| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/05225/И |
| Дугаар | 210/МА2024/01976 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01976
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04316 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнням, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ерханат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01251 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******гаас 103,138,458 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон.
1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа хийж төлбөр төлөгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ******* байр, 9 тоот хаягт бүртгэлтэй өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 112,000,000 төгрөгөөр үнэлж ажиллагааг хийсэн.
1.3. Ингэхдээ тус үнэлгээг ямар байдлаар гаргасан нь тодорхойгүй буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явагдаагүй. Хөрөнгийн үнэлгээг хуулийн хүрээнд бодитой тогтоосон гэж үзсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээг холбогдох этгээдэд мэдэгдэж, албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад мэдэгдэх, гардуулж өгөх, тэмдэглэл үйлдэхээр хуульчилсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад үнэлгээг хэрхэн тогтоосон тухай үнэлгээний тайлан, баримт бичиг албан ёсоор гардуулж өгсөн зүйл байхгүй.
1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх талаар заасан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч бие даан үнэлэх, зах зээлийн үнэлгээг тогтооход хүндрэлтэй тохиолдолд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 112,000,000 төгрөгийг ямар баримт судалгаанд үндэслэн тогтоосон болох нь тодорхойгүй байна. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтмол өсөлттэй, ижил төстэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс илт доогуур үнэлсэн байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр *******гаас 103,138,458 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгохоор, мөн төлбөрийг гүйцэтгэх хуудсанд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ******* байр, 9 тоот хаягтай 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тус тус шийдвэрлэсэн.
2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхлүүлэн төлбөр төлөгч *******д сайн дураар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул тус үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22380819/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22380819/4 тоот тогтоолоор хурааж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4-188/7947 тоот үнийн санал авах мэдэгдлийг талуудад танилцуулахад төлбөр төлөгч ******* 160,000,000 төгрөгөөр үнэлснийг ******* ХК зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4-188/5974 дугаар мэдэгдлийг *******д танилцуулсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан.
Нэхэмжлэгч талаас үл хөдлөх хөрөнгийг багаар үнэлсэн гэж байгаа боловч үл хөдлөх хөрөнгийг багаар үнэлсэн гэдгээ нотлоогүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
3.1. Худалдаа, хөгжлийн банк ХК гүйцэтгэх хуудсыг гардаж аваад шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хураасан. Хураасан даруйд *******гаас үнийн санал ирүүлж 160,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банкнаас тус үнийн саналыг зөвшөөрсөн. Талууд Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны үнийг тохирсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ******* байр, 9 тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Тус дүүргийн шүүхэд Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ******* байр, 9 тоот хаягт байрлах 30м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь хянан шийдвэрлэгдэж 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 101/ШШ2024/04316 дугаар шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь миний эрх зүй, эдийн засгийн байдлыг харж үзээгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01251 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1329 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 424 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч *******гаас 103,138,458.96 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ******* байр, 9 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх 28-37/
4. Дээрх шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч ******* нь сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ******* байр, 9 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хураан авсан ажиллагаанд талууд маргаагүй. /хх 38-39, 41-42/
5. ******* Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг зааснаар албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч ******* орон сууцны зах зээлийн үнийг 160,000,000 төгрөгөөр санал гаргасныг төлбөр авагч ******* ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/2674 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснээр талуудын харилцан тохиролцож үнэ болох 160,000,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон байна. Энэ талаарх анхан шатны шүү зөв дүгнэжээ.
6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтооно. гэж зааснаар талуудын харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаагаар санал болгох доод үнийг 112,000,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Талууд харилцан тоххиролцож үнийг тогтоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулах шаардлагагүй юм.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгийг хоёрдахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг нэхэмжлэгчид мэдэгдэж, хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гардуулсан байх ба нэхэмжлэгч энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй байна.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчид 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаагаар санал болгох доод үнийг мэдэгдсэн байтал 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА