Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02087

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/04138 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

 

6 ширхэг орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг даалгах, алданги, хохиролд 193,232,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Бумчин, Б.Энхтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг ******* нутаг дэвсгэр баригдах ******* орон сууцны барилгын А блокийн 12 давхрын А тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 11 давхрын F тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын Е тоот 87.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын В тоот 87.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 10 давхрын А тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын F тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг худалдаж авахаар тохиролцсон. Гэрээний үнэд 908,000,000 төгрөгийг төлсөн.

1.2.Хариуцагч нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлэх байсан. Гэвч орон сууцны барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай байгаа бөгөөд хариуцагч ******* ХХК нь миний захиалсан байруудыг бусдад давхар худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Орон сууц захиалагчдын фэйсбүүк групп дээрээс миний худалдаж авсан А.Блокны 12 давхар, ******* тоот 69.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн н.*******т, 9 давхар ******* тоот 87,73 м.кв 3 өрөө орон сууцыг иргэн н.*******т тус тус давхардуулж зарсан болохыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, тус байры 10 давхар 10А тоот 69.71 м.кв 2 өрөө орон сууцыг *******д давхар худалдсан болохыг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус тус мэдсэн. Улмаар хариуцагч ******* ХХК-д тухайн зөрчлийг арилгаж, гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 06, мөн оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус явуулсан. Гэвч хариуцагч компаниас ямар нэгэн хариу өгөөгүй.

Иймд дээр дурдсан 6 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө

1.2. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний 2.2-т барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгана гэсэн боловч дуусгаагүй. Гэрээний 5.2.9-т гүйцэтгэгчээс шалтгаалж энэ гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиодолд үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу худалдан авсан 6 орон сууц нь нийт 454 м.кв буюу 908 сая төгрөгөөс алданги тооцвол 185,232,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 8,000,000 төгрөгийг хохиролд тооцож, нийт 193,232,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч тал татгалзал, тайлбар агуулга:

2.1. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.3.3-т төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авах эрхтэй байсан. Нэхэмжлэгч 6 орон сууцны төлбөрөө төлөөгүй, шаардах эрх үүсээгүй.

2.2. ******* ХХК нь 2023 оны 12 сард уг барилгыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэж өгнө гэсэн. Энэ хугацаа нь тодорхой шалтгааны улмаас алдагдаж байгаа. Нэхэмжлэгч төлбөр тооцооны үүргээ гүйцэтгээгүй тул талууд харилцан үүргийн зөрчилтэй байна.

2.3. Өмгөөлөгчийг өөрөө сонгож авсан тул нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн хоорондын харилцаанаас үүссэн төлбөрийг төлөхгүй.

2.4. ******* нь ******* ХХК-тай Ремакс үл хөдлөх зуучлалын компаниар дамжуулан эрх зүйн харилцаанд орсон. Уг зуучлалын компани нь манайхтай харилцан тохиролцож гэрээ байгуулж ажиллаж байх явцдаа *******ийг санал тавиад оруулж ирсэн. Албан бус мэдээгээр *******ийн эхнэр нь тухайн компанийн захирал нь байж таардаг. Тэгэхээр *******ийн төлсөн 906,500,000 төгрөгөөс Ремакс үл хөдлөх зуучлалын компани мөн ялгаа байхгүй ашиг сонирхлын зөрчилтэй этгээд манайхаас хувь хэмжээгээр нь тооцож мөнгө гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл нөхөр нь төлсөн мөнгөнөөс эхнэр нь авч байна. Мөн дээрээс нь үлдэгдэл байруудаа бүгдийг нь авна гээд өөртөө давуу эрх олгож байна гэж компанийн зүгээс үзэж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг ******* нутаг дэвсгэр баригдах ******* орон сууцны барилгын А блокийн 12 давхрын А тоот 69.71 мкв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 11 давхрын F тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын Е тоот 87.73м кв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын В тоот 87.73 мкв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 10 давхрын А тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын F тоот 69.71квм талбайтай 2 өрөө орон сууц хөрөнгүүдийг, тэдгээрийг өмчлөх эрхийг бүртгүүлэх урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай баримт бичгийн хамт нэхэмжлэгч *******д олгохыг хариуцагч ******* ХХК-д тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,264,510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,224,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан.

4.1.Талуудын байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд м.кв-ыг 5,000,000 төгрөгөөр тооцсон. Шүүх нэг талыг барьж төлбөрийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн. Гэрээнд төлбөрөө гүйцэт төлсөн гэдэг. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.2-т байрыг ямар ч асуудалгүй зарж борлуулсан гэж хуурч бичүүлсэн хэр нь одоо тухайн заалтыг барьж дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

4.2. Ремах үл хөдлөх эд хөрөнгө зуучлах байгууллага нь манай борлуулж буй орон сууцыг зарж борлуулсан. Уг байгууллагын төлөөлөгч өөрийн нөхөр *******д орон сууцыг 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож уг 6 орон сууцыг авах боломжтой гэж амаар хэлцэл хийсэн. Мөн *******ийн 6 орон сууцанд бичилт хийлгэж авсныхаа дараагаар Ремах үл хөдлөх эд хөрөнгө зуучлах байгууллага нь манайхтай хамтарч ажиллахаа больсноор урьдчилан тохиролцсон гэрээ цуцлагдсан. Учир нь ямар ч холбоогүй, залгахаар утсаа авдаггүй. Мөн Иргэний хууль болон гэрээнд зааснаар тухайн байгууллага төлбөрөө бүрэн төлснөөр орон сууц шаардах эрх нь үүснэ гэдэг ч шүүх үүнийг харгалзаж үзээгүй.

4.3. Түүнчлэн шүүх хариуцагч талын гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч тал төлбөрөө бүрэн гүйцэт барагдуулаагүй учраас тухайн орон сууцнууд ******* ХХК-ийн өмч хэвээр байгаа. Иргэний хууль болон гэрээнд тухайн худалдагдаж буй эд хөрөнгийн үнийг төлснөөр эзэмшиж, ашиглах шаардах эрх нь үүснэ гэж хуульчилсан атал шүүх үүний эсрэг шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.Хариуцагч орон сууцны 1 м.кв-ыг 5,000,000 төгрөгөөр тооцож борлуулах байсан. Гэтэл нэхэмжлэгч 2,000,000 төгрөгийн төлбөр төлөөд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тул шаардах эрхгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор хэрэгт ******* 100 хувь төлбөрөө төлсөн баримт, мөн ******* ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулахдаа энэ зургаан орон сууцыг м.кв-ыг нь 2,000,000 төгрөгөөр тооцож чамд санал болголоо, 454,3 м.кв талбайн 908,600,000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлж өгснөөр манайх энэ орон сууцыг чамд өгөх болно гэдэг. Мөн өөр нэг баримт баталгаажуулж авсан. Учир нь гэрээнд 5,000,000 төгрөг гэж бичигдсэн байгаа, харин надад 2,000,000 төгрөгөөр зарж байгаагаа батал гэж албан бичгээр баталгаажуулж авсан. Тус албан бичигт гэрээний нэг заалт нь нэхэмжлэгчийн хүсэл зоригтой нийцэхгүй байсан учраас өөрчлүүлсэн. Үүнд бусдад байрыг шилжүүлж зарсан тохиолдолд ямар нэгэн байдлаар хувь хэмжээгээр шилжүүлсэнд мөнгөн төлбөр суутгана гэх заалт нь *******д үйлчлэхгүй болно гэх агуулгаар албан бичигт хүсэл зоригоо тодорхойлуулж авсан байдаг.

Мөн Ремах үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага нь ******* ХХК-ийг хууран мэхэлсэн гэдэг. Энэ асуудлыг Ремах үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагатай ярих асуудал. Мөн зуучлалын гэрээнд бидний зуучлуулж заруулах орон сууцны м.кв-ын үнэ нь 2,000,000 төгрөг болно гэдэг. Тухайн үед ******* ХХК нь 10 хувийн гүйцэтгэлтэй байсан орон сууцыг хөрөнгө оруулалт татахын тулд 2,000,000 төгрөгөөр зарахаа баталсан. Одоо хариуцагч өөрийн гаргаж баталгаажуулж өгсөн баримтаа өгөөгүй мэтээр тайлбарладаг. Хэргийн материалд 5,000,000 төгрөгөөр борлуулах гэх баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардалд 8,000,000 төгрөгийг хангахаас татгалзаж, 6 орон сууцны хөрөнгө, баримт бичгийг нэхэмжлэгчид олгож, алданги 185,232,000 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж бичсэн атлаа тогтоох хэсэгт алдангийг орхиж бичсэн тул хэргийг бүхэлд нь хянаад 185,232,000 төгрөгийн алдангийг нэмж оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 6 ширхэг орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг даалгах, алдангид 185,232,000 төгрөг, хохиролд 8,000,000 төгрөг, нийт 193,232,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс үйл баримт буруу тогтоогдож, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний зүйл болох Баянгол дүүрэг ******* нутаг дэвсгэр баригдах ******* орон сууцны барилгын А блокийн 12 давхрын А тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 11 давхрын F тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын Е тоот 87.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын В тоот 87.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 10 давхрын А тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын F тоот 69.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

3.2. Нэхэмжлэлийн зүйл болох дээрх орон сууцнууд нь хариуцагчийн өмчлөлд байгаа эсхүл өмчлөлд бий болох үл хөдлөх эд хөрөнгө болох талаарх баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд тухайн шаардлага хангагдах боломжтой эсэх тодорхойгүй гэж үзнэ.

 

3.3. Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл байгуулагдсан бол өмчлөх эрх шилжүүлэх үүрэг бүхий этгээд нь өөрөө өмчлөгч байх эсхүл өмчлөгч этгээдээс уг эрхийг шилжүүлж авсан этгээд байх учиртай.

Хариуцагч ******* ХХК Баянгол дүүрэг ******* нутаг дэвсгэр баригдах ******* орон сууцны барилгын захиалагч, барилгын ажил гүйцэтгэгчийн аль нь болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэр уг барилгын ажил хэний захиалгаар баригдаж байгаа, ямар хэмжээнд баригдсан, улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анхдагч эсхүл үүсмэл байдлаар бий болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тохиолдолд талуудын тайлбарыг үндэслэн бий болоогүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч болох талаар таамаглалд тулгуурлаж хэргийг шийдвэрлэхлэх боломжгүй.

4. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/04138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас төлсөн 1,264,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА