| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1003/Э |
| Дугаар | 1011 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 1011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Х.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О-т холбогдох эрүүгийн 1906 00837 1054 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.О, 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 10 дугаар байр 9-8 тоотод оршин суух, урьд 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд багтаан биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн ял шийтгэлтэй,
Шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 05 дугаар хэсэг 6-01 тоотод оршин суух иргэн Г.Бат-Эрдэнийг өөрийн найз охин Ариунзаяатай маргалдаж байхад нь уурлан заазуураар баруун бугалганд нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: " ..Манай найз О нилээн согтоод найз охин Ариунзаяатай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би О-ыг өмөөрөөд найз охин Ариунзаяатай маргалдсан. Тэгээд О хэвтэж байснаа босч ирээд гал тогооны шүүгээн дээр байсан хар иштэй заазуурыг аваад миний баруун булчин дээр 2 удаа зүссэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Яллагдагч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Би хохирогч Г.Бат-Эрдэнийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 10 дугаар байрны 09-08 тоот болох гэртээ хохирогч Г.Бат-Эрдэнэ манай найз охин Ариунзаяа бид 3 2 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд хохирогч Г.Бат-Эрдэнэ манай найз охин Ариунзаяатай хэрэлдээд байхаар нь би найз охиноо өмөөрөөд гал тогооны шүүгээн дээр байсан хар иштэй заазуур аваад хохирогч Г.Бат-Эрдэнийн баруун гарын булчин хэсэгт 2 удаа зүсэж гэмтээсэн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1340 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 05 дугаар хэсэг 6-01 тоотод оршин суух иргэн Г.Бат-Эрдэнийг өөрийн найз охин Ариунзаяатай маргалдаж байхад нь уурлан заазуураар баруун бугалганд нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Бат-Эрдэнийн: " ..Манай найз О нилээн согтоод найз охин Ариунзаяатай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Отгонбаярыг өмөөрөөд найз охин Ариунзаяатай маргалдсан. Тэгээд О хэвтэж байснаа босч ирээд гал тогооны шүүгээн дээр байсан хар иштэй заазуурыг аваад миний баруун булчин дээр 2 удаа зүссэн...." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.О-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.О-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР