Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/0072

 

“Х...”

ХХК-ийн гомдолтой,

Улаанбаатар хот дахь

 Гаалийн газрын гаалийн

 улсын байцаагч Ш.Б-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:              Ц.Цогт

            Шүүгчид:                                Г.Банзрагч

                                                               Д.Батбаатар

   М.Батсуурь                                                           

         Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:        У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2024/0103 дугаар шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0259 дүгээр магадлалтай

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2024/0209 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-ыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“....... дугаар зөрчлийн хэргийн дагуу авагдсан Гаалийн улсын байцаагч Ш.Б-ын ...... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1.”Х...” ХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндэслэл нь  “... Монгол Улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Япон улсын I K үйлдвэрлэгчийн нэр бүхий 29 бүтээгдэхүүнийг “баяжуулан хүнсний бүтээгдэхүүн” болохыг тодорхойлж, Хүнсний тухай хуулийн холбогдох заалт журмын дагуу хүнсний бүтээгдэхүүн ангиллаар импортлох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан.

2.2.Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн A/295 дугаартай тушаалаар батлагдсан Эм, эмнэлгийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журмын 1.16-д Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэлд үйлдвэрлэгч улсдаа хүнсний ангилалд орсон бүтээгдэхүүнд хамаарахгүй, мөн тус журмын 4.3.6-д Гарал үүслийн улсад биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилалд орсон эсэхийг тодорхойлох баримт бичиг (үйлдвэрлэгчийн баталгаажуулсан хуулбар) гэж тус тус заасан байдаг.

2.3.Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 10 дугаар тэмдэглэлээр манай компанийн импортоор оруулж ирэн борлуулдаг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарах тухай үндэслэлгүй дүгнэлт гаргаж манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эхэлсэн.

2.4.Уг дүгнэлтийг үндэслэн манай компанийг тусгай зөвшөөрөлгүйгээр биологийн идэвхт бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэх агуулгатай байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар:

3.1.Хариуцагч гаалийн улсын байцаагч Ш.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тус ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаа дэмжих цай гэх 42 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийж импортолсон бөгөөд уг бараанууд нь Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон бүтээгдэхүүнүүд байсан, тусгай зөвшөөрөл аваагүй атлаа биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил мөн, уг зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй” гэх агуулгатай тайлбар гаргав.

4.Хэргийн нөхцөл байдал:

4.1.Улаанбаатар хот дах Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ш.Б-ын маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсаар “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон” гэх зөрчилд холбогдуулан “Х...” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, 80 хайрцаг бүтээгдэхүүнийг хураан авахаар шийдвэрлэжээ.

4.2.”Х...” ХХК-ийн Япон Улсаас импортолж оруулж ирдэг тус улсын I K үйлдвэрлэгчийн нэр бүхий 29 бүтээгдэхүүн нь “биологийн идэвхт бүтээгдэхүүн” эсэх талаар 2017 онд шинжээчийн дүгнэлтээр “баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн” гэж, 2021 онд мөн шинжээчийн дүгнэлтээр “7 нэр төрлийн бүтээгдэхүүн нь биологийн идэвхт бүтээгдэхүүн мөн” гэх агуулгаар тус тус гарсан. Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас тус компанийн Япон улсаас импортоор оруулж ирдэг 7 нэрийн бүтээгдэхүүнийг “орц, найрлагыг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр” биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзсэн.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

5.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1, 2, 2.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан “Х...” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ш.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ...... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5.2. Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

5.2.1.“...Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” зэрэг зохицуулалтаас харахад, гомдол гаргагч хуулийн этгээдээс Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлд маргаан бүхий 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, улмаар импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрлийг хэзээ авах байсан, ийнхүү бүртгүүлж тусгай зөвшөөрөл авахгүйгээр хэзээ импортолсон байна вэ гэдгийг хариуцагч нь бодитой, бүрэн дүүрэн тогтоож чадаагүй,  ... энэ тохиолдолд маргаан бүхий асуудлаар удаа дараагийн гомдол, мэдээлэл ирсэн нь заавал шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй юм.

5.2.2. ... Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1. Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага гомдол гаргагчид үүсээгүй буюу эрх бүхий байгууллагаас бүртгээгүй /бүртгэхийн тулд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байсан/ байгааг анхаарч нотлоогүй байна.

5.2.3.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих/-ийн Тайлбарт: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс буцаана гэж зааснаар хэрэв гомдол гаргагч хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж ...биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлагыг хангаагүй гэвэл Гаалийн байгууллага Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс буцаах үүргээ хэрэгжүүлээгүй болж таарна.

5.2.4.Гэтэл зөрчлийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гаалийн улсын байцаагч М.Х-ийн мэдүүлэгт тодорхой туссан, гаалийн улсын байцаагч нарын ашиглаж буй бүртгэлийн LICEMED программд мэдээлэл нь байхгүй болох нь тогтоогдож, үүгээрээ маргаан бүхий бараа /бүтээгдэхүүн/-г улсын хилээр нэвтрүүлсэн нь хуулийн дагуу байна” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.9.3, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х...” ХХК-аас, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ш.Б холбогдуулан гаргасан “....... дугаартай зөрчлийн хэргийн дагуу авагдсан Гаалийн улсын байцаагчийн ...... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:

6.1.1.“... биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ба уг тусгай зөвшөөрлийн дагуу биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох бөгөөд харин тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.

6.1.2.Гэтэл нэхэмжлэгч нь нэр бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх эсэх асуудал шийдвэрлэгдээгүй буюу шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай шийдвэрийн дагуу шинжээчийн дүгнэлт гараагүй, дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд импортолсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

6.1.3.Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.1.“... Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

7.1.2. ... Гомдол гаргагчаас ...... тоот шийтгэлийн хуудаст тусгагдсан “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүн импортолсон” гэх үндэслэл нь Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон тул Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх ёстой гэж тайлбарласан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

7.1.3. ... биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортоор Монгол Улсад оруулж ирэхэд хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл авсан байх шаардлага нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дуусгавар болсон тул Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тус үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болохоор байна. Гаалийн Улсын байцаагч Ш.Б нь дээрх хуулийн зохицуулалтын өөрчлөлт орохоос 2 сар гаруй хугацааны өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...... тоот шийтгэлийн хуудсыг үйлдэж “Х...” ХХК-д шийтгэл оногдуулсан.

7.1.4.Шийтгэл оногдуулах үед биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага тавигдаж байсан тул тус шаардлагыг зөрчсөн байх нь Зөрчлийн тухай хуульд заасанд “зөрчил”-д тооцогдож байсан байна.

7.1.5.Гэсэн хэдий ч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тус зохицуулалт өөрчлөгдөж дээр дурдсанчлан тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон тул энэ төрлийн үйл ажиллагаа нь “зөрчил”-д тооцогдохоо больсон. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д заасан “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэх үндэслэлд хамаарч байна.

7.1.6.Мөн материаллаг хэм хэмжээ буюу Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх боломжтой нөхцөл үүссэн байхад шүүхээс хууль буцаан хэрэглэх тус зохицуулалтыг хэрэглээгүй нь Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан тайлбарыг хэрэглээгүй буюу өөрөөр хэрэглэсэн тохиолдолд хамаарч байна.

7.1.7.Иймд, “Х...” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон үйлдэл нь одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу “зөрчил”-д тооцогдохоо больсон ба Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй байсан байна. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй хэрнэ энэ талаар тайлбарласаар байхад ямар ч дүгнэлт хийгээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй нөхцөлд хүргэсэн байна. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр .... тоот магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2024/0209 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагч Ш.Б 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

11.Гомдол гаргагч “Х...” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Япон улсаас импортолсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаа дэмжих цай гэх 42 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр оруулж ирсэн, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ш.Б нь “тусгай зөвшөөрөлгүй этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлсэн” гэх зөрчилд холбогдуулан ....... дугаартай зөрчлийн хэрэг нээж шалган, “Х...” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсаар “1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, 80 хайрцаг бүтээгдэхүүнийг хураан авах” шийтгэл оногдуулсан байна.

12.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан, хариуцагч уг хуулийн заалтыг баримтлан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

13.Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.9-д “биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох .../үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх/”-ээр заасан, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.16-д “биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ... /үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх/”-ээр заасан байсныг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцжээ. Ингэснээр биологийн идэвхт бүтээгдэхүүнийг гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулж ирж худалдаалах үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон байна.  

14.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан, зөрчлийн эрх зүй дэх “зөрчилд холбогдогч этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэх” талаарх хуульд заасан нарийвчилсан зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй нь буруу байна.

15.Зөрчлийн тухай хуульд заасан “зөрчилд холбогдогч этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэх” дээрх зарчмууд нь:

15.1. -үйлдэгдэх үед “зөрчил”-д тооцож байсан бөгөөд тухайн үйлдэлд нь холбогдуулан  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед тухайн үйлдлийг хуулиар “зөрчилд тооцохгүй болсон” тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зогсоож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн бол хөнгөрүүлсэн хэм хэмжээг хэрэглэх замаар;

15.2. -үйлдэгдэх үед “зөрчил”-д тооцож байсан бөгөөд тухайн үйлдэлд нь холбогдуулан явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд тухайн этгээдэд шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн боловч тухайн шийтгэл, арга хэмжээ нь ямар нэг шалтгаанаар хэрэгжээгүй, шийтгэлийг гүйцэтгээгүй байх үед тухайн үйлдлийг хуулиар “зөрчилд тооцохгүй болсон” тохиолдолд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн бол шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хэм хэмжээнд нийцүүлэн авах замаар тус тус хэрэгжих юм.

15.3.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар тогтоолоор тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

16.Энэ тохиолдолд, шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д заасныг баримтлан “зөрчилд тооцохгүй болсон зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж”, “Х...” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжтой, энэ нь “... шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэх” хуулийн зохицуулалтад нийцэхээр байна.

17.Тодруулбал, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 7 нэр төрлийн “биологийн идэвхт бүтээгдэхүүн”-ийг Япон улсаас импортоор оруулж ирсэн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан байсан тул тусгай зөвшөөрөлгүй “Х...” ХХК нь “биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ...”д тавигдах шаардлагыг зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасан зөрчилд холбогдож, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгох болон бүтээгдэхүүнийг нь хураан авах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн хэдий ч “Х...” ХХК-аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хугацаанд “Х...” ХХК-ийн үйлдсэн гэх “биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүй этгээд импортлох” үйлдлийг зөрчилд тооцохгүй болсон бөгөөд уг зөрчилд шийтгэл оногдуулах шийдвэр гүйцэтгэгдээгүй байх тул зөрчилд тооцохгүй болсон зөрчлийг өмнө үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй.

18.Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ...биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортоор Монгол Улсад оруулж ирэхэд хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл авсан байх шаардлага нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дуусгавар болсон тул Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тус үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болохоор болсон байхад харгалзаж үзээгүй, ...Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн  “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” зохицуулалтыг хэрэглээгүй” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

19.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтуудыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан, хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6 дахь заалтуудыг баримтлаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар тогтов

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/.... дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2024/0103 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1, 2, 2.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “Х...” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                      Д.БАТБААТАР        

   М.БАТСУУРЬ