Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 112/2019/0026/З |
Дугаар | 221/МА2020/0035 |
Огноо | 2020-01-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2020/0035
Я.Э нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А гаргасан давж заалдах гомдлоор Я.Э нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Я.Э 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:
“Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолууд гарснаар Я.Э эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болох нь ямар хуультай зөрчилдсөн нь тодорхойгүй байгаа.
Тэрээр шүүх хуралдаанд “...миний эрх ашиг зөрчилдөөгүй, ард иргэдээ төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч уг тогтоолууд гарснаар иргэдийн ямар эрх, ашиг хэрхэн хөндөгдсөн талаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт байхгүй болно. Харин ч тухайн тогтоолууд батлагдан гарснаар Говь-Алтай аймгийн тулгамдсан асуудлууд цаг хугацаандаа шийдэгдээд тогтоолууд бүгд хэрэгжээд өнгөрсөн байгаа.
Я.Э төлөөлөгчийн тухайд уг хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан. Онлайнаар оролцох төлөөлөгч Ц.А утсаар “орж болохгүй талаар хэлсэн” гэж шүүх хуралдаанд ярьж байсан. Үүнээс харахад нэхэмжлэгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын Төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тус тус заасныг зөрчиж уг хуралдаанд зориудаар оролцоогүй.
Онлайнаар оролцсон төлөөлөгчийн тухайд өөрийн хүсэлтээр оролцсон байгаа. Үүнийг хуралд оролцсон төлөөлөгч нар зөвшөөрөөд хурал үргэлжилсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан байдаг.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, үлдэгдэл төсвийг захиран зарцуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг асуудлыг хэлэлцэх есдүгээр хуралдааныг 7 дугаар сарын 9-ны өдөр хийхээр товлож, улмаар Тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 46 дугаар тогтоолоор энэхүү товыг өөрчлөн 7 дугаар сарын 17-ны өдөр хийхээр тогтоосныг тус тус Тэргүүлэгчийн 100 хувийн саналаар баталсан байх бөгөөд Хурлын Тэргүүлэгчийн хувьд нэхэмжлэгч Я.Э эдгээр хуралд биечлэн оролцсоноос гадна 7 дугаар сарын 9-нд товлосон хурлыг наадмын дараа хийхээр хойшлуулах саналыг дэмжсэн болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Нэгэнт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын товыг Тэргүүлэгчийн хувьд тогтоосон, өөрөөр хэлбэл хуралдааны товыг мэдэж байсан /энэ талаар нэхэмжлэлдээ бичсэн/ атлаа “зориуд”-аар хуралдаанд оролцоогүй, иймд 17-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөвхөн ирц хүрээгүй гэсэн үндэслэлээр Хурлын тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориудаар товлосон хуралдаанд оролцоогүй нь ирц хүрээгүй бус харин ч хуульд заасанчлан 17-ны өдрийн хуралдаанд оролцож, эсрэг санал өгсөнд тооцогдоно.
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 40 төлөөлөгчтэй байгаагаас тухайн өдрийн хуралдаанд 20 төлөөлөгч оролцсон, талууд энэ талаар маргаагүй, харин Ц.А төлөөлөгчийг онлайнаар, таслах эрхгүйгээр оролцуулах байдлаар хуульд заасан олонхийн ирцийг бүрдүүлсэн гэж хариуцагчаас тайлбарладаг ч, шүүхийн зүгээс энэ тохиолдолд Ц.А хуралд оролцуулсан байдал нь хуульд нийцсэн эсэхээс илүүтэйгүүр нэхэмжлэгч Я.Э хуралд зориудаар оролцоогүй гэж үзэж, хурлын ирцийг хүчинтэйд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Зөвхөн өөрөө хуралд оролцохгүй байгаад зогсохгүй, “…онлайнаар оролцох гэж байгаа чинь хууль зөрчинө, Ц.А минь, түүхэндээ Говь-Алтай аймаг хууль зөрчсөн үйлдлийн гэрч нь чи болоод яах юм…” гэх байдлаар Ц.А Төлөөлөгч рүү биечлэн ярьсан нь Хурлын Төлөөлөгчийн хувьд “зориуд”-аар хуралдаанд оролцохгүй байхыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөнийг батлах хангалттай нотолгоо болно.
Хурлын зартай холбоотой мэдээллийг бүрэн мэдэж байгаа гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, мөн түүний тайлбарласанчилан хурлаар хэлэлцэх асуудлыг бүлгээр урьдчилан хэлэлцээд нэгдсэн ойлголттойгоор хуралдаанд оролцоод явдаг гэх тайлбарыг үгүйсгэхгүй ч, энэ нь хуулиар зохицуулагдсан харилцаа биш, түүнчлэн нэхэмжлэгч Я.Э нь аймгийн Хуралд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон, 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд биечлэн оролцсон 20 төлөөлөгчийн 16 нь энэ намых гэдэг нь хэргийн оролцогчдын тайлбараар батлагддаг, энэ тохиолдолд нэхэмжлэгч тэрхүү бүлгээр хэлэлцэх асуудал гэдгээ чухам аль бүлгийг тодорхойлж байгаа болох, өөрийнх нь намын Төлөөлөгчид дийлэнх олонхоороо оролцож байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чухам ямар шалтгаанаар оролцоогүй болох нь энэ нөхцөл байдлаас үзэхэд тодорхойгүй, хуралд оролцоогүй шалтгаан нь үндэслэлгүй байна.
Гэтэл МАН-ын 16-гаас гадна Ардчилсан намаас сонгогдсон 1, МАХН-аас сонгогдсон 2, бие даан сонгогдсон 1 төлөөлөгч нэхэмжлэгчийн товлосон есдүгээр хуралдаанд оролцсон байхад нэхэмжлэгч өөрөө оролцоогүй нь түүний хуралдаанд үг хэлэх, санал гаргах, шийдвэрлэх асуудалд таслах эрхтэй оролцох зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг ямарваа хэлбэрээр хязгаарлаагүй болно.
Тус өдрийн хуралдаанаар аймгийн 2018 оны орлогын болон зарлагын гүйцэтгэлийг батлах, 2019 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг холбогдох яаманд уламжлах, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох журмыг тус тус хэлэлцэн баталсан байх бөгөөд эдгээр тогтоолыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй 1 төлөөлөгчийн нэхэмжлэлээр хүчингүй болгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн зорилгод үл нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.8, 23.9 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Э Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН