Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 956

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  С.Нямсүрэн,                            

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-д холбогдох эрүүгийн 1906 00238 1189 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн А.С, 1989 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 5-1510 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч А.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхжингийн халаасанд байсан Ай фон Х маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч бусдад 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Энхжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...би 2018 оны 12 сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жүр-Үр бакерруу орж юм идэх гээд ганцаараа орох үед миний зүүн талын халаасанд байсан өөрийн эзэмшлийн гар утас болох Ай фон X маркийн гар утсыг чихэвчээс нь салгаад хар кутволка, цэнхэр жинсэн өмдтэй хар гуталтай залуу аваад зугтаачихсан юм." гэх мэдүүлэг. /хх-ийн 8-10/,

Яллагдагч А.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. “Банана” нэртэй баарны ойролцоо энэ хэргийн хохирогч охин надтай зөрөөд дээшээ явсан ба би ардаа эргэж харахад тэр охины өмсөж байсан куртканых нь халаасанд нь гар утас байгаа харагдсан. Тэгээд би утсыг хулгайлж авах санаатай араас нь дагаж алхахад утсандаа чихэвч хийчихсэн, утас нь халаасандаа ил гарчихсан харагдаж байсан. Тэгээд би Баянцээлийн гудамжинд байх Жүр Үр нэртэй бакери хийдэг газрын үүд хавьд очоод араас нь дагаж байгаад чихэвчийг нь салгаж үлдээгээд гар утсыг нь аваад явчихсан юм. Тэгээд би чигээрээ урагшаа 13 дугаар хороолол руу харж алхаж байгаад байрны дундуур орж үзэхэд хар өнгийн ай фоне-икс нэртэй гар утас байсан ба би шууд утсыг унтраачихсан юм. Тэгээд би байрны дундуур ганцаараа алхаж байтал миний зүс таних дүү нар сааданд архи уугаад сууж байхаар нь явж очоод тэр залуучуудын ууж байсан архинаас хувааж уугаад нэлээд согтчихсон байна лээ. Тэгээд л цаашаа ганцаараа алхаж явж байгаад замаар явж байсан хүнд утсыг 450.000 төгрөгөөр зарчихсан юм. Одоо яг хаана ямар хүнд утсыг зарсан гэдгээ мэдэхгүй байна. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Энэ өдөр л архины халуундаа хэрэг хийчихлээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-ийн 33-34/,

Дамно ХХК-ийн алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 13-17/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх- ийн 38-39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхжингийн халаасанд байсан Ай фон Х маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч бусдад 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Энхжингийн: "...би 2018 оны 12 сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жүр-Үр бакерруу орж юм идэх гээд ганцаараа орох үед миний зүүн талын халаасанд байсан өөрийн эзэмшлийн гар утас болох Ай фон X маркийн гар утсыг чихэвчээс нь салгаад хар кутволка, цэнхэр жинсэн өмдтэй хар гуталтай залуу аваад зугтаачихсан юм." гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.С нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. А.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, А.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР