| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00384/И |
| Дугаар | 130/ШШ2016/00431 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00431
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, И овогт Жын Бгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, гэрч Х.Ж, М.Н, К.Р, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн 9-р цэцэрлэгт 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хир угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Миний бие Өлгий хотын 9-р цэцэрлэгт хир угаагчаар 1980 оны 9-р сарын 10-наас 1992 оны 6-р сарын 20-н хүртэл ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал олдоогүй байна. Иймд нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 9-р цэцэрлэгт 1980 оны 9-р сарын 10-наас 1992 оны 6-р сарын 20-н хүртэл нийт 12 жил 9-р цэцэрлэгт хир угаагчаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хүсэлт гаргагчийн Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт 1980 оны 09 дүгээр сарын 10-наас 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 жил ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Аймгийн архивын газраас лавлагаа авах гэхэд лавлагаа гараагүй. Учир нь 9 дүгээр цэцэрлэг тухайн үед Барилга Триестийн дотор байрладаг байсан. 1990 онд зах зээлийн шуурганд барилга Триест татан буугдахад цэцэрлэг мөн адил татан буугдсан байдаг. 9 дүгээр цэцэрлэгийн баримтуудыг архивын газар шилжүүлээгүй учир хүсэлт гаргагчийн баримт архиваас гараагүй. Хүсэлт гаргагч нь улсад ажилласан нь дараах байдлаар батлагдана. 1980 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт 9 дүгээр цэцэрлэгийн тухайн үеийн эрхлэгч гарын үсэг зурж тамга дарсан. Хүсэлт гаргагчийг 1980 оны 09 дүгээр сарны 10-наас Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт цагаан хэрэглэл хир угаагчаар авч ажиллуулав гэсэн Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1980 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 35 тоот тушаал байгаа. Ж.Б нь 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 14 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, номын санд сахиулаар томилогдон ажиллах болсон. Ж.Б нь цэцэрлэгт ажиллаж байхдаа 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баярын бичгээр, 1980 оны 06 дугаар сард сайшаалын үнэмлэх зэргээр шагнагдаж байсан. Ж.Бтай хамт ажиллаж байсан 3 иргэнийг гэрчээр асуулгах хүсэлттэй байна. Хүсэлт гаргагчийн Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэгт 1980 оны 09 дүгээр сарын 10-наас 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн 9-р цэцэрлэгт 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хир угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 347 дугаартай аймгийн Архивын лавлагаанд: Өлгий сумын 9 дүгээр цэцэрлэг архивын баримтыг шилжүүлээгүй тул 1980-1992 оны хооронд ажилласан Ж.Бд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэх боловч Ж.Б нь 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн 9 дүгээр цэцэрлэгт хир угаагчаар ажилласан болох нь доорхи нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Ж.Бгийн 1980 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 4-5 хуудсанд: 01.1980.09.10. Баян-Өлгий аймгийн 9-р цэцэрлэгт хир угаагчаар авч ажиллуулав. Баян-Өлгий аймгийн 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1980 оны 09-р сарын 10-ны өдрийн №35-р тушаал, 02.1992.06.20. Өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв. Баян-Өлгий аймгийн 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 06-р сарын 20-ны өдрийн №14р тоот тушаал гэж бичилт хийж, тамга дарж баталгаажуулсан бичилтээр болон Ж.Б нь 9-р цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа 1990 оны 06 сарын 01-ний өдрийн сайшаалын үнэмлэхээр, 1986 оны 03 сарын 07-ний өдрийн Баярын бичгээр тус тус шагнуулж байсан нь тус тус нотлогдож байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан иргэн Х.Жын нотариатаар баталгаажуулсан ... 1980 оноос эхлэн Ж овогтой Бгийн хамт 9-р цэцэрлэгт ажиллаж байсан юм. Би тэр үед туслах багшаар, Ж.Б хир угаагч хийж байсан гэх тодорхойлсон тодорхойлолт,
Иргэн М.Нийн нотариатаар баталгаажуулсан ... би 9-р цэцэрлэгт тогоочоор ажиллаж байхад Ж овогтой Б тус цэцэрлэгт хир угаагчаар ажиллаж байсан гэх тодорхойлолт,
Иргэн К.Ры нотариатаар баталгаажуулсан ... 1980 оноос эхлэн Ж овогтой Бтай хамт 9-р цэцэрлэгт хамт ажиллаж байсан билээ. Би туслах багш Б цагаан хэрэглэл угаагч ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна гэх тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Х.Ж, М.Н, К.Р нарын мэдүүлгээр мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ж.Бгийн Баян-Өлгий аймгийн 9-р цэцэрлэгт 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ний өдөр хүртэл хир угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Ж.Бгийн Баян-Өлгий аймгийн 9-р цэцэрлэгт 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 20-ний өдөр хүртэл хир угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН