Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02041

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний 101/ШШ2024/04483 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 695,528,949 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Банкны төлбөр барагдуулах газар явуулж байна.

1.2. ******* ХХК-ийн хувьд дээрх ажиллагаанд компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Уянгыг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр томилж, 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Гэтэл хариуцагч нь ******* ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон барьцааны бус хөрөнгө болох Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах 5,995 м.кв талбай бүхий газрыг тус тус битүүмжлэн, хурааж, улмаар ******* ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнийн санал авалгүйгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Буфа үнэлгээ ХХК-аар үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

1.3. Түүнчлэн, Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/84 дугаартай мэдэгдлийн хавсралтаар ирүүлсэн үнэлгээний тайлан нь бүрэн бус байсан. Тус тайлан нь 11 хуудас, хавсралт 9 хуудас, нийт 20 хуудаснаас бүрдсэн гэх боловч төлбөр төлөгч талд 11 хуудас тайлан ирсэн. Иймд төлбөр төлөгчид тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг бүрэн танилцуулаагүй, нөгөө талаас хэрэв тус тайлан 11 хуудаснаас бүрдэж байгаа бол ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ямар эд хөрөнгүүдтэй хэрхэн яаж жишиж, уг үнэлгээний тайланг гаргасан нь тодорхойгүй гэж үзэхээр байна.

1.4. Хүргүүлсэн 11 хуудас бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, мөн зүйлийн 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл; 8.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал, мөн зүйлийн 8.3.11-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ гэсэн шаардлагад нийцээгүй, ямар нэгэн судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байх тул үндэслэлгүй байхаас гадна ******* ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.5. Дээрх үндэслэл болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаар шийдвэрт болон гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд ажиллагаа хийж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасантай нийцээгүй талаарх гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан.

1.6. Мөн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх хуудас материалтай танилцахад битүүмжлэх тогтоолгүй атлаа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16241405 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор компанийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг хураасан.

1.7. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3/550 дугаартай үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ******* ХХК-ийн захирал М.Насанбатад мэдэгдсэн гэх нүүр хуудас дахь тэмдэглэгээ хэсэгт гарын үсэг зурахаас татгалзсан гэжээ. Харин компанийн гүйцэтгэх захирал үнийн санал авах тухай мэдэгдэл аваагүй, гарын үсэг зурахаас татгалзаагүй гэдэг. Түүнчлэн мөн өдрийн 3/549 дугаартай үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ******* ХХК-д хаяглаж, шуудангийн тэмдэг дарсан байх боловч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг сахиул н. гэх хүнд өгсөн гэж тэмдэглэсэн байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл үнийн санал авах ажиллагаанд ******* ХХК-ийг оролцуулсангүй.

1.8. Дээрхээс гадна, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолоор шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт тусгагдаагүй /газрын хувьд барьцаа хөрөнгө биш/ үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлүүдээр гомдол гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан дээрх гомдолд Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3/2544 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн ба тус хариуг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хариу өгч, гардуулсан ба /2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 9-1/1930 гэж дугаарласан/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлгүй хариу өгчээ.

Учир нь ******* ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай ямар нэг нэхэмжлэл шүүхэд гаргаагүй атал тус газраас уг үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дүгээр захирамжаар ******* ХХК-иас 695,528,949 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоот, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж ******* тоот, мөн хаягт байрлах ******* ХХК-ийн эзэмшлийн Э-******* дугаартай, аж ахуйн зориулалттай 5,995 м.кв талбайтай газрыг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16261405/7 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16241405 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болон ******* ХХК-ийн эзэмшлийн газарт үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг талуудад баталгаат шуудангаар болон үл хөдлөх эд хөрөнгийн сахиулд биечлэн хүлээлгэн өгөхөд үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Буфа үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар Буфа үнэлгээ ХХК-ийн шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 4,146,348,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээчийн үнэлгээг талуудад 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/807, 3/808, 3/809, 3/810 дугаар албан бичгээр тус тус биечлэн болон баталгаат шуудангаар мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулжээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитой илэрхийлэх зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна, тохижилт, байршилтай ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Гомдолд дурдсан газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрх ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Уг бүртгэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан байх тул ******* ХХК-ийн барьцаа юм. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэсэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дүгээр захирамжаар ******* ХХК-аас 695,528,949 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1930 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00548 дугаар тогтоолоор нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь "*******" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Уг бүртгэлийг үндэслэн ******* ХХК барьцааны гэрээ байгуулсан байх тул шударга барьцаалагч гэж үзнэ. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

Иймд Банкны төлбөр барагдуулах газраас тус хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Буфа үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

5.1. Шүүх ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо: Тээвэрчдийн гудамж ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах 5,995 м.кв талбай бүхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16261405/7 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дугээр сарын 18-ны өдрийн 16261405/8 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зуйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн зохицуулалт нь барьцааны зүйлийг албадан худалдах ажиллагаа бөгөөд эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаанд хамаарахгүй гэж үзэж байна. Маргаан бүхий хөрөнгүүдийг хураасан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16261405/8 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол нь хүчингүй болсон бөгөөд хожим Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16241405 дугаартай тогтоолоор хураасан байдаг.

5.2. Мөн анхан шатны шүүх ******* ХХК нь оршин байгаа хаягаа мэдэгдээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийг бүртгэлтэй хаягаар мэдэгдэл хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалт нь төлбөр төлөгчийн үүрэг бөгөөд гуравдагч этгээд ******* ХХК-ийг уг үүргийг хүлээнэ гэж дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон ба уг төлөөлөгчөөс татгалзаагүй, итгэмжлэлийн хугацаа хүчин төгөлдөр байгаа, энэхүү үйл баримтад хариуцагч харин итгэмжлэгдсэн төлөөлөгчид үнийн санал авах мэдэгдлийг мэдэгдээгүй үндэслэлээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь шийдвэр гүйцэтгэх материалд байгаагүй, хожим байсныг нь мэдсэн гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан өөрийн хийж гүйцэтгэж буй ажиллагааны гүйцэтгэх баримт бичгээ огт мэдэхгүй байсан нь шүүх хуралдааны явцад илт байсан. Компанийн хаягт илгээсэн шуудангийн мэдэгдлүүд нь буцаагдсан болохыг Монгол шуудангаас 2024 оны 09 дүгээр сард авсан лавлагаа нотолсоор байхад ийнхүү мэдэгдлийг хүргүүлсэн гэж дүгнэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.3. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчийг боломжит бүх байдлаар үнийн санал авах ажиллагааг явуулсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна", мөн зүйлийн 14.5-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж. гардуулсан он, cap, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхул түүнийг төлөөлөх эрх бухий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, cap, өдөр, цагийг тэмдэглэнэ гэж заасныг зөрчсөн.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт компанийг төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, еренхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсэн байх бөгөөд сахиул н.т гардуулсан нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна. Харин ******* ХХК нь гуравдагч этгээдийн эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр иргэн Э.Уянгыг томилсон, хариуцагч талын төлөөлөгч тухайн итгэмжлэлээ олоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад бүхий л байдлаар үнийн санал авах ажиллагааг явуулсан гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна.

5.4. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал ирүүлээгүй тул ******* үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилжээ гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

5.5. Анхан шатны шүүх ******* ХХК-ийг үнийн санал аваагүй гэж тайлбарлаж байгаа нь зөрүүтэй, учир дутагдалтай байна гэж дүгнэсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 8908-6202 дугаартай утаснаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгатай холбогдож, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан талаар мэдэгдэж, хүлээн авах хаягийг авснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид шуудангаар хүргүүлсэн байдаг бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогддог. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шуудангаар хүлээн авсан болон шийдвэр гүйцэтгэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдэж шуудангаар хүргүүлсэн талаар маргадаггүй. Ингээд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталгаат шууданг хүлээн авснаар компанийн удирдлагуудад танилцуулсан ба ******* ХХК-ийн захирал М.Насанбат нь шүүхэд 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл анхан шатны шүүх харуул н.т гардуулснаар мэдсэн, улмаар нэхэмжлэл гаргасан гэж хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

5.6. Дээрхийг дүгнэхэд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20.1-д Гүйцэтгэх баримт бичиг дараахь шаардлагыг хангасан байна, 20.1.6-д "Төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага: албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам гэж заасан байхад гүйцэтгэх хуудсанд заагдаагүй ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн талаар нэхэмжлэлд дурдсаар атал дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1. Битүүмжлэх ажиллагаа явагдаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэгч тал маргадаг. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан бөгөөд энэхүү арга хэмжээ буюу битүүмжлэх тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК нь хуучин шинжээчийн үнэлсэн үнэлгээнд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх гомдол гаргасны дагуу шүүхийн шийдвэр зөвхөн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгосон бөгөөд баталгаажуулах арга хэмжээ авагдсан битүүмжлэх арга хэмжээг хүчингүй болгоогүй буюу баталгаажуулах арга хэмжээ авсан битүүмжлэх тогтоол хүчин төгөлдөр байсан учир шийдвэр гүйцэтгэгч миний бие хураах тогтоолыг шууд үйлдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хаягаар мэдэгдээгүй гэх тухайд ******* ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягтаа болон шүүхэд мэдүүлж буй хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, тодорхой оффис байхгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдон гарч буй эрх зүйн актыг мэдэгдэх ямар ч боломжгүй байсан. Өмнөх маргаануудад хүртэл нэхэмжлэгч тал нь өөрсдөө ирдэггүй, хаяг нь тодорхойгүй, баталтгаат шууданг хүлээж авдаггүй атлаа энэ асуудалд байнга маргаан үүсгэдэг учир шийдвэр гүйцэтгэгч миний бие биечлэн очиж болох бүх газарт очсон бөгөөд шуудан явуулах боломжтой бүх хаяг руу баталгаат шуудан явуулж байсан. ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч н. нь барьцаа хөрөнгөд дурдагдаж буй Баянгол дүүргийн 4-р хороонд байрлалтай агуулахын зориулалттай үл хөдлөх болон хашаагаа эргэж тойрч, сахиул ажилчдаа цалинжуулж, тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг ба тухайн газар ажилладаг сахиул ажилчид нь болж буй үйл явдал, асуудлуудыг тухай бүрт нь гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнууддаа танилцуулж, шийдвэр гүйцэтгэлээс үлдээж байгаа бичиг баримтуудыг дээд албан тушаалтнууддаа өгсөн байдаг. Түүнчлэн сүүлд очиход тухайн газрыг харж буй сахиул ажилчид нь бид нарыг шүүх болон цагдаагийн байгууллагаас ирсэн ямар ч баримт бичгийг битгий ав гэж байхад яагаад хүлээж аваад байгаа юм гэж загнаад байна, би албан бичиг болон тэмдэглэл дээр чинь гарын үсэг зурахгүйгээр аваад дээшээ өгье, гэхдээ намайг ингэж хэлсэн гэж битгий хэлээрэй гэж хэлдэг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани нь ажилчдаа энэ байдлаар айлган сүрдүүлдэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулах зорилгоор дээрх үйлдлүүдийг санаатайгаар удаа дараа гаргаж байсан. Гэвч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар асуудал үүссэн, нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч н. төлбөрийг 100 хувь төлөх нь тодорхой гэдгийг мэдэж байгаа бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрч эрх хүлээн авагч дээр очиж төлбөрийг хэсэгчилж төлөх эсвэл эд хөрөнгөөр төлөх эсэх санал хүсэлтээ бичгээр гаргасан байдаг. Тэгэхээр үүнийг төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй гэх үндэслэлгүй.

6.3. ******* ХХК-ийн хувьд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь 78 настай хөгшин байдаг бөгөөд энэ хөгшин нь төлбөр даах чадваргүй тул бидний зүгээс барьцаа хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангуулж, төлбөрийг барагдуулах хүсэлттэй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.1. Учир нь нэхэмжлэгч тал нь манайх төлбөр төлөгч биш гэж маргадаг атлаа 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 142,260,750 төгрөгийг банкны эрх хүлээн авагчид өөрсдийн хүсэлтээр төлсөн баримт нь хэрэгт авагдсан байдаг.

7.2. Түүнчлэн ******* ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан ба гэрчилгээ авахаас өмнө болон авсны дараа төлбөрийг төлж байсан үйл баримт байдаг. Анхан шатны шүүх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа нь шударга барьцаалагчийн эрх ашигт нөлөөлөхгүй гэж үндэслэлтэй дүгнэсэн.

7.3. Энэ хэргээс өмнөх өөр нэг үнэлгээний хэрэг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хүчингүй болсон баримт хэрэгт байх бөгөөд энэ хэрэгт тухайн үеийн н. гэх сахиулд мэдэгдэл өгч ажиллагаа хийсэн нь хүчин төгөлдөр байна гэж шүүх дүгнэсэн ба дээрх үнэлгээний үед н. нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Тэгэхээр энэ нь өмнөх ажиллагаанаас үнийн санал ирүүлэх мэдэгдлийг сахиул н.т гардуулснаар ялгаатай юм.

7.4. Мөн үнэлгээчин нь тухайн хөрөнгөд үнэлгээ хийхийн тулд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр очиж нөхцөл байдлыг нь үзэхэд нэхэмжлэгч компанийн сахиул тухайн газарт байсан. Гүйцэтгэх хуудсанд заагаагүй хөрөнгөд ажиллагаа явуулсанд шүүх дүгнэлт өгөөгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар мөн үндэслэлгүй бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт хариуцагчийн үйл ажиллагаа зөв байна гэж дүгнэсэн.

7.5. Түүнчлэн өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрт заагдсан өр төлбөр бүрэн төлөгдөөгүй буюу 462,485,984 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон барьцааны бус хөрөнгө болох Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах 5,995 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнэ цэнийг нийт 4,146,348,000 төгрөг гэж тогтоосон Буфа үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 008 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05061 дугаар захирамжаар ******* ХХК-аас 695,523,949 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгох талаар талууд харилцан тохиролцсоныг баталгаажуулсан байх бөгөөд уг захирамжид заасан барьцаа хөрөнгөд ******* ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1 тоотод оршин байх, 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны ******* тоотод оршин байх 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд оршин байх, 6,000 м.кв талбай бүхий эзэмших эрхээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсан байна.

4. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг хариуцагч хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16261405 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1930 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00548 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1 тоотод байрлах, 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны ******* тоотод байрлах 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн өмчлөлөөс гаргуулж ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах, 6,000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна. /1хх 231-246/

4.2. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 85/1 тоотод оршин байх, Ү-******* дугаарт бүртгэлтэй 473 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гудамжны ******* тоотод оршин байх, Ү-******* дугаарт бүртгэлтэй, 432 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн өмчлөлд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус тус бүртгэж гэрчилгээ олгожээ.

4.3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байх тул ******* ХХК-ийн өмчлөлд байсан барьцааны зүйлийн өмчлөгч ******* ХХК болсон нь барьцаалуулагчийн барьцааны эрхэд нөлөөлөхгүй болно.

4.4. Дээр дурдсан ******* ХХК-ийн өмчлөлийн 473 м.кв болон 432 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******* ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд байрлах, 6,000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16261405/7 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус тус битүүмжилсэн, уг ажиллагааг явуулахад ******* ХХК-ийн манаач С. байлцсан талаар тогтоолд гарын үсэг зуржээ.

4.5. Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/538 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжинд оршшин байх 5,995 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг ******* ХХК-д олгосон байх бөгөөд уг газар эзэмших эрхийг ******* ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл байсан бөгөөд ******* ХХК-ийн эзэмшилд байхдаа 6,000 м.кв тайлбайгаар хэмжигдэж байсныг ******* ХХК-д олгохдоо 5,995 м.кв талбай гэж тодорхойлсон нь дээр дурдсан шүүхийн шийдвэрт заасан барьцааны зүйл биш гэж дүгнэх үндэслэлгүй болно.

4.6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03412 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01769 дүгээр магадлалаар хариуцагч байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16261405/7 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16261405/8 тоот тогтоолоор дээр дурдсан 3 эд хөрөнгөд явуулсан ажиллагааны талаар нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн байна.

4.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж тогтоосон хугацаанд нэхэмжлэгч тал эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагаанд гомдол гаргаагүйгээс гадна тухайн үед шийдвэр гүйцэтгэх байгууллагад харилцах хаягийн өөрчлөлтийг өгөх үүрэгтэй байжээ.

4.8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03412 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01769 дүгээр магадлалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйлийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгнэлтээр тогтоосон 1,718,360,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгожээ.

4.9. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16241465 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээр дурдсан 3 эд хөрөнгийг дахин хураан авах ажиллагаа явуулж, тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн мэдүүлсэн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 21 тоот хаягаар баталгаат шуудангаар илгээсэн.

4.10. Хариуцагч байгууллага нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлбөр авагч ******* ХХК, төлбөр төлөгч ******* ХХК болон гуравдагч этгээд, барьцааны эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч ******* ХХК болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Насанбатад тус тус баталгаат шуудангаар албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч ******* ХХК-аас үнийн санал ирүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.11. Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал ирүүлээгүй гэх үндэслэлээр Буфа үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.12. Шинжээч Буфа үнэлгээ ХХК-иас барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд болон эрхийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 4,146,348,000 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээ болон тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар дамжуулан ******* ХХК-д мэдэгдсэн байна. /1хх 178-198, 199, 202-203, 204/ /

4.13. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, барилгын зах зээлийн жишиг үнийн, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан, Үнэлгээний олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд орон сууцны зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч ******* ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн хаягаар дээр дурдсан ажиллагааг явуулахаар биечлэн очиход тухайн хаягт уг компани үйл ажиллагаа явуулдаггүй, компанийн эд хөрөнгийг харгалзаж буй манаач гэж тодорхойлсон иргэн н.т тухай бүрт мэдэгдэх хуудас өгөх, амаар мэдэгдэх зэргээр ажиллагаа явуулсныг буруутгахгүй.

******* ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э.Уянгад олгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаяг тодорхойлоогүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан ажиллагаа явуулж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй гэж дүгнэхгүйгээс гадна хаягийг тодруулж өгөлгүй саад болж болдог талаарх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тайлбар үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний 101/ШШ2024/04483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА