Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 972

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Баярмаа,                            

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-т холбогдох эрүүгийн 1806 08073 1248 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.О, 1997 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 950г тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,, 

Шүүгдэгч А.О нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Уртнасанг далан руу түлхэж унаган, 279.000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс6 загварын гар утсыг нь хүч хэрэглэж, довтолж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э.Уртнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найз Баярцэцэгийнд 10 том савтай пиво гурвуулаа хувааж уусан байх би 16 цагаас ажилтай байсан болохоор ганцаараа 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу далан дээгүүр гар утсаараа яриад явж байхад үл таних эмэгтэй араас минь далангийн жалга руу түлхэж, унагаагаад миний самсунг эс6 маркийн гар утас болон гар цүнхийг аваад зугтаасан. Тэгээд би босоод Номин супермаркеттай байрнуудын дунд очиход машины дунд нуугдаад суучихсан байхад нь очоод цүнхээ булааж авсан боловч өөрийнхөө цүнхийг үлдээгээд эгчээ тэд нар харж байгаа ш дээ та зугтаа гэж хэлээд миний гар утсыг аваад зугтаачихсан, би тухайн үед хаашаа явсныг нь харж амжаагүй. Толгойгоо нярайн ягаан цэцэгтэй цагаан өнгийн даавуугаар боосон байсан, дөнгөж ургаж байгаа жижиг үстэй /халзан толгойтой/ маанаг юм шиг царайтай, цайвар өнгийн царайтай. 160 см орчим өндөртэй, 60 кг орчим жинтэй өөр сайн санахгүй байна. Номинтой байрны голд хотхон учраас камер байгаа байр гэж бодож байна. Намайг цохиж зодсон асуудал байхгүй, би унахдаа гараа баг зэрэг гэмтээсэн гэхдээ ямар нэгэн зовиур байхгүй байгаа учраас шүүх эмэнэгт үзүүлэхгүй...." гэх мэдүүлэг. /хх 16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмсдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/,  эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч А.О нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Уртнасанг далан руу түлхэж унаган, 279.000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс6 загварын гар утсыг нь хүч хэрэглэж, довтолж авсан болох нь

Хохирогч Э.Уртнасангийн: "...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найз Баярцэцэгийнд 10 том савтай пиво гурвуулаа хувааж уусан байх би 16 цагаас ажилтай байсан болохоор ганцаараа 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу далан дээгүүр гар утсаараа яриад явж байхад үл таних эмэгтэй араас минь далангийн жалга руу түлхэж, унагаагаад миний самсунг эс6 маркийн гар утас болон гар цүнхийг аваад зугтаасан. Тэгээд би босоод Номин супермаркеттай байрнуудын дунд очиход машины дунд нуугдаад суучихсан байхад нь очоод цүнхээ булааж авсан боловч өөрийнхөө цүнхийг үлдээгээд эгчээ тэд нар харж байгаа ш дээ та зугтаа гэж хэлээд миний гар утсыг аваад зугтаачихсан, би тухайн үед хаашаа явсныг нь харж амжаагүй. Толгойгоо нярайн ягаан цэцэгтэй цагаан өнгийн даавуугаар боосон байсан, дөнгөж ургаж байгаа жижиг үстэй /халзан толгойтой/ маанаг юм шиг царайтай, цайвар өнгийн царайтай. 160 см орчим өндөртэй, 60 кг орчим жинтэй өөр сайн санахгүй байна. Номинтой байрны голд хотхон учраас камер байгаа байр гэж бодож байна. Намайг цохиж зодсон асуудал байхгүй, би унахдаа гараа баг зэрэг гэмтээсэн гэхдээ ямар нэгэн зовиур байхгүй байгаа учраас шүүх эмэнэгт үзүүлэхгүй...." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.О нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар А.О-ийн насанд хүрээгүй хүүхэд болох О.Номингийн асрамжийг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.О-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  зааснаар хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.О-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар А.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-ийн урьд цагдан хоригдсон нийт 1 /нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар А.О-йн насанд хүрээгүй хүүхэд болох О.Номингийн асрамжийг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай. 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР