Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2016/00428

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Т овогт С-ын Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулах, Т банкны Баян-Өлгий салбарын захиралд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Т банкны Салбарын захирлын надад оногдуулсан сахилгын шийтгэл нь хувийн сэдлээр авсан хортой арга хэмжээ гэж үзэж байна. Салбарын захирал 3 жилийн хугацаанд хамт ажиллаж байх хугацаанд олон удаа янз бүрийн хэлбэрээр дарамталж байсан. 2016 оны 02 дугаар сарын16-ны өдөр банкны дотоод майл хаягаар намайг нэг удаа зугаалгад оролцож чадаагүйг шалтаглаж, Жтай холбоотой асуудлыг салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцэнэ, тушаалаар сануулах арга хэмжээ авъя гэж заналхийлсэн майл энд байна. Надад арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах бодолтой байгаа гэж бодож байна. сахилгын шийтгэлийн үндэслэх хэсэгт заасан зөрчлүүдийг би гаргаагүй. Ихэнх зөрчил нь туршилтын хугацаанд ажиллаж байсан теллер Бердихалих гэдэг ажилтантай холбоотой байсан. Тухайн ажилтныг салбарын захирал сонгон шалгаруулалт явуулахгүйгээр ажилд авсан. Тухайн хүн ажиллах хугацаандаа танил тал, мөнгө төгрөг өгч ажилд орсон гэдгээ хэлж байсан. Тэр теллер мэдлэг ур чадвар, ёс зүйгээрээ банканд тэнцхээргүй ажилтан байсан. Үүнийг нь гаргасан зөрчлөөс нь харж болно.Дээрх иргэний гаргасан зөрчлийг салбарын захирал надад тохож сахилгын шийтгэл ногдуулсанд харамсаж байна. Салбарын захирал арга хэмжээ авахдаа ажилтнуудад тэгш хандах ёстой байсан. Ахлах теллер теллерийн гүйлгээний заалтыг удирдаж хянаж удирдан зохион байгуулдаг. Тооцооны төв харилцааны менежер, ахлах теллер, теллер гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Зөвхөн надад тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Ахлах теллерт дотоод журмын дагуу зөрчлийн акт гэсэн анхааруулга өгсөн. Үүнийг ажилтныг ялгаварлан хандаж байгаа үйлдэл гэж үзэж байна гэв. Тушаалд надад хамаагүй үндэслэлгүй зүйл заалтыг тусгасан. Миний хөдөлмөрийг уландаа гишгэж үнэгүйдүүлж, мэдлэг боловсролоор дутмаг, тэнцэхгүй байгаа, огт зүйл хийгээгүй ажилтан мэтээр харагдуулсан. Би ажилчин ангиас гаралтай. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг 2011 онд төгссөн. Банканд Ерөнхий нягтлан бодогч, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн, хянан шалгагч, тооцооны төвийн захирал гэсэн удирдах 4 албан тушаалыг 5 жил тасралтгүй хашиж, хариуцлагатай ажиллаж ирсэн. Салбарын захирлын үндэслэл болгож буй зөрчлүүд өдөр тутам гардаг, зөндөө байдаг зарчмын зүйлүүд байсан юм. Намайг буруутгахын тулд дээрх зөрчлүүдийг ашиглах арга хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх мэтээр арга хэмжээ авбал банканд ажиллах хүн тогтох, эрх ашгаа хамгаалах боломжгүй гэж үзэж байна. Баян-Өлгий аймаг дахь Т банкны салбарын захирлын надад сахилгын шийтгэл оногдуулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 тушаал тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймаг дахь Т банкны салбарыншалгалт хийх эрх бүхий ажилтан Бжан шалгалт хийсэн. Тухайн үед батлагдсан шалгалтын удирдамжийн дагуу шалгалт явагдсан. Шалгалтаар Жтай холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрсэн. Банк нь харилцагчийн итгэлийг даах байгууллага байх ёстой. Дотоод шалгалтаар 5 төрлийн зөрчил илрүүлсэн. Уг шалгалтаар банкны дотоод журам, зээлтэй холбоотой журам, теллерийн журам зэргийг зөрчсөн гэдгийг илрүүлсэн. Харилцагч Манен тэтгэвэр авахдаа өөрөө ирж аваагүй ба Р гэдэг хүн ирж түүний тэтгэврийн мөнгийг нь авч тэтгэврийн зээл авсан. Р зээл авах үед салбарын тооцооны төвийн захирал хянаж гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Тухайн үед Р гарын үсэг зураад зээл авахад хянаагүй ба Манен гэдэг хүний мөнгийг өөр хүнд өгсөн байсан. Дараа нь өөрсдөө мэдээд Маненийг дуудаж нөхөн гарын үсэг зуруулсан. Бид нар шалгаж байхад зээлийн гэрээнд давхар гарын үсэг явж байсан тул илрүүлсэн. Дээрх асуудалтай холбоотой Маненгээс тодруулсан ба шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ж нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан сард 4 доошгүй удаа гэнэтийн шалгалт хийх ёстой байсан. Тэр шалгалтыг тогтмол хийгээгүй шалгалтаар илэрсэн. Нэгдсэн кассад нэгдсэн болон тогтмол шалгалтыг 2011 оны 11 дүгээр сар болон 2 дугаар сард огт хийгээгүй. Тэрээр шалгалтын актад гарын үсэг зурсан. Ажлын байрны удирдамжийн дагуу салбарын захирал, Ерөнхий нябо, тооцооны төв хариуцсан менежер нар мэйлээр шалгалтын актыг танилцуулах ёстой. Мөн теллерийн касс илүүдэлтэй байсан ба түүнийг хувьдаа завшсаныг илрүүлээгүй нь хяналт сул байгааг харуулна. Бердихаликийн эцэг болох Төкен банканд хүрэлцэн ирээгүй байхад теллер Еркеш хүүд нь олгосон. Гүйлгээний баримтад Бердихалих дуурайлгаж гарын үсэг зурахдаа зөрүүтэй зурсан. Ажлын байрны тодорхойлолтод ахлах теллерээр хянуулаад тооцооны төвийн захиралд хянаж баримтад гарын үсэг зурах ёстой. Дээрх зөрчлийг тухай бүр илрүүлээгүй. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангаж ажиллаагүй. Мөн шалгалтаар 6 төрлийн 10 ширхэг хөрөнгө илүүдэж, нэг ширхэг хөрөнгө дутсаныг илрүүлсэн. Энэ асуудлыг арилгах хангалттай хугацаа байсан. Ажлын байрны тодорхойлолтод тооцооны төвийн захирал тухайн тооцооны төвийн хөрөнгийг салбарын захирал хагас жил болон бүтэн жилд нэг удаа салбарын захирлын тушаалаар хөрөнгийн тооллого хийж, акт үйлдэж байх гэж заасан. Харилцагчийн төлбөр тооцоо хийх Т банкны крип програмд 2776 харилцагчийн гарын үсэг оруулаагүй, 1211 харилцагчийн оршин суух хаяг, 3249 оролцогчийн зургийг оруулаагүй зөрчил байгаа. Тооцооны төвийн захирал дээрх ажлыг ажил хэрэг болгож програмд харилцагчийн гарын үсэг, зураг мэдээллийг оруулсан байх ёстой ба үүнийг зохион байгуулж ажиллаагүй. Дээрх 5 төрлийн зөрчлүүдийг авч үзэж салбарын захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед тушаал банкны дотоод журмын дагуу хуулийн газарт хүргүүлж хянуулсан. Хуулийн газар сахилгын шийтгэлийг хянаж үзээд сахилгын шийтгэл авах нь зүйтэй гэсэн хариуг мэйлээр өгсөн. Дээрх зөрчлүүдийг харгалзан үзэж Жад сахилгын шийтгэл ногдуулсан. Ж зөвхөн намайг гадуурхдаг тухай хэлсэн. Банк итгэлцэл дээр тогтдог байгууллага учир хатуу зарчимтай байдаг. Он гарсаар 9 ажилтанд салбарын захирлын тушаалаар сахилгын шийтгэл авч, 2 ажилтныг ажлаас чөлөөлсөн. Жын ярьсан Бердихалих теллер ажлаас чөлөөлөгдсөн. Жад сахилгын шийтгэл оногдуулаагүй. Дотоод хяналт шалгалт хийж зөрчил гаргасан этгээдэд эрх бүхий албан тушаалтын актыг үндэслэн салбарын захирлын тушаалаар сахилгын шийтгэл болон зөрчлийн актаар сануулах арга хэмжээ авдаг гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Ж нь Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Жад Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2.9, 13 дугаар зүйлийн 13.5.2 дахь заалт, ТСБЖурмын 3.2.3, 3.2.6, 3.2.8, 3.2.11, 9.2.2-р гэсэн заалтуудыг болон ТТХМенежерийн хэсэгчилсэн шалгалтын тайлан, Салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Т банкны Баян-Өлгий салбарын харьяа Өлгий тооцооны төвийн ТСБЖурмын 3.2.3, 3.2.6, 3.2.8, 3.2.11, 9.2.2 дугаар заалтуудыг зөрчсөн, мөн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа шат дараалсан хяналтыг хэрэгжүүлдэггүй, теллерийн касст гэнэтийн болон тогтмол шалгалтыг хангалтгүй түвшинд хийдэг, өөрийн шууд удирдлагад ажиллаж буй теллер нь тэтгэврийн зээлийг тэтгэвэр авагч харилцагчид бус гуравдагч этгээдэд олгосон байхад харилцагчийн баталгаат гарын үсгийг программд тулгаагүй, харилцагч өөрөө мөн эсэхийг цахим үнэмлэхтэй нь тулгаж үзэлгүй зээлийн гэрээг баталсан, теллерийн касс илүүдсэн байхад кассыг тоолж шалгаж журмын дагуу кассын илүүдэлд бүртгэж арга хэмжээ аваагүй, теллер нь харилцагч өөрийн биеэр банкны байранд ирээгүй байхад зарлагын гүйлгээ хийснийг мэдээгүй, зарлагын гүйлгээний баримтад харилцагч гарын үсгээ зураагүй байхыг өдрийн баримтыг хянахдаа илрүүлж зөрчлийг тухай бүр арилгуулж ажиллаагүй, үндсэн хөрөнгө дутсан, илүүдсэн байхад арга хэмжээ авч хөрөнгийн бүртгэлийг хянаж ажиллаагүй, програмд 2,776 харилцагчийн гарын үсэг ороогүй, 1,211 харилцагчийн хаяг ороогүй, 3,249 харилцагчийн зураг ороогүй байхад тодорхой арга хэмжээ авч мэдээллийг бүрэн оруулж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч С.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.7-д заасны дагуу ажилтан сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргах бөгөөд энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргаж шийдвэрлүүлнэ гэсэн хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Ж нь Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагч Т банкны Баян-Өлгий салбар нь эс зөвшөөрч, 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь үндэслэлтэй гарсан гэж маргасан байна.

Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харъяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулна гэсэн байхад Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг түүнийг ажилд томилсон албан тушаалтан биш түүнийг эзгүйд орлон гүйцэтгэж байсан мэргэжилтэн тушаал гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэ талаар шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч асууж тодруулахадхариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал нь миний гарын үсэг биш ээ, энэ тушаалд би гарын үсэг зураагүй, тухайн үед би байхгүй байсан, тушаалд Ерлан гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байсан нь хариуцагчийн тайлбараар давхар нотлогдох ба дээрх заалтыг зөрчсөн байна.

Мөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байх ёстой байтал танилцуулаагүй, уг баримт материалтай танилцуулж нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхад энэ эрхээр нь хангаагүй байхад зөрчлийг шалгалтаар илрүүлсэн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Мөн шүүх хуралдааны шатанд хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал нотлох баримтаар 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 12 дугаартай протоколыг гаргаж өгсөн ба Өлгий тооцооны төвд хийсэн иж бүрэн шалгалтын талаарх авч хэлэлцсэн хурлыг салбарын захирал удирдсан гэж гарын үсэг зурж, хуралд оролцсон байх ба хуралд оролцсон салбарын захирал болон албан тушаалтнуудын хэлсэн саналыг тусгасан бөгөөд зөрчил гаргагч С.Жыг Өлгий тооцооны төвд хийсэн иж бүрэн шалгалтын талаарх авч хэлэлцсэн хуралд оролцуулаагүй, түүний тайлбарыг нь сонсоогүй шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 22 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан үндэслэлүүдийн талаарх зөрчлүүдийг нэг бүрчлэн шалгаж, тогтоож, зөрчлийн талаар тэмдэглэл үйлдэх, зөрчил гаргагчийн тайлбарыг авах, зөрчил гаргагчийн хуралдаанд оролцуулах, энэ зөрчил нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоосны эцэст энэ үндэслэлүүдийг хангасны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан.

Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн байна.

Сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй буюу буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор харъяалах дээд шатны байгууллагадаа бичгээр гаргана гэсний дагуу нэхэмжлэгч С.Ж нь гомдол гаргасан боловч энэ гомдлын хариуг мейл хаягаар явуулсан,эх хувь нь надад байхгүй учир нотлох баримтаар гаргаж өгч чадсангүй гэж тайлбарлаж байсныг хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал нь манайд хариу ирүүлсэн гэх боловч энэ талаарх нотлох баримтыг хариуцагч нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир нэхэмжлэгч С.Жын гаргасан гомдолд дээд шатны байгууллага нь албан ёсны хариу мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирал нь үндсэн хөрөнгө дутсан, илүүдсэн байхад арга хэмжээ авч хөрөнгийн бүртгэлийг хянаж ажиллаагүй гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч С.Жтай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй учир мөн хуулийн 135.4-д зааснаар түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасны дагуу С.Ж нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эрх бүхий этгээд биш байхад түүнд үндсэн хөрөнгө дутсан, илүүдсэн байхад арга хэмжээ авч хөрөнгийн бүртгэлийг хянаж ажиллаагүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч С.Жын гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хууль, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой байтал энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Жыг зээлдэгч М гарын үсэг зураагүй байхад зээлийн гэрээг баталсан гэж буруутгасан нь үндэслэл нь Өлгий тооцооны төвд хийсэн иж бүрэн шалгалтын тайлангаар нотлогдохгүй байх ба хариуцагчийн хавтаст хэрэг гаргаж өгсөн гарын үсэг үйлдсэн Агийн М гэх нотариатаар баталгаажуулсан баримтаас үзэхэд А.М нь тухайн үед тэтгэврийн дэвтрээ хүргэн хүү А.Кт өгснөө, Р тэтгэврийн мөнгө авсан нь, теллер Б дуудаж, мөнгийг өөр хүнд өгсөн байна гэж хэлж, гарын үсгийг нөхөж зуруулсан нь гэж хүлээн зөвшөөрч гарын баримт үйлдсэнээр нотлогдох боловч теллерийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн А.М нь ямар нэгэн хохирол амсаагүй болох нь өөрийнхөн гарын баримтаар нотлогдож байхад С.Жад ажлын хариуцлага алдсан гэж хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь програмд 2,776 харилцагчийн гарын үсэг ороогүй, 1,211 харилцагчийн хаяг ороогүй, 3,249 харилцагчийн зураг ороогүй байхад тодорхой арга хэмжээ авч мэдээллийг бүрэн оруулж ажиллаагүй гэж хариуцлага тооцсон байх ба энэ талаар Харилцах, Хадгаламж, цахим бүтээгдэхүүний хувийн хэрэг цэгцлэх аяны удирдамжийн тайланг / 2016.03.30./ -г үзэхэд Өлгий тооцооны төв нь удирдамжид заасан ажлуудыг хийж байсан байна.

Хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын захирлын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Д овогтой Б-ы ажлын байрны тодорхойлолт, 2016 оны 03 сарын 17-ны өдөр албан томилолтын удирдамж зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч С.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 04 сарын 07-ний өдрийн 22 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаартай С.Жад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т банкны Баян-Өлгий салбарын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН