| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0071/Э/ |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х-д холбогдох 1916000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овгийн Б-н Х.
Шүүгдэгч Б.Х-н 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсэрт иргэн А.Т-г зодож, түүний биед уруулын баруун буланд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэг удаа гараараа уруул руу нь цохисон... гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... Хохиролд 500.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б.Х-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Т усаа авчихаад надаас нилээн зайтай ирээд ховоо газар тавьчихаад явах гэхээр нь хөөе наад ховоогоо аваад ир би малаа услах гэж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ховоо аваад хүрээд ирсэн. Би түүнд хандаад эр хүний замын хүзүү урт шүү дээ намайг таньж байна уу? гэсэн. Таньж байна тэгээд чи яахын гэхээр нь би заамдаад бариад авсан чинь газраас чулуу аваад намайг цохих гэхээр нь зөрүүлээд зүүн гараараа нүүр, уруул орчим нь нэг удаа цохисон чинь уруул, ам орчмоос нь цус гараад суусан. Би дахиж цохилгүй яваад өгсөн ... “ гэсэн мэдүүлэг /ХХ33-36/,
Хохирогч А.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Эрдэнэ сумын Цагаан Уул багийн нутагт өдөр 13 цагийн орчим байх худгаас ус авах гээд очтол Х малаа услаад байж байсан. Би ундны ус авдаг хажуугийнх нь худгаас ус авах гээд Хын байсан худгийн ховоог аваад усаа авчихаад ховоог аваад иртэл Х наад ховоогоо авч ирээд энэ худгийн хажууд нь тавь гэхээр нь тэнд нь тавьсан. Тэгсэн Х чамаас болж би их зовсан пизда минь, чамайг би ална гээд цээжрүү цохих гэхээр нь би хойшоо ухраад бултсан чинь дахиад шууд ам, уруул орчим нэг удаа гараараа цохисон. Миний дээд талын уруулын баруун талд язарч цус гарсан. Х дахиж намайг цохиогүй яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ8-10/,
Гэрч Х.А-н мөрдөн байцаалтад өгсөн "...Жижиг гэрт ямаа самнаж байсан чинь Т усанд яваад ирсэн. Тэгээд ирчихээд цусаа угаагаад сууж байсан. Амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд хөдөөнөөс эмнэлэгт ирээд их эмч А-д үзүүлээд 5-н оёоо тавьсан … эхлээд хэлээгүй, мотоциклоос унасан гээд байсан. Тэгээд дараа шалгаасаар байгаад хэлүүлсэн. Тэгсэн Х гэдэг хүүхэд зодсон талаар ярьсан..." гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,
Гэрч З.А-н мөрдөн байцаалтад өгсөн "... Т нь ээжийн хамт ирсэн, хүнд зодуулсан уруул нь хавдартай. Цус гараад хавдсан ирсэн. Шархыг нь цэвэрлэсэн. Хатсан цусны араас шарх нь нилээд гүнзгий байсан. Уруулын баруун дээд дотор талдаа хэгзэрсэн, гадна талдаа нилээн гүнзгий зүсэгдсэн шархтай ирсэн. Тэгээд шархыг нь цэвэрлээд 5 оёдол тавьсан. Тэгээд гэрээр уух эмийг нь зөвлөсөн ... Б-н банди худаг дээр зодлоо гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "... манайх жижиг илүү гэртээ ямаа самнаж байсан юм. Т усанд худаг руу явсан юм. Тэгээд жаахан байж байгаад ирсэн. Төд удалгүй ээж А нь Т хүнд зодуулсан байна гээд ирсэн. Тэгээд сумын төв орж эмнэлэгт үзүүлчихээд ирье гээд явсан... Б-н Х гэдэг бандид зодуулсан гэж ээж А нь хэлсэн... хальт харсан чинь амнаас нь юм уу хаанаас нь юм цус гарсан байсан ... " гэсэн мэдүүлэг /ХХ21-22/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Хүүгээ хүн зодсон талаар сүүлд мэдсэн. Цагдаагаас Х-г дуудсан гэхээр нь юу болсон талаар асуухад Т-г ганц цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай “... 1. А.Т-н биед уруулын баруун буланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ26-27/,
Эмчийн үзлэгийн тэмдэглэл /ХХ32/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсэрт хохирогч А.Т-г зодож, түүний биед уруулын баруун буланд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч Б.Х-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х-д нь цагдан хоригдоогүй, хохирогч А.Т-т 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Х-д сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х-д нь цагдан хоригдоогүй, хохирогч А.Т-т 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА