| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00367/И |
| Дугаар | 00328 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 00328
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1966 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Булган аймгийнГурванбулаг сумын 3 дугаар багт оршин суух, Бүрд овогт Батсүхийн Гансүх /РД:ГГ66111201/-ын нэхэмжлэлтэй,
С.Жаргалсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00367/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие талийгаач нөхөр С.Жаргалсайхантай 1989 онд гэр бүл болон өнөөдрийг хүртэл хамт амьдарч байсан. С.Жаргалсайхан ньБулган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984-1986, 1989-1992 оныг дуусталмалчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие Гурванбулаг суманд амьдардаг, унаа ховор явдаг шүүхэд дахин ирэх боломжгүй байна. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр С.Жаргалсайханыг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984-1986, 1989-1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
С.Жаргалсайхан нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 754 дугаартайлавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Содномдоржийн Жаргалсайхан Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 7 /долоон/ жил ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН