Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01993

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2024/04989 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

 

Хохиролд 68,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 10,413,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК болон ******* нар нь 22122701 тоот зээлийн гэрээ, 22122701-01 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээгээр 30,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлж, *******ий өмчлөлийн ******* улсын дугаартай хар өнгийн ******* маркийн автомашиныг барьцаалсан, зээлдэгч *******гийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь ******* тоот данс руу 29,640,000 төгрөг шилжүүлсэн.

1.2. Зээлийн төлбөрт ******* 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 450,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,450,000 төгрөг шилжүүлсэн.

1.3.Гэтэл хариуцагч компани гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн барьцааны зүйлийг худалдан борлуулж гэрээг зөрчсөн. Мөн 2022 онд талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 2.2.5-д зээлийн үйлчилгээний шимтгэл 1 хувийг эхлэн төлнө гэсний дагуу 1 хувийг хасаж шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байхдаа зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан байх тул хууль бус гэрээ гэж үзнэ.

Иймд автомашины зах зээлийн бодит үнэ 68,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар хариуцагч эрх бүхий байгууллагад бүртгүүлж зээлийн үйл ажиллагаа явуулах байсан боловч бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу хүү, алданги тооцох үндэслэлгүй. Хариуцагч байгууллага зээлийн гэрээ дууссаны дараа зээлдэгчид мэдэгдэл хүргүүлэх байсан, хүргүүлээгүй. Гэрээний хугацаа дуусахаас өмнө автомашиныг худалдсан. Зээлийн гэрээнд эргэн төлөлтийн талаар тохирсон боловч зээлдэгч нь зээлийг хэсэгчлэн төлөх эрхтэй. Зээл олгогч зээлдэгчээс хэсэгчлэн төлөхийг шаардах эрхгүй.

 

2. Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. ******* нь гэрээгээр сар бүрийн 27-ны өдөр 3,700,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Тэрээр зээлийн гэрээний хугацаанд фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн засварын зардал гэж 4,450,000 төгрөг шилжүүлсэн. Автомашин хүлээлцсэн актаар эвдрэл, гэмтэл, засварын зардал гарсныг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон.

Манай байгууллагын зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээнд заасан төлбөрөө төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг удаа дараа шаардаж утсаар болон аман бүхий л хэлбэрээр мэдэгдэж байсан боловч тэрээр өнөөдрийг хүртэл зохих ёсоор зээлээ төлөөгүй тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар гэрээний үүргийг хангуулсан.

2.2. 2023 оны 04 дүгээр сард ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Үнэгүй.мн сайтад 40,000,000 төгрөгөөс хямдруулж дуудлага илгээсэн боловч зарагдаагүй тул иргэн Б.Баттулгад 27,000,000 төгрөгөөр худалдаж, зээлийн төлбөрөөс суутгасан. Автомашиныг зарсан үнэ нь үндсэн зээлийн үлдэгдэлд хүрээгүй, 3,000,000 төгрөгийн алдагдалтай худалдсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

2.3.*******гээс зээл, зээлийн хүү, зардал, хохиролд 10,413,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манай байгууллага 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан.

******* нь гэрээний үүргийн зөрчлөөс гарах зардал 4,450,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн.

Гэрээгээр ******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 1,085,000 төгрөгийн хүү, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1,085,000 төгрөгийн хүү, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1,050,000 төгрөгийн хүү, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1,085,000 төгрөгийн хүү, нийт 4 сарын 4,305,000 төгрөгийн хүү, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс тэнцүү төлөлтөөр 3,700,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба үүнээс 0,5 хувийн алданги тооцож 4 сарын нийт 3,108,000 төгрөгийн алданги, дулаан гараажид автомашиныг байрлуулсан өдрийн 5,000 төгрөг, нийт 85 өдөр байрлуулсны 427,000 төгрөг, нийт 37,838,000 төгрөг төлөх байсан ба үүнээс автомашиныг худалдсан 27,000,000 төгрөгийг хасвал зөрүү 10,413,000 төгрөгийн үүрэгтэй. Иймд уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү.

 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-нд холбогдуулж гаргасан 68,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ээс 5,509,252 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,903,748 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 497,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 181,560 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс 103,098 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа болон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1,196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус нийцсэн гэж үзэж барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэжээ.

Барьцаалан зээлдүүлэх зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Улсын бүртгэлийн гэрчилгээндээ үйл ажиллагааныхаа чиглэлийг тэмдэглүүлэхээс гадна Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS5274:2017 стандарт"-д заасны дагуу (8.2-т) Орон нутгийн эрх бүхий байгууллагаас олсон зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл хэрэгт ******* ХХК-ийн зөвшөөрлийн хуулбар болон зөвшөөрлийн талаар ямар нэгэн баримт байхгүй байхад барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй.

4.2.Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******гээс ******* ХХК буюу Авто ломбарданд төлөх төлбөрийн үлдэгдлийг тодорхойлохдоо *******гээс хариуцагчид төлсөн 4,450,000 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг зээлийн хүү, үндсэн төлбөрт тооцсон. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу 3 сарын хүүг 2,881,488 төгрөг гэж (4,000,000-2,881,488=1,118,512), талуудын хооронд 29,640,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэсэн атлаа 30,000,000 төгрөгнөөс хүүг тооцон бодсон, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 28,521,488 төгрөг (29,640,000-1,118,512=28,521,488) гэж тус тус төлбөрийн үлдэгдлийг тодорхойлсон боловч хүүгийн төлбөр 6,987,764 төгрөг, нийт 35,509,525 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.3.Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болох автомашины үнийг , маркийн ******* улсын дугаартай автомашиныг үнэ цэнийг 30 000 000 төгрөгөөр тооцож тогтоох нь зүйтэй гэж үзэв гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр бус Фидуцийн гэрээний 3.1-д заасан үнэлгээгээр тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд автомашины зах зээлийн үнэлгээ 34,000,000 төгрөг болохыг Ашид билгүүн ХХК тодорхойлсон. , маркийн ******* улсын дугаартай автомашины үнийг 34,000,000 төгрөг болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байтал 30,000,000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч талаас ******* ХХК-ийн авто ломбард нь Орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх талаар эрх бүхий байгууллагуудаас лавлагаа, мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн засаr даргын тамгын газар зэргээс хариу авсан боловч орон нутгийн эрх бүхий байгууллагуудаас хариу буюу лавлагаа мэдээлэл аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.    Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулж хохиролд 68,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 10,413,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас үйл баримтыг буруу тогтоож, улмаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

4. Хариуцагч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлд тусгасан, энэ үйл ажиллагааг нь хүчингүй болгосон баримтгүй тул стандартын дагуу орон нутгийн байгууллагаас олгосон зөвшөөрлийг авах байсан, уг зөвшөөрөлтэй эсэх талаарх лавлагааг анхан шатын шүүх авах байсан гэх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

5. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22122701 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч *******д 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр хийх шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

6. Хариуцагч ******* ХХК зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч *******д 30,000,000 төгрөг шилжүүлэхээс 29,640,000 төгрөгийг шилжүүлснийг Хаан банк ХХК дахь *******гийн эзэмшлийн ******* тоот дансны хуулгад тэмдэглэгдсэн байдлаар тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэнэ гэж заасантай нийцсэн байна. Иймд зээлийн хэмжээг 29,640,000 төгрөгөөс тооцохоор анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7. Зээлдэгч ******* нь дээрх зээлийн гэрээний дагуу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 450,000 төгрөг тус тус төлсөн байна. Үүнээс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлөгдсөн 450,000 төгрөг нь дээрх зээлийн төлбөрт бус харин автомашины зогсоолын төлбөрт зээлдэгч *******гээс шилжүүлэхдээ Голомт банк ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн цахим гүйлгээний баримтад ******* зогсоол шимтгэл гэх утга зааснаар тодорхойлогджээ. Иймд энэ төлбөрийг зээлийн үүрэгт тооцохгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

8. Зээлдэгч ******* нь өөр төлбөр хийгээгүй тул түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

9. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******гийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг 35,509,525 төгрөг гэж тодорхойлсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс дараахь байдлаар залруулав.

9.1. Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 29,640,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулагдсан хугацаанаас зээлдэгч *******гийн төлсөн төлбөр бүрээр болон фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулсан 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах үүргийг тус тус дүгнэх учиртай.

9.2. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч буюу зээлдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд гэрээ байгуулснаас хойших төлбөр төлөгдөх хүртэлх энэ 2 сар 5 хоногийн хугацааны хүүгийн төлбөр нь 29,640,000 * 3.5 хувь = 2,247,700 төгрөг төлөхөөр байна. Үүнээс төлөгдсөн 2,000,000 төгрөгийг хасвал 247,700 төгрөгийн зээлийн хүү төлөгдөөгүй.

9.3. Нэхэмжлэгч буюу зээлдэгч ******* 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дахин 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс урьд төлөгдөөгүй хүүгийн төлбөр 247,700 төгрөг, 6 хоногийн хүүгийн төлбөр 207,480 төгрөг, нийт 455,180 төгрөгийг хасч тооцвол илүү төлсөн 1,544,820 /2,000,000-247,700-207,480/ төгрөгийг үндсэн зээл болох 29,640,000 төгрөгөөс хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 28,095,180 төгрөгөөр тодорхойлогдож байна.

9.4. Зээлдэгч нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх 1 сар 14 хоногийн хугацаанд зээлийн хүүд 1,442,218 /28,095,180 * 3.5 хувь* 1сар 14 хоног/ төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

9.5. Иймд нэхэмжлэгч буюу зээлдэгч *******гийн гэрээгээр хүлэээсэн үүргийг тодорхойлбол үндсэн зээл 28,095,180 төгрөг, зээлийн хүү 1,442,218 төгрөг, нийт 29,537,398 төгрөг болжээ.

 

9.6. Анхан шатны шүүх талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргад хамаарахгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч тал автомашиныг бусдад худалдан борлуулсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах боломжгүй болсноор мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохирол гаргуулахаар шаардах эрхтэй.

9.7. Харин Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг талууд байгуулаагүйтэй холбоотойгоор барьцааны зүйлийг худалдан борлуулах 10 хоногийн хугацаанд зээлдэгч алданги шаардах эрхтэй, уг эрхийг барьцааны эрх үүсээгүйтэй холбоотойгоор шаардах эрхийг алдсан гэж алдаатай дүгнэлт хийсэнд зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байгааг дурдаж, талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээв.

 

9.8.Хариуцагч тайлбартаа нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бусдад 27,000,000 төгрөгөөр худалдсан гэх боловч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх автомашины үнэлгээг 34,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хожим гаргасан. Иймд автомашины үнэлгээг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар болох 34,000,000 төгрөгөөс тооцох байтал 30,000,000 төгрөгөөс тооцсон нь буруу болсон гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.

 

9.9. Иймд автомашины үнэлгээг 34,000,000 төгрөг гэж тогтоож уг үнэлгээнээс зээлдэгч *******гээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 29,537,398 төгрөгийг хасвал хариуцагчаас 4,462,601 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

10. Зээлдэгч *******гийн зээлийн гэрээний үүргийг түүний өмчлөлийн автомашины үнээр харилцан тооцож дуусгавар болгож буй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2024/04989 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 56 дуаар зүйлийн 56.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,462,601 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,537,399 төгрөг гаргуулах хэсгийг болон нэхэмжлэгч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 10,413,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 497,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 181,560 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 86,335.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,098 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Э.ЗОЛЗАЯА