.Нэхэмжлэгчийн 2022, 2023 оны газрын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй талаарх гомдолд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984 дүгээр албан бичгээр “... Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно. Иймд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэж,
2.2.Мөн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 дүгээр албан бичгээр “... Танай компаниас газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул газрын төлбөр төлөхгүй гэсэн байна. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 56.5-д заасны дагуу тус баригдсан байранд амьдарч байгаа оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх тул холбогдох материалыг бүрдүүлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэсэн хариуг тус тус өгсөн байна.
3.Нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрхгүй “М” ХХК-аас газрын төлбөр төлөхийг нэхэмжилж, дуусгавар болсон газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх шаардлага тавьж байна” гэж,
4.Хариуцагчаас “... нэхэмжлэгчийн барьсан орон сууц нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2022 оноос Сууц өмчлөгчдийн холбоонд газраа шилжүүлэх эрх үүссэн бөгөөд одоог хүртэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх баримтыг холбогдох мэргэжлийн байгууллагад гаргаж өгөөгүй байна” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0148 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3, 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 56 дугаар зүйлийн 56.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 441 дүгээр зүйлийн 441.1, 441.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 дүгээр албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0263 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Давж заалдах шатны шүүхээс “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984 дүгээр албан бичиг болон 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүд нь Захиргааны ерөнхий 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй төдийгүй нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байхаас гадна эдгээр хоёр албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компанийн ямар эрх зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна” гэжээ.
7.2.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус заасан байдаг.
7.3.Түүнчлэн “захирамжилсан” гэдэг шинж нь нийтийн ашиг сонирхол, удирдлагын эрх мэдлийг зөвхөн нэг тал болох захиргааны этгээдээс хэрэгжүүлснээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа оролцогч нөгөө тал болох бусад этгээдийн хүсэлт зоригоос үл хамаарна гэсэн үг юм. Захиргааны байгууллагын хүсэлт зориг нь тухайн актаар илэрч бусад этгээдийн оролцоогүйгээр эрх зүйн тодорхой үр дагавар үүссэн байхыг ойлгоно.
7.4.Манай компанийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон ч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас одоог хүртэл газрын төлбөр төлөх болон газар эзэмших эрхийг Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх тухай шаардлагыг манай байгууллагад илгээсээр байгаа.
7.5.Маргаан бүхий нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984 дүгээр албан бичигт “... тус газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гаргаагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно. Иймд холбогдох материалыг бүрдүүлэн өгч нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү”, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “... холбогдох материалыг бүрдүүлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэсэн байна.
7.6.Дээрх албан бичгүүдийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусчхаад байхад газрын төлбөр төлөхийг шаардаж байгаагаас гадна газар эзэмших эрхийг Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх, хэрэв Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахгүй тохиолдолд цаашид ч газрын төлбөрийг төлөх үндэслэлтэй гэх агуулга бүхий шийдвэр байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын хүсэл зоригийг илэрхийлсэн нэхэмжлэгчид газрын төлбөр төлөхийг болоод газрыг бусдад шилжүүлэх үүрэг хүлээлгэх сөрөг нөлөөлөл бүхий шууд үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шинжийг агуулсан шийдвэр болжээ.
7.7.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах эсэх асуудал нь нэхэмжлэгч байгууллагын хүсэлт зоригоос үл хамаарах буюу оршин суугчдын хүсэлт зоригийн дагуу байгуулагдана.
7.8.Түүнчлэн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсноор тухайн газартай холбоотой эрх зүйн харилцаа бүр мөсөн дуусгавар болох ба цаашид газрын төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Үүднээс гадна Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан ч Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоо нь гэрээний дагуу ашиглаж буй орчны газрын төлбөрөөс чөлөөлөгддөг.
7.9.Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 441 дүгээр зүйлийн 441.1, 441.3 дахь хэсэгт заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны орчны газрыг ашиглах хүсэлт гарган ашиглах эрхтэй байхад дээрх маргаан бүхий албан бичгүүдэд “газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гаргаагүй байх тул холбогдох материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэсэн байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр хууль бус шаардлагыг нэхэмжлэгчид тавьж байгаа нь захирамжилсан шинжийг илэрхийлж байгаа юм.
7.10.Үүнээс үзвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 дүгээр албан бичгүүд нь тодорхой нэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор, нэхэмжлэгчид чиглэсэн, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, биелүүлээгүй тохиолдолд албадлага хэрэглэх, хариуцлагын үр дагавартай, захиргааны байгууллагаас бичгээр гарсан захирамжилсан шийдвэр байна.
7.11.Мөн давж заалдах шатны шүүхээс тухайн албан бичгүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй, ойлгомжгүй гэжээ. Нэхэмжлэгчид дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгон дүгнэлт хийлгэж, эрхээ сэргээлгэх ашиг сонирхол байгаа бөгөөд шүүхээс маргаан бүхий хоёр албан бичиг бүхий шийдвэрийг хүчингүй болгосноор “М” ХХК нь газар эзэмших эрхийн хугацаа дууссан газрыг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх үүрэг хүлээлгээгүй гэдгийг болоод газар эзэмших эрхийн хугацаа дууссанаас хойших газрын төлбөрийг төлөх ёсгүй этгээд болохыг тогтоолгож, газрын төлбөрийг төлөхгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм.
Иймд хяналтын журмаар гаргаж буй энэхүү гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.“М” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2702 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
11.“М” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу 51 айлын орон сууцны барилгыг захиалан бариулж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарчээ.
12.Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болж, хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй байна.
13.Мөн “М” ХХК газрын төлбөрөө хугацаанд нь зохих ёсоор төлж байсан. Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлжээ.
14.Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тухай газар эзэмших эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулж, газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргажээ. Уг хүсэлтэд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984 албан бичгээр “... Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгсөн байна.
15.Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 албан бичгээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 56 дугаар зүйлийн 56.5-ийг баримтлан газар чөлөөлсөн тохиолдолд оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх тул газар эзэмших эрхийг холбогдох журмын дагуу шилжүүлнэ үү гэх агуулгатай хариуг өгчээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Газар эзэмших эрхийн хугацаа дууссанаас хойш газрын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй эсэх,
-Маргаан бүхий албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулж буй эсэх,
-Шинээр ашиглалтад орсон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй тохиолдолд уг орон сууцны доорх болон орчны газрыг хэрхэн шийдвэрлэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
16.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг хуульд нэрлэн заажээ.
17.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх бөгөөд уг газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргаагүй байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна.
18.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус заажээ.
19.Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээд газрын төлбөр төлөх үүрэг хүлээхээр байх бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон байх тул газар эзэмших эрх дуусгавар болсон хугацаанаас хойш газрын төлбөр төлөх үүргийг хүлээхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй.
20.Нэгэнт газар эзэмших эрх дуусгавар болж, улмаар газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн байхад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан бичгүүд нь эрх зүйн үр дагаврын хувьд агуулгаараа нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүргийг хүлээлгэсэн байна.
21.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж захиргааны актын шинжийг тухайлан хуульчилсан байх бөгөөд маргаан бүхий албан бичгүүд нь хуульд заасны дагуу дуусгавар болсон харилцаанд нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүргийг хүлээлгэсэн байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг хангаж байна.
22.Иймд, давж заалдах шатны шүүх “маргаан бүхий албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх төдийгүй нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, захиргааны үйл ажиллагаа тухайн харилцаанд үйлчлэл нь чиглэсэн этгээддээ ямар эрх зүйн үр дагавар үүсгэж буйг анхаараагүй байна. Анхан шатны шүүхийн “хариуцагчийн энэхүү үр дагавар үүсгэсэн үйлдэлд холбогдох дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зарчимд нийцнэ” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
23.Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны маргаан бүхий албан бичгээр “сууц өмчлөгчдийн холбоонд газрыг шилжүүлнэ үү” гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Учир нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “...Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно”, 441 дүгээр зүйлийн 441.1-д “Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий аймаг, сум, нийслэлийн Засаг даргад гаргана”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж газар эзэмших эрх дуусгавар болсон үед хүлээх үүрэг, нөгөө талаар Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрх үүсэх үндэслэлийг ялгамжтай байдлаар зохицуулжээ.
24.Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх нь дуусгавар болсон этгээд газраа 90 хоногийн дотор чөлөөлж гагцхүү Засаг даргад шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд бусад гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүй байна. Мөн Сууц өмчлөгчийн холбоонд газрыг эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд зөвхөн газар ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд тухайлан хуульчилж, Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал газар ашиглах хүсэлт гаргахаар, уг хүсэлтийг Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулжээ. Тиймээс, нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргах үүрэг үүсээгүй, ийм эрх зүйн үндэслэл байхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
25.Хэдийгээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болж газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн хэдий ч, газрыг эзэмшиж байсан этгээд болохынхоо хувьд газар эзэмших эрх дуусах үед хуульд заасан холбогдох арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Нийтийн зориулалттай орон сууцны байшин барьж улсын комисст хүлээлгэн өгсөн буюу газар эзэмших, ашиглах зорилго гүйцэлдсэний дараа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчим, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу Засаг даргын мэдэлд шилжүүлснээр цаашид уг барилгын орчны газрын ашиглалтыг хуульд зааснаар шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.
26.Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг Засаг даргад зайлшгүй шилжүүлэх үүрэгтэй байна.
27.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1-д “Газрын төлбөрийн тухай хуулийн ... 441 дүгээр зүйлийн 441.1, 441.3” гэж баримталсан байх бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1, 441.3 гэх хуулийн зүйл, заалт байхгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0263 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ