Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00330

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, , Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 4А хэсгийн Сургуулийн гудамжны 1495 тоотод оршин суух, Модны овогт Гочоогийн Оюунчимэг /РД:ГЮ61122804/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00297/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1961 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 55 настай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хужиртын 2в-9-4 тоотод оршин суух, Булган аймгийн Авто тээврийн төвд нягтлан бодогч ажилтай, Атган овогт Данзангийн Нансал /РД:ГЖ61022201/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981-1982 онд Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид ня-бо 1982-1984 онд Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ня-бо, /1984-1988 онд МУИС/ 1988-1989 онд Худалдаа бэлтгэлийн ангийн трестэд ня-бо, 1989-1992 онд Орхон сумын Өлзийт хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд болон Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. 1981-1992 он хүртэл Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн газрын харьяа худалдааны байгууллагуудад ажиллаж байсан 7 жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Оюунчимэг нь сургууль төгсөж ирээд 1981 оноос хойш Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байгаад дараа нь 1982 оноос Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор 1984 он хүртэл ажилласан. 1989 оноос Худалдаа бэлтгэлийн удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад Орхон сумын Өлзийт хорооны Худалдаа бэлтгэлийн ангид 1992 он хүртэл ажилласан. Тухайн үед гэр бүлгүй хүмүүсийг ойр ойрхон сэлгэн томилдог байсан бөгөөд би өөрөө Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Г.Оюунчимэгийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байгаа боловч цалингийн түүвэр, орсон гарсан тушаал архивт байхгүй учраас шүүхэд хандах шаардлагатай болсон гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр 1981-1982 онд Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор 1982-1984 онд Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор, 1988-1989 онд Худалдаа бэлтгэлийн ангийн трестэд нягтлан бодогчоор, 1989-1992 онд Булган аймгийн Орхон сумын Өлзийт хорооны Худалдаа бэлтгэлийн трестэд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Г.Оюунчимэг нь Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Худалдаа бэлтгэлийн ангийн трестэд нягтлан бодогчоор 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Орхон сумын Өлзийт хорооны Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан нь

-цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 56дугаартай лавлагаа, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-тухайн үед Г.Оюунчимэгтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Оюунчимэгийн ...Миний бие 1980 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажилд орж байсан. 1981-1988 онуудад Г.Оюунчимэг нь Булган аймгийн Сайхан, Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1988-1989 онуудад Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд нягтлан бодогчоор шилжин ирж ажилласан. 1988-1989 онуудад бид тус трестэд хамт ажиллаж байсан. Г.Оюунчимэг 1989 онд байх Өлзийт хорооны Худалдаа бэлтгэлийн анги руу нягтлан бодогчоор шилжин ажилласан. Тэрнээс хойш сайн мэдэхгүй гэх,

гэрч Д.Дашмаагийн ...Миний бие 1976 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар бичээчээр ажилд орж байсан. 1981-1988 онуудад Г.Оюунчимэг нь Булган аймгийн Сайхан, Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1988-1989 онуудад Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд нягтлан бодогчоор шилжин ажилласан. 1988-1992 онуудад Өлзийт хорооны Худалдаа бэлтгэлийн анги руу нягтлан бодогчоор шилжин ажилласан. 1981-1992 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа ангиудад нягтлан бодогчоор ажиллаж байсныг нь сайн мэднэ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Модны овогт Гочоогийн Оюунчимэгийг Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, Орхон сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн трестэд нягтлан бодогчоор 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Орхон сумын Өлзийт хорооны Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор нийт 6 /зургаан/ жил 6 /зургаан/ сар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН