Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01995

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03777 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,813,840.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, Б.Намуундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01/11 тоот зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Nissan Qashqai маркийн ******* улсын дугаар, ******* арлын дугаар, ******* гэрчилгээний дугаартай цагаан өнгөтэй автомашин болон Toyota Sai-K10 маркийн ******* улсын дугаар, ******* арлын дугаар, №******* гэрчилгээний дугаартай хар саарал өнгөтэй 2 ширхэг автомашиныг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан.

1.2. Гэрээний хугацаанд ******* 2022 оны 02 дугаар сард 856,109.58 төгрөг, 03 дугаар сард 773,031 төгрөг, 04 дүгээр сард 773,031 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 7,053,596 төгрөг, нийт 8,682,737 төгрөг төлсөн.

1.3. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлөлгүй 470 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Хэтэрсэн хугацаанаас хойш тогтмол утсаар болон биечлэн зээл төлөхийг түүнд мэдэгдэж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэрхэн төлж барагдуулах тухайгаа бичиж өгсөн боловч тохирсон хугацаанд ямар ч үр дүн гараагүй.

1.4. Фидуцийн гэрээгээр автомашин барьцаалсан боловч барьцааны зүйл хаана, хэнд байгаа нь тодорхойгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангахаар шаардлага гаргаагүй.

1.5. Иймд хариуцагчаас үндсэн зээл 29,989,142 төгрөг, хүү 17,598,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,225,726 төгрөг, нийт 48,813,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХХК-тай автомашин барьцаалан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийг манай найзын эгч Д.Буянтогтох нь авч хэрэглэсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлт, хүүг цаг хугацаандаа төлөөгүйн улмаас маргаан үүссэн бөгөөд зээлийн эдийн засагчид учир шалтгааныг тайлбарлан зээл авсан этгээдийг уулзуулсан. Зээлийн барьцааны зүйлийг Д.Буянтогтох хэрэглэж байгаа ба зээлийг хариуцан төлөх хүсэлтээ өгснийг миний бие ойлголцсон гэсэн бодолтой явсан.

2.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зогсдог тул үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******эс нийт 48,813,840.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 402,019 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******эс 402,019 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг аль шатанд гаргах талаар тайлбарлаагүй.

4.2. Талуудын хооронд гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан тул зээлийн хүүг мөн 24 сараар тооцож авах ёстой. Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудсанд зээлийн хүүд 8,682,737.11 төгрөг төлсөн болохыг тогтоосон гэж дүгнэсэн. Гэрээгээр хүүгийн төлбөрт 20,160,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд өмнө нь төлсөн зээлийн хүүг хасаж 11,477,262.89 төгрөгийг төлөх ёстой. Гэрээнд талууд гэрээний хугацаа дуусахад зээл төлөх хугацаа хэтэрсэн байвал зээлийн хэтэрсэн хугацаанд хүүг хэрхэн төлөх талаар тохиролцоогүй. Иргэний хуульд хүүг бичгээр байгуулсан гэрээгээр зохицуулсан. Гэрээний хугацаа хэтэрсэн үед зээлийн хүүг хэрхэх талаар шүүхийн шийдвэрт тусгах ёстой.

4.3. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх барьцааны гэрээ-гээр барьцаалагдсан автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардахад төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгасан. Гэтэл шүүхийн шийдвэрт барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах талаар тусгаагүй.

4.4. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 29,989,142.62 төгрөг, зээлийн хүү 11,477,262.89 төгрөг, нийт 41,466,404.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд шүүхийн шийдвэрт 48,813,840.31 төгрөгөөс 7,347,435.37 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгийг хэрхэх талаар тусгаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хариуцагч талаас хүсэлт гаргасны дагуу шүүх уг эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөө аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуухад хүсэлтгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

5.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 10 дугаар зүйлийн 10.9.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй учир зээлийг ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй.

5.3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй. Иймд шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,813,840.31 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс тухайн шийдвэрийн 7,347,435.37 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, гэрээний хугацааны хүү төлөхийг зөвшөөрнө, барьцааны зүйлийг хэрхэх талаар шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд,

 

4.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Автомашины зээлийн гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь 30,000,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх10-13/

 

4.2. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2022 оны 02 сард 856,109.58 төгрөг, 04 сард 773,031.1 төгрөг, 2023 оны 05 сард 7,053,596.44 төгрөг, нийт 8,682,737.12 төгрөг төлжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа үүссэн, зээлийн хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

6. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 29,989,142.63 төгрөг, зээлийн хүүд 17,598,971.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,225,726.09 төгрөг нийт 48,813,840.09 төгрөг төлөөгүй байгааг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

7. Хариуцагч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХХК-д хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэд: Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ нь ... автомашин барьцаалсан зээлийн 30,0 сая төгрөг зээлсэн ба эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаандаа зээлээ төлж чадаагүй. 03-80 УНН Nissan Qashqai автомашиныг худалдан борлуулж 11,0 сая төгрөгийн хүү төлж, үндсэн зээлээс төлбөр хийн үндсэн зээлийн 10,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй болгоно гэжээ. Хариуцагч ******* нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

 

8. Хариуцагч ******* нь энэ зээлийг манай найзын эгч Д.Буянтогтох авч хэрэглэсэн, ...зээлийн эдийн засагчид учир шалтгааныг хэлж зээл авсан этгээдийг уулзуулан хооронд нь холбож өгсөн болно гэсэн тайлбар гаргаж маргасан боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмаар зээлийн гэрээний өр шилжүүлсэн нөхцөл байдал тогтогдохгүй байх тул түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй.

 

9. Нэхэмжлэгч тал 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гэрээ цуцалснаас хойших хугацаа хэтэрсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

10. ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх барьцааны /фидуци/ нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Nissan Qashqai маркийн ******* улсын дугаар, ******* арлын дугаар, ******* гэрчилгээний дугаартай цагаан өнгөтэй автомашин болон Toyota Sai-K10 маркийн ******* улсын дугаар, ******* арлын дугаар, №******* гэрчилгээний дугаартай хар саарал өнгөтэй 2 ширхэг автомашин 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байна.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйлийг бодитойгоор гаргуулан авах шаардах эрхийг хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд мөнгөн хөрөнгийн нэхэмжлэл гаргасан тул уг фидуцийн гэрээ дуусгавар болсон гэж дүгнэнэ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагатай холбоотойгоор аливаа шийдвэр гаргаагүйг буруутгахгүй. Хариуцагч фидуцийн гэрээтэй холбоотой нэхэмжлэгчид шилжүүлсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар аливаа шаардлага гаргахад шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.

11.1. Шүүх хариуцагч *******д нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлажээ. Түүнчлэн анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 29, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаан дээр зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг талуудаас асууж, тодруулж байсан байна. /1хх24,25, 42-43, 53-57/ Эрх үүргийг тайлбарлаж өгсөн хугацаанаас хойш явуулсан 110 хоногийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хариуцагч талаас эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******эс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА