Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02039

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04646 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 107,614,979 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбацэрэн, Б.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нартай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20/68 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээл зориулалтаар зээлдүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20/68 тоот барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* гудамж 19 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 12,209,534.10 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 53,612,498.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс 852,406.92 төгрөг, нийт 66,674,439.75 төгрөг төлсөн.

Зээлдэгч 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөх тухай зээлдэгчид мэдэгдсэн.

Зээлийн төлбөрт 87,790,465.90 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 19,443,201.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 381,312.59 төгрөг, нийт 107,614,979.83 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ирээдүйд орох орлогоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэжээ.

2. Хариуцагч тал татгалзал, тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 107,614,979.83 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* гудамж, 19 дүгээр байрны 9 тоотод байрлах, 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,224.90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 766,224.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шүүх хэргийн оролцогч буюу хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд болох *******, ******* нарт нэхэмжлэлийн хувийг гардуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч нарт нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХК-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 01, 2024 оны 03 дугаар сарын 06, 2024 оны 03 дугаар сарын 20, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд буюу 2024 оны 08, болон 09 дүгээр саруудад байхгүй байсан гэх хаягт 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 4 удаа очсон бөгөөд тухайн хаягт хариуцагч нар нь амьдардаг эсэхийг тухайн хорооны Засаг даргаас тодорхойлолт авч тодорхойлсон ба үүнийг шүүхийн шийдвэрт тусгасан байгаа. Мөн шүүхийн процесст хариуцагч нартай утсаар холбогдон танд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна, ирж хэргийн материалтай танилцана уу гэж удаа дараа мэдэгдэхэд дараа очно гэж хойшлуулсаар өөрсдөө ирээгүй. Шүүхийн ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд үргэлжилсэн. Мөн ******* ХК-ийн зүгээс хариуцагч нарын бизнес хийдэг гэх газар хүртэл очиж үзсэн бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудас хүргэж байгаа хүнтэй дахин очиход гэрт нь хүн байгаа мөртлөө хаалгаа тайлаагүй тохиолдол байдаг. Мөн шүүх хуралдаан болох өдрөөс өмнө харилцааны менежер болон шүүгчийн туслах нар шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн байдаг гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,614,979 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

3.Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ. /хх8/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж өгөх үүрэгтэй. Энэ үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүйгээс гадна хариуцагч талыг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаад ирэхгүй тохиолдолд түүнд нэхэмжлэлийг гардуулсанд тооцох журмыг хуулиар тогтоогоогүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу шүүгч зохигч болон тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү эрхийг нь тайлбарлаж өгсөөр байтал уг эрхээ хэрэгжүүлээгүйн хариуцлагыг хэргийн оролцогчид ногдуулах боломжтой.

5. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 72 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс төлсөн 766,225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА