| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/06452/И |
| Дугаар | 210/МА2024/01994 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01994
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04520 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32016/17558 дугаар захирамжаар ******* ХХК, *******, ******* нараас 2,559,565,036 төгрөгийг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18261876/12 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан боловч эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааны тэмдэглэл байхгүй, хэзээ, хаана, хэнд ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй бөгөөд огноо өдөр нь засвартай, хуудасны дугаарлалт байхгүй, ажиллагаа үргэлжилсэн хугацааг тэмдэглээгүй байна.
2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 158/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд 7 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө дурдсан ч энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, битүүмжилсэн хураасан эд хөрөнгийн тоо ширхэг, нэр төрөл, цаг хугацаа дурдаагүй, хэзээ, хаана, хэнд ямар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны зүйлүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн байхад төлбөр авагч Хаан банк ХХК нь 2,5 тэрбум төгрөгийн авлагадаа тааруулж бүх барьцаа хөрөнгийг авахаар шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр явж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй өнөөдрийг хүрсэн.
1.2. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх баримт бичигт заасан үнийн дүнгийн хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураах нийтлэг зарчмыг зөрчиж бусад төлбөр төлөгч нарын гэр бүлийн халдашгүй чөлөөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхэд бүдүүлгээр халдаж нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* байрны ******* хаягт байрлалтай 56.54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ******* газраас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 191,530,663 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлийг танилцуулж албадан дуудлага худалдаанд оруулж бусдад худалдах, эсхүл Хаан банк ХК-д шилжүүлэх талаар хэлсэн.
1.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн үнэ тодорхой болоогүй буюу уг үнэлгээнд гомдол гаргасан байхад албадан дуудлага худалдааг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт зарласан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан, хоорондоо уялдаа холбоотой ажиллагаа байтал битүүмжилсэн, хураасан ажиллагаа нь цаг хугацааны хувьд хэт зөрүүтэй. Төлбөр төлөгчийн зүгээс миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хангалттай, нэг хөрөнгө дээр төвлөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрийг барагдуулах бүрэн боломж байгаа талаар удаа дараа шийдвэр гүйцэтгэх газар, алба, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол хүсэлт гаргасан байхад огт тоохгүй, гомдол, өргөдөлд хариу өгөхгүйгээр хүчээр үнэлгээ гаргуулсан.
******* ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт бага буюу 191,530,663 төгрөгөөр үнэлсэн. Мөн уг үнэлгээнд эд хөрөнгийн байрлах хороог 8 дугаар хороо гэж буруу тусгасан. Орон сууцыг үнэлэх байтал шатахуун түгээх станцийн үнэлгээг гаргасан байгаа нь эд хөрөнгийн шинж байдлыг үнэн зөв үнэлсэн гэж үзэхгүй.
1.4. Мөн төлбөр авагч нь банк байгаа тохиолдолд Банкны төлбөр барагдуулах газар ажиллагаа явуулах байтал ******* газар ажиллагаа явуулж байгаа нь харьяалал зөрчиж байна.
Иймд ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар захирамжаар ******* ХХК, *******, ******* нараас 1,664,990,036 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө ******* байрны *******, 2 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18261876/13 дугаар тогтоолоор хураан авсан. Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилж, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4-132/15772 дугаартай мэдэгдлийг гардуулж шинжээчийн тогтоосон үнэлгээг танилцуулсан.
2.3. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8/06 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгөх гэсэн боловч утасны дугаар нь холбогдох боломжгүй, мөн өөрийн бүртгэлтэй хаяг дээрээ амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй байсан учир төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдож түүний цахим /viber/ хаяг руу илгээж мэдэгдсэн. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.
2.4.Шинжээчийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө ******* байрны *******, 2 өрөө орон сууцны үнэлгээг гаргасан болохыг тодорхой тусгасан байна.
2.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/60 тоот тушаалаар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи ирсэн гүйцэтгэх хуудаст төлбөр авагч нь банк байгаа тохиолдолд Банкны төлбөр барагдуулах газар ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. ******* нараас төлбөр гаргуулах гүйцэтгэх хуудас 2018 онд ирсэн тул ******* газар ажиллагаа явуулж эхэлсэн. 2023 оны 03 сараас өмнө ирсэн төлбөр авагч нь банктай гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа ажиллагааг ******* газар явуулж байгаа. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчөөгүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* газарт холбогдох ******* ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/60 тоот тушаалаар банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах харьяаллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт тогтоосон байхад ******* газар ажиллагаа явуулж байгааг шүүх анхаарч үзээгүй.
4.2. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.3. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй. Шинжээч н.Энхтайван нь шинжээчийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан талаарх баримт байхгүй. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/60 тоот Харьяалал тогтоох тухай тушаалаар 2023 оны 04 дүгээр сараас хойш банкны нэхэмжлэлтэй шинээр ирсэн гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт шилжүүлж, ажиллагаа явагдаж байгаа. ******* ХХК-ийн үнэлгээчин үнэлгээний тайланд техникийн шинжтэй алдаа гаргасан нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө ******* байрны *******, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 191,530,663 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/59 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/17558 дугаар захирамжаар ******* ХХК, *******, ******* нараас 2,664,975,036 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор талаар талууд харилцан тохиролцсныг баталгаажуулсан байх бөгөөд уг захирамжид заасан барьцаа хөрөнгөд *******ийн өмчлөлийн, Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө ******* байрны *******, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах дурдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.1. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг хариуцагч хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18261876 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө ******* байрны *******, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18261876/13 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авчээ.
3.2. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 158/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч үйлдэж, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл уг тогтоолыг *******, *******т нарт дамжуулан өгүүлэхээр М.Гандид үлдээсэн талаар дурджээ. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18261876/13 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэхэд ******* байлцсан гэж гарын үсэг зурагдсан байхаас гадна мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд уг орон сууцны хадгалалт хамгаалалтыг мөн *******д үлдээсэн гэж тусгагдсан, ******* тогтоолд гарын үсэг зурсан байна. Иймд дээрх эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолд нэхэмжлэгч ******* гомдол гаргаагүй, тогтоолуудыг үйлдэхэд тэмдэглэл хөтлөгдөөгүй гэсэн тайлбар үндэслэлгүй, тогтоолууд алдаатай тохиолдолд тэрээр засвар оруулах саналаа гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй. Энэ ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хариуцагч байгууллага нь ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
4.1. Шинжээч ******* ХХК нь дээрх 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 191,530,663 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээ болон тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар дамжуулан *******ид мэдэгдсэн байна.
4.2. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд орон сууцны зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн 3 ширхэг орон сууцыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
4.3. Шинжээчийн дүгнэлтийн гарчигт үнэлэгдэж буй орон сууцны байршлийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо гэж алдаатай бичсэн боловч Нэг.Ерөнхий мэдээлэл, Гурав.Хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээний тооцоолол, Дүгнэлт хэсгүүдэд тус тус Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо гэж зөв тусгагдсан байх тул дүгнэлтийн гарчигт техникийн алдаа гаргасан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.4. Шинжээчийн дүгнэлтийн 1.3. Үнэлгээний ажлын хамрах хүрээ хэсэгт Шатахуун түгээх станцын зориулалттай барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн төрөлд хамаарна гэж алдаатай бичсэн боловч 1.4. Үнэлгээний зорилго, ашигласан арга хандлага заалтад, Гурав.Хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээний тооцоолол хэсэг, өртгийн хандлага арга, зах зээлийн хандлагын арга, дүгнэлт зэрэг хэсгүүдэд тус тус орон сууц гэж тодорхойлосонтой харьцуулбар шинжээч дүгнэлтийн 1.3 дах хэсэгт техникийн алдаа гаргажээ. Иймд холбогдох давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.
6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/60 тоот тушаалын 1 дэх заалтаар банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойргийн харьяаллыг Банкны төлбөр барагдуулах газраар, 2023 оны 3 дугаар сарын 06-нй өдрөөс хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тус тус тогтоожээ. /хх168/ Иймд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18261876 тоот тогтоолоор үүсгэсэн энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасантай тус тус нийцжээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА