| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2023/00469/И |
| Дугаар | 203/МА2025/00006 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 203/МА2025/00006
Л.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дугаартай шийдвэртэй,
Л.*******ийн нэхэмжлэлтэй,
Х.*******д холбогдох
Гэм хорын хохиролд 33 143 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, гуравдагч этгээд Э.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэдийгээр Эм Эл ******* ******* Гинко ХХК-ийн нэр дээр байгаа ч нэхэмжлэгч Л.******* зээлийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашигладаг болно.
2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.*******ийн эзэмшлийн Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.******* жолоодон явж байхад хатуу хучилтай засмал зам дээр автомашин зогсох боломжгүй зайд тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд 31 726 400 төгрөгийн бодит хохирол учирсан юм.
Тухайн үед харуй бүрий болсон байсан, урдаас хоёр автомашин зөрж байсан учир Э.******* жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрлийг ойрын тусгалд шилжүүлэн хөдөлгөөнд оролцож байсан ба зам дээр хажуугаас гэнэт гарч ирсэн тэмээг хараад зогсоож амжилгүй мөргөж осол гарсан.
Осол гармагц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.******* тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэврээр Э.*******д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Харин хариуцагч Х.*******д Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2, Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: /хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Х.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2.3. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан юм.
Гэтэл осол болсны дараа тэмээний эзэн Х.*******д хандаж ...бид автомашиндаа учирсан хохирлоо яах вэ гэхэд өөдөөс тэмээний хохирлоо нэхэж, ... та нар зүгээр амьд үлдсэндээ баярла хэмээн биднийг үл ойшоож байгаад гомдолтой байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт: бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт: ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.*******өөс тээврийн хэрэгслийн хохиролд 31726400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1 417 000 төгрөг нийт 33 143 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2023 оны 02 дугаар сарын 02-ны үдэш Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотын чиглэлд Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 заасан харанхуй үед үзэгдэлт хангалтгуй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй хурд хэтрүүлж маш их хурдтай явсны улмаас зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан.
Манайх тэмээ, адуу, хонь, ямаа гэх 4 төрлийн малтай үүнээс хонь ямаа саалийн торомтой ингээ өдөр тутам маллаж гаднаа хотондоо хотлуулж хоноглуулж малладаг. Харин энэ дайрагдсан тэмээ маань өдөр тутам хараа хяналтдаа байлгах маллагаа шаардагдахгүй хээрээр явдаг сувай тэмээнд явдаг гадаа хотлуулж малладаггүй, 2-3 өнжиж усандаа ирж уугаад хөдөөгүүр хонож явдаг мал билээ. Хээрээр явдаг малыг бид өдөр болгон гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Ямар ч малчин айлаас асуусан сувай бод малаа хээрээр хонуулж малладаг нь батлагдах билээ. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай үүгээрээ малчид бид өв соёлоо хадгалж яваа. Хөдөө аж ахуйн салбарын нэгэн хэсэг юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө нөхөн төлөх эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэж нэхэмжилсэн байнэ
Би Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 3-т зааснаар хариуцлагаа хүлээж торгуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл зам дээр зүгээр зогсож байхад нь манай тэмээнүүд бүлэглэж хурд хэтрүүлж очоод тоормос гишгэлгүй машиныг дайрч сүйтгээгүй амьд биет мал хаана явахыг үргэлж харж дагаж явах боломжгүй ухаант хүн бид амь амьжиргаагаа залгуулахын тулд малаа орхиж төв суурин газраар зорчих хоол хүнс бензин тосоо базааж явах шаардпагатай байдаг. Энэ хөдөө хээрийн хатуу хучилттай замыг гатлан мал малчин мөн зэрлэг ан амьтан явдаг, Тэр машины жолооч хэрэв зэрлэг амьтан дайрч машинаа эвдэлсэн бол тэр амьтнаас хохирлоо байсан уу? Манайд хандаж нэхэмжлэл гаргасан Лувсандагва овогтой ******* гэх хүнийг бид мэдэхгүй танихгүй энэ хүнд ямар нэгэн өглөг байхгүй. Энэ нэхэмжилж буй хохирлоо тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх жолооч Э.*******ын хурд хэтрүүлсэн жолоочийн хариуцлагаа биелүүлж яваагүй саадыг тойрч гараагүй үйлдлээс болсон гэж би бодож байна. Хэрэв энэ хүн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа заасан боломжит хурдаар явж байсан бол зам дээр гарч ирсэн саадыг буюу тэмээг тойрон гарах боломжтой ингэснээр тэр машинд эвдрэл хохирол учрахгүй байсан. Тиймээс ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3-т болон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн б, 12.2, 13.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй, машины жолоогоо шилжүүлж өгсөн *******аас хохирлоо нэхэмжлэнэ үү. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.*******өөс 33 143 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нарын давж заалдах гомдлын агуулга: Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хариуцагч Х.*******ийн мал буюу тэмээгээ хариулгагүй байлгасан гэх малчны эс үйлдэхүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалт зөрчсөн байх бөгөөд энэ нь түүний эс үйлдэхүй болон эрхийн зөрчлийн хоорондын шалтгаант холбоог агуулж байна" гэж дүгнэсэн атлаа "... Х.*******ийн малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй, тухайлбал түүний эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд хариуцлага хүлээх шалтгаант холбоогүй гэж үзэв гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилдөж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо түүний гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/, байх шинжүүдийг хуулиар тогтоосон.
Хариуцагч Х.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: з/хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн тул түүнд Зөрчлийн тухай хууль заасан торгох шийтгэл оногдуулснаар түүний болгоомжгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон эрх бүхий албан тушаалтны акт хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Х.******* нь өөрийн тэмээг засмал зам руу ороод ирсэн байгааг харсан атлаа тэднийг засмал замаас холдуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн магадалгаанд авагдсан Х.******* мэдүүлэгтээ; 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тэмээгээ Ханхонгор сумын адаг руу туугаад бөөгнүүлж тэнд орхисон. Тэгсэн удалгүй маргааш нь замын ойролцоо ирчихсэн байгаа харагдсан гэх. Мөн та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 3-д зааснаар хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэл амьтныг оруулахгүй байх гэсэн заалтыг мэдэх үү гэхэд, өр нь бол мэднээ... гэж мэдүүлснээс тодорхой харагдаж байна. Өөрийн тэмээг хатуу хучилттай зам руу ороод ирсэн байгааг харсаар байж түүнийг холдуулах үүргээ биелүүлээгүй, зам тээврийн осол гарахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой байхад түүнийг холдуулаагүй эс үйлдэхүй гаргасан гэм буруутай байна. Тэмээг холдуулах үүргээ биелүүлээгүй нь хариуцлага хүлээх үндэслэл болно.
Цагдаагийн ахмад М.*******гээс тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.*******д оногдуулсан шийтгэврийн хуудас нь жолооч хурд хэтрүүлэн явсан болох нь тогтоогдоогүй үндэслэлээр хүчингүй болсон, тээврийн хэрэгслийн хурдыг орон нутгийн замд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэлгүй явсан тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зэргээс үзэхэд зам тээврийн осол болох болсон үндсэн шалтгаан нь хариуцагч Х.******* нь тэмээгээ хатуу хучилттай зам руу орж ирсэн болохыг мэдмэгцээ холдуулах үүргээ биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой байна.
Дээрхээс дүгнэхэд зам тээврийн осол нь хариуцагч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчид бодит хохирол буюу гэм хор учирсан, түүний малаа хатуу хучилттай замаас холдуулаагүй эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол нь өөр хоорондоо шалтгаант холбоотой, анхан шатны шүүхээс шалтгаант холбоотой хэмээн дүгнэсэн хэдий ч хариуцлага хүлээх шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрүүтэй, байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.
Хоёр. 1. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Э.*******тай холбоотой Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэвэр ...хэрэгт хамааралгүй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгоогүй болно гэжээ,
Шүүхээс дээрх шийтгэврийг хэсэгт хамааралгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэсэн байна.
Хуулийн дээрх заалт нь нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт ямар хамааралтай болохыг тогтоох тухай заалт юм. Тээврийн хэрэгслийн жолооч тохирох хурдыг сонгон яваагүй, хурд хэтрүүлсэн хэмээн шийтгэвэр оногдуулсныг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэвэр нь гуравдагч этгээдэд хамааралтай тул үнэлэхгүй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй болжээ.
Шүүхээс нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэж шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх байтал ийнхүү хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хэргийн оролцогчид хамааруулсан атлаа хэрэгт хамааралгүй гэж дүгнэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг хэтэрхий туйлшруулан, нэг талыг барьж хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрх бүхий этгээдийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарсан магадалгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд энэ нь зөрчил гарсан цаг хугацааны хувьд зөрүүтэй тул осол болсон шалтгаан нь Х.*******ийн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.3-д заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон гэх магадалгааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно гэжээ.
Хохирол бий болсон учир явалд нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны орой 23:00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.*******ийн эзэмшлийн Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.******* жолоодон явж байхад хатуу хучилтай засмал зам дээр автомашин зогсох боломжгүй зайд тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж осол болсон.
Осол гарсны дараа Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.******* дуудлагаар ирж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны магадалгаа гаргасан. Цагдаагийн ахмад М.******* 2023 онд үйлдсэн Эрх бүхий албан тушаалтны магадалгааны огноог 2022 он хэмээн техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Гэвч тус магадалгаа нь дээрх зам тээврийн ослын магадалгаа болох нь холбогдогч нарын овог нэр, осол болсон байршил, цаг хугацаа, холбогдогчийн мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэвэр зэрэг олон нотлох баримтаас харагдаж байгаа. Мөн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар тодруулан асуух боломжтой байхад Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-д заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон гэх магадалгааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй хэмээн шууд дүгнэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлахгүй, шүүх шууд нутгийн малчны талд орж, зөвхөн нэг тапыг барьж хэргийг шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна.
3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ... хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хуулийн заалтыг дурдсан атлаа нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуулийг хэрхэн хэрэглэж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл, хэргийн шийдвэрлэлт хоёр зөрчилдөж байна Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167,1.2 дахь заалтад заасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дүгээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон хэрэг учрал, хохирол юунаас болж учирсан бэ? гэдэг тал дээр хариуцагч Х.*******ийн зүгээс маргадаггүй. Х.*******ийн тэмээ гэдгийг тогтоогдсон баримтууд байдаг. Мөн хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч Х.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 26.8, 27.2з-д заасан хатуу хучилттай замд тавин метрээс дотогшоо хариулгагүй мал, тэжээвэр амьтныг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас Л.*******ийн тээврийн хэрэгсэлд 33 143 400 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтуудаар нотлогдсон. Ямар нотлох баримтуудаар нотлогдоод байгаа юм бэ гэхээр малчин иргэн Х.*******д оногдуулсан шийтгэлийн хуудас дээр Замын хөдөлгөөний дүрмийн 27.2з-г зөрчсөн гээд хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоод, энэхүү шийтгэлийн хуудас өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Өрөөр хэлбэл Х.******* нь хариулгагүй малыг тавин метрээс дотогшоо оруулахгүй байх гэсэн хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас өнөөдрийн энэ зам тээврийн осол гарсан гэж үзээд нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Мөн нотлох баримтын хувьд автомашины хохирлыг үнэлэхдээ 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 42719 дугаар тайлангаар хохирлын үнэлгээг тогтоосон. Энэ үнэлгээн дээр хариуцагч маргаагүй явж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа хариуцагчаас үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргая гэсэн хүсэлт гаргасан. Ингээд хүсэлт гаргаад шинжээчийн дүгнэлт ирээгүй байхад хариуцагч өөрөө хүсэлтээ татаж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Хоёр дахь анхан шатны шүүх хуралдаан болсон. Нотлох баримтаар эрх бүхий албан тушаалтны магадалгаа авагдсан. Уг магадлагаанд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэн байдаг. Энэ алдаа нь 2023 оныг 2022 он гээд бичиж явж байгаад холбогдогч мэдүүлэг дээрээ бүх огноог нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс найз н.Дөлгөөн бид хоёр гараад үйл явдлын талаар ярьж байгаад 2023 оны магадлагаа гэдгийг бүгдийг нь дурдаад бичээд явсан. Өөрөөр хэлбэл 2023 онд болсон энэ хэрэг дээр 2023 онд эрх бүхий албан тушаалтны магадлагаа гарч байхад 2022 оны гээд зөвхөн техникийн шинжтэй алдаа гаргачихсан байхад энэ манай хэргийн нотлох баримт биш гээд явцуу дүгнэчихсэн. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас гомдол гаргасан. Нотлох баримтуудаас үзэхэд жолооч Э.*******д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулаад энэ шийтгэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл жолооч Э.******* тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн байна гэсэн шийдвэр хүчингүй болчихсон. Логикоор бодоод үзэх юм бол тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлээгүй байна гэсэн үг. Юуг үндэслээд хариуцлага хүлээх шалтгаант холбоо байхгүй гээд байгаа нь тодорхойгүй. Хариуцлага хүлээх шалтгаант холбоо гэж юу байдаг юм. Зам дээр байгаа тэмээг мөргөөд осол гарсан. Малчин энэ тэмээг холдуулаагүй, эс үйлдэхүй гаргасан. Ганцхан энэ шалтгаант холбоо байхад хуульд байхгүй хариуцлага хүлээх шалтгаант холбоо байхгүй гэсэн дүгнэлтийг хийгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хуульд байхгүй үндэслэл гаргаж ирээд дүгнэлт хийдэг. Энэ олон нотлох баримтуудыг яаж үгүйсгэж байгаа талаар ямар ч дүгнэлт байхгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Х.******* тэмээг замаас холдуулаагүйн улмаас мөргөсөн шалтгаант холбоо байна гэж дүгнэчхээд хойноос нь хариуцлага хүлээх шалтгаант холбоо байхгүй гэж үздэг. Юу гэсэн үг юм. Эрүүгээр бол хүнийг алчихсан юм байна. Гэхдээ хариуцлага хүлээх шалтгаант холбоо байхгүй гэж үзэх юм уу? ямар ч ойлгомжгүй ийм хууль зүйн техникгүй дүгнэлт хийж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр дээр үнэхээр гомдолтой байна. Гомдлын нэг агуулга нь гуравдагч этгээд Э.*******д холбогдуулж шийтгэлийн хуудсыг оногдуулсан шийдвэр нь манай хэрэгт буюу нэхэмжлэгчид хамааралгүй гэж үздэг. Нэг газар, нэг тэмээ, нэг автомашин, нэг жолооч гээд бүх юм ойлгомжтой байхад жолооч, хохирогч гээд бүгдийг нь тусгаарлаад өөр өөр этгээд байна гэсэн хэв маягтай дүгнэлт хийдэг учраас манай хэрэгт энэ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй, энэ хэрэгт буюу нэхэмжлэгч Л.*******т Э.******* жолоочийн үйл явдал хамааралгүй гэдэг. Яаж хамааралгүй байх юм бэ? яаж ч бодсон жолооч нь машин бариад явж байсан. Жолоочийн хажууд машины эзэн суугаад явж байсан. Тэгээд асфальтан зам руу орсон тэмээг мөргөж байгаа үйл явдал. Өөрөөр хэлбэл энэ явж байгаа машин хурд хэтрүүлээгүй гэдгийг нотолж байгаа нотлох баримтыг хамааралгүй гээд дүгнэчихдэг. Бид нар хурд хэтрүүлсэн гэдгийг хүчингүй болгохоос илүү яаж тогтоох юм. Эрх бүхий албан тушаалтны тогтоосон энэ шийдвэрүүд байна. Үүнийг юугаар үгүйсгээд байгаа юм. Жолооч нь нэхэмжлэгч биш гуравдагч этгээд гэдэг үндэслэлийг хэрэгсэхгүй болгочхож байгаа юм гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээч томилох замаар эрх бүхий албан тушаалтан ийм ажиллагааг хийхгүйгээр хэргийн газрын үзлэг, хоёр талын хүмүүсийн мэдүүлгийг үндэслээд та хурд хэтрүүлчихсэн байна. Малаа хариулгагүй оруулчихсан байна гээд хоёуланг нь торгоод шийдчихсэн. Шинжлэх ухааны шинжилгээний мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хурдыг тогтоох гэж оролдоогүй мөртлөө хүнийг хурд хэтрүүлсэн гэж торгож байгаа нь үндэслэлгүй гэдэг утга агуулгатай гомдол эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Өөрөөр хэлбэл жолооч хурд хэтрүүлсэн гэдэг шийтгэх хуудас хүчингүй болчихсон. Харин малчинд авсан шийтгэлийн хуудас хэвээрээ үлдчихсэн. Энэ хоёр хүн чинь хоёр тусдаа шийтгэлийн хуудсаар шийдэгдээд, нэг нь тэр чигээрээ үлдээд, нэгийг нь шүүх байхгүй болгочихсон асуудал байгаа. Замын хөдөлгөөний дүрэм ерөнхийдөө аль ч улсад хүмүүсийн цусаар бичигддэг. Мөргөлдөөд байхаар нь ингэж болохгүй юм байна. Замын хөдөлгөөний дүрмийг ингэж өөрчлөх ёстой юм байна гэдэг. Манайх дээр хариулгагүй малтай холбоотой маш их хүмүүс үхэж байна. 2018 оны замын хөдөлгөөний дүрэм дээр энэ заалт ямар байсан гэхээр шөнийн цагаар битгий оруулаарай гэдэг үүргийг малчинд өгсөн байдаг. Мөргөлдөөд үхээд байхаар нь хууль тогтоогч яасан бэ гэхээр өдөр, шөнө нь хамаагүй юм байна. Малчин ямар ч тохиолдолд тавин метрээс дотогш асфальтан зам руу малаа оруулж болохгүй юм байна гээд бид нарын цус, нулимсан дээр бичигддэг. Ингээд малчинд өдөр байна уу, шөнө байна уу хамаагүй зам руу тавин метр ойртуулж болохгүй гэдэг үүргийг хатуу нөхцөлтэйгөөр оноочихсон. Энэ үүргээ биелүүлээгүй нь М.******* гэдэг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хүчин төгөлдөр болоод энэ хүн торгуулиа авчихсан. Ийм л бодит байдал байна. Анхан шатны шүүхийн 389 дугаартай шийдвэрийг уншахад хуулийн сургуульд заалгасан онол мэдлэгээс шал өөр, эсрэг байсан. Би лав ийм гэм хорын хичээл заалгаагүй. Миний багш нар ийм зүйлийг заагаагүй учраас би ойлгохгүй байсан. Гэм хор учруулагчийн гэм буруу нь тогтоогдсон байх ёстой гээд би хэргээс нь хайсан. Гэтэл хариуцагчийг торгочихсон байсан. Чи замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд зам руу малаа оруулчихсан байна. Чи тэр малыг хариулаагүй, буцааж нааш нь татаагүй байна шүү гэдэг. Тэгэхээр малчин буюу хариуцагч гэм буруутай нь тогтоогдчихсон байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Шалтгаант холбоог хамгийн энгийнээр харахад үйлдэл, эс үйлдэхүйг буцаая, мөн цаг хугацааг хугацааг арилгахаар үр дагавар дагаад арилж байх ёстой. Тэгвэл би эсрэгээр нь бодоод малчин малаа хариулбал үр дагавар арилах ёстой. Малчин малаа хариулаад эхэлбэл тэмээ зам руу ойртохгүй. Э.******* машинаараа тэмээ мөргөхгүй. Тэгэхээр шалтгаант холбоо байна. Би буцааж ухраагаад эсрэгээр нь ярьж байна. Гэм хорын үндсэн гурван элемент энэ хэрэг дээр байсан. Тэгээд би анхан шатны шүүхийн шийдвэрийг унштал манайх яалтчүгүй ялж байна гэж бодоод долоодугаар нүүрнээс наймдугаар нүүр лүү шилжих хэсэг дээр Х.******* үндэслэлтэй ярьж байна гэж шүүх дүгнэсэн байдаг. Х.******* малаа хариулгагүй байлгасан малчны эс үйлдэхүй нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөн байх бөгөөд гээд бичсэн байхаар нь бид нар ялаад байна гэж бодтол түүний эс үйлдэхүй болон эрхийн зөрчлийн хоорондын шалтгаант холбоог агуулж байна. Харин малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс хохирол учирсан байх нь хариуцлага хүлээх шалтгаант холбоонд хамаардаг. Х.*******ийн малаа хариулгагүй байсан эс үйлдэхүйгээс гээд ойлгомжгүй байдлаар бичигдээд эс үйлдэхүйгээс тээврийн хэрэгслийн хохирол учраагүй. Тухайлбал түүний эс үйлдэхүй хохирол хоёрын хооронд хариуцлага хүлээх шалтгаант холбоогүй гэж үздэг. Ингээд шийдвэрийн 60 хувь хүртэл би ялчихаад, сүүлийн 20 хувьд нь ялагдчихаж байна. Шалтгаант холбоо байна гэж явж байснаа хариуцлага яагаад ч юм хүлээхгүй болоод явчихсан. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй. Агуулгын хувьд эрх зүйн эсрэг, хууль ёсыг гажуудуулж, эрх зүйг буруугаар тайлбарласан шийдвэр гэдгийг өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэгэхээр Э.*******даа ч биш, Л.*******төө ч биш. Энэ манай эрх зүйт ёсны эсрэг үйлдэл учир бид нар яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Үүнийг бид нар засах ёстой. Миний зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө гомдлын агуулгыг дэмжиж байна. Энэ шийдвэр хүчингүй болох ёстой. Манай нэхэмжлэлийг хангаж өгөх ёстой. Энэ хэрэг нь зөвхөн явцуу утгаар шийдэгдсэн. Бид нар эрх зүйгээ хамгаалах ёстой. Ийм буруу жишиг тогтоож болохгүй. Ингэж тайлбарлаж бичиж болохгүй. Шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд дараагийн нэг ойлгохгүй байгаа зүйл нь анхан шатны шүүхийн шийдвэрийн наймдугаар нүүрний арав дахь заалт байгаа юм. Жолоочийн шийтгэлийг хуудсыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгочихсон шийдвэрийг энэ хэрэгт хамааралгүй гэдэг. Ийм тусдаа санаа өгөөд байгаа юм. Жолооч Х.*******ын торгуулсан шийдвэр хүчингүй болчихсон нь энэ хэрэгт хамаагүй юм бол яагаад бид нарын нэхэмжлэл хэрэгсэхгүй болох үндэс болоод байгаа юм. Энэ хүнийг цагаатгах, энэ нэхэмжлэлээс чөлөөлөх үндэслэл болоод байгаа юм гэдгийг би ойлгохгүй байна. Тийм учраас шүүх эрх зүйг хамгаалаач ээ гэж хүсэж байна гэв.
7. Хариуцагч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлээгүй, боломжтой хурдыг сонгож явсан бол тийм аваар осол болохгүй. Тэмээ, малаа замаас холдуулаагүй гэж үзээд байна. Тухайн өдөр би тэмээндээ яваад замаас хойш нь Ханхонгор сумын адаг руу шахсан. Тэмээ чинь урт хөлийн амьтан учаас хоёр, гурван километрт дорхноо яваад очдог. Тухайн үед цаг муу учраас газрын гарц муу байсан. Замын хажуугаар цас орсон учраас цас идэх гээд шөнөдөө яваад оччихдог юм. Тэрийг би удаа дараа хэлж байна. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Х.******* гэдэг хүн дайрч, давшлаад намайг буруутай гэж байна. Анхан шатны хурлаар шийдээд манай тэмээ болон би буруугүй нь тогтоогдсон. Тухайн автомашиныг манай тэмээ унаж яваагүй. Танай жолооч Э.******* унаж явсан. Жолооч чинь хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг хэлье. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг маргааны хувьд өмнө нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар ажиллагаа явагдаж байсан. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, гомдол гаргах эрхийг хангаагүй гэх үндэслэлээр шийтгэврийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ шийтгэлийг хүчингүй болгосон учраас Э.*******ыг буруугүй. Дүрэм зөрчсөн гэх асуудлаас чөлөөлөгдөж байна. Харин Э.******* нь дүрмээ зөрчсөн учраас энэ гэм хорын хохирлыг бүрэн хариуцах учраас нэхэмжлэлээ бүхэлд нь шаардаж байна гэх утга агуулга бүхий нэхэмжлэлийг гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж миний хувьд өмнөх хоёр анхан шатны шүүх хурал дээр энэ асуудлыг тайлбарлаж маргаж мэтгэлцэж оролцсон. Энэ зөрчлийн хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа нөхцөл байдал тухайн шийдвэрээс харахад ойлгомжтой тодорхой байдаг. Хурд хэтрүүлсэн асуудал дээр н.******* байцаагчийг олигтой ажиллагаа хийгээгүй гэсэн зүйлийг ярьдаг. Энэ ажиллагааг хийлгэхийн тулд эрхээ хангуулахын тулд гомдлоо гаргадаг. Гомдлоор нь процесс алдаа байна гэдэг үндэслэлээр хүчингүй болсон гэж үзэж байна. Гэтэл аль аль талд хуульчид орж байж шийдвэр нь дуусаагүй байхад иргэний гэм хор хохирлыг шаардаад байгаа нь үндэслэлгүй гэдэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Процесс алдаагаар хүчингүй болчихоод байхад чинь Э.*******ын дүрэм зөрчсөн асуудал хүчингүй болчихсон. Тийм учраас хариуцахгүй гэж нэхэмжлэлээ гаргаад байгаа нь ямар ч үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эргэлзээгүй гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
9. Гуравдагч этгээд Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хурд хэтрүүлээгүй. М.******* байцаагч намайг торгохдоо Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тохирсон хурдыг сонгож явна гэдэг үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй. М.******* байцаагч намайг 80 километр цагаас илүү хурдтай явж байсан гэдэг талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Миний зогссон зайг харах юм бол хорин хэдэн метр байдаг. Хорин хэдэн метр гэдэг нь дөрвөн машин нийлүүлээд зогсоосон хэмжээний зай байгаа. Тэгэхээр маш богино зай гэсэн үг. Мөргөсөн машин дээр дүгнэлт хийхэд тухайн тэмээг мөргөх үед машины тоормос гээд бүх юм ажиллагаагүй болоод эвдэрсэн машиныг би зам дээрээс унагаалгүй амжилттай зогсож чадсан. Х.******* гэдэг хүний хэлж байгаагаар би азтайдаа амьд үлдчихээд байгаа. Гэтэл би өөрийн туршлагаараа амьд үлдсэн. Мэдээж тодорхой хэмжээний аз байсан байх. Намайг түрүүчийн шүүх хурал дээр чи урсгал сөрөөд зогсчихсон байсан гэдэг. Тэмээ мөргөөд машины цонх шил, дэр гээд бүх юм задарчихсан хүн зам дээрээсээ аль болох уначихгүй л гэж баримжаалж тээврийн хэрэгслийг зогсоосон. Надад тэр урсгалыг тооцоолох ямар ч боломж байгаагүй. Энэ хэрэг зөрчлийн хэрэг байхаасаа авхуулаад анхнаасаа нэг сонин явчихсан. Х.******* гэдэг хүн таньдаг талаа ашиглаж удаа дараа над руу дайралт, давшилт хийсэн. М.******* байцаагч эхлээд энэ бол Х.*******ийн буруу гэдэг байдлаар явж байснаа тодорхой хугацааны дараа гэнэт та хоёр хоёулаа буруутай гэдэг дүгнэлт гаргаж эхэлсэн. Энэ дээр би анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй учраас бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж өгнө үү. Энэ осол юунаас болсон байна. Үүнийг нарийн тодорхойлмоор байна гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч үүнийг хүлээж аваагүй. Үүнийг шүүх авч хэлэлцээд энэ хүн удаа дараа хүсэлт гаргасан байхад таны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас дараа дараачийн арга хэмжээг авхуулъя гээд хандсан байна. Та үүнийг авч хэлэлцээгүй зөрчлийн хэргийн 56 хоногийг буулгаад шийдвэрлэсэн байна. Энэ чинь хууль зөрчсөн байна гээд миний торгуулийн хуудсыг хүчингүй болгосон. Энэ шийтгэлийн хуудас нь хурд хэтрүүлсэн шийдвэр биш, зүгээр хурд тохируулж яваагүй гэдэг шийдвэр. Миний дээр дарга, цэрэг гэж хүн байдаг гээд намайг хувийн журмаар уулзчих гээд Түвшинжаргал гэдэг хүнтэй уулзуулсан. Түвшинжаргал гэдэг хүн нь Өмнөговь аймгийн замын цагдаагийн газарт даргаар ажилладаг юм шиг байсан. Тэгээд надтай уулзаад хэрэв чи шөнө явж байгаад зам дээр хүн гараад ирсэн бол адилхан дайраад гарах байсан уу? энэ тэр гэж илт хувийн чанартай дайралт хийж эхэлсэн. Х.******* гэдэг хүний хувьд ээмэг дээр нь би цацраалагч зүүчихсэн байсан гэж ярьдаг. Тухайн үед ээмэг нь ямар хэмжээтэй байсан бэ гэхээр хүний ганц хурууны дайтай, манай тэмээ шүү гээд таних тэмдэг төдий улаан цагаанаар сүлжилчихсэн утас байдаг. Тэрэн дээр ямар цацруулагч байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр шинэ цацруулга өөрөө барьж ирээд манай тэмээ ийм цацруулагчтай байсан гээд худлаа ярьдаг. Сая хүртэл замын хажууд цас байсан гэж худлаа ярьж байна. Тухайн ослын үеийн зураг хэрэгт байгаа. Тухайн зураг дээр ямар ч цас байхгүй. Өөрийгөө зөвтгөх гээд байнга худлаа ярьж байна. Эцэст нь хэлэхэд ямар ч ажил хөдөлмөр эрхэлсэн, юу ч хийсэн бай хуульд нийцүүлэх ёстой. Хэрвээ энэ хуулийг ашиглахгүй юм бол замын хөдөлгөөний дүрмийн заалтыг аваад хаячих хэрэгтэй. Тавин метрийн дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтан гээд бүр нохой ч орох нь байна. Энэ хуулийг хэрэглэхгүй юм бол ийм хуулийн заалт байгаад ч хэрэггүй гэж бодож байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Л.******* нь Х.*******д холбогдуулан 33 143 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ ...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.*******ийн эзэмшлийн Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.******* жолоодон явж байхад хатуу хучилтай засмал зам дээр автомашин зогсох боломжгүй зайд тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд 31 726 400 төгрөгийн бодит хохирол учирсан юм. Тухайн үед харуй бүрий болсон байсан, урдаас хоёр автомашин зөрж байсан учир Э.******* жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрлийг ойрын тусгалд шилжүүлэн хөдөлгөөнд оролцож байсан ба зам дээр хажуугаас гэнэт гарч ирсэн тэмээг хараад зогсоож амжилгүй мөргөж осол гарсан. Тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэврээр Э.*******д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин хариуцагч Х.*******д Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: /хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна. Иймд Х.*******өөс эл хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ.
2. Хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Хээрээр явдаг малыг бид өдөр болгон гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Ямар ч малчин айлаас асуусан сувай бод малаа хээрээр хонуулж малладаг нь батлагдах билээ. Энэ нэхэмжилж буй хохирлоо тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх жолооч Э.*******ын хурд хэтрүүлсэн жолоочийн хариуцлагаа биелүүлж яваагүй, саадыг тойрч гараагүй үйлдлээс болсон. Хэрэв энэ хүн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа заасан боломжит хурдаар явж байсан бол зам дээр гарч ирсэн саадыг буюу тэмээг тойрон гарах боломжтой ингэснээр тэр машинд эвдрэл хохирол учрахгүй байсан. Тиймээс ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3-т болон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн б, 12.2, 13.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй, машины жолоогоо шилжүүлж өгсөн *******аас хохирлоо нэхэмжлэнэ үү. гэсэн тайлбар гаргасан.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Хариуцагч Х.*******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. з/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1-д зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан хэдий ч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм буруу нь дан ганцаараа түүнд шууд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* Бусдад гэм хор учруулсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүйн нөгөө талдаа учруулсан, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх зарчим Иргэний хуульд үйлчилдэг. Тэгвэл тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шалтгаант холбоо хариуцагч Х.*******ийн зам дээр хариулгагүй мал буюу тэмээ байсны улмаас үүссэнтэй шууд шалтгаант холбоотой гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ нь хариуцлагыг үндэслэх шалтгаант холбоог агуулж байх тул түүний тайлбар үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.*******ийн мал буюу тэмээгээ хариулгагүй байлгасан гэх малчны эс үйлдэхүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалт зөрчсөн байх бөгөөд энэ нь түүний эс үйлдэхүй болон эрхийн зөрчлийн хоорондын шалтгаант холбоог агуулж байна. Харин малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс хохирол учирсан байх нь хариуцлага хүлээх шалтгаант холбоонд хамаардаг. Х.*******ийн малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй, тухайлбал түүний эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд хариуцлага хүлээх шалтгаант холбоогүй гэж үзэв. Иймд Х.******* нь автомашинд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулгаар дүгнэсэн.
4. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг хэтэрхий туйлшруулан, нэг талыг барьж хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргажээ.
5. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.*******ийн эзэмшлийн Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.******* жолоодон явж байгаад тэмээ мөргөж машинд 31 726 400 төгрөгийн хохирол учирч, мөргүүлсэн тэмээ үхсэн үйл баримт тогтоогдож байх ба дээрх үйл баримттай зохигчид маргаагүй.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэлийн шаардлага нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд бус осол гаргасан этгээдийн хувьд гэм хорын хохирлыг шаардсан байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой болжээ.
7. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ЗШ/131 дугаартай шийтгэвэрээр ...Эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчилд холбогдогч Э.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тусгай мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн шинжилгээний байгууллагаар дахин шинжилгээг хийлгүүлэх оролцогчийн эрхийг хязгаарлан торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна гэж үзэж шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар тээврийн хэрэгслийн жолооч Э.*******ын тухайд ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй., мөн зүйлийн 2 дахь хэсэгт Хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна. гэж тус тус хуульчилсан.
Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлээр зөрчилд холбогдогч Э.******* ...Таны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан магадлагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гарын үсэг зурахгүй...дахин дүгнэлт гаргуулна гэх хүсэлтийг амаар гаргасан болох нь тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж магадлагаа гаргаж болно. гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 2022 оны 02 дугаас сарын 08-ны өдөр гаргасан магадлагаагаар ...Жолооч Э.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн боловч зөрчилд холбогдсон Э.******* нь хэдэн километр цагийн хурдтай явсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны гаргасан магадлагааг оролцогч зөвшөөрөхгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6, 7, 8 дахь хэсэгт Оролцолчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно. Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх шийдвэрээ шинжилгээний байгууллага, шинжээчид шинжилгээний объект, эсхүл түүний дээжийн хамт хүргүүлнэ гэж хуульчилсан ба зөрчилд холбогдогч Э.******* эрх бүхий албан тушаалтны магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй талаарх хүсэлтээ амаар гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 07-н өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолоор тогтоогдож байна гэж үзэв. гэж эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэвэрт тодорхой тусгасан байна.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан байна.
Тухайн цаг хугацаанд гаргасан зам тээврийн олсын улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай этгээдийг нотлох баримтаар хөтөлбөргүй нотлон тогтоогоогүй байна. Хариуцагч Х.*******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2, Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: /хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн зөрчилд нь шийтгэл оногдуулсныг бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд гэж шууд дүгнэх үндэслэлгүй.
Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэлхүй, хохирогчид учирсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоотой байх ба хариуцагч Х.*******ийн тэмээгээ хариулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох-ыг тогтоосон, өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн зам тээврийн осол гарсан шалтгаан, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоох ажиллагаа нь тусгай мэдлэг, мэргэшил шаардсан асуудал ба Шүүх шинжилгээний тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудад зааснаар тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн ослын шалтгаан, буруутай үйлдлийг тогтоох тул давж заалдах шатны болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оролцогчийн эрхийг удаа дараа хангаж шийдвэрлэсээр байтал тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа тэмээ мөргөсөн үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчил мөн эсэх, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй, энэ талаарх тусгай салбарын, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүх тээврийн хэрэгслийн жолоооч гэм буруугүй гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ий давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР