Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 970

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 05408 1337 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б.С, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ТВ-9 телевизэд сэтгүүлч ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 17 дугаар гудамжны 367 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин жолоодож явсан хохирогч Г.Лхагвасүрэнг замын боржуур хэсэг рүү шахаж явлаа гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, улмаар машинаасаа буухад нь зүүн хөлийн эрхий хуруун дээр нь 1 удаа гишгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Г.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим би 63-08 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Өгөөмөр” захын урд талд баруунаас зүүн чиглэлд явж байхад миний урдуур 35-73 УНТ улсын дугаартай хар өнгийн машин захад би хойно нь тулаад зогссон. Тэгээд хажуугаар нь өнгөрч гарахдаа чи яаж яваад байгаа юм бэ аваар осол гаргалаа шүү гэж хэлсэн чинь чи яасан олон үгтэй пизда вэ гэж хэлэхээр нь тэр үгийг нь тоолгүйгээр хажуугаар нь гараад цааш явж байхад Чулуун овооны тойргийн тэнд тэр машин намайг гүйцэж түрүүлээд намайг хааж зогсоод жолооч талын хаалганаас 25-26 орчим насны, хар өнгийн пудволктой, израль гуталтай, ногоон өнгийн өмдтэй, халимаг үстэй хойш нь самнасан, зуйвандуу царайтай эрэгтэй бууж ирээд машины цонх руу цохиод дараа нь хаалга онгойлгоод миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохихоор нь би машинаасаа буухад тэр машины урд хаалганаас 50 орчим настай байрын нэг эгч бууж ирээд чиний буруу, чи эндээс зайл гэж намайг хэлсэн. Намайг буухад тэр залуу миний зүүн хөлний эрхий хуруун дээр нэг удаа гишгэсэн. Тухайн үед санамсаргүй байдлаар гишгэсэн байх. Тэгээд тэр хоёр машиндаа суугаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч Б.Дулмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд захын зүүн талаас "...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-20 цагийн үед “Нарантуул” зах тараад хүү С, манай дүү Гэрлээ нарын хамт машинтай явж байсан. Тэгээд захын зүүн талын хаалгаар гарч зам дагуу явахад хажуу талаас бараан өнгийн автомашинтай хүн шахаж орж ирээд бид нар зогссон. Тэгээд дахиад араас нь явж байхад урд гараад зогсоод тоормос гишгээд байсан. Тэгээд ардаас нь машинтайгаа яваад очиж зогсоосон. С бууж очоод жолооч талын хаалгыг нь онгойлгоод 1 удаа цохих шиг болсон. Би хараад машинаас бууж очоод С-г болиулсан. Тэгээд би чиний буруу байсан шүү гэж хэлээд араас машинууд ирж байсан болохоор машиндаа суугаад явцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/;

Яллагдагч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018.06.18-ны өдөр би Нарантуул захаас ээж Дулмаа эгч Гэрэлтуяа нарыг аваад машинтай явж байсан. Өгөөмөр захаас нэг бараан өнгийн автомашинтай эрэгтэй хүн урсгал сөрөөд шахан ороод миний урдуур орсон ба эгнээнд орох гэхээр шахаад зам хаагаад байсан. Би уурлаад гүйцэж түрүүлэх гэхэд 1 дүгээр эгнээ рүү боржур руу шахсан. Би араас нь хөөгөөд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис колонкийн орчим гүйцэж түрүүлээд зогсоосон. Би буугаад цонхыг нь цохиход хаалга нь түгжээтэй байж байгаад онгойлгосон. Би хүн алах гээ юу гэж хэлээд жолоочийн хаалгыг онгойлгож Лхагвасүрэн гэх залууг шанаан тус газар нь 1 удаа цохисон. Ээж Дулмаа ирээд араас татан болиулаад чиний буруу шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Лхагвасүрэн бууж ирээд намайг машиндаа суусны дараа миний машины зургийг дарсан. Би цагдаагийн байгууллагаар явбал яваарай гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг /хх 41-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7734 тоот дүгнэлтэд: 

  1. Г.Лхагвасүрэнгийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн хумсны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-31/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин жолоодож явсан хохирогч Г.Лхагвасүрэнг замын боржуур хэсэг рүү шахаж явлаа гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, улмаар машинаасаа буухад нь зүүн хөлийн эрхий хуруун дээр нь 1 удаа гишгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Лхагвасүрэнгийн: "...Тэгээд хажуугаар нь өнгөрч гарахдаа чи яаж яваад байгаа юм бэ аваар осол гаргалаа шүү гэж хэлсэн чинь чи яасан олон үгтэй пизда вэ гэж хэлэхээр нь тэр үгийг нь тоолгүйгээр хажуугаар нь гараад цааш явж байхад Чулуун овооны тойргийн тэнд тэр машин намайг гүйцэж түрүүлээд намайг хааж зогсоод жолооч талын хаалганаас 25-26 орчим насны, хар өнгийн пудволктой, израль гуталтай, ногоон өнгийн өмдтэй, халимаг үстэй хойш нь самнасан, зуйвандуу царайтай эрэгтэй бууж ирээд машины цонх руу цохиод дараа нь хаалга онгойлгоод миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохихоор нь би машинаасаа буухад тэр машины урд хаалганаас 50 орчим настай байрын нэг эгч бууж ирээд чиний буруу, чи эндээс зайл гэж намайг хэлсэн. Намайг буухад тэр залуу миний зүүн хөлний эрхий хуруун дээр нэг удаа гишгэсэн. Тухайн үед санамсаргүй байдлаар гишгэсэн байх. Тэгээд тэр хоёр машиндаа суугаад яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дулмаагийн: “...Тэгээд захын зүүн талын хаалгаар гарч зам дагуу явахад хажуу талаас бараан өнгийн автомашинтай хүн шахаж орж ирээд бид нар зогссон. Тэгээд дахиад араас нь явж байхад урд гараад зогсоод тоормос гишгээд байсан. Тэгээд ардаас нь машинтайгаа яваад очиж зогсоосон. С бууж очоод жолооч талын хаалгыг нь онгойлгоод 1 удаа цохих шиг болсон. Би хараад машинаас бууж очоод Сэргэлэнг болиулсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Лхагвасүрэн нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.С-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.С-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР