Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Н.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03130 1317  дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Н.С, 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Архангай аймгийн Цахир сумын 3 дугаар баг, Цахир гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, З-а байрны 37 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна хардалтын улмаас иргэн С.Жавхлантөгсийг нүүрэнд цохин унагаж, унасан хойно нь өшиглөх зэргээр зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний орой 23:00 цагаас шөнө 02:00 цаг хүртэл Ленин клубын караокед өөрийн танил эмэгтэй Ариунаа болон тэдний найзууд болон өөрийнхөө найзуудын хамт 0,75 “Эдэн” нэртэй архи 3 шилийг хувааж уугаад тэндээсээ шөнө 02:00 цагт гараад Ариунааг гэрт нь хүргэж өгөхөөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар байрны гадна очиход байрных нь гадна цагаан өнгийн Тоёота Алпард маркийн машинаас өмнө нэг удаа зүс харж байсан Сүхээ гэх залуу ганцаараа бууж ирээд Ариунааг гэр рүүгээ орсон хойно надаас миний нэрийг асуугаад Төгсөө гэж хэлэхэд намайг цохиж унагааж өшиглөхөд нь би боржур мөргөөд унасан. Тэгээд ахиад босч ирэхэд дахиж гараараа цохиод намайг газар унагааж миний өмсөж явсан богино хар өнгийн куртикнаас чирээд куртик урсан, мөн хөлөн дээр дэвсээд зодсон юм. Боржур мөргөж газар унах үед миний толгой хагарсан, би 10 минут орчим зодуулсан юм. Зодуулж байхад халааснаас гар утас унасан Ай Фоне-5 маркийн гар утасны дэлгэц хагарсан байсан. Би зодуулж байгаад өөрөө хойшоо алхаад зугтаасан юм. Ингээд намайг алхаад Хил хамгаалах өнгөрөөд явж байтал Сүхээ гэгч залуугийн машин дотор Ариунаа сууж явж байгаад надаас яасан бэ, гайгүй юу гэхээр нь би зүгээр гэж хэлээд зугтаасан юм..." гэх мэдүүлэг /хх 5-6/,

Гэрч Т.Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ажлын Ганчулуун гээд залуу миний машиныг бариад хүргэж ирсэн юм. Тэгээд бүгдийг нь буулгаад би машинаа граж руу тавиад гражнаас шууд дээшээ гэртээ орсон. 06 цагаас би Макао явах нислэгтэй байсан учир гэртээ ороод шууд цүнхээ аваад гарсан. Тухайн үед надтай хамт Макао явах байсан манай найз залуу С нь манай гэрийн гадаа машинтайгаа ирчихсэн хүлээж байсан. Тэгээд би машинд нь суугаад нисэх рүү явсан. Ингээд Сүхээ бид хоёр Макао яваад 2 хоноод эргээд Монголд ирсэн. С-тэй хамт нисэх рүү явах замд Сүхээ хэлэхдээ намайг гэртээ орсон хойгуур манай байрны орцны үүдэнд Жавхлантөгсийг орцны хаалганы код оролдоод байсан ба утсаараа нэг хүн рүү залгаад байсан. Тэгээд Сүхээг очоод утсыг нь хартал миний дугаар руу залгаж байсан. Тэгээд надтай хардаад Жавхлантөгсийг зодсон гэж Сүхээ надад хэлсэн. Тэднийг зодолдсон эсэхийг би хараагүй учир өөр мэдэх зүйл алга..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/;

Яллагдагч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ингээд би 04 цагийн үед Ариунааг авах гээд Ариунаагийн гэрийн гадна буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баясгалант өргөө хотхонд машинтайгаа ирээд хүлээгээд сууж байсан. Тэр үед  Ариунаагийн байрны орцных нь гадна хаалган дээр нь Жавхлантөгс гэх залуу зогсож байсан ба утсаараа залгаж байсан. Тэгээд дөхөж очоод утсыг нь харсан чинь Ариунаагийн 80900000 дугаар руу залгаж байхыг харсан. Тэгээд би тэр залууд хандаж чи хэн бэ гэсэн чинь Жавхлантөгс нь аан чи “Гамин С” юу гэж ёжилж инээгээд байсан. Тэгээд би түүнд хандаж чи энд юу хийж яваа юм гэсэн чинь би Ариунаагийнд орох гэж байна гэсэн. Тэгэхээр нь миний уур хөдлөөд түүний нүүр рүү гараараа 2 цохиод түлхсэн чинь хойшоо саваад уначихсан. Тэгээд уначихаар нь би татаж босгох гэж байгаад түүний куртикний сугыг нь урчих шиг болсон. Жавхлантөгс нь тэгээд яваад өгсөн. Ариунаа ч гэрээсээ гарч ирээд бид хоёр нисэх рүү явсан. Явах замд Жавхлантөгс ганцаараа алхаад явж байхаар нь би машины цонхоо онгойлгоод энэ нөгөө Төк чинь мөн үү гэсэн чинь Ариунаа мөн гэсэн. Тэгээд яарч байсан болохоор шууд яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх 37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6296 тоот дүгнэлтэд: 

  1. С.Жавхлантөгсийн биед тархи доргилт, баруун чамархайн дээд, зулайн гадна хэсэгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун нүдний гадна хэсэг шанаа, хацрын дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун  хөмсөг, бүсэлхий, ууц, баруун өгзөгт зулгаралт, баруун, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт. /хх-15/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны гадна хардалтын улмаас иргэн С.Жавхлантөгсийг нүүрэнд цохин унагаж, унасан хойно нь өшиглөх зэргээр зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

Хохирогч С.Жавхлантөгсийн: "... Тоёота Алпард маркийн машинаас өмнө нэг удаа зүс харж байсан С гэх залуу ганцаараа бууж ирээд Ариунааг гэр рүүгээ орсон хойно надаас миний нэрийг асуугаад Төгсөө гэж хэлэхэд намайг цохиж унагааж өшиглөхөд нь би боржур мөргөөд унасан. Тэгээд ахиад босч ирэхэд дахиж гараараа цохиод намайг газар унагааж миний өмсөж явсан богино хар өнгийн куртикнаас чирээд куртик урсан, мөн хөлөн дээр дэвсээд зодсон юм" гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Ариунаагийн: “...С-тэй хамт нисэх рүү явах замд Сүхээ хэлэхдээ намайг гэртээ орсон хойгуур манай байрны орцны үүдэнд Жавхлантөгсийг орцны хаалганы код оролдоод байсан ба утсаараа нэг хүн рүү залгаад байсан. Тэгээд С-г очоод утсыг нь хартал миний дугаар руу залгаж байсан. Тэгээд надтай хардаад Жавхлантөгсийг зодсон гэж С надад хэлсэн...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Жавхлантөгс нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Н.С-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.С-Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.С-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР