| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/02989/И |
| Дугаар | 210/МА2024/01972 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2024/01972
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03680 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үнэд 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******, ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийх эрхтэй ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг нийт 89,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.1-т ******* нь ******* ХХК-ийн 50 хувийн 75,020 ширхэг хувьцааг 89,000,000 төгрөгөөр худалдах, гэрээний 3.2-т төлбөрийг хариуцагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 29,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах-аар тохиролцсон.
1.2. ******* хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргийг эхний хуваарьт төлбөр төлөх хугацаа 4 cap 24 хоног, 2 дахь хуваарьт төлбөр төлөх хугацаа 24 хоногоор хэтэрсэн боловч огт төлөөгүй.
1.3. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний эхний хуваарьт төлбөрийг төлөх талаар мэдэгдэж, нэхэмжлэхийг zaya666[email protected], ******* хаягуудаар, 2 дахь хуваарьт төлбөр төлөхийг өмгөөлөгчөөр дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй хэвээр байна.
1.4. Бидний хооронд байгуулагдсан гэрээний төлбөр төлөх эхний 2 хуваарь зөрчигдсөн байгаа тул гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,000,000 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү.
1.5. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр. Хариуцагч гэрээнээс татгалзах эрхгүй. *******ын ах хэрэв хувьцаа авах бол бүхэлд нь одоо 100 хувийн хувьцааг нь сонирхож байна гэсэн. Тухайн үед компанийн үйл ажиллагааг удирдаад явж байсан хувьцаа эзэмшигч нь ******* байсан учраас *******тай холбох үүргийг гүйцэтгэсэн. Түүнээс биш талуудын хооронд уулзалт хийгээд гэрээ байгуулахаас өмнө харилцаа үүссэн зүйл байхгүй.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
2.1.Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь хамтран 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн дүрмийг баталсан. Компанийн дүрмийн 5.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэг бүрийн үнэ нь 100 төгрөгийн үнэлгээтэй 75,020 ширхэг буюу нийт 7,502,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж, нэхэмжлэгч ******* нь мөн нэг бүр нь 100 төгрөгийн үнэлгээтэй 75,020 ширхэг буюу нийт 7,502,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж хувьцаа эзэмших хувь хэмжээ, эрх үүргийг тодорхойлж өгсөн.
Нөгөө талаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч *******ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон, ******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлсэн. Компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн үйл ажиллагаанд оролцох, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй орхигдуулсан бөгөөд компанийг өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүгийн орлого зарлага, татвар, түрээс гэх мэт тасралтгүй хэрэгжих нийгэм, эдийн засгийн харилцаанд хувьцаа эзэмшигчийн хувьд оролцож, эрх үүргээ хэрэгжүүлж байсан үйл баримт байхгүй болно.
Хариуцагч *******гийн зүгээс компанийг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол ******* гудамж, х*******,******* дугаар байр ******* төвийн 101 тоотод орших түрээсийн байранд үйл ажиллагааг нь эхлүүлэхээс аваад нэхэмжлэгч *******ын хуулийн дагуу хүлээсэн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбож өөрт байгаа бүхий л нөөц боломжоо ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зориулсан байдаг бөгөөд компанийг үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртлэх хугацаанд өөрийн зүгээс 178,911,610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг тус компанид оруулсан.
Өнөөдрийн байдлаар ******* ХХК нь харилцагч байгууллага, хувь хүн иргэдээс нийт 43,920,300.70 төгрөгийн авлагатай бөгөөд бусдад 52,703,727.17 төгрөгийн өр төлбөртэй байна.
Гэтэл тухайн цаг хугацаанаас эхлэн нэхэмжлэгч ******* нь компанийн үйл ажиллагаанд оролцож компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох саналыг хариуцагч *******д тавьж эхэлсэн бөгөөд хариуцагч *******гийн хувьд нэгэнт 178,911,610 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хувийн зүгээс оруулж, компанийн үйл ажиллагааг сэргээх, тогтворжуулах зорилготой ажиллаж байгаа учир өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдах сонирхолгүй байгаагаа илэрхийлэхэд ******* нь өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдан авах санал, шаардлагыг 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тавьж эхэлсэн. Хариуцагчийн хувьд *******ын 50 хувийн хувьцаагаа худалдах саналыг хүлээн авах боломжгүй байсан бөгөөд *******д ... компанийн үйл ажиллагааг бүрэн тогтворжуулж үйл ажиллагааг нь хэвийн хэмжээнд хүргэж чадвал чиний 50 хувийн хувьцааг худалдан авах боломжтой гэж үзэж байна. Харин яг энэ байдлаараа байгуулагдсан цагаасаа эхлээд алдагдалтай ажилласан, үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлага нь алдагдсан компанийн 50 хувийн хувьцааг миний бие худалдан авах боломжгүй юм ... гэх тайлбар, мэдэгдлийг удаа дараа өгч байсан.
2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 0211 бүртгэлийн дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ 0212 бүртгэлийн дугаартай компаний эрх шилжүүлэх гэрээнүүдэд хариуцагч ******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу оролцоогүй, тухайн гэрээг талууд хожим хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан хэлцэл биш юм. Тухайн гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч ******* нь би хувьцаагаа чамд зарахаа болилоо, өөрийн ахад зарахаар болсон гэж 2024 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд явсан бөгөөд хожим түүний ах нь түүний хувьцааг худалдан авахгүй гэж мэдэгдсэнээс хойш ******* нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу худалдан ав гэх шаардлагыг удаа дараа тавьдаг болсон.
Миний бие түүнд өөр өөрсдийн оруулсан бодит хөрөнгө оруулалтаа тооцоод компанийн өнөөгийн санхүүгийн байдалд аудит оруулан дүгнэлт гаргаад өөр өөрсдийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээгээр үүрэг хариуцлагаа хүлээгээд ******* ХХК-ийг татан буулгая гэх саналыг өөрт нь тогтвортой хэлж мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд үүрэг хариуцлага хүлээхээс татгалзаж, тухайн хувьцааг ******* намайг худалдан ав гэх хууль бус шаардлагыг тавих болсон. Хариуцагч *******гийн зүгээс талуудын дунд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 0211 бүртгэлийн дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ 0212 бүртгэлийн дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн гэрээнээс нэхэмжлэгч ******* нь өөрөө сайн дураараа татгалзсан, талууд тухайн гэрээ, хэлцлүүдэд өөрийн хүсэл зоригийн дагуу оролцоогүй гэж үзэж байгаа тул гэрээний үүрэгт нэхэмжлэгч *******д 60,000,000 төгрөгийн төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
2.2. ******* хувьцаа эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй орхигдуулсан, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулсан гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас ******* ХХК-ийн үйл ажиллагаа тасалдах, санхүүгийн хувьд алдагдал хүлээх, компанийн эзэмшил бүхий нэгж хувьцааны үнэ зах зээлийн бодит үнэ цэнээ алдах эрсдэл 2023 оноос эхлэн үүссэн. Цаашид дээрх эрсдэл бүхий нөхцөл байдал засагдах боломжгүй, ******* нь компанийн хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэх хүсэл зорилгогүй, хувьцаа эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэхээс бодитой зайлсхийсээр байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 0211 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзах, гэрээнээс татгалзсаны хууль зүйн үр дагаварт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г дуусгавар болсныг тогтоож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгийг баримтлан, хариуцагч *******гаас 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 457,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
...Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөрө 0211 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 0212 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нүүд байгуулагдаж, ******* нь ******* ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг 89,000,000 төгрөгөөр хариуцагч *******д худалдахаар харилцан тохиролцсон. Ингээд гэрээний хэрэгжилтийн явцад 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д хандаж ...Би өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа чамд худалдахаа болилоо... өөрийн ах д худалдахаар болсон... гэж мэдэгдсэн бөгөөд хариуцагч *******гийн хувьд тухайн цаг хугацаанаас эхлээд талуудын дунд байгуулагдсан гэрээ цаашид хэрэгжихгүй, дуусгавар болсон гэж хүлээн авсан. *******ын ах нь *******тай 2023 оны 10 дугаар сараас эхлэн холбогдож компаний талаарх мэдээллийг удаа дараа авч, шаардлагатай мэдээллийг түүний хаягаар илгээж байсан. ...2024 оны 04 дүгээр сард ..Ах хувьцаа худалдан авахаа больсон... гэж тайлбарлаад хариуцагч талаас гэрээний хэрэгжилт, гэрээний үүрэг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилтийн явцад ******* нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан үйл баримтыг тодруулах, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны хувьд чухал ач холбогдолтой үйл баримтыг тогтоохоор ыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг хүлээн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гомдлын агуулга нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхтэй хамааралгүй. Хариуцагч компани хувьцаа худалдах, худалдан авах нь өмнөхөөсөө ашиггүй болсон учраас хувьцаа худалдан авах боломжгүй гэдэг. Энэ эрсдэлийг хувьцаа эзэмшигчид тэнцүү хувааж үүрэх ёстой. Мөн өмнө хувьцаа зарах асуудал ярьсан ч үүнээс татгалзсан гэх асуудал яригддаг. Сөрөг нэхэмжлэлд гэрээнээс татгалзсаныг тогтоолгох тухай шаардлага гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан зүйл байдаггүй бөгөөд гэрээний үүргийн зөрчлийг хариуцагч тал гаргасан. Тухайн үүргийн зөрчил үүссэнтэй холбоотой гэрээнээс татгалзахгүйгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч талаас шаардсан. Энэ асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мөн хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдолгүй, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелээгүйгээс татгалзсантай холбоотойгоор баримт бүрдүүлэх ажиллагаа нь журам зөрчөөгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлүүлэх талаархи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
2.1. Талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч тал дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үндэслэл зааж гэрээний үнэд 60,000,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нь Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, үр дагавар болох Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл маргажээ.
2.2. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт хангалттай бүрдсэн гэх байр суурьтай оролцсон бол хариуцагч тал өөрийн тайлбар болох нэхэмжлэгч тал 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн эзэмшлийн хувьцааг өөрийн ах д худалдахаар болсон гэдгийг нотлуулахаар ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргажээ.
Анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/19851 дүгээр захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхихдоо ыг гэрчээр асуух хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой гэж шүүх үзээгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. гэж заасан нь гэрч асуулгах хүсэлт гаргаж буй этгээд хүсэлтдээ үндэслэлийг заасан байхыг шаарджээ. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасныг анхан шатны шүүх үндэслэхдээ гэрчийн мэдүүлэг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзээгүйгээ огт тайлбарлаагүй байна. Дээрхи зохицуулалтын зорилго нь хэргийн оролцогч нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэхэд хүсэлт гаргасан байх, хүсэлтэд уг нотлох баримт хэрэгт ямар ач холбогдолтой байхыг заасан байх урьдчилсан нөхцөлийг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой бүхий байдлыг мэдэж байх гэх шаардлагууд оролцогчоос гарах хүсэлтийн үндэслэлд хамаарах юм. Түүнчлэн шүүх гэрчээс мэдүүлэг аваагүй атлаа түүний мэдүүлэг ач холбогдолгүй, зайлшгүй шаардлагагүй гэж дүгнэж буй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, гэрчээс мэдүүлэг авсны дараа уг мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой эсэх нь тодорхой болох учиртай.
Иймд гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
2.3. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх тус өдрийн 183/ШЗ2024/18939 дугаар захирамжаар хүлээн авч, нэхэмжлэгч талд гардуулах ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /46-50, 52/
Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгорт сөрөг нэхэмжлэлийг гардуулан өгсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны дотор тайлбар гаргах үүрэгтэй болно.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож сөрөг нэхэмжлэл гарсан гэдгийг мэдсэн атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ талаар мэдэгдээгүй байдлыг сөрөг нэхэмжлэл гардаж авсан хугацааг энэ өдрөөс тоолсон ч анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг 13.30 цагт явуулсан нь мөн өдрийн ажлын цаг дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэл тайлбар гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусаагүй байгааг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацааг шүүх богиносгож тогтоох үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй байна.
3. Анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/19851 дүгээр захирамжаар хариуцагчаас гаргасан 43 хуудас бичмэл нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба үүнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй. Уг захирамжид нотлох баримтыг нэрлэн заагаагүйгээс ямар баримтыг хүлээн аваагүй нь тодорхойгүй байна. Түүнчлэн хүлээн авахаас татгалзаж буцаасан баримтуудыг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүйгээс ямар баримтыг буцаагдсаныг тодорхойлох боломжгүй болгожээ.
Шүүх үйл ажиллагаагаа ойлгомжтой, тодорхой явуулах үүднээс захирамжид хүлээн аваагүй нотлох баримтыг нэрлэн заах учиртай. Энэ алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамааруулан авч үзээгүй болно.
4. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.8, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА