Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01205

 

Ө.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ө.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 220 000 төгрөг гаруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “З” ОНӨААТҮГ-т Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 11 дүгээр сарын 07-ны өдөр амралтын хугацаа дуусч ажилдаа орсон. Тухайн өдөр хүний нөөцийн даргатай уулзахад чамайг ажлаас чөлөөлнө, өргөдлөө өг гэсэн. Маргааш нь байгууллагын дарга дуудаад би өөрийн багаа бүрдүүлнэ, хэвлэлийн ажилтнаар өөрийн хүнийг томилох тул өргөдлөө өг гэсэн. Би өргөдөл өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 11 дүгээр сарын 11-ний өдөр тушаал гарсан, ажлаа хүлээлц гээд комисс орж ирэхээр нь тушаалтай танилцана гэсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 14-нд тушаалтай танилцахад намайг албан тушаал бууруулж, нэгдүгээр баазад шалгагчаар шилжүүлэн томилсон байсан.

Уг Б/1153 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, ажилтныг шилжүүлэх болсон шалтгаан үндэслэл нь тодорхойгүй, зөвхөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1-д заасныг баримталсан байна. Хэрэгт авагдсан тус байгууллагын дотоод журмаас үзвэл бүтэц орон тооны өөрчлөлтөөр, ажлын нөхцөл байдлын шаардлагаар ажилтныг өөр ажилд шилжүүлж болохоор заасан ч нэхэмжлэгч Ө.Э-ыг шилжүүлсэн дээрх тохиолдолд аль нь ч нийцэхгүй байна. Тус байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт хийгдээгүй, ажлын зайлшгүй шаардлага гарсан болохоо хариуцагч баримтаар нотлоогүй. Мөн ажилтныг шилжүүлэн ажиллуулах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй байхад үндэслэлгүйгээр шилжүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т заасан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон заалтыг байгууллага зөрчсөн.

Иймд тус байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү. Дээрх тушаал гарснаас хойш цалин хөлс олгоогүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан 92 хоног, нэг өдрийн цалинг 35 000 төгрөгөөр тооцож нийт 3 220 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Ө.Э- нь манай байгууллагад 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А/291 дүгээр тушаалаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон. Нэхэмжлэгч улс төрч мэргэжилтэй бөгөөд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байсан.

Мөн тус байгууллага ажилтныг захиргааны санаачилгаар өөр ажилд шилжүүлэх эрх Хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1-д заасан бөгөөд ажлын зайлшгүй шаардлага байсан тул түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаалаар өөр ажилд шилжүүлсэн. Ингэснээр түүнийг ажлын байраар хангасан хэвээр байгаа.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ө.Э-ыг “З” ОНӨААТҮГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, “З” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 835 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг хариуцагч “З” ОНӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 60 310 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 310 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шйидвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.

Тодруулбал “З” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний Б/1153 дугаар тушаалын 1 дэх заалтаар Ө.Э-ыг Олон нийттэй харилцах ажилтаны албан тушаалаас чөлөөлж мөн өдрөөс шалгагчийн албан тушаалд томилсон. 2 дахь заалтаар Элбэгжаргалын сарын цалинг 437 500 төгрөгөөр тогтоосон.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дээрх Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Элбэгжаргалыг шалгагчаар ажиллуулах тухай тушаалын заалт болон сарын цалингийн хэмжээг тогтоосон заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шалгагчийн ажлын байрыг орхих эрх үүсэхгүй. Ажлын байрыг орхих тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн    39.1, 119 дүгээр зүйлд заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг.

Ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдөр хүртэл хугацаанд тооцох ёстой. Ингэхдээ Элбэгжаргал нь шалгагчийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан байх тул уг албан тушаалын цалин 437 500 төгрөгийг нэхэмжилсэн цалингаас хасч тооцох нь зүйтэй гэж үзнэ. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлаас халсан хугацаанаас өмнөх 08, 09, 10 дугаар сарын цалинг үндэслэлгүйгээр их хэмжээгээр тооцож гаргасан нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ө.Э-ыг “З” ОНӨААТҮГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ө.Э- нь хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б\1291 тоот тушаалаар томилогдон ажилласан байна. Ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б\1153 дугаар тушаалаар Ө.Э-ыг ажлаас чөлөөлж, 1 дүгээр баазад шалгагчаар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Ажилтныг өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэг зохицуулалт тусгагдаагүй, үндэслэл, шалтгаан заагдаагүй байх ба ажилтны мэргэжил тухайн ажилд тохирохгүй гэх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүй байна.

Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн шалгуур тавиагүй атлаа нэг жилийн дараа энэ шалтгааныг ажлаас өөрчлөх үндэслэл болгосныг шүүх хуульд нийцэхгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар, эсхүл сул зогсолтын үед өөр ажил албан тушаалд шилжүүлэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй байгааг шүүх шийдвэр, магадлалдаа тэмдэглэсэн байх ба хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй  ажил үүргийг ажилтнаар гүйцэтгүүлэхийг хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                           ШҮҮГЧ                                                        Ц.АМАРСАЙХАН