Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1007

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,  

иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,                        

улсын яллагч А.Ариунаа,

хохирогч Б.Батхүрэл, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /гэм буруугийн шүүх хуралдаанд оролцов/

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 1906 02380 1155 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн Б.Х, 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамтаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол 2 дугаар байрны 81 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мамбадацан” хийдийн ард талд байрлах нийтийн байранд иргэн Б.Батхүрэлтэй найз охинтойгоо маргалдсан асуудлаас болж маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгаар хутгалж цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн уушигны бүрэн бус уналт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэрэг болдог өдөр дөрвүүлээ байсан. Дэлгэрдалай, Болороо, би, хохирогч байсан. Бид 4 хоёр том пиво уугаад хөзөр тоглоод инээлдээд байж байсан. Миний найз охин Дэлгэрдалай, Болормааг гаргаж өгчихөөд ирье гэсэн. Болормаа хүүхэдтэйгээ байсан. Тэр хойгуур Батхүрэл би хүнтэй унтмаар байна гэсэн. Би андаа надад тийм юм байхгүй шдээ гэсэн чинь Болороогоо явуулчихлаа шдээ чи гэсэн.  Би чиний унтах ёстой хүнийг чинь бэлдэх ёстой юм уу гэхэд миний шилэн хүзүүнээс бариад чи шар хадны галзуу габи гэж мэдэх үү гэсэн. Би чи яагаад байгаа юм бэ, зүгээр бай гээд түлхсэн чинь намайг цохисон. Хохирогч намайг хутгалж ална шүү гэхээр нь би уурандаа шүүгээнээсээ өөрөө хутга гаргаж өгсөн. Би пудволкоо тайлаад би эр хүн байна чи миний хаашаа хутгалах уу гэхэд чамайг хутгалж яахав дээ гээд хутгаа ширээн дээр тавьсан. Би хутгыг аваад хураах гэтэл гүйж ирээд намайг орон дээр дараад унасан. Тэгээд би сандарсандаа хамар руу нь хоёр удаа мөргөсөн. Тэгтэл ээ андаа чи намайг хутгалчихлаа гэсэн. Сандраад босоод харсан чинь нээрээ хутгалчихсан байсан. Би сандраад утсаа аваад шууд түргэн дуудсан. Би гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй учраас эвтэй 4 амьтны тэнд түргэний эмч дуудсан. Би эвтэй 4-н амьтны тийшээ өргөж хүргэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, хохирол төлбөрийг төлж барагдуулсан”гэв.

Хохирогч Б.Батхүрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр би гэртээ байж байсан. Шүүгдэгч нь өглөөнөөс авахуулаад над руу залгаад найз охин байна, Болороо ирсэн байна уулзы гээд залгасан. Би ажилтай байнаа, өдөр очъё гэж хэлсэн. Би Хүслэн дээр очоод 2 том пиво уусан. Нөгөө хоёр найз охин нь явсан. Явсных нь дараа 0,5-н чингис аваад 2 татаад байж байсан. Найз охин буцаж ирээд Х-тэй юм яриад энэ хоёр маргалдсан. Маргалдаад хэн хэндээ ч бууж өгөөгүй. Энэ хоёр гарч яваад Х орж ирэхдээ над руу уурласан. Би гайхаад, чи яагаад байгаа юм бэ гэхэд ямар ч шалгаангүй уурлаад эцэст нь хэрэг болсон. Намайг цохисон, ална тална гэсэн. Найз охиндоо гаргасан уураа надад гаргасан. Андаа ийм зүйл байдаггүй юмаа гээд хоёр гарыг нь барьж аваад орон дээр тэвэрч аваад унасан. Тэгсэн миний хамар руу хоёр удаа мөргөсөн. Андаа ийм юм болдоггүй юмаа гэхэд алнаа, алнаа гээд байсан. Тэгсэн нэг мэдэхэд намайг хутгалсан байсан. Тэгээд би ухаан алдаад унасан. Андаа чи түргэн дуудаа өгчихөөч дээ гэж хэлсэн. За одоохон гээд сандраад түргэн дуудсан. Түргэн 20-30 минутын дараа эвтэй 4 амьтны тэнд ирсэн. Би тэр хүртэл алхсан, би маш их өвдсөн, маш их цус алдсан. Алхаж очоод ухаан алдаж унаад нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Хохирол төлбөр гэж эхний удаад 65.000 төгрөг авсан, өнөөдөр 333.000 төгрөг, авсан. Миний нийт эмчилгээний зардал 795.000 төгрөг болсон. 500.000 төгрөг бол өмгөөлөгчийн хөлс иймд 1.295.000 төгрөг болсон. Энэнээс 398.000 төгрөг авсан, 832.000 төгрөг авах дутуу байгаа. Хохирол төлөхөөр шүүх хуралдаан завсарлаж шүүгдэгч миний хохирлыг нөхөн төлсөн. Одоогоор гомдол саналгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Б.Батхүрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Х нь найз охинтойгоо муудаад надруу хутга барьж дайрсан. Миний зүүн гарны дал хэсэгт хутгалсан өөр ямар нэг гэмтэл байхгүй. ... Х-г орон дээр дарж унагаад хөгшөөн болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь орны дэргэд байсан хутгыг Н.Х аваад миний зүүн далны орчим 1 удаа нэвт хатгахаар нь би юу болов гэж бодоод бариад үзсэн цус гарч байхаар нь би цусаа хараад ухаан алдаад унасан ... Уг гэмтлүүдийг бүгдийг нь Х намайг хутгалах үед үүссэн. Би эмчилгээний зардлын баримтыг дараа өгнө тэр үед эмчилгээний зардал нэхэмжпэнэ” гэх мэдүүлэг / хх 4-5, 21 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4685 дугаар:

  1. 2 Б.Батхүрэлийн цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн уушигны бүрэн бус уналт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6.7 Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 16/,  өвчний түүх /хх 24-35/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 19/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоо /хх-36/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно. 

          Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мамбадацан” хийдийн ард талд байрлах нийтийн байранд иргэн Б.Батхүрэлтэй найз охинтойгоо маргалдсан асуудлаас болж маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгаар хутгалж цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн уушигны бүрэн бус уналт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Батхүрэлийн: “...Хүслэн нь найз охинтойгоо муудаад надруу хутга барьж дайрсан. Миний зүүн гарны дал хэсэгт хутгалсан өөр ямар нэг гэмтэл байхгүй. ... Х-г орон дээр дарж унагаад хөгшөөн болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь орны дэргэд байсан хутгыг Н.Хүслэн аваад миний зүүн далны орчим 1 удаа нэвт хатгахаар нь би юу болов гэж бодоод бариад үзсэн цус гарч байхаар нь би цусаа хараад ухаан алдаад унасан ... Уг гэмтлүүдийг бүгдийг нь Хүслэн намайг хутгалах үед үүссэн. Би эмчилгээний зардлын баримтыг дараа өгнө тэр үед эмчилгээний зардал нэхэмжпэнэ” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.,

Прокуророос шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Х-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөхөөр ажлын 5 хоног завсарлага авч энэ хугацаанд нь хохирогчид учирсан хохирол төлбөр болох 832.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Батхүрэл нь гэм буруутай этгээд болох Б.Х-ээс гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлсэн зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Б.Х нь бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон ба Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд биеийн эрүүл мэндийн улмаас оролцоогүй бөгөөд хохирогч өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Х-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Х-д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоход устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 832.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Б.Батхүрэл нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                         ШҮҮГЧИД                                Э.ЧИНГИС

 

                                                                            Д.МӨНХТУЯА