Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00326

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Х.Нэргүйн нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаалыг хүчингүй болгож, өөр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэдэд төрөөс үзүүлэх дэмжлэг 3768078 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах тухай 132/2016/00166/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Рашаант зүүн түрүүний 11-08 тоотод оршин суух хаягтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг, 19б-12 тоотод оршин суух түр хаягтай, Сандуйхан овогт Хишигсүрэнгийн Нэргүй /РД:ГИ86052908/, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хариуцагчийн байгууллагын төлөөлөгч-1981 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, дээд боловсролтой, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Усны гудамж 215 тоотод оршин суух, Боржигон овогт Намчингийн Пүрэвсайхан /РД:ГЖ81021219/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Булган аймаг дахь Хөдөөд аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс цахилгааны мэргэжлийн багшаар ажиллаж байгаад мөн оныхоо 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ний өдөр хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан арга зүйчээр ажиллаж байгаад мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Захиргаа аж ахуй, хүний нөөцийн менежерээр ажиллах болсон. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан арга зүйчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаалаар орон тоо цомхотгосон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн. Би 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бага хүү Н.Оног төрүүлсэн, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Тушаалд дурдаад байгаа Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн бүтэц орон тоог шинэчлэх тухай А/16 тоот тушаалаар Захиргаа аж ахуй, хүний нөөцийн менежерийн орон орон тоог цомхотгон, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан арга зүйчийн албан тушаал хэвээр ирсэн. Би тус байгууллагад 5 жил үр бүтээлтэй ажилласан, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, мөн бага хүүхэд маань 2 нас хүрээгүй байгаа тухайгаа бичгээр өргөдөл гаргаж, ажлын байртай байлгах талаар хэлсэн боловч захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвсайхан хүлээж аваагүй. Иймд Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.Нэргүй намайг өөр албан тушаалд томилохыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвсайханд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж өгнө үү. Мөн Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад 5 жил тутамд 1 удаа дэмжлэг үзүүлж, олговор олгодог бөгөөд би 2011 оноос хойш тус сургуульд 5 жил тогтвор суурьшилтай ажилласан учраас байгууллагын төсөвт миний нэр дээр суугдсан 3768078 төгрөгийг Булган аймаг дахьХөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, үлгэрчилсэн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/16 тоот тушаалаар Захиргаа, аж ахуйн албаны менежер албан тушаалын орон тоо хасагдсан. Энэхүү тушаалыг 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 11 цагаас болсон хамт олны хурал дээр бүгдэд нь уншиж танилцуулж, Х.Нэргүйд мэдэгдэл өгсөн. Сургуулийн суралцагчдын тоо, цалингийн сантай холбогдуулан орон тоо хасах талаар ЗГ-ын 2014 оны 147 тоот тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 06 сарын 24-ны өдрийн 1/1558 тоот зөвлөмж, Хөдөлмөрийн яамны ХШҮДАГазраас 2015 онд хийсэн дотоод аудитын тайлан, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 1/418 тоот зөвлөмж зэргийг 2013оноос эхлэн хамт олны хурал дээр өмнөх захирал С.Оюунбат болон миний бие удаа дараа багш, ажилтнуудад танилцуулж, анхааруулж байсан. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугар сарын 04-ны өдрийн "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, үлгэрчилсэн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/30 тоот тушаалаар мөн адил Захиргаа, аж ахуйн албаны менежер албан тушаалын орон тоо хасагдсан бөгөөд өмнөх А/16 тоот тушаал нь улсын хэмжээний бүх мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орон тоог нэгтгэн баталсан байсныг А/30 тоот тушаалаар сургууль тус бүрээр нь салгаж өмнө баталсан орон тоонд өөрчлөлт ороогүй зөвхөн цалингийн шатлалыг нэмж тусгасан.Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаалыг холбогдох хуулийн хүрээнд үндэслэлтэй гаргаж 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 2016 оны 2 сарын цалинг тооцож олгосон бөгөөд мэдэгдэл өгсөнөөс хойш 1 сарын дараа хуульд заасан хугацаанд ажлыг хүлээлцсэн. Хөдөлмөрийн сайдын орон тоо батлах тухай А/16 тоот тушаал нь 2016 оны 01 дүгээр сарын20-ны өдөр гарсан бөгөөд тухайн өдрөөсөө мөрдөгдөж эхлэх ёстой, мөн уг тушаалыг тухайн батлагдсан өдрөөс сургуулийн захирал хэрэгжүүлэх үүрэгтэй. Шинээр нэмж батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрхүүл ахуй хариуцсан арга зүйчийн орон тоонд Х.Нэргүйг шууд томилон ажиллуулах боломжгүй юм. Учир нь 2016 оны батлагдсан төсөвт цалингийн сангийн хэмжээ өмнөх жилийнхээс 10 хувиар буурч ирсэн. Мөн Хөдөлмөрийн сайд 2016 оны батлагдсан төсвийн хуваарь хүргүүлэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/65 тоот албан бичигтээ батлагдсан төсөв, орон тоог хэтрүүлэхгүй ажиллах, ажил үүргийг оновчтой хуваарилах, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон. 3768078 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах шаардлагын тухайд Х.Нэргүй нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ТҮ зэрэглэлийн дагуу албан тушаал өөрчлөгдсөн буюу тэнхимийн эрхлэгчээр 3 жил 8 сарын хугацаанд л тасралтгүй ажилласан. Иймд 5 жилийн тэтгэмж авах хугацаа болоогүй, албан тушаал өөрчлөгдсөнөөр хуулийн шалгуурыг хангахгүй болсон учраас тэтгэмжийг олгох боломжгүй. Нэхэмжлэгч миний нэр дээр суугдаж ирсэн гээд байна. Бид төсвийн төсөлдөө санал явуулсан. Төсөвт хүн бүрийн нэрээр суугдаж ирдэггүй. Олгох тэтгэмж багцаараа суугдаж ирдэг. Иймд Х.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Нэргүй нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулж Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өөр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, мөн Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан алба хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг 3768078 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Нэргүй нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, мөн олгох ёстой 3768078 төгрөгийн тэтгэмжийг олгоогүй гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан А/16, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тушаалаар Булган аймаг дахьХөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Захиргаа аж ахуй, хүний нөөцийн менежер албан тушаалын орон тоо хасагдсан тул Х.Нэргүйтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, мөн Х.Нэргүй нь Боловсролын тухай хууль болон Мэргэжлийн боловсролын тухай хуульд заасан болзол хангаагүй учраас тэтгэмж олгох боломжгүй гэж маргажээ. /хх 1-2, 18-19 тал/

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Нэргүй нь 2011 оноы 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгааны мэргэжлийн багш, мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан арга зүйч, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс Захиргаа аж ахуй, хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан ба түүнийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөражлаас нь чөлөөлсөн байна.

Х.Нэргүйг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан А/16, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тушаалаар Булган аймаг дахь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Захиргаа аж ахуй, хүний нөөцийн менежер албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.1, 42.1, 43.1-д заасныг баримталжээ. /хх 5 тал/

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан А/16, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тушаалаар /хх 40-44 тал/ Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Захиргаа аж ахуй, хүний нөөцийн менежерийн орон тоо хасагдсан байгаа хэдий ч Х.Нэргүй нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Н.Ононг төрүүлсэн, 3 нас хүрээгүй хүүхэдтэй болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 8 тал/ зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно заасан бөгөөд Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаал энэ хуулийн заалттай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Нэргүйтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.Нэргүйг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг үүрэг болгож, түүний ажилгүй байсан хугацааны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2438850 төгрөгийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлйн төвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Ажилтны дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын буюу 2015 оны 12, 2016 оны 1, 2 дугаар сарын цалин хөлсний дунджаар /нэмэгдлийг оруулсан/ тооцвол, 2097444:3= 699148 төгрөг, ажлын нэг өдөрт ноогдох цалин хөлсний дундаж 699148/21,5=32518 төгрөг байна. Үүнийг ажилтны ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу ажлын 75 хоногт үржүүлж /32518*75=/243885 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тооцож гаргав.

Цалин хөлсний дундажийг Х.Нэргүйн 0445809 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэсэн тооцсон болно. /хх 6-7 тал/

Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг3768078 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч, 43.1.7б-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш нарт 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно гэж гэжээ.

Нэхэмжлэгч Х.Нэргүй нь 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажилд орж, Мэргэжлийн тэнхимийн эрхлэгчээр 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс ажиллаж байгаад, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрхүүл ахуй хариуцсан арга зүйч, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Захиргаа аж ахуй, хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажилласан байна. /хх 60-63 тал/ Түүний хуулийн дагуу тэтгэмж олгогдох албан тушаалд ажилласан жилийг тооцон үзэхэд 5 жил хүрэхгүй байх тул тухайн тэтгэмжийг олгох үндэслэлгүй байна.

Иймээс Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан алба хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг 3768078 төгрөгийн тэтгэмж гаргуулах Х.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зйүлийн 36.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/7 тоот тушаалыг хүчингүй болгож, Х.Нэргүйг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд үүрэг болгож, Х.Нэргүйн ажилгүй байсан хугацааныцалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2438850 /хоёр сая дөрвөн зуун гучин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Х.Нэргүйд олгосугай.

2. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул3768078 /гурван сая долоон зуун жаран найман мянга далан найм/ төгрөгийн тэтгэмж гаргуулах тухай Х.Нэргүйн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Х.Нэргүйн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогчид үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50000 /тавин мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 887 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан 25239 /хорин таван мянга хоёр зуун гучин ес/ төгрөг, хариуцагчаас 63082 /жаран гурван мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булганаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН