Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/02076

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2024/04988 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

16,800,000 төгрөг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хохиролд 8,269,780 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай компанийн хувьд, гартаам хөөрөг бор цагаан гоёлын өнгөлгөөтэй шал хийх хэрэгцээ байсан тул хариуцагчийн фейсбүүк хуудсанд нийтэлсэн сурталчилгаанд итгээд зах зээлийн дундаж үнэлгээнээс харьцангуй өндөр үнээр бетон зуурмаг худалдан авах захиалга өгч гэрээ хийсэн. ******* ХХК нь манай байгууллагад М250 марк бүхий гоёлын шалны тусгай технологийн дагуу бэлтгэсэн бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Бид тухайн цаг үед зах зээл дэх бетон зуурмагийн дундаж үнээс даруй 80,000-125,000 төгрөгөөр илүү буюу 1 м.куб нь 280,000 төгрөгийн үнэ бүхий өндөр чанарын 60 м.куб бетон зуурмагийг хариуцагчаас худалдан авахаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6,800,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 16,800,000 төгрөг шилжүүлсэн.

Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 8 м.куб багтаамжтай 3 зуурагч машин бүхий нийт 24 м.куб зуурмаг ирүүлсэн.

1.2. Гэвч хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь М250 маркдаа хүрэхээргүй, чанаргүй, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөө буюу хатах явцдаа хагарал, цуурал ихээр үүсгэж, өнгөлгөө хийх явцад бутарч үйрэх, нүх сүв гарж, барзгар болох зэргээр их хэмжээгээр задарч гэмтсэн.

Иймд бид чанарын шаардлага хангаагүй бетон зуурмаг авахгүй гэдгээ мэдэгдэн хариуцагчийн биет төлөөлөл болох технологийн инженертэй биечлэн уулзаж, гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн буюу 10,080,000 төгрөгийг буцаан авах, эсхүл чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх тухай шаардлагыг тавьсан. Уг шаардлагын хариуд хариуцагч нь үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангаж, чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэхээ амласан.

Ийнхүү тохирсон ёсоороо бетон зуурмагаа авахаар 2022 оны 7 дугаар сарын сүүлээс харилцаа холбооны боломжит хэрэгсэл болох телефон утсаар хариуцагчийн ******* болон ******* дугаарууд руу удаа дараа залгаж ярилцсан боловч бид нийлүүлэхгүй, нэмэлт төлбөр төлвөл нийлүүлж болох юм гэх зэргээр үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан. Улмаар арга буюу хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал гэх н.*******эс гуйж, аргадаж байж, нэгэнт төлчихсөн байсан төлбөр, авлага, өглөгөө багасгахын тулд арга буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөг нэмэлтээр шилжүүлж өнгөлгөөний зориулалттай биш ердийн 10-22 хайрга бүхий 8 м.куб бетон зуурмаг худалдан авсан ба түүнээс хойш хариуцагч тал дахин ямар ч бетон зуурмаг нийлүүлээгүй болно.

1.3. Хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай байгууллагад нийт 17,600,000 төгрөгийн бодит хохирол учирсан ба өнөөдрийг хүртэл уг хохирлыг барагдуулаагүй байна. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр худалдан авсан бетон зуурмагийн үнэ 800,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, харин чанарын шаардлага хангаагүй бетон зуурмаг нийлүүлж манай компанийг хохироосон тул төлбөрт шилжүүлсэн 16,800,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь 2022 оны 06 дугаар сард 250 маркийн шалны бетоны зуурмаг захиалж, манай компани руу 16,700,000 төгрөг шилжүүлсэн. Утсаар ярихдаа Төв аймгийн Баян сумын нутагт орших Майнтын шохойн чулууны үйлдвэрээс 3 машин буюу 60 м.куб цагаан өнгөтэй цэвэр кварцын элс байгаа талаар хэлж манай бетон зуурмагийн үйлдвэр дээр буулгасан. Тухайн бүтээгдэхүүнээрээ шалны бетон зуурмаг зууруулахаар захиалга өгч хамтран ажиллахаар тохиролцсон.

2.2. Эхний ээлжид нэхэмжлэгчийн өгсөн материалаар бетон зуурсан боловч элс биш шохойн чулууны үйрмэг байсныг бид мэдээгүй. Стандартын бус материалаар биднийг хууран мэхэлж, үйлдвэрт асар их хэмжээний хохирол учруулсан. Энэ талаар нэхэмжлэгчид хэлж, гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Дархан-Уул аймгийн Гидрокарьерийн үйлдвэрээс угааж, баяжуулсан стандартын шаардлага хангасан элс авч ирж, тухайн шал бетоны бетон зуурмагийг нийлүүлсэн. Нэхэмжлэгч тал бүтээгдэхүүнийг хүлээж авах үүргээ биелүүлээгүй. Барилга, барилгын материалын чиглэлээр 40 жил тасралтгүй ажиллаж байгаа барилгын инженер ******* нэхэмжлэгчийн талбай дээр очиж, удаа дараа зөвлөгөө өгсөн боловч тухайн барилгыг хариуцаж байгаа хүмүүс нь зөвлөгөөг дагаагүй. Тэрээр 1-1.5 м.кв-аас илүүгүй хэв хашмал хийж, шал бетон температурын шов хийж цутгах нарийн технологийг зааж өгөхөд тухайн барилгын хүмүүс, захиалагч нар огт ойлгохгүй байсан. Бетон зуурмаг нийлүүлсэн шөнө ******* өөрийн биеэр ******* ХХК-ийн удирдах ажилтан н.*******, н.******* нартай тухайн барилгын талбай дээр очиж шөнөжин ажилласан. Гэтэл бетон зуурмаг хүлээн авч дамжуулж байгаа насос буюу помп нь бетон зуурмаг дамжуулдаг шахдаг зориулалтын бус байсан бөгөөд хоолой нь маш нарийнхан байсан тул бетон шахаж дийлэхгүй, маш удаан шахснаас ажил саатаж байсан. Тухайн барилгын талбай дээр 8 м.куб багтаамжтай бетон зуурмаг зөөж хүргэдэг Миксер маркийн манай 5 машин байсан. Ингээд хоёр машиныг шөнөжин шахаад өглөө 9-10 цагийн үед помпны операторууд нь согтуу, танай зуурмагийг авахгүй, помпны хоолойгоор шахагдахгүй байна, шал бетон хагараад байна гэж бөөн хэрүүл маргаан болсон. Ингээд үдээс хойш арга буюу 3 машиныг буцааж бетон зуурмагаас нь яаралтай цэвэрлэж авахын тулд ******* бетон зуурмагийн үйлдвэрийн баруун талд газар асгаж, булсан.

2.3. Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 16,800,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу цаг хугацаанд нь нийлүүлж, гэрээний үүргээ 100 хувь биелүүлж, бетон зуурмагийг барилгын талбай дээр хүргэж өгсөн гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. ******* ХХК нь Багахангайн шохойн чулууны орд газраас авсан шохойн чулууны үүрмэгийг кварцын цагаан элс гэж биднийг хуурснаас шохойн чулуу нь устай урвалд орж, бетон зуурмаг зуурдаг тогоонд буцалж, хэсэг хугацааны дараа шохойн чулуу элс, хайрга, дайрга, устай химийн урвалд орж чулуужсан. Ажилчидаар тоног төхөөрөмждөө цэвэрлэгээ хийлгэж, үйлдвэрээ ажиллуулах гэтэл ажиллагаагүй болсон байсан.

3.2. Иймд Солонгос улсын мэргэжлийн ******* ХХК-ийн Монгол дахь салбарын захирал аар 5,269,780 төгрөгийн сэлбэгийг үйлдвэртээ тавиулж, ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгийг төлсөн. Нийт 8,269,780 төгрөгийг д шилжүүлсэн.

******* ХХК нь бусдыг төөрөгдүүлж, өөрийн эрх ашгийг хангах үүднээс кварцын элс гэж нунтагласан шохойн чулуу нийлүүлснээс үүдэж ******* ХХК-ийн бетон зуурмагийн автомат тохиргоотой маш нарийн технологийн хийц эдлэлүүдэд дахин ашиглах боломжгүй гэмтсэн. Засвар, үйлчилгээ зэрэг учруулсан хохирлыг нийт 8,269,780 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Хариуцагч тухайн шохойн чулууг хэн, хаанаас явуулсан, ямар гарал үүсэлтэй байсан зэргийг нотлох ёстой. Хариуцагч бетон зуурмагийг сайн чанарын өнгөлгөөний гэж сурталчилсаны дагуу бид өндөр үнээр захиалсан. Түүнээс манай бараа бүтээгдэхүүнээр бетон зуурмагийг бэлдэж өгнө гэж тохиролцоогүй. Хариуцагчийн дурдаад байгаа тухайн шохойн чулууг манайх нийлүүлээгүй. Тоног төхөөрөмжүүд нь манайхаас болж эвдэрснийг бид мэдэхгүй. Эвдэрсэн, зассан гэх баримтуудын огноо зөрж байсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 12,320,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,280,000 төгрөгийн шаардлага болон 8,269,780 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 245,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 147,266 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 212,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Талууд 62 м.куб бетон зуурмаг худалдаж, худалдан авахаар тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээнд заасан бетон зуурмагийг бүрэн нийлүүлсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн буюу талуудын маргаагүй хэмжээнд дүгнэлт хийж нийлүүлсэн бетон зуурмагийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс 8 м.куб багтаамжтай 3 машин бетон зуурмагийг нэхэмжлэгчийн заасан газар нийлүүлэхээр очсон боловч бетон зуурмагийг хүлээж авах нэхэмжлэгч компанийн ажилчид согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ удирдах чадваргүй байснаас бетон зуурмагийг хүлээж авах үүргээ биелүүлээгүй тул бетон зуурмагийг урвалд орохоос нь өмнө машиныг яаралтай цэвэрлэж авахын тулд тухайн 3 машин бетон зуурмагийг хог дээр хаясан талаар машины жолооч нар мэдүүлдэг.

6.2. Мөн нэхэмжлэгчээс кварцан цагаан элсээр бетон зуурмаг зууруулах захиалгыг өгсөн. Гэтэл бетон зуурмагийг зуурах явцад кварцан элс гэж өгсөн түүхий эд нь шохойн чулуу байснаас хариуцагч компанийн үйлдвэрт их хэмжээний гэмтэл гарч, гэмтэлтэй холбоотой засварын зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсаныг шүүх шохойн чулуу байсан болохыг баримтаар нотлоогүй хэмээн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч компанийн инженер н. нь тухайн бетон зуурмагийг хүлээж авах, бетон шахах, зуурах үүрэг хүлээсэн бөгөөд бетон зуурмаг зууруулахаар элс гэж өгсөн түүхий эд нь шохойн чулуу болохыг, мөн үүнээс болж үйлдвэрт гэмтэл гарсан, буцаан авах талаар удаа дараа бичсэн зурваст үзлэг хийлгэсэн тэмдэглэлээр кварцан элс өгөөгүй болох нь тогтоогдож байхад шүүх үнэлээгүй. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн зүгээс анх 60 м.куб бетон зуурмагийг захиалсан бөгөөд хариуцагч компаниас 8 м.кубын багтаамжтай 5 машин явуулсан гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр 2 машин бетон зуурмаг нь ажлын талбай дээр чанарын шаардлага хангаагүй байдлаар буусан учир үлдэх 3 машин бетон зуурмагийг буцаасан үйл баримтыг хариуцагч тал шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн.

7.2. Манай компаниас ямар нэг түүхий эд нийлүүлээгүй ба нийлүүлсэн гэх баримт байхгүй. Түүхий эд нийлүүлсэн тохиолдолд хариуцагч компани мэргэжлийн байгууллага учир шинжилгээ хийж, шалгаж авч баримт үйлдэх ёстой. Гэтэл түүхий эд хүлээж авсан талаар баримт байхгүй. Хариуцагчийн тавьсан зарын дагуу бетон зуурмаг авах утсаар захиалга өгсөн. Гэтэл хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүй учраас өөр газраар хийлгүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж 16,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хохиролд 8,269,780 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх1-2, 23-25, 116/

 

3. Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь М250 маркийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч 1 м.куб бетон зуурмагийг 280,000 төгрөгөөр тооцож үнийг төлж, хүлээн авахаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6,800,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүсэн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Хариуцагч тал 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлсэн 8 м.куб-ын багтаамжтай 2 зуурагч машин бүхий бетон зуурмагийг нэхэмжлэгч тал хүлээн авсан гэж анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтын талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

5.1. Хариуцагчаас мөн өдөр илгээсэн 3 зуурагч машин бүхий 24 м.куб бетоныг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байх тул нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээж авах үүргээ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.2. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 60 м.куб бетон зуурмаг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй. Гэрээ цуцлагдсан, үүнээс үүсэх үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд харилцан өгсөн, авснаа буцаан шаардах эрхтэй буюу нэхэмжлэгч тал нийлүүлээгүй бетон зуурмагийн үнэ 12,320,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх бөгөөд хариуцагчаас гаргасан нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр 24 м.куб бетон зуурмагийг буцаасан гэх гомдол үндэслэлгүй болно.

 

6. Хариуцагч байгууллага нь бетон зуурмагийн үйлдвэрлэл үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллага болох нь тогтоогдож байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж ажилтан н. чанар, стандартын шаардлага хангаагүй элсийг нийлүүлсэн гэх боловч нэхэмжлэгч тал нийлүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрхгүй гэж үзэх тул энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болго ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2024/04988 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 12,320,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 5,280,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч ******* ХХК-аас хохирол 8,269,780 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА