| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00345/И |
| Дугаар | 130/ШШ2016/00430 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00430
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Т овогт Хы Кгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1995, 1997, 1998 онуудад сувилагчаар ажиллаж байсан байдлыгтогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.К шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Миний бие НЭДотрын тасагт 1979 оны 4-р сарын 20-ноос 2016 оны 3-р сарын 31 хүртэл ажилласан. 1995, 1997, 1998 оны 3 жил НДШ-н НЭ тайлангүй байна гэж 2 жил 8 сар тусгагдаагүй учир 1995, 1997, 1998 2 жил 8 сарыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Кд 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 09:00 цагт болох шүүх хуралдааны товыг 2016 оны 07 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, хүсэлт гаргагч шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүсэлт гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хүсэлтийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.К нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1995, 1997, 1998 онуудад ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.К нь 1995, 1997, 1998 онуудад аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ээлжийн сувилагчаар ажилласан болох нь доорхи нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагч Х.Кгийн 1995 оны 11 сарын 10-ны өдөр нээсэн 268817 дугаартай Нийгмийн Даатгалын дэвтэрт 1995, 1996, 1997, 1998, 1999 онуудад Нийгмийн даатгалын шимтгэл /төгрөгөөр/ төлсөн талаар бичилт хийж тэмдэг дарж баталгаажуулсан байх ба мөн дэвтрийн 22-23 хуудсанд даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд ЭМТөв Дотор ээлжийн сувилагч, 1995.01.01. гэж бичилт хийж тамга дарж баталгаажуулсан бичилтээр, мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 03 сарын 31 өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 60 дугаартай тушаалаар дотрын тасгийн ээлжийн сувилагч Хусаян овогтой К өндөр насны тэтгэвэрт гарч, 2016 оны 04 сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлж байсан байна.
Хүсэлт гаргагч Х.Кгийн 1980 оны 06 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 10-11 хуудсанд: 1988.07.20. Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт сувилагчаар түр авч ажиллуулав. Нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 04 сарын 19-ний өдрийн 41 тоот тушаал, 1989.06.19. Мэдрэлийн тасгийн сувилагчаас чөлөөлж дотрын тасгийн ээлжийн сувилагчаар бүр авч ажиллуулав. Нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 06 сарын 20-ны өдрийн 29 тоот тушаалаар, 12-13 хуудсанд: 1995.01.01. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож 268817 дугаартай нийгэм даатгалын дэвтэр олгов. БӨ аймгийн Өлгий сумын Нийгэм даатгалын байцаагч гэж бичилт хийгдэж баталгаажуулсан байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Хусаян овогтой К нь 1995, 1997, 1998 онуудад дотрын тасагт сувилагчаар ажиллаж байсан ба НДШ-ийг төлж байсан нь үнэн гэх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт,
-Иргэн У.Хы нотариатаар баталгаажуулсан ... У.Х 1987 оноос эхлэн аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар он удаан жил ажиллаж байсан хугацаанд сувилагч мэргэжилтэй Хусаян овогтой К нь нэгдсэн эмнэлэгт сувилагчаар он удаан жил тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
Иргэн Х.Бы нотариатаар баталгаажуулсан ... Х.Б 1980-2013 он хүртэл аймгийн ЭХГазарт боловсон хүчнээр ажиллаж байхад Хусаяны К тус аймагт сургууль төгсөж ирээд Н.Э-д сувилагчаар ажиллаж байсан болно гэх тодорхойлолт,
Иргэн М.Зияханы нотариатаар баталгаажуулсан ... Х овогтой Кунай 1995, 1997, 1998 онуудад Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хамт ажиллаж байсан найзын нэг болно гэх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Хүсэлтийн шаардлагын талаар шүүх хуралдааны шатанд тодруулахыг хүссэн боловч хүсэлт гаргагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч Х.К нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1995, 1997, 1998 онуудад ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Х.Кгийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1995, 1997, 1998 онуудад ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН