Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2017/ДШМ/005

 

Е.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

 

хяналтын прокурор Б.Ботакөз,

шүүгдэгч Е.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

орчуулагч А.Е, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой, Е.Хд холбогдох эрүүгийн 201604000251 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Еы Х, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 1995 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, ажилгүй, тусгай дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-5, ээж, дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай ******. 

Шүүгдэгч Е.Х нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мустанг-5”  маркийн ******* дугаартай мотоцикл жолоодож явж байгаад Улаанхус сумын төв, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Нурберген” нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд шороон зам дээр мотоциклтойгоо унаж, авто осол гаргасны улмаас сундалж явсан зорчигч Х.Дийн биед хүндэвтэр гэмтэл учирсан  гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Т овогт Еы Хыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсний улмаас бусдын биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хд ногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Е.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Е.Х нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хы өмч 15000 төгрөгийн үнэтэй, “Нокиа-1661-2” маркийн хуучин гар утас 1 ширхэг, 90000 төгрөгийн үнэтэй, үстэй захтай, үстэй дотортой шинэвтэр савхин хүрэм 1 ширхгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Е.Хд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорьсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Е.Хы давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа Е.Х миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Х.Д нь бусдын мотоциклыг гуйж аваад унаж, Цэнгэл сум ороод буцахдаа “Би нимгэн хувцастай даараад байна, чи бариарай” гэж надад жолоогоо шилжүүлснээр би Улаанхус сумын төвд ирэхдээ шарваж унасны улмаас хойно сундалж явсан Х.Д бэртэж гэмтэл авч, би гэмт хэрэгтэн болсон. Намайг гэмт хэрэгтэн болоход хохирогчийн надад жолоогоо шилжүүлсэн явдал шууд нөлөөлсөн гэж үзэж харамсаж байна.

Хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж гэдийлгүй, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулж, хохирогч  ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгсөн.

Бид Цэнгэл сумаас гарахад хохирогч Х.Д 1 шил архи авсан бөгөөд түүнийг бид хувааж уусан боловч би согтуу байгаагүй. Миний бие энэ бүхнийг дурдаж, өөрөөсөө бүх зүйлийг холдуулах гэсэн санаа огт агуулаагүй бөгөөд хуулийн дагуу хөнгөлөлт хүсэж байна.

Миний бие айлын хамгийн том хүүхэд бөгөөд 3 дүүтэй, миний ээж өрх толгойлсон  эмэгтэй. Би л хар бор ажил хийж, ар гэрээ тэжээдэг. Манай ар гэрийн байдал туйлын хүнд байгаа тул шүүхээс энэ байдлыг харгалзан үзнэ гэдэгт итгэж байна.

Миний анхаарал болгоомжгүй байдлаас болж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, мөн хохирогчийн хэт хайхрамжгүй эс үйлдэхүй нөлөөлсөн болохыг анхан шатны шүүхээс харгалзан үзээгүй байдалд гомдолтой байна.

Иймд миний дээрх байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс ногдуулсан 3 сар, 1 хоногийн баривчлах ялыг хуулийн дагуу хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Ялтан Е.Х нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд Мустанг-150 маркийн улаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг /мотоцикл/ жолоодож, Цэнгэл сумаас Баян-Өлгий аймгийн төв рүү явах замдаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу үйлчилгээ явуулдаг дэлгүүрүүдийн хажууд сум доторх гол замаас 2 метр зайд “Нурберген” дэлгүүрийн урд талд замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал болон хөдөлгөөний эрчим, үзэгдэлтийг харгалзан хурдыг тохируулан сонгож явж чадаагүйн улмаас мотоциклтойгоо зүүн тал руугаа хажуулдан унаж араараа сундалж /тээвэрлэж/ явсан зорчигч Х.Дийн биед зүүн дунд чөмөгний хугаралттай хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Е.Х нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.7.а-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүхээс дараах нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн 4 үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн акт /хх-ийн 3-11-р хуудас/  

- Хохирогч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувцас нимгэн учраас даарсан тул Цэнгэлээс гарахдаа мотоциклыг Е.Х жолоодож гарсан. ... Тэгээд явж байгаад “Үш хара” гэх хөтөл дээр ирэхэд даараад жаахан халууцахаар болж тэнд зогсож, нөгөө авч гарсан архийг задалж бид хоёр хувааж ууж авсан. Гэхдээ бид хоёр ямар ч согтоогүй юм. Тэгээд яваад Улаанхус суманд 16 цаг 30 минутын үед орж ирсэн ба хоол олж идэхээр болж сумын төвийн дэлгүүрүүдийн хажууд очиж зогссон ба тэнд явж байсан нэг танихгүй хүнээс гуанз асуугаад заалгаж авсан. Тэгээд тэр газраас дөнгөж хөдлөх үед Е.Х жаахан хүчтэй хааз өгч хөдөлсөн үү мотоцикл шарваж зүүн тал руугаа хажуулдаж унасан. Тийм хурд ч аваагүй 1-р араагаар дөнгөж хөдлөөд тэгээд шарваад унасан. Энэ үед мотоцикл миний зүүн хөлийг дарж унасан. Тэгээд би босох гэхэд хөл маань эргэчихсэн босож болохгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл огт байхгүй. Е.Х миний сайн найз болдог тул надад ямар ч гомдол байхгүй. Нэг ч төгрөг би түүнээс нэхэмжлэхгүй. ... Е.Хд гомдол байхгүй тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч К.Хын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 503 дугаартай дүгнэлт:

“... Иргэн Дийн биед зүүн дунд чөмөгний хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг хор уршиг үлдэц зэргээс шалтгаалж тогтоох болно” /хх-ийн 38 дугаар хуудас/,

- “Мета” маркийн багажаар Е.Хы архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 35 минутад шалгасан тухай тэмдэглэл “Е овогтой Хаар “Мета” маркийн багаж үлээлгэн согтуурлын хэмжээг шалгахад аппаратын тоо 1,45 промилль зааж согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогджээ” /хх-ийн 7 дугаар хуудас/,  

- Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би сумын төвд Мешитийн хажууд явж байхад Х банкны урд талд машин замын хажууд байдаг дэлгүүрүүдийн хажууд нэг мотоцикл хажуулдаж унасан байхыг хараад ойртож очсон. Тэгэхэд танихгүй залуус байсан, аймгийн төвөөс ирсэн залуус гэсэн. Нэг залуугийн зүүн хөл нь байсан байх өвдөж байна гэж босож чадахгүй хэвтэж байсан. ... Тэгээд эмч нар нөгөө хөл нь өвдөөд босож чадахгүй байсан залууг үзээд машиндаа суулгаж авч явахаар болсон ба би тэгэхэд өргөлцөж тусалж машинд нь оруулсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

            - Гэрч У.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би дэлгүүрийн гадаа зогсож байхад нэг мотоцикл замын гадна талаас хөдөлж хашлагатай зам руу орох гээд явж байгаад гэнэт шарваж зүүн тал руу унасан юм. Тийм хурд аваагүй байсан, мотоцикл нь жаахан хүчтэй хаазлагдаад шарваж унасан юм. Тэгээд би юу болсныг мэдэх гээд хажууд нь ойртох үед жолоодож явсан залуу өөрөө зүв зүгээр байсан ба мотоциклыг босгож тавьсан. Сундалдаж явсан залуу хөл нь өвдсөн байдалтай босож чадахгүй хэвтэж байсан... нөгөө гэмтсэн залуугийн хөлийг мотоцикл дарж унасан байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

            - Гэрч С.Тын /хэсгийн цагдаа/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...энэ зогсож байгаа залуу Е.Х гэдэг залуу болохыг сүүлд мэдсэн ба энэ залуу мотоцикл жолоодож явж байгаад унасан байсан юм. Хажууд нь нэг улаан өнгийн хятад мотоциклыг босгож домкратыг нь тулгаж тавьсан байсан. Юу болсон талаар асуухад энэ хоёр залуу Цэнгэл сумаас Өлгий рүү явж байгаад замдаа Улаанхус сумын төв орж ирээд явж байгаад мотоцикл нь шарваж зүүн тал руу унасан ба ард нь сундалдаж явж байсан залуугийн хөл нь хугарсан юм шиг байна гэсэн. Харин мотоциклыг жолоодож явсан Е.Х гэдэг залууг дагуулж кобонд ирж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад хэрэглэсэн болж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

            - Гэрч М.Уы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Мустанг-5 маркийн 2483 БӨЗ улсын дугаартай хятад мотоцикл миний өмч болдог юм. Уг мотоциклыг 2013 оны 7 дугаар сарын үед би цоо шинээр худалдаж авсан. 3 жил унаж хэрэглэж байгаа. Энэ мотоциклыг нэг нутгийн, мөн хөрш суудаг, сайн харилцаатай хүн болох Х.Д надаас гуйж аваад явсан. Х.Д Цэнгэл сум очиж ирэхээр болж 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр надаас асууж авсан. Би сайн дураар өгөөд явуулсан. Сайн таньдаг хүн болохоор өгөөд явуулсан юм. Тэгээд ийм асуудал болж миний мотоциклыг цагдаагийн газрын журмын хашаанд оруулсан гэсэн. Х.Дийн хөл нь хугарсан байна. Мотоциклоо үзлээ ямар нэгэн эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

            - Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээч А.Мийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт: “... Жолооч Е.Х нь “Мустанг-5” маркийн ****** улсын дугаартай мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд:

            - Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”.

            - Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/ хэсэгт заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”.

            - “Мустанг-5” маркийн ******* улсын дугаартай мотоцикл осолд орох үедээ ямар хэмжээний хурдтай явсныг тогтоох боломжгүй байна.

            - Зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс үүдэлтэй” /хх-ийн 42 дугаар хуудас/,

            - “Мустанг”-5 маркийн ******* улсын дугаартай мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, шүүгдэгч Е.Х шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 52, 54 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус бүрэн нотлогдож тогтоогджээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201604000251 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд хэргийг зөв зүйлчилсэн байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Е.Х нь гэмт хэрэг үйлдэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулахдаа Замын  хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.7.а  заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн, “ хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөлийг сонгож яваагүй, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй” байх гэсэн заалтыг зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгсэл /мотоцикл/ согтуугаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан бөгөөд анхан шатны шүүхээс Е.Хд оногдуулсан баривчлах ялын хэмжээ, нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Е.Хыг “Мета” маркийн багажаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 35 минутад шалгасан тухай тэмдэглэлээр “Е овогтой Хаар “Мета” маркийн багаж үлээлгэн согтуурлын хэмжээг шалгахад аппаратын тоо 1,45 промилль зааж согтууруулах ундаа хэрэглэсэн” үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн холбогдож буй зүйл ангийн хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарч байх тул шүүгдэгч Е.Хы “2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн надад оногдуулсан 3 сар 1 хоногийн баривчлах ялыг багасгаж өөрчилж, хуулийн дагуу хөнгөрүүлж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан баривчлах ялын хамгийн доод хэмжээг анхан шатны шүүхээс оногдуулсан байдал, шүүгдэгчийн ар гэр, хувийн байдлаас шалтгаалж уг зүйл ангийн торгох ялаар шийтгэх, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах буюу тэнсэн хянан харгалзах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон байх тул тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан “, 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар “энэ хэргийг согтуугаар үйлдсэн“ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг давхар агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дугаар зүйлээр зүйлчилсэн нь зөв байна.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг тус тус орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс алдааг засаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хуулийн зарим заалтыг хэрэглэхгүй орхигдуулжээ. Үүнд:

Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай “ гэснийг

“тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай“ гэх байжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт зааснаар “шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино“ гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хэрэглэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлд заасан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох  заалтыг хэрэглэх шаардлагатай байна.

 

Яллах дүгнэлтийн хавсралтад “яллагдагч Е.Хы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлэв, иргэний үнэмлэхний лавлагаа хавтаст хэргийн 58 хуудсанд авагдсан байгаа“ гэснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ энэхүү хэсгийг орхигдуулсан байх тул нэмж оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

 

1 дүгээр заалтын “согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай“ гэснийг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай“ гэж өөрчлөлт оруулж,

 

5 дугаар заалтад “болохыг дурдаж, ялтан Е.Хы цахим үнэмлэх, тээврийн хэрэгсэл жолоодох А ангилалын үнэмлэх хавтаст хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүйг, иргэний үнэмлэхийн лавлагаа хавтаст хэргийн 58 хуудсанд, жолоочийн лавлагаа хавтаст хэргийн 64 хуудсанд байгааг тус тус дурдаж, шүүгдэгч Е.Хы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.” гэж,

 

7 дугаар заалтад “цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Е.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай“ гэж тус тус нэмж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Е.Хы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

Д.МӨНХӨӨ