Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02040

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2024/05102 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******гийн холбогдох

 

Өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

1.1. Хариуцагч ******* нь өөрийн хүүгийн хамт надтай ирж уулзаж, хашаа байшингаа зарахаар болж 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу урьдчилгаа мөнгө 10,000,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн.

1.2. 20 гаруй хоногийн дараа тухайн газар дээр юмнуудаа зөөгөөд эхэлсэн чинь *******гийн хүү нь над руу утсаар ярьж манай хажуу талын айл 15,000,000 төгрөг нэмээд тухайн хашаа байшинг авна гэж байна, би танд зарахаа болилоо гэсэн тайлбарыг хэлсэн. ******* эгчтэй уулзаж 5,000,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн боловч хүлээж аваагүй. Гэрээний дагуу 6 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл мөнгөө шилжүүлэх байсан боловч ******* эгч дансаа хаачихсан, 10,000,000 төгрөгийг миний данс руу буцааж хийсэн байсан.

Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг төлсөн, үлдэгдлийг бүрэн төлөх боломжтой тул хариуцагчийг Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах газар өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Анх тохиролцохдоо 2 газрыг авахаар ярьсан, хүүгийнх нь хурууны хээ болохгүй байсан тул 1 газар дээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, газар дээрх байшин нь бид нарт хэрэггүй гэдгээ хэлж байсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар агуулга:

2.1. *******д хашаа, байшингаа 80,000,000 төгрөгөөр худалдах саналыг тавихад, бодож үзье гээд 2-3 сар чимээгүй байсан. Үүний дараа ******* нь манай хүү рүү залгаж 80,000,000 төгрөгөөр авч чадахгүй юм байна, 65,000,000 төгрөгөөр авъя гэж хэлээд нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн урьдчилгаа хийж, нотариатч нь тухайн хашааг 65,000,000 төгрөгөөр гэрээ хийх боломжтой гэж хэлээд 45,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн.

2.2. Тухайн үед 10,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн юм чинь 55,000,000 төгрөгийг нь удахгүй өгөх байх гэж бодоод гэрээг хийсэн. Хэлсэн тохирсондоо байгаагүй, хүү маань зарах бодолгүй гэсэн тул гэрээнээс татгалзах талаараа түүнд хэлсэн, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг буцааж өгсөн хэдий ч газраа авна гээд байсан тул дансаа хаалгасан. Түүнчлэн газар дээр маань үл хөдлөх эд хөрөнгө байгаа, түүнийг бас үнэлж 2 газартай хамт худалдахаар тохиролцож байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг орхигдуулж хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******гийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, ******* гудамж, 11/а тоот хаягт байрлах газрын өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ******* нь манайх хашаа байшингаа 80,000,000 төгрөгөөр зарах гэж байна, танайх авах уу гэхэд нь би 80,000,000 төгрөг гэвэл арай үнэтэй байна, би 60,000,000 төгрөгт авъя гэж хэлсний дагуу надтай ирж уулзаад 65,000,000 төгрөгөөр худалдахаар болж 05 дугаар сарын 20-ны өдөр нотариат дээр очиж гэрээ байгуулж урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг нь сарын дараа өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа *******гийн хүү нь над руу залгаж, манай хажуу айл энэ хашаа байшинг 80,000,000 төгрөгөөр авъя гэж байна, танайх тэгж авах юм уу гэж асуусан. Миний зүгээс би 15,000,000 төгрөгийг нэмж өгөхөд хэцүү байна, 5,000,000 төгрөгийг нэмээд нийт 70,000,000 төгрөгт авъя гэж хэлэхэд ******* нь тэгвэл би худалдахаа болилоо гэж хэлээд урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд 06 дугаар сарын 20-ны өдөр буюу үлдэгдэл төлбөр хийх өдөр өөрийнхөө дансыг хааж, надад гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлийг олгоогүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах, худалдах гэрээний гол нөхцөл нь үнийг төлснөөр өмчлөх эрх шилждэг. Гэтэл нэхэмжлэгч нь газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан буюу энэ гэрээнд 2 талын хүсэл зориг нийлээгүй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын ярьж байгаагаар 2 газрыг шилжүүлж авахаар тохиролцсон, мөн маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдээгүй гэж дүгнэсэн. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө тухайн газар байгаа тохиолдолд тусад нь шийдвэрлэх боломжгүй ба үнийн дүнг харилцан тохиролцоогүй буюу гэрээний үүргийн ихэнх тал биелэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 42 дугаар гудамж 11/А тоот хаягт байрлах 700 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. *******, *******, ******* нар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ (өмчлөлийн газар) байгуулсан ба уг гэрээгээр худалдагч *******, ******* нар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 42 дугаар гудамж, 11/А тоот хаягт байрлах, нэгж талбарын *******, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авагч ******* нь гэрээний үнэд 35,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 10,000,000 төгрөгөөр, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд ******* нь *******ыг төлөөлж гарын үсэг зурсан.

 

3.2. Гэрээний зүйл болсон дээр дурдсан 700 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох газар дээр 51 м.кв талбайтай хувийн сууц баригдсан байх бөгөөд уг хувийн сууцыг үл хөдлөх эд хөрөнгөөр улсын бүртгэлийн Ү*******7 дугаар бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг *******, ******* нарт олгосон.

 

3.3. *******аас *******д 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яам Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн бүртгэлийн 0540 дугаар бүртгэлээр олгосон Итгэмжлэл-д дээр дурдсан газар өмчлөх эрх болон хувийн сууцыг бусдад худалдах эрхийг бусдад шилжүүлэх эрхгүйгээр 3 жилийн хугацаагаар олгосон байна. /хх39/

 

4. ******* нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамтран өмчлөгч *******аас олгосон итгэмжлэлийг үндэслэж *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа газар өмчлөх эрхийг худалдахаар болж, хувийн сууцыг орхигдуулжээ.

Анхан шатны шүүх хувийн сууцыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт хамаарах үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газрын бүрдэл хэсэг болохын хувьд газраас салгаж болохгүй, газрын бүрдэл хэсэг болох хувийн сууцнаас салгаж худалдах боломжгүй гэж зөв дүгнэжээ.

 

5. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний талуудын хүсэл зориг нэгдээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. Учир нь нэхэмжлэгч буюу худалдан авагчийн хүсэл зориг нь газрыг дангаар нь 35,000,000 төгрөгөөр худалдаж авах байсан бол хариуцагч *******гийн тайлбараар ...миний төрсөн дүүгийн байшин нь тус хашаанд байдаг... гэх байдлаас дүгнэвэл гэрээний зүйлийн талаар талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болох талаарх зохицуулалтад нийцээгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэх учиртай. Гэрээ байгуулагдаагүй тул гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй холбоотойгоор өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх гэж тодорхойлсон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

6. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тохиолдолд хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлын талаар анхан шатны шүүх дүгнэх шаардлагагүй байжээ.

 

7. Хийсвэрлэх зарчмын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн ч өмчийн хэлцэл хүчинтэй эсэх талаар анхан шатны шүүхээс тусад нь дүгнэлт өгснийг буруутгахгүй.

 

Гэрээний 3.2-т зааснаар худалдан авагч газар өмчлөх эрхийн үнэд урьдчилан 10,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн боловч 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор үлдэх 25,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлж дууссанаар өмчлөх эрхийг шилжүүлж авах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

Гэрээний 3.2-т зааснаар гэрээний үнийг Хаан банк ХК дахь 511016735 тоот дансанд төлөхөөр тохиролцсон, ******* нь уг дансыг хаалгасан талаар талууд маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэгч ******* нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж буй бол үүрэг гүйцэтгэгч ******* нь *******гийн оршин суугаа газрын нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй, ингэснээр *******ийг үүргээ гүйцэтгэсэнд тооцох боломжтой боловч энэ үйлдлийг тэрээр хийгээгүй байна.

8. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх талаарх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийн зохицуулалт энэ маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй болохыг дурдав.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2024/05102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гээс төлсөн 110,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА