Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 969

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,                            

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 01241 1072  дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Б, 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 10 гудамж, 26 тоотод оршин суудаг, Ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар" интернет кафед иргэн Д.Сүх-Очирын Самсунг А-7 маркийн гар утсыг хуурч, залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч П.Сүх-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би орой болчихсон байхад ажлаа тараад Баянзүрх дүүрэг тунелийн автобусны буудлын ар талд байдаг Сансар интернет кафед сууж байхад манай нутгийн залуу Алтансувд овогтой Баярмагнай нь ирээд уулзалдсан...Тэгээд жаахан хүлээж байгаарай гэсэн чинь за тэгвэл найз утсаар чинь хүнтэй яриад ороод ирье гэж хэлээд гарсан. Би гарсанаас нь хойш 5 минутын дараа гарахад Б байхгүй байсан. Би тэр хавиар хайгаад нэлээн зогссон. Тэгээд автобусны буудал ороод хүний утсаар өөрийнхөө утас руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй болчихсон байсан...Үүгээр миний хохирол бүрэн барагдсан гэж үзэж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23/,

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар интернет кафед найз Сүх-Очирын гар утсыг утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад явсан нь үнэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б32-18-652 дугаартай тайлан, /хх-ийн 28-29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сансар" интернет кафед иргэн Д.Сүх-Очирын Самсунг А-7 маркийн гар утсыг хуурч, залилан авсан болох нь

Хохирогч П.Сүх-Очирын: "...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би орой болчихсон байхад ажлаа тараад Баянзүрх дүүрэг тунелийн автобусны буудлын ар талд байдаг Сансар интернет кафед сууж байхад манай нутгийн залуу Алтансувд овогтой Б нь ирээд уулзалдсан...Тэгээд жаахан хүлээж байгаарай гэсэн чинь за тэгвэл найз утсаар чинь хүнтэй яриад ороод ирье гэж хэлээд гарсан. Би гарсанаас нь хойш 5 минутын дараа гарахад Б байхгүй байсан. Би тэр хавиар хайгаад нэлээн зогссон” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Б-г бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Б нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч уг ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Б-г бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-д өмнө нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 өдрийн хорих ялд тооцож бүгд 30 хоногын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн А.Б-ийн бүгд биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ийн урьд цагдан хоригдсон нийт 31 /гучин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР