| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00866/И |
| Дугаар | 151/ШШ2016/01000 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2016/01000
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2016/01000 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 3-р баг, Буянт гэх газарт оршин суух, 52 настай, эмэгтэй, Хиад овогт Цэрэнпунцагийн Насанжаргал /РД:НФ64072901/-ийн,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Насанжаргал, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэсант сум, Худалдаа бэлтгэлийн ангид болон хоршоонд худалдагчаар 1989 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл ажилласан. Тухайн үеийн тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажилласан нийт 1 жил 1 сар 16 хоногийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Насанжаргал нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Худалдаа бэлтгэлийн ангиас халагдсан тушаал гараагүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ц.Насанжаргал нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1989 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь №024872 дугаартай 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Гэрч З.Пүрэвсүрэн, Я.Эрдэнэсүрэн нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №482626 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн №024872 дугаар Хөдөлмөрийн дэвтрийг ач холбогдолтой баримт гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үнэлж, нэхэмжлэгч Ц.Насанжаргалын ажилд орсон он, сар, өдрийг 1989 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн, гарсан өдрийг 1990 оны 4 дүгээр сарын 18-наас тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиад овогт Цэрэнпунцагийн Насанжаргал /РД:НФ64072901/-ийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Насанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ