| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/00483/И |
| Дугаар | 210/МА2024/01836 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01836
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03070 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
******* ХХК-ийн эзэмшил газрын дунд байрлах нийтийн эзэмшлийн зам талбайгаар чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж чингэлэг тавьсан үйлдлийг таслан зогсоож, чингэлгийг зайлуулахыг даалгах, ******* ХХК-ийн ашигладаг бохирын шугамыг хаадаг үйлдлийг таслан зогсоож, цаашид тус үйлдлийг гаргахгүй байхыг даалгах, ******* ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбоотой ашиг сонирхолд харшилсан ажиллагаа цаашид явуулахгүй байх, ******* ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг тус тус даалгах тухай үндсэн,
Гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 114,015,000 төгрөг, харуулын байрны халаалтын төлбөрт 6,897,600 төгрөг, төв хаалгаас ******* ХХК-ийн байр хүртэлх 6 гэрэлтүүлгийн төлбөрт 1,693,800 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсөнд 10,900,000 төгрөг, төв хаалганы автомат хаалтын төлбөрт 2,900,000 төгрөг буюу нийт 136,406,400 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн эзэмшил газрын дундуур гаргасан нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглахдаа тухайн газар дээрх барилга байгууламж, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг ******* ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг ******* ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэнэмэх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *******, ******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, /8 тоот хаягт байршилтай, 82 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 843 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчилдөг.
Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд байрлах газрыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн , дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр тус тус эзэмшиж байна.
******* ХХК-ийн энэхүү хоёр газар, үл хөдлөх эд хөрөнгүүд нь ******* ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгүүдтэй зэрэгцээ нэг хашаанд байрладаг бөгөөд энэ байдлаас шалтгаалан хариуцагчийн зүгээс дараах хууль бус үйлдлүүдийг гаргах болж, талуудын хооронд байнгын маргаан үүссэн.
1.2. Нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцаар чөлөөтэй нэвтрүүлэх асуудлын тухайд. ******* ХХК нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж ******* байрлах нийт 62,580 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд энэхүү газраа хашаагаар хашаалж, нийтдээ орж, гарах 5 орц, гарц /5 пост/-ыг байрлуулсан байдаг. Үүний 1 дүгээр постоос ******* ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө хүртэлх зам талбай нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаардаг болох талаар талууд маргадаггүй.
******* ХХК өөрийн эзэмшлийн хөрөнгүүд байрлах газар руу орж, гарахын тулд зайлшгүй 1 дүгээр постоос эхэлж буй нийтийн эзэмшлийн зам талбайгаар дамжин явах шаардлагатай юм. Нэхэмжлэгч нь эм ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг учраас олон эмнэлэг, эмийн сангийн ажилчид буюу үйлчлүүлэгчид байнга орж, гарч, том сав, баглаа боодолтой хүнд жинтэй эм, тариа, дусал зэргийг зөөх шаардлагатай байдаг. Гэтэл ******* ХХК нь дур мэдэж, харилцан тохиролцолгүйгээр, 1 дүгээр пост руу орох орц, гарц дээр автомат хаалт байрлуулж, ******* ХХК-аас хаалтынхаа мөнгийг, мөн хаалтынхаа чипийг тогтсон хэмжээгээр худалдаж авч, зөвхөн зөвшөөрөлтэй машинуудаа оруулж байхыг шаардсан хууль бус үйлдэл гаргах болсон. Энэхүү байдлаас шалтгаалан, нэхэмжлэгч компанийн эзэмшлийн машинууд, мөн харилцагч, үйлчлүүлэгчид орж чадахгүй буцаж, компанийн үйл ажиллагаа маш ихээр доголдоод байна. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайг урьдчилж хэлэлгүйгээр, гэрээ хэлцэл байгуулаагүй атлаа өөрсдөө цэвэрлэж, арчилж, гэрэлтүүлэг байрлуулсан гэж тайлбарлаад үндэслэлгүй их хэмжээний төлбөрүүдийг нэхэмжлэх болсон.
1.3. Цонх хааж тавьсан чингэлгийн тухайд. ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь тус компанийн эзэмшлийн 843 м.кв, 82 м.кв газар дээр сууриараа оршдог буюу эзэмшлийн газар дээр нь бүхэлдээ барилга баригдсан юм. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн оффисын хаалгаар гараад гишгэж буй газар нь ******* ХХК-ийн эзэмшилд хамаардаг. ******* ХХК нь энэхүү давуу байдлаа ашиглаж, талуудын хооронд маргаан үүссэн даруйд ******* ХХК-ийн оффисын цонхонд тулгаж, үзэгдэх орчныг таглаж, нар, салхийг хааж маш том чингэлгийг өөрсдийнх нь эзэмшлийн газар гэсэн шалтгаанаар байрлуулж тавьсан. Хэн нэгэн этгээд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад этгээдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчих учиргүй боловч хариуцагч нь өөрсдийн давуу байдлаа ашиглан хууль бус үйлдэл гаргасны улмаас нэхэмжлэгч компанийн ажилчид эрүүл мэндээрээ ихээхэн хохирсоор байна.
1.4. Бохирын шугамыг хаасан үйлдлийн тухайд. 1970 онд хийгдсэн зургаас үзэхэд ******* ХХК-ийн эзэмшлийн объектоос улсын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бохир татуургын шугамууд объектын дотоод сүлжээнээс гадагш 20 орчим метр яваад С9, С10 гэсэн бас л улсын хөрөнгөөр бий болсон худгаар дамжиж бохир, татуургыг одоогоор улсын мэдэлд байдаг төв магистрал шугамд нийлж байгаа нь Улсын төв архивын газар хадгалагдаж байгаа зурагт тусгагдсан байдаг. Энэ магистрал шугамын бохирыг соруулах үүрэг хүлээсэн ******* ХХК-тай манай ******* ХХК байгуулсан гэрээний дагуу сар бүрийн төлбөр тооцоо хийж бохирын асуудлаа шийдсээр ирсэн. Гэтэл ******* ХХК-аас төвийн шугамд холбогдох бохирын шугамыг өөрсдийн өмчлөлийнх гэж тайлбарлан хууль бус үйлдэл гаргаж, бохирын нүхийг бөглөж, дээр нь том төмөр давхарлаж байрлуулсны улмаас бохирыг соруулах боломжгүй болж, бохир нь шугамаас давж урссан байдалтай болсон. Ийнхүү дур мэдэн бохирын шугамыг бөглөснөөс үүдэн нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд удаа дараа хохирол учирч, нэхэмжлэгчийн зүгээс үр дагаврыг нь арилгахын тулд ихээхэн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсаар олон жилийн хугацаа өнгөрч байна.
1.5. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьж хоёр компанийн харилцааг баримт, нотлох баримт, албан бичгийн хэмжээнд харьцаж байх, маргаантай асуудлыг нотлох баримт дээр тулгуурлан харилцан тохиролцон гэрээ хэлцэл хийх, хийгдсэн гэрээгээ чандлан сахих саналыг удаа дараа тавьсаар ирсэн боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар иргэний эрхийг хамгаална гэж, 151 дүгээр зүйлийн 151.1.2-т өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах замаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж заасан байдаг.
Иймд ******* ХХК-ийн эзэмшил газрын дунд байрлах /1-р постоос ******* ХХК-ийн эзэмшил газар, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө хүртэлх/ нийтийн эзэмшлийн зам талбайгаар чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн /оффисын/ цонхыг хааж чингэлэг тавьсан хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, чингэлгийг зайлуулахыг даалгах, ******* ХХК-ийн ашигладаг бохирын шугамыг дур мэдэн хаадаг хууль бус үйлдлийг таслан зогсоож, цаашид тус үйлдлийг дахин гаргахгүй байхыг даалгах, цаашид ******* ХХК-ийг өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэгэн байдлаар ******* ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ******* ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь ******* ХК-ийг хувьчлан авч түүний суурин дээр үүсгэн байгуулагдсан. ******* ХК-ийг хувьчлахад түүний үндсэн хөрөнгө болох үйлдвэрлэлийн барилгын байр талбайгаас зарим хувь нийлүүлэгчид нь өөрсдийн эзэмшиж байсан хувьцааны тоо хэмжээнд дүйцүүлэн ажлын байрыг хувьчлан авсан. Тухайлбал ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч , /одоогоор ХХК/ нар нь өөрсдийн хувьцаандаа дүйцүүлэн угсаргааны цехийн нэг хэсэг болох 8 м.кв талбай болон 79 м.кв талбай бүхий усан сангийн насосын станцын байр болох нийт 911 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авсан. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 11 дүгээр сард ХХК-аас дээрх 911 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан байна.
2.2. Нэхэмжлэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа гэх шаардлагын тухайд. 2012 онд ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын алба нь манай объектын төв хаалганаас ХХК-ийн /одоогоор ******* ХХК-ийн/ хаалга хүртэлх замыг дундын буюу нийтийн эзэмшлийн зам талбай болгосон. Гэтэл манай компани өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд энэхүү дундын зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, автозамын хашлага /бродюр/ будах, солих, замын нөхөөс хийх замын урсгал засвар, арчилгаа болон орчныг гэрэлтүүлэх зэргийг өөрийн зардлаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хариуцан хийж байна. Учир нь ХХК болон ******* ХХК нь энэ бүх хугацаанд дундын замтай холбоотой засвар үйлчилгээ арчилгаанд оролцох, хамтран ажиллахаас татгалзаж ирсэн.
Манай компани 24 цагийн 5 пост бүхий 3 ээлжийн нийт 15 хамгаалагчтай гэрээт хамгаалалтын үйлчилгээг авч нийт байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулан ажиллуулж байна. Нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд хэсэгт байрладгийн давуу талаа ашиглан өнөөдрийг хүртэл өөрсдийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтын асуудалд санаа зовохгүй, харуул хамгаалалтын үйлчилгээний ямар ч зардал гаргахгүйгээр үнэ бүхий эд зүйлс, бараа материалаа байрандаа хадгалж амар тайван ажиллаж байна. Объектын төв хаалга болох харуулын 1 дүгээр постод манай компани өөрийн зардлаар гүйдэг хаалга, автомат хаалт тавьсан ба нэхэмжлэгчийн ажилчид, үйлчлүүлэгчид, харилцагчид нэвтрэх, гарах болгонд 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид асууж лавлаж, хаалгыг нээж, хааж үйлчилгээ үзүүлж байна. Хэрэв нэхэмжлэгчийн байр манай байгууламжийн дунд хэсэгт байрладаггүй, аль нэг өөр газар байрладаг байсан бол оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулахын тулд харуул, манаач ажиллуулж, орчноо гэрэлтүүлж, хашаа, хаалт барьж, зам талбай, хашаа хайс цэвэрлэх шаардлагатай бүх зардлыг өөрсдөөсөө гаргах нь гарцаагүй. Нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд манай компанийн хашаа, хайс, хаалга, харуул хамгаалалтын үйлчилгээ, цэвэрлэгээ, гэрэл гэрэлтүүлгийг ашиглаж зардал гаргахгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь шударга бус явдал юм. Манай компанийн зүгээс эдгээр зардлуудаас тодорхой хувийг л төлөхийг хүсдэг. Манай компани хариуцагч ******* ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон, сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй, нэхэмжлэгч өөрийн байр руу чөлөөтэй нэвтэрч орж, гарч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Бид харуул хамгаалалтын үйлчилгээ, хашаа хаалт болон дундын замын өдөр тутмын цэвэрлэгээ, арчилгаа болон урсгал засвар, гэрэлтүүлгийн зардал зэргээс тодорхой хувийг л төлөхийг шаарддаг.
2.3. Газар чөлөөлөх нэхэмжлэгчийн шаардлагын тухайд. Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 тоот захирамжийн дагуу Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж , /5, /6, /7, /9 хаягт нэгж талбарын дугаар бүхий 6,258 га газрыг эзэмшиж байна. Энэхүү газрыг бид ******* ХК-ийг хувьчлан авсан цагаас хойш буюу 17 жилийн туршид газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж зохих ёсны дагуу эзэмшиж байна. ******* ХХК-ийн чөлөөлөхийг шаардаж байгаа газар манай эзэмшлийн газар, түүгээр ч барахгүй ХХК нь байрандаа нэмэлт хаалга болон орц гарц гаргах зориулалтаар энэ газар дээрх манай компанийн ногоон байгууламжийг буулгаж зам тавьсан байсан. Бид өөрсдийн эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд шүүхээс энэ газрыг чөлөөлөхийг ХХК-д даалгасан ба шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байсан.
2.4. Нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг нээх шаардлагын тухайд. , нар нь ******* ХК-ийн угсаргааны цехийн 8 м.кв талбай бүхий хэсгийг хана босгон тусгаарлаж хувьчлан авахдаа дулааны асуудлаа дунд оврын нам даралтын зуух барьж шийдэж, гадаа модон жорлон барьж бидэнтэй инженерийн шугам сүлжээгээр холбоогүй байдалтай худалдаж авсан. ХХК-аас барилгыг сонирхож байх үедээ ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч бидэнтэй уулзахад нь худалдан авахаар сонирхож байгаа эд хөрөнгө нь дулаан, цэвэр, бохир усны хангамжгүй хүйтэн цех байна гэдгийг анхааруулж байсан. Учир нь манай компани 1970 оны хуучин барилга байгууламжийг хувьчлан авсан ба шугам сүлжээг шинэчлэх, шинэ шугам татах зэрэгт их хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлан авсан ХХК нь 15 жилийн турш өөрсдийн барилгын дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулалт хийж сайжруулаагүй байтал худалдан авсан ******* ХХК нь манай байгууллагын хувийн өмч болох шугам сүлжээнд холбогдохыг шаардаж, бидний хувийн өмч хөрөнгөд халдах эрхгүй юм. Манай компани нь үйлдвэр, агуулахын зориулалттай байр, талбайг хөнгөн, хүнд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад түрээсэлдэг, бид өөрсдийн түрээслэгч болох 20 гаруй байгууллагуудын дулаан, ус, бохирын хангамжийн асуудлыг хангаж байхад хөндлөнгийн байгууллагыг дулаан, ус, бохирын хангамжаар хангах техникийн нөхцөл, боломж байхгүй. Дэд бүтцэд холбогдоогүй агуулах, усан сангийн насосын станцын байрыг нэхэмжлэгч эм хангамжийн агуулахын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгааг бид ойлгож байгаа ч энэ нөхцлийг биднээс шаардах эрхгүй, бид нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй. ХХК-ийн хүсэлтийн дагуу 2012 онд Нийслэлийн газрын алба манай компанийн объектын төв хаалганаас одоогийн ******* ХХК-ийн хаалга хүртэл замыг дундын буюу нийтийн эзэмшлийн талбай болгосон. Манай компани 1970 оны хуучин барилга байгууламжийг хувьчлан авсан ба шугам сүлжээг шинэчлэх, шинэ шугам татах зэрэгт олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ шугам сүлжээнд холбогдохыг шаардсан, нэхэмжлэгчийн ус, дулаан, бохирын шугамыг хаасан зүйл байхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
2.5. Манай компанийн эзэмшил газартай давхцуулан , нарт газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 360 тоот захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэргийн зохигчид эвлэрснээр маргаан шийдвэрлэгдсэн. Эвлэрлийн гэрээгээр , нарт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ХХК-ийн эзэмшил газрын баруун талд байрлах ЦТП-ын хажууд 1,000 м.кв газрыг эзэмшүүлэх, ******* ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эзэмшил газраас орц, гарцын асуудлыг шийдвэрлүүлэхээр тохиролцож, эвлэрлийг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 тоот захирамжаар , нарт үйлдвэрлэлийн зориулалтаар 1,000 м.кв газрыг эзэмшүүлсэн.
******* ХХК нь 2019 онд , нарын өмчлөлийн 843 м.кв, 82 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авснаар үл хөдлөх эд хөрөнгийн суурь газруудын эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Эдгээр газар руу чөлөөтэй нэвтрэх орц, гарцын асуудлыг анх газрыг , нарт эзэмшүүлэхэд шийдвэрлэсэн буюу ******* ХХК-ийн байгууламжийн төв хаалганаас ******* ХХК-ийн байр хүртэлх газрыг нийтийн эзэмшлийн зам талбай болгож тус компанийн эзэмшлийн газраас хассан байдаг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 185 дугаар тогтоолоор олгогдсон 1,000 м.кв газар нь одоо ч , нарын эзэмшилд хэвээр байгаа ба ******* ХХК-ийн эзэмшиж байгаа 843 м.кв, 82 м.кв талбай бүхий газруудад огт хамааралгүй юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 185 дугаар тогтоолд тусгасан эвлэрлийн гэрээ нь , нарын эзэмшлийн 1,000 м.кв газарт хамааралтай болох талаар тайлбарыг кадастрын зургийн хамтаар шүүхэд ирүүлсэн. Кадастрын зураг дах эзэмшил газрын хэлбэр, хэмжээ, нэгж талбарын дугаар зэргээс ******* ХХК-ийн эзэмшил газар биш гэдэг нь харагдаж байгаа гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Манайх төв хаалганд өөрийн зардлаар гүйдэг автомат хаалгыг суурилуулсан ба эдгээрийг шинэчлэх, засварлах, сэлбэг солих зэргийг өөрсдийн зардлаар хийдэг. Шинэ чиптэй автомат хаалтыг 5,800,000 төгрөгөөр суурилуулж ашиглалтад оруулсан ба нэхэмжлэгчийг 50 хувийг төлөхийг шаардахад төлөөгүй атлаа уг хаалтыг ашиглаж байна. Төв хаалга болох 1 дүгээр пост дээр 24 цагийн 3 ээлжийн хамгаалагчид хяналт тавьж ажиллахдаа мөн ******* ХХК-д үйлчилгээ үзүүлж байна.
3.2. Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн 25 хувь болох 1 дүгээр постын сар бүрийн төлбөр нийт 98,010,000+16,005,000=114,015,000 төгрөг, 1 дүгээр пост буюу харуулын байрны халаалтын сар бүрийн төлбөр нийт 5,184,000+1,713,600 =6,897,600 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганаас ******* ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн сар бүрийн төлбөрийн 50 хувь 1,481,500+212,300=1,693,800 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсний 50 хувь 8,800,000+2,100,000=10,900,000 төгрөг, 1 дүгээр пост болох төв хаалганы автомат хаалтын төлбөрийн 50 хувь 2,900,000 төгрөг, нийт 136,456,400 төгрөг болж байна.
Газрыг дундаа хамтран эзэмшиж, ашиглаж байгаа тул 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дээр дурдсан үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлын 136,456,400 төгрөгийг нэхэмжилж байна.
3.3. Нийтийн эзэмшлийн газрыг эзэмших, ашиглах, газар дээр оршин буй барилга байгууламж, явуулж буй үйл ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг цаашид ******* ХХК-тай хамтран хариуцаж төлөхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглах эрх нь нэхэмжлэгч, хариуцагч нарт адил тэнцүү байх учиртай бөгөөд ******* ХХК-ийн газар, объект руу орж, гарах нийтийн эзэмшлийн талбайгаар дамжиж хүссэн цагтаа өөрийн эзэмшил, өмчлөлийн газар, объект руу орж, гарч байх эрхтэй юм. Гэтэл ******* ХХК нь дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайд орох, гарах гарцыг хааж хаалт суурилуулж, ингэж дураараа тавьсан хаалтынхаа тал төлбөрийг ******* ХХК-аас нэхэмжилж, мөн өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан зардлаа нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.2. ******* ХХК-аас нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа, хамгаалалт, цэвэрлэгээг ******* ХХК-тай хамтран хийх, орц, гарц хаах, гэрэлтүүлэг тавих бол энэ асуудлуудаа тухайн үйлдэл хийж байх цаг мөчдөө ******* ХХК-д мэдэгдэж, санал солилцож, улмаар гэрээ, хэлцэл байгуулах замаар хөрөнгө мөнгөний асуудлаа харилцан тохиролцон шийдвэрлэх учиртай. Харин эсрэгээрээ ямар нэг аман болон бичгийн тохиролцоо байхгүй атлаа гэнэт ийм юм хийсэн, ингэж арчилсан, цэвэрлэсэн, хамгаалсан гээд хүссэн үнийн дүнгээ тавиад, хүссэн аж ахуйн нэгж байгууллагатайгаа гэрээ байгуулаад, хүссэн хувь тогтоож мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Манай компани Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-т зааснаар өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх үүргийнхээ дагуу өөрт хамаарах хэсгийн цас мөс арилгах зэрэг бүхий л арчилгааг тухай бүрд нь өөрийн хөрөнгөөр хариуцан хийсээр ирсэн. Мөн гадаа байрладаг хүчин чадал өндөртэй шөнийн цагаар гэрэл мэдэрч өөрөө асдаг гэрэлтүүлэг суурилуулж зардлаа хариуцсаар ирсэн. ******* ХХК-ийн талбайд орж, гарах зориулалттай нийт 5 постны зөвхөн 1 дүгээр постыг ******* ХХК болон түүний өмчлөлийн объектуудыг түрээсэлдэг маш олон аж ахуйн нэгж, байгууллагын хамтаар ашигладаг. Ийм байхад нийт ашигладаг 4 постынхоо 25 хувийг буюу 1 дүгээр постын төлбөрийг бүхэлд нь, мөн гэрэлтүүлгийн 50 хувь, урсгал зардлын 30 хувь, хаалтын 50 хувийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
4.3. Нийтийн эзэмшлийн газрыг эзэмших, ашиглах, газар дээр оршин буй барилга байгууламж, явуулж буй үйл ажиллагааны хэвийн, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг ******* ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг даалгах шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* ХХК болон ******* ХХК нар нь постын төлбөр, харуулын байрны халаалт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, арчилгааны төлбөрийг ямар байдлаар яаж хариуцах талаар өнөөдрийг хүртэл тохиролцоогүй буюу талуудын аль алинд үүрэг үүсээгүй байна.
Иймд ******* ХХК-ийн гаргасан 136,456,400 төгрөг гаргуулах, цаашид төлбөрийг хамтран хариуцаж төлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан төв хаалга буюу 1 дүгээр постын орц, гарцаар ******* ХХК-ийн ажилчид, үйлчлүүлэгчид, ачаа тээврийг чөлөөтэй нэвтрүүлж байхыг ******* ХХК-д даалгаж, бохирын шугамыг дур мэдэн хаадаг, цонх хааж тавьсан чингэлгийг зайлуулах, цаашид ******* ХХК нь өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ ******* ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолд харшилсан аливаа ажиллагаа явуулахгүй байх, ******* ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасныг баримтлан ******* ХХК-аас 136,456,400 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, цаашид гарах зардлыг ******* ХХК-тай хамтран хариуцаж төлөхийг ******* ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 280,800 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 1,052,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан ******* ХХК-д, ******* ХХК-аас 840,2 төгрөг гаргуулан ******* ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга: Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч талд дарамт, шахалт үзүүлж дараах үйлдлүүдийг хийсэн. Үүнд: 20 тонн чингэлгээ цонх хааж тавьсан, дулаан, бохирыг Ус сувгийн газартай нийлж тасалсан, бохирын шугамын худаг бөглөсөн, 1 гарцаараа оруулж гаргахаа больсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгасан, хариуцагч зөвшөөрдөг, бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
6.1. Нэхэмжлэгч байгууллагын /1 давхар барилга/ цонхны харалдаа 2 метр орчимд хариуцагч 20 тонн чингэлэг байршуулаад 4 жил болж байгаа бөгөөд чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэгч байгууллагын эрх ашигт нөлөөлөөгүй, ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн асуудлыг шүүх анхааран үзсэнгүй. Үүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэж заасныг зөрчсөн.
6.2. Шүүх сөрөг нэхэмжлэлээс харуул хамгаалалтын болон бусад зардал буюу нийт 136,456,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдэхдээ харуул хамгаалалтын зардлын тал хувийг нэхэмжлэгчээс гаргуулсан нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ гэж шүүх ******* ХХК-ийн бусдад түрээслүүлдэг агуулах объектуудын автомашин мөн л энэ хангагдсан үнийн дүнд хамаарах орц, гарцаар дамжин мөн нийтийн эзэмшлийн зам талбайгаар нэвтэрч үйл ажиллагаагаа явуулдаг, ашигладаг бөгөөд зардлыг нь ******* ХХК-аас 50 хувиар бодож хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, барилга байгууламж, хашааны арчлалт хамгаалалтыг Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцахаар бол гарах бүх зардлаа харилцан тохиролцох асуудал хөндөгдөхөөс биш, нэг хуулийн этгээд нь бусадтай гэрээ хэлцэл хийгээд энийг төл үгүй бол шүүхэд өгөөд хангуулаад байвал жинхэнэ утгаараа гэрээний чөлөөт байдлын зарчим алдагдах асуудал үүснэ.
Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч талаас ******* ХХК-ийн эрхийг зөрчсөнтэй холбоотой үйл баримт тогтоогдоогүй. 6,6 га газарт нийт харуулын 5 посттой бөгөөд тэдгээр постоор нэвтэрдэг. Талууд голдоо нэг пост ашигладаг. Талуудын дундаа эзэмшиж байгаа 0 гаруй метр зам дагуу гэрэлтүүлэг, ногоон байгууламж байгаа болохыг шүүх үзлэг хийж, нөхцөл байдалтай танилцаж, түүний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн газарт чипээр ордог бөгөөд хариуцагчийн үйлчлүүлэгч нар нэвтрэхэд саад болж байгаа хаалт байдаг. Тус чипийг тарааж өгсөн. Шүүхээс цаашид харилцагч, үйлчлүүлэгч нарыг саадгүй нэвтрүүлж байхаар шийдвэрлэсэн. Тус агуулгаар манай талаас давж заалдах гомдол гаргаагүй.
7.2. Хариуцагчийн зүгээс 5 постоос зөвхөн нэг харуулын постын зардлыг хамтарч хариуцах ёстой гэж нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойшхи харуулын постын зардлыг нэхэмжилсэн. Тус зардалд баримтаар нотлогдож байгаа цалин хөлс болон харуул хамгаалалтын байрны халаалт зэрэг ойр зуурын зардлыг нэхэмжилсэн. 130,000,000 төгрөгөөс 110,000,000 төгрөгийн зардал ажилтныг ажиллуулахтай холбоотой зардал бөгөөд үлдэгдэл нь засвар үйлчилгээний зардал. Шүүхэд талуудын хэн аль нь үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Орчин тойрны 50 м.кв талбайд гэрээний дагуу ажилладаг. Үзлэг хийх үед нэхэмжлэгчийн ногоон байшин дангаараа байсан бөгөөд үзлэг хийснээс хойш камер суулгаж, тохижуулсан. Нэхэмжлэгч зөвхөн өөрийнхөө барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангаж байгаа. Тус зам харгуй манай өмчлөлийнх байж байгаад сүүлд орц, гарц нээхтэй холбоотой хэсгийг нийтийн эзэмшил гэж тогтоож, чөлөөтэй орж гарч байхаар шийдвэрлэсэн. Ингэхдээ засвар үйлчилгээг манайх хийхээр болсон. Үүний хүрээнд манайх одоог хүртэл тус үүргээ гүйцэтгэж байгаа. Маргаан бүхий хэсгийг нийтийн эзэмшлийнх болгох юм бол талуудын хэн алинд хохиролтой. Тиймээс бидний зүгээс хөршийн эрхийн хүрээнд бидэнд ч ашигтай. Нэхэмжлэгч байгууллагыг хамгаалалттай байлгаж, бүхий л завсар үйлчилгээг бид хийж байгаа. Гэрээ байгуулаагүй тул мөнгө төлөхгүй гэж нэхэмжлэгч талаас маргадаг. ******* ХХК-тай гэрээ байгуулах гэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс бидэнтэй гэрээ байгуулахгүй байсан тул манай зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс гарсан зардлыг баримтаар нотолж, ******* ХХК-аас шаардаж байна. Хэдэн жилийн дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүйн тулд даалгаж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч ирээдүйд үүсэх зардлыг урьдчилж тогтоох боломжгүй гэдэг агуулгаар даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуульд болон шударга ёсны зарчимд нийцсэн байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн эзэмшил газрын дунд байрлах нийтийн эзэмшлийн зам талбайгаар чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах, ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж чингэлэг тавьсан үйлдлийг таслан зогсоож, чингэлгийг зайлуулахыг даалгах, ******* ХХК-ийн ашигладаг бохирын шугамыг хаадаг үйлдлийг таслан зогсоож, уг үйлдлийг цаашид гаргахгүй байхыг даалгах, ******* ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбоотой ашиг сонирхолд харшилсан ажиллагаа цаашид явуулахгүй байх, ******* ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 114,015,000 төгрөг, харуулын байрны халаалтын төлбөрт 6,897,600 төгрөг, төв хаалгаас ******* ХХК-ийн байр хүртэлх 6 прожекторын гэрэлтүүлгийн төлбөрт 1,693,800 төгрөг, дундын эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засварын ажлын хөлсөнд 10,900,000 төгрөг, төв хаалганы автомат хаалтын төлбөрт 2,900,000 төгрөг, нийт 136,406,400 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн эзэмшил газрын дундуур гаргасан нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглахдаа тухайн газар дээрх барилга байгууламж, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдон гарах зардлыг ******* ХХК-тай хамтран хариуцаж, төлбөрийг төлөхийг ******* ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд уг сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, талууд энэ талаар маргаагүй. Үүнд:
3.1. ******* ХХК 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон ******* болон ******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, /8 тоот хаягт байршилтай, 82 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 843 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчилдөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон , дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр тус тус дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгө оршин байх газрыг эзэмшдэг. /2хх-ийн 109, 118/
3.2. Хариуцагч ******* ХХК 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ******* гудамж , /5, /6, /7 тоот хаягт оршин байх, 25,133 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олгогдсон дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн 36 хаягт оршин байх үйлдвэрлэлийн зориулалттай 1,872 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчилдөг, мөн хаягт байршилтай 62,580 м.кв талбайтай газрыг эзэмшдэг. /2 хх-ийн 49, 50/
3.3. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн 82 м.кв болон 843 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн 25,133 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн дунд оршин байдаг.
4. ******* ХХК-ийн эзэмшил газрын дунд байрлах /1-р постоос ******* ХХК-ийн эзэмшил газар, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хүртэл/ нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарцаар ******* ХХК-ийг чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх энэ шаардлагыг төв хаалга буюу 1 дүгээр постын орц, гарцаар ******* ХХК-ийн ажилчид, үйлчлүүлэгчид, ачаа тээврийг чөлөөтэй нэвтрүүлж байхыг хариуцагч ******* ХХК-д даалгахаар тодорхойлж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ шийдэлд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээв. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ. /2хх-ийн 125-127, 3хх-ийн 14-15, 4хх-ийн 5-8/
5. ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн цонхыг хааж чингэлэг тавьсан үйлдлийг таслан зогсоож, чингэлгийг зайлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг үзлэгийн хүрээнд авагдсан гэрэл зургаар хариуцагч ******* ХХК чингэлгээ нэхэмжлэгч ******* ХХК-ийн оффисийн цонхонд тулгаж тавьсан боловч тухайн офисийн цонхыг бүрэн хаагаагүй буюу ойролцоогоор цонхны 1/3 хэсгийг хаасан байдалтай байгаагаас гадна нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үзэгдэх орчныг таглаж, нар, салхийг хаасан. ... хариуцагч нь өөрсдийн давуу байдлаа ашиглан хууль бус үйлдэл гаргасны улмаас нэхэмжлэгч компанийн ажилчид эрүүл мэндээрээ ихээхэн хохирсоор байна гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Хариуцагчийн чингэлэг нь хариуцагч байгууллагын эзэмшлийн газар дээр байгаа талаар талууд маргаагүй. Энэ нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримтад тооцохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч буюу хариуцагч ******* ХХК өөрийн өмчлөлийн чингэлгийг өөрийн эзэмшлийн газарт байрлуулсан байдлыг бусдад буюу нэхэмжлэгч ******* ХХК-д гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашигласан гэж дүгнэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнээс гадна мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн чингэлэг, түүний байршил нэхэмжлэгч ******* ХХК-иас өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болсон, нөлөөлөл ноцтой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний үндсэн эрх чингэлэг байршуулсан байдалтай холбоотойгоор зөрчигдсөн гэж дүгнэхээргүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
6. ******* ХХК-ийн ашигладаг бохирын шугамыг хаадаг үйлдлийг таслан зогсоож, уг үйлдлийг цаашид гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ 1970 онд хийгдсэн зургаас үзэхэд ******* ХХК-ийн эзэмшлийн объектоос улсын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бохир татуургын шугамууд объектын дотоод сүлжээнээс гадагш 20 орчим метр яваад С9, С10 гэсэн улсын хөрөнгөөр бий болсон худгаар дамжиж бохир, татуургын одоогоор улсын мэдэлд байдаг төв магистрал шугамд нийлж байгаа ... ******* ХХК-аас төвийн шугамд холбогдох бохирын шугамыг өөрсдийн өмчлөлийнх гэж тайлбарлан хууль бус үйлдэл гаргаж, бохирын нүхийг бөглөж, дээр нь том төмөрнүүд давхарлаж байрлуулсан ... дур мэдэн бохирын шугамыг бөглөснөөс үүдэн нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон ... гэж тайлбарласан бол хариуцагч тал эс зөвшөөрч ... , нар нь ******* ХК-ийн угсаргааны цехийн 8 кв.м талбай бүхий хэсгийг хана босгон тусгаарлаж хувьчлан авахдаа дулааны асуудлаа дунд оврын нам даралтын зуун барьж шийдэж, гадаа модон жорлон барьж бидэнтэй инженерийн шугам сүлжээгээр холбоогүй байдалтай худалдаж авсан. ... нь бидэнтэй уулзахад нь ... дулаан, цэвэр, бохир усны хангамжгүй хүйтэн цех байна гэдгийг анхааруулж байсан ... гэж татгалзжээ.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үүрэгтэй болно.
6.1. ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 43/05 тоот тогтоолоор тус компанийн үндсэн хөрөнгө болох үйлдвэрлэлийн барилгын байр талбайгаас , нарт түрээсээр эзэмшиж байсан ажлын байр 8 м.кв, сан узелийн барилга 79 м.кв бүгд 911 м.кв талбайг тусгаарлаж хүлээлгэж өгөх асуудлыг шийдвэрлүүлэхээр болж, ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн 9 дүгээр хурлын 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 тоот тогтоолоор уг хөрөнгийг тэдний өмчлөлд шилжүүлжээ. /2хх-ийн 68-69/
6.2. Хэргийн 1 дүгээр хавтас 53-55 дахь талд нотариатчаар гэрчлүүлсэн зураг байх боловч уг зургийг үйлдсэн хугацаа тодорхойгүй, мөн хэргийн ... дүгээр хавтас 15, 17 дахь талд авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс хэвлэсэн Тусгаг:WGS1984 UTM Zone 48 N гэх тодотголтой Хаяг байршлийн зураг, Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэвлэсэн зургуудаас нэхэмжлэгч ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө бохирын шугамд холбоотой байсан гэдгийг шууд нотлох боломжгүй.
6.3. ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 02/17 тоот албан бичгийг ******* ХХК-д илгээсэн бөгөөд уг албан бичигт Манай компани 2009 оны 11 дүгээр сараас хойш цэвэр усаа ойролцоох албан газруудаас зөөвөрлөж, барилгын урд талын хашааны дотор бие засах жорлон ухаж хэрэгцээгээ зохицуулж ирлээ. Үйлдвэрийн барилгын урд талын талбайн хашааг буулгах болсонтой холбогдуулан 00-ын асуудал хүндрэлтэй болж байгаа тул танай цэвэр усны шугамнаас ус авах зөвшөөрөл олгож өгөхийг хүсье ... цэвэр, бохир усны төлбөрөө тарифын дагуу цаг хугацаанд нь төлөх болно гэсэн бөгөөд уг албан бичгийн хариуг ******* ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17/15 тоот албан бичгээр өгөхдөө Танай компанийн хувь нийлүүлэгчид болох , нар ******* ХК-ийн өмч хувьчлалаар тухайн үед ямар ч инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй /нам даралтын зуухаар халаадаг, гадаа модон жорлонтой/ хүйтэн агуулахыг хямд үнээр үнэлүүлж өөрсдийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Манай компанийн зүгээс танай компанийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй тул газар хандаж техникийн нөхцөл гаргуулж асуудлаа зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ үү гэжээ. /1хх-ийн 196-197/
6.4. ТӨХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12/263 тоот албан бичигт ... Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 14-ний 8 дугаар холболтын журам ...-д зааснаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд ... холбуулахад дулааны техникийн нөхцөл авах шаардлагатай ... техникийн нөхцлийн материалаа бүрдүүлж ... шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ******* ХХК-д өгчээ. /1хх-ийн 29/
6.5. ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ******* ХХК-ийн нэрийн өмнөөс газартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулан ажиллаж байгаа ба газраас ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр илгээсэн 13/1447 тоот албан бичигт ... Гэрээний зааг эзэмшлийн зурагт тусгагдсны дагуу хэрэглэгч ******* ХХК-ийн цэвэр усны шугам нь төвийн цэвэр усны ф500мм-ийн шугамнаас, бохир усны шугам нь бохир усны 1 дүгээр худгаас 43 дугаар худаг хүртэл өөр ******* ХХК-ийн эзэмшлийн, 44 дүгээр худгаас 48 дугаар худаг хүртэл хэрэглэгчдийн дундын эзэмшлийн шугам сүлжээ гэх бөгөөд төвийн гол цуглуулах 24 коллекторт холбогдсон болно гэжээ. /4хх-ийн 70-84/
6.6. Улаанбаатар хотын газраас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0003967 тоот албан шаардлагыг ******* ХХК-д хүргүүлсэн бөгөөд уг албан шаардлагад ******* ХХК-аас холболттой бохир усны худаг нь Нийслэлийн мэдээллийн санд бүртгэлгүй тул яаралтай гүйцэтгэлийн зураг зуруулах, зөвшөөрөлгүй холболт хийсэн хэрэглэсэн усны төлбөр төлөх, ...төлбөр төлж гэрээ хийгдээгүй тохиолдолд шугам ... таслах болохыг мэдэгдье гэжээ.
6.7. ******* ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* ХХК-д гаргасан 39 тоот албан бичигт ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хурлын өөрчлөн зохион байгуулагдах шийдвэр, Үнэт цаасны хорооны 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 14 тоот тогтоолыг үндэслэн ******* ХК-ийн эд хөрөнгийн эрх, өр төлбөрийг тухайн үеийн ХХК одоогийн ******* ХХК ...-д шилжүүлсэн. ******* ХК-ийн дулаан, цэвэр, бохир усны шугам, бүх худгуудыг бусад бүх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн хамтаар балансаас баланс руу ХХК /******* ХХК/-д ямар ч үлдэгдэлгүй шилжүүлсэн юм. ... Өөр бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд тасалж эзэмшүүлээгүй болно. Иргэн , нараас 842, 82 м.кв байрыг 2018 онд худалдаж авсан ******* ХХК нь ******* ХК-ийн инженерийн шугам сүлжээний өмчлөгч болох боломжгүй. Учир нь иргэн , / ХХК/ нар өөрсдийн эзэмшиж буй хувьцаанд дүйцүүлэн тухайн үеийн ******* ХК-ийн дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй хүйтэн модон цехийн байрыг хувьчилж авсан. Халаалтыг нам даралтын зуух, бохирын асуудлыг цехийн урд талд модон жорлонгоор шийдвэрлэсэн байсан. ... гэжээ. /4хх-ийн 114/
6.8. Дээр дурдсан нотлох баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь уг эд хөрөнгийг худалдаж авах үед бохир усны шугамд холбогдоогүй байсан, нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бохир усны шугамд холболт хийсэн байх тул нэхэмжлэгчийн ашигладаг бохир усны шугамыг хариуцагч ******* ХХК хаадаг гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн ашигладаг бохирын шугамыг хаадаг үйлдлийг таслан зогсоож, цаашид уг үйлдлийг гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
6.9. Түүнчлэн ******* ХХК-ийн өмчлөх, эзэмших эрх, түүнтэй холбоотой ашиг сонирхолд харшилсан ажиллагаа явуулахгүй байх, ******* ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг хариуцагчид тус тус даалгах шаардлагын тухайд үндэслэл тодорхойгүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 136,406,400 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасныг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
7.1. Хариуцагч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн 62,580 м.кв талбай бүхий газрын эзэмшил заагаар тодорхойлж хашаатай, 5 постоор байрлуулсан, 1 дүгээр гэж нэрлэсэн постоос ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хүртэлх зам талбай нь нийтийн эзэмшлийн зам талбай болох талаар талууд маргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин дээр дурдсан нийтийн эзэмшлийн зам талбайг хаах эрхийг ******* ХХК-д эрх бүхий этгээдээс олгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.3-т баг, хорооны Засаг даргын бүрэн эрхэд нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцахаар заасан байна. Иймд энэ эрхийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул нийтийн эзэмшлийн зам, талбайн харуул, хамгаалалтын хөлс, гэрэлтүүлэг, зам талбайн цэвэрлэгээ, арчилгаа, урсгал засвар, төв хаалганы автомат хаалтын төлбөр гэж тодорхойлсон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болжээ.
Түүнээс гадна ******* ХХК-ийн хашааг Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-т зааснаар хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа гэж тодорхойлохгүй юм. Өөрөөр хэлбэл уг хашааг ******* ХХК болон ******* ХХК-ийн хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг дэр баригдсан, хоёр талаас нэгэн зэрэг ашигладаг байдал байхгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасны дагуу
хариуцагчаас гарсан гэх дээрх зардлуудыг хуваан төлөх үүрэггүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
8. Шүүхийн шийдэлд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* ХХК-аас 136,456,400 төгрөг гаргуулах, цаашид гарах зардлыг ******* ХХК-тай хамтран хариуцаж төлөхийг ******* ХХК-д даалгах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 280,800 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 1,052,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840,2 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА