Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 971

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03074 1293 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн хүнд механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамжны 10 дугаар байрны 10-1 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч А.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ариунболдыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед Улиастай тойрог дээр найзынхаа машинд 1 шил 0,75 литр “Экспорт” архи Төөдөө, Боогий нартай хувааж уусан. Тэгээд тэндээсээ Ботаник ороод УС-15-д очиж найз Төөдөөгийн гэрийн гадаа дахиад 1 шил архи авсан. Тэгээд тэндээс нь би уугаагүй тэгээд би өмнө нь Улиастайд уусан архинд согтсон байсан болохоор би залгасан эсвэл над руу залгасан талаар сайн санахгүй байна. 03 цагийн үед Д-ө, Мөнхжин хоёртой уулзсан чинь юунаас болсныг нь мэдэхгүй намайг нэг мэдсэн чинь зодсон тэгээд Дөлөө нь чулуу барьж байгаад намайг нүүрний зүүн хэсэг рүү 1 удаа гараараа нүүр рүү нэг удаа цохисон чулуугаар цохих үед нь би нүүрээ дараад суусан чинь яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх 8/,

Яллагдагч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр найз Ариунболд над руу залгаад би Улиастайд архи ууж байна, чи ирээд авчих гэхээр нь би Улиастайн хуучин эцсийн баруун талын гудамжинд очиж Ариунболдтой уулзаад машиндаа суулгасан. Тэгэхэд Ариунболд нилээд согтуу над руу агсраад миний хажуу талаас гараараа пизда гээд орилоод машины урд тал руу цохиод байсан. Тэгэхээр нь би Ариунболдыг машинаас буулгаад өөрөө яваад өгсөн чинь миний араас дахиж залгаад найз нь дахиж агсрахгүй чи хүрээд ир тэгэхгүй бол надад хонох газар алга гээд гуйгаад байхаар нь би буцаад Улиастайн хуучин эцэст байдаг улаан худгийн хажууд очсон чинь Ариунболд гартаа нэг том мод барьчихсан намайг цохих гэхээр нь би газраас хоёр чулуу аваад шидсэн чинь Ариунболд за за одоо зүгээр ээ би чамайг цохихгүй гэхээр нь би яваад очтол намайг Ариунболд газраас урт мод аваад цохих гэхэд нь би баруун гараар Ариунболдын нүүр хэсэгт хоёр удаа цохисон чинь Ариунболдын хамарнаас нь цус гараад тогтохгүй байсан. Тэгэхэд Ариунболд цагдаа гээд бархираад байхаар нь би яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх 33-34/,

Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх 23-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6165 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Ариунболдын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт, доод уруулын салстын язрал, дух, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-13/, шүүгдэгчийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-16/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ариунболдыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Ариунболдын: ".... Тэгээд тэндээс нь би уугаагүй тэгээд би өмнө нь Улиастайд уусан архинд согтсон байсан болохоор би залгасан эсвэл над руу залгасан талаар сайн санахгүй байна. 03 цагийн үед Д-өө, Мөнхжин хоёртой уулзсан чинь юунаас болсныг нь мэдэхгүй намайг нэг мэдсэн чинь зодсон тэгээд Д-өө нь чулуу барьж байгаад намайг нүүрний зүүн хэсэг рүү 1 удаа гараараа нүүр рүү нэг удаа цохисон чулуугаар цохих үед нь би нүүрээ дараад суусан чинь яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Ариунболд нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч А.Д-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар А.Д-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Д нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР