| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2024/00141/И |
| Дугаар | 203/МА2025/00007 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 203/МА2025/00007
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00392 дугаартай шийдвэртэй,
Б.*******ын нэхэмжлэлтэй
Н.*******д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох, 28 395 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2011 оны сүүл 2012 оны эхээр Н.*******тай танилцаж 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.******* төрсөн. Хамтран амьдрах хугацаанд Н.*******гийн хардалт, хувийн таарамжгүй харилцаанаас болж бид салсан. Би ч өөр хүнтэй гэр бүл болж хамтран амьдарсан. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШШ2019/00172 шийдвэрээр Н.******* болон бидний дундаас гарсан хүү Б.*******ийг эх Н.*******гийн асрамжид үлдээж, эцэг Б.******* надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Би ч тухайн үедээ эх хүүг салгахгүй гэсэндээ хүүхдийнхээ асрамж дээр маргалдаагүй. Н.******* ч намайг хүүхэдтэйгээ уулзах, эцгийн үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Н.******* нь 2019 оноос хойш бүтэн 5 жилийн хугацаанд намайг болон миний гэр бүлийг амар тайван байлгаагүй. Байнга хэл амаар доромжилж, нэр төрийг гутааж, гудамж талбайд доромжилж, зодож, бие эрх чөлөөнд халдаж хэлтэс шүүхийн хаалга татах болсон. Энэ бүх хэрүүлд хамгийн том хохирогч нь миний хүү Б.******* болж байна. Дуртай үедээ хүүг маань аавтай нь уулзуулна, дургүй нь хүрвэл уулзуулахгүй. Аав дээрээ ирээд овоо аятайхан байж байтал загнаж зандраад айлгаж ичээгээд аваад явдаг. Дуртай үедээ хүүгийн утсыг блоклож аавтай нь холбогдуулахгүй, гэнэт хүүгийнхээ цахим хаяг, хувийн мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулна. Хүүг маань дагуулаад миний ажил, манай эхнэрийн ажил, гудамж талбайд хаа тарсан газраа хэрүүл хийж хэл амаар доромжилно. Хүү маань эх Н.*******гийн хүчирхийлэл дарамтад санаа сэтгэлийн асар их зовиур дарамтыг амсаж байгаад харамсаж байна.
Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Н.******* манай ажил дээр миний хүүг дагуулан ирж намайг өөр хүүхэнтэй явалдаад салсан. Хүүхдээ харж ханддаггүй гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тиймээс Н.******* нь хүүхдээ хэвийн өсгөх боломжгүй гэж үзсэн тул би хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдийн асрамж бол 18 нас хүртэл нээлттэй байх харилцаа тул миний нэхэмжпэлийг хүлээн авч хүү Б.*******ийг эцэг Б.******* миний асрамжид үлдээж өгнө үү.
Н.*******тай хамт амьдарч байхдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт байрлах 42 дугаар байрны 56 тоот 45,68 м.кв орон сууцыг өөрийн ажилладаг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас хөнгөлөлттэй үнээр буюу 1 м.кв-ыг 980 000 төгрөгөөр тооцож нийт 44 766 400 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс урьдчилгаа 13 429 920 төгрөгийг бэлнээр төлж, 31 000 000 төгрөгийн ипотекийн зээлийг хаан банкнаас авсан. Би 2019 онд *******гаас салсан бөгөөд байр, эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг маргалгүй, өөрсдөө тохиролцохоор болсон тул би гэрээсээ явсан ч гэсэн 2023 он хүртэл байрны зээлээ төлсөөр байсан. Энэ хугацаанд хүүхдийнхээ тэтгэлгийг ч төлсөөр байсан бөгөөд нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг төлүүлэх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйж байгаагүй. Н.******* ч надтай нэг удаа хэрүүл маргаангүйгээр хүүхдийг маань уулзуулж байгаагүй. Харин ч эсрэгээрээ Н.******* миний ажил дээр очиж намайг болон гэр бүлийг маань харааж зүхэж, намайг тэтгэлгээ төлдөггүй, хүүхдэдээ юу ч өгөөгүй мэтээр хашхирч хамт олон, олон нийтийн дунд байж суулгах аргагүй болгож байсан. Энэ байдал 5 жил үргэлжилсэн. Хэдэн ч удаа цагдаа, шүүхэд өгч, Н.*******г ойлгохыг хүлээж хүлээцтэй хандсан боловч тэр өөрчлөгдөөгүй. Энэ бүх өшөө хорсолдоо хүүг минь ашиглаж дагуулаад ажил дээр ирж доромжпох болсон.
Иймээс би хүүхдээ өөрийн асрамжид авахаар үндсэн нэхэмжпэл шүүхэд гаргасан тул одоо Н.*******д үлдээсэн байранд өөрийн оруулсан хэсэг болох урьдчилгаа төлбөр 13 429 920 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөг, 31 429 920 төгрөгийг Н.*******гаас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банкнаас ирүүлсэн зээл төлөлтийн талаарх баримтыг үндэслэн миний бие дараах байдлаар орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг төлсөн байна.
- 2016 онд 6 сар, 2017-2019 онуудад тус бүр 12 сар, 2020, 2023 онуудад тус бүр 1 сарын төлбөрийг сар бүрийн 247 200 төгрөгөөр төлсөн. Нийт 10 876 800 төгрөг,
- 2015 оны 06 сараас 2016 оны 06 сарыг хүртэл 13 сарын төлбөрийг сар бүрийн 296 000 төгрөгөөр нийт 3 848 000 төгрөг төлсөн. Нийтдээ 14 724 800 төгрөгийг байрны зээлийн төлбөрт төлсөн байна. Эдгээр төлбөрүүд бүгд миний цалингаас буюу миний Хаан банкны 5585121750 тоот данснаас төлөгдсөн нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Урьдчилгаа төлбөрт 13 671 000 төгрөг төлсөн нь Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан авсан урьдчилгаа төлбөрийн баримтаар харагдаж байна. Ингээд байрны урьдчилгаа болон зээлийн төлбөрт нийт 28 395 800 төгрөгийг миний бие төлсөн байна. Баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 3 034 120 төгрөгөөр багасгаж байна. Байрны урьдчилгаа төлбөр 13 671 000 төгрөг болон зээлийн төлбөрт төлсөн 14 724 800 төгрөг нийт 28 395 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлалын үндэслэл: Миний бие Б.*******тай 2011 онд гэр бүл болж 2019 онд гэр бүл салсан. Шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Тэтгэлэгээ сүүлийн 4 сар өгөөгүй. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би хүүтэйгээ *******ын ажил дээр очсон нь үнэн. Гэхдээ би хүүгийнхээ төрсний гэрчилгээ, цамцыг авах гэж очсон. Аваад хэдэн сар болоход авч ирж өгөөгүй. ******* хүүхдийнхээ тэтгэлэгийг өгөхгүй байгаа учир тэтгэлэгээ өгөхгүй бол овгоо солиод өг гэсэн. Би чамаас нэг ч төгрөг авахгүй хүүгээ өөрөөрөө овоглоод амьдаръя гэж хэлсэн.
Хүүгээ яаж харж хандаж байгаа юм, харж хандахгүй л байгаа үнэн шүү дээ. Намайг хүүхдээ хэвийн өсгөх боломжгүй гэнэ үү. Миний хүү одоо тэгээд танихгүй айлд хойд эх дээр очоод хэвийн сайхан амьдраад хайр халамж дүүрэн, сэтгэл санаа нь тайван амгалан ээжийгээ агаагаа санахгүй, бэтгэрэхгүй өсөх үү. Хамт амьдрал зохиож эхлэхэд бид яг адил хөрөнгөтэй байсан. 2 талаасаа нийлүүлээд сууж амьдарч эхэлсэн. Манай амьдарч байгаа байранд бид хамт амьдраад таван жилийн дараа энэ байрыг ипотекийн зээлээр авсан. Энэ байрыг авахад миний нэр дээр авах хүсэлт өргөдөл бүх материалаа бүрдүүлж банканд өгсөн байсан боловч би наймаа хийдэг байсан болохоор тэр үед наймаа хийдэг хүнд орлого нотлогдохгүй гээд надад зээл олдохгүй болсон учир *******ын нэр дээр байраа авахаар болсон юм. Урьдчилгаа төлбөрийг хамт амьдарч байх хугацаандаа хурааж хуримтлуулсан мөнгө орсон /13 429 920/. Энэ мөнгө бол ганц ******* гаргасан мөнгө биш. Энэ 18 000 000 төгрөгийн учрыг яаж ингэж гаргаж ирсэнг ойлгохгүй байна. ******* л ганцаараа энэ байранд амьдраад зээлээ ганцаараа төлөөд байж байхад би 2 хүүхдээ дагуулаад ирсэн юм шиг юм бичсэн байх юм. 2019 онд салахдаа шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн маргаангүй гээд салсан. Шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан байхад одоо энэ хүн юу бичээд, юу бодоод яваад байгааг ойлгох ухаан алга. 18 сая төгрөгийг хамт амьдарч байхдаа ч ийм их мөнгө төлөөгүй. Төлсөн бол энэ мөнгийг бид хамтдаа төлсөн. Би ч төлсөн. Би адилхан ажил хийдэг, цалин мөнгөтэй хүн. *******аар 1 сар ч гэртээ зүгээр хэвтэж тэжээлгэж байгаагүй. Энэ нэхэмжлээд байгаа 31 429 920 төгрөгийг 4 хүнд хувааж бодож болох байсан. 2019 онд ******* салахдаа энэ эд хөрөнгийн маргаанаа бариад орох байсан шүүх дээр. Одоо шүүхийн шийдвэр гарсан. Энэ нэхэмжлэл хамаагүй гэж бодож байна. Хэрвээ хамаатай байсан бол би салахдаа Н3 Hummer жийптэй байсан манайх. Үүнийг ******* авч явсан. *******ын машины мөнгийг бас нэхэмжлэх эрхтэй. ******* зээлээ 2020, 2021, 2022 оныг дуустал төлсөн гэж бичсэн байна. 2020 оныг төлсөн. 2021, 2022 оныг ******* төлөөгүй. Корона болоод ипотекийн зээлээ царцаана гэж Хаан банканд ******* өргөдөл өгсөн байсны дагуу царцааж төлөөгүй 2 жил болсон. Хүүхдийн тэтгэмжийг 2024 оны 1 сараас хойш өгөхгүй гээд хэрүүл болж би 1,2,3,4 сарын тэтгэмжийг шүүхийн шийдвэрээр 4 сард дансыг нь хааж барьж авч өгсөн. Одоо 6 дугаар сарын хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй л байна. 07 дугаар сарын 23-нд ажил олгогч руу нь хүүхдийн тэтгэмж сар бүр өгөх бичиг тоот өгч байж цалингаас нь суутгаж авч байна. Хэл амаар доромжилдог гэдэг явдал бол аль 3, 4 жилийн өмнө дууссан асуудал. Би 2024 оны 3, 7 саруудад ******* дээр очиж хүүхдийнхээ тэтгэмжээ өг гэхэд хуулийнхаа дагуу аваарай гэж хэлсэн. Хүүгээ дагуулж 1 удаа ажил дээр нь очсон. Яах гэж гэвэл хүүхдийнхээ төрсний гэрчилгээг цамцтай нь авах гэж очсон. 1 сар гаран аваад, аваад ир гээд гуйхад авч ирж өгөөгүй. Би энэ хүмүүстэй зууралдах үнэндээ хүсэл сонирхол алга гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.*******ийг 18 насанд хүртэл эх Н.*******гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоож,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын хүү Б.*******ийг өөрийн асрамжид авах болон 28 395 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 385 300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын давж заалдах гомдлын агуулга: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 13- ны өдрийн 143/ШШ2024/00392 дугаартай шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дахь заалт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.*******ийг 18 насанд хүртэл эх Н.*******гийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан хэмээн үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасанаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл хоёр шаардлагатай байсан. Нэгдүгээр шаардлагын хүрээнд гомдлоо гаргасан. Гомдлын үндэслэл нь нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гэрчээр н.*******, н.******* нарыг асуусан гэрчийн мэдүүлгүүд, си ди бичлэгийг гаргаж өгсөн. Эдгээрээс харахад хүүхэд эхийн асрамжид үлдэхэд тохиромжгүй байдал үүсэж байна гэдгийг нэхэмжлэгч нотолсон гэж үзэж байна. Энэ нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ үнэхээр алдаагүй зөв үнэлсэн үү гэдэг дээр эргэлзээтэй байна. Мөн хоёрдугаар шаардлагын хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэхдээ үнэхээр алдаа гаргасан байна. Нотлох баримт үнэлэх талаар Монгол Улсын дээд шүүх зөвлөмж гаргасан. Мөн хоёрдугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа гол үндэслэл нь урьдчилгаа мөнгийг Н.*******гийн нэрээр шилжүүлсэн гэж үздэг. Тэгэхээр урьдчилгаа мөнгийг тухайн үед Н.******* өөрийнхөө нэрээр тушаачихсан байж болно. Гэхдээ агуулга нь тэр урьдчилгаа мөнгө Б.*******ын нэрээр байгуулагдсан гэрээний дагуу төлөгдөж байгаа мөнгийг хэн ч аваачиж өгч болно. Мөнгөний эх үүсвэрийн хувьд хангалттай нотлоод өгчихсөн. Б.******* ээжээсээ мөнгө авсан, дүүгээсээ зээлсэн, цалингаасаа оруулчихсан, машин зараад мөнгө гаргасан гэх мэт байхад үүнийг анхан шатны шүүх буруу үнэлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэсгийн 13 дээр нэхэмжлэгч талаас маргаан бүхий орон сууцыг дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй. Мөн хөрөнгийг үнэлж ноогдох хэсгийн үнийг гаргуулах талаар шаардлага гаргаагүй болно гэж заасан. Үүнийг үндэслээд нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хүрээнд гаргасан мөнгөн дүн бүхий шаардлагыг хэрэгсэхгүй болгоод байх шиг байна. Нэхэмжлэгч энэ байшингийн өөрт байгаа хувийг авъя гэж нэхэмжлэл гаргаагүй. Харин үүнд оруулсан өөрийнхөө мөнгийг авъя гэж нэхэмжлэл гаргаад байгаа. Тэгээд оруулсан мөнгөө баримтаар бүгдийг нь нотолчихсон. Хэрвээ шүүх ингэж дүгнэж байгаа бол тэр мөнгө хаашаа орсон юм бэ гэдэг эргэлзээтэй асуудал үүсээд байна. Нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй үнэлэх ёстой. Тэр байрны урьдчилгаа, мөн зээлийн төлбөрт тодорхой үнийн дүн бүхий мөнгө төлөгдчихсөн. Хариуцагч талаас татгалзаж байгаа татгалзлаа нотлох ёстой. Гэтэл баримтаар нотлоод байгаа зүйл ерөөсөө байхгүй. Тэгэхээр хариуцагчаас баримтаар нотлоогүй зүйлийг шүүх юу гэж дүгнээд байгаа юм бэ? нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангалттай баримтаар нотлогдсон. Хэрвээ үгүйсгээд байгаа бол ямар үндэслэлээр яагаад үгүйсгэчихэв гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй. Хамгийн гол хэлээд байгаа зүйл нь өөрт оногдох хэсгээ тодорхойлуулаагүй гээд байх шиг байна. Өөрт оногдох хэсгээ авъя гээгүй. Зөвхөн оруулсан мөнгөө л авъя гэсэн агуулгатай шаардлага гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн бүхий л нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэн зөв үнэлж, дүгнэж чадсангүй гэдэг агуулгаар гомдол гаргасан гэв.
6. Хариуцагч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрны урьдчилгаа мөнгөний талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Байрны урьдчилгааг бид хоёр дундаасаа гаргасан. Бид хоёр суухдаа хоёулаа адилхан хашаа газар, гэртэй, жижиг тэрэгтэй байсан. Бүгдийг нь зараад нэг том машин болгоод, байрны урьдчилгааг хийсэн. Прадо 95-тай байж байгаад зарсан. Тэрийг яагаад ганц Б.*******ын машин гэж яриад байгаа юм бэ? байрны хувь авахгүй, зөвхөн төлсөн мөнгөө авна гэнэ үү? юу гэсэн үг юм бэ? би ойлгохгүй байна. Байрны хувь төлсөн мөнгө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Б.******* өөрөө надтай хамт хоёр хүүхэдтэйгээ тэр байранд хамт амьдарсан. Б.******* өөр газар амьдраад бид гурав тэр байранд байхад зөвхөн мөнгө төлөөд байгаад байсан юм уу? Б.******* өөрөө тэр байранд амьдарсан. Амьдарч байх хугацаандаа бид хоёр хамтдаа тэр мөнгийг төлсөн. Яагаад Б.*******ын дансаар орж төлөгдөж байсан юм бэ гэхээр ипотекийн зээл Б.******* дээр гарсан. Би наймаа хийдэг байсан учраас надад дээр ипотек гарах боломжгүй гэсэн. Миний нэр дээр эхлээд хөөцөлдөж байсан боловч орлого тодорхойлогдохгүй гээд больчихсон. Тэгээд Б.******* төрийн албан хаагч учраас Б.******* дээр байраа авч байсан учраас тэр мөнгө чинь миний дансаар орохгүй. Б.*******ын дансаар л авна. Б.******* Хаан банктай гэрээ байгуулсан учраас Б.*******ын дансаар зээлд хамрагддаг. Би Б.*******ыг байртай байхад нь очоод суучихсан юм биш. Бид хоёр энэ амьдралыг, энэ байрыг хамтдаа босгосон. Б.******* 2019 онд салахдаа эд хөрөнгийн маргаан байхгүй гээд салсан. Үнэхээр эд хөрөнгийн маргаантай байсан бол дөрөв хуваах байсан. Ам бүлд нь хуваадаг. Одоо миний хүү могой жил гараад 13 хүрч байгаа. Би хүүгээ төрүүлээд 13 жил асарч хамгаалаад явж байна. Манай хүүхэд бид хоёрыг салахад өвчтэй байсан. Эмнэлэг рүү аймгийн тэргээр хүргэгдэж очиж байсан. Удаагүй Б.******* салаад явчихсан. Өвчтэй хүүхэдтэй гээд явсан юм уу, би мэдэхгүй байна. Одоо миний хүүхэд эрүүл, саруул болсон чинь хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй гэдэг үндэслэлээр хүүхдээ аваад, хамт төлсөн мөнгөө хүүтэй нь надаас нэхэмжлээд явж байна. Б.*******ад би үнэхээр гомдож байна. 2025 он гарангуут намайг шүүх дээр дуудсан. Дахиад шинэ жил болонгуут намайг шүүх дээр дуудаж байна. Би ямар ч гэм буруугүй. Би хоёр хүүхдийнхээ төлөө явж байгаа эмэгтэй хүн. Эх хүн. Би хоёр хүүхдээ асраад л 2 000 000 төгрөгийн цалин аваад явж байна. Надаас юу авах гээд байгаа юм бэ? Б.******* тэр байранд амьдарч байсан. Би энэ 20 хэдэн сая төгрөгийг хүүхдийнхээ тэтгэмжид шингээнэ гээд биччихсэн байгаа. Миний утсан дээр ч байж байгаа. Хүүхдийн тэтгэмж өгөхгүй гээд байгаа. 5, 6 сая төгрөгийн цалин аваад явдаг байж ганц хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй гээд байгаа. Хүүхдээ аваад асарч чадахгүй. Хүүхэд авах нь гол зорилго биш. Зөвхөн намайг ингээд яваад байвал энэ хүүхдийн тэтгэмж авахаа больчих байх гэсэн үүднээс л ингээд яваад байгаа. Өмгөөлөгч авчихсан. Ямар их мөнгөтэй юм. Ямар их цаг завтай юм бэ? наад цаг заваа хүүхдэдээ зориул, тэр их мөнгөө хүүхдэдээ өг гэж хэлээрэй. Зургаадугаар сарын тэтгэмжээ өгөөгүй. 400 хэдэн мянган төгрөг чинь ганц сургалтад суугаад л дуусах мөнгө. Өөр бүх зарлага идэш, ууш гээд бүх юмыг нь би хариуцаад явж байгаа. Тэр хүнээс мянган төгрөг ч нэхдэггүй. Тэгэхэд аягүй муухай намайг тэр хүүхэнтэйгээ гудамж талбайд машинаар дайрчихаад, цус нөжтэй хольчихоод явж байсан. Тэгэхэд би гомдол гаргаагүй. Яагаад гомдол гаргаагүй гэвэл Б.*******ын нэр дээр байр байсан учраас намайг хэл ам хийвэл би байраа шилжүүлж өгөхгүй гэдэг байсан. Би хоёр хүүхдээ аваад гудамжинд гарах юм уу? надад тийм дарамт байсан. Тэгээд байр миний нэр дээр шилжиж ирсэн. Би өөрөө 20 хэдэн сая төгрөгийн зээл аваад төлсөн. Хамт амьдарч байхдаа төлсөн мөнгөө надаас нэхэмжилж байна. Салаад 6 жилийн дараа хүүхэд авна гээд нэхэмжилж шүүхэд хандаад байх юм. Би үнэхээр ойлгохгүй байна. Үнэхээр эд хөрөнгийн маргаан байсан бол 2019 оны 07 дугаар сард гаргахгүй яасан юм бэ? үнэхээр хүүхдээ авмаар байсан бол 2019 онд нэхэмжлэл гаргаад авахгүй яасан юм бэ? Одоо би тэр хүнийг мартаж байна. Мартсан хойно яагаад гэнэт мөнгө нэхээд, хүүхэд нэхээд байгаа юм. Нэхэмжлэл дээрээ эд хөрөнгийн маргааны мөнгөө хүүхдийн тэтгэмжид шингээнэ гээд өөрөө бичсэн байдаг. Хүүхдийн тэтгэмж өгөхгүй гэж энэ хүн ингээд явж байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, 28 395 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.******* эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг ... 2011 оны сүүл 2012 оны эхээр Н.*******тай танилцаж 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.******* төрсөн. Хамтран амьдрах хугацаанд Н.*******гийн хардалт, хувийн таарамжгүй харилцаанаас болж бид салсан. Би ч өөр хүнтэй гэр бүл болж хамтран амьдарсан. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШШ2019/00172 шийдвэрээр Н.******* болон бидний дундаас гарсан хүү Б.*******ийг эх Н.*******гийн асрамжид үлдээж, эцэг Б.******* надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Хүү маань эх Н.*******гийн хүчирхийлэл дарамтад санаа сэтгэлийн асар их зовиур дарамтыг амсаж байгаад харамсаж байна. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Н.******* манай ажил дээр миний хүүг дагуулан ирж намайг өөр хүүхэнтэй явалдаад салсан. Хүүхдээ харж ханддаггүй гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тиймээс Н.******* нь хүүхдээ хэвийн өсгөх боломжгүй гэж үзсэн тул би хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна.
Н.*******тай хамт амьдарч байхдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт байрлах 42 дугаар байрны 56 тоот 45,68 м.кв орон сууцыг өөрийн ажилладаг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас хөнгөлөлттэй үнээр буюу 1 м.кв-ыг 980 000 төгрөгөөр тооцож нийт 44 766 400 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс урьдчилгаа 13 429 920 төгрөгийг бэлнээр төлж, 31 000 000 төгрөгийн ипотекийн зээлийг Хаан банкнаас авсан. Би 2019 онд *******гаас салсан бөгөөд байр, эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг маргалгүй, өөрсдөө тохиролцохоор болсон тул би гэрээсээ явсан ч гэсэн 2023 он хүртэл байрны зээлээ төлсөөр байсан.
Байрны урьдчилгаа болон зээлийн төлбөрт нийт 28 395 800 төгрөгийг төлсөн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 3 034 120 төгрөгөөр багасгаж байна. Байрны урьдчилгаа төлбөр 13 671 000 төгрөг болон зээлийн төлбөрт төлсөн 14 724 800 төгрөг, нийт 28 395 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Миний хүү одоо тэгээд танихгүй айлд хойд эх дээр очоод хэвийн сайхан амьдраад хайр халамж дүүрэн, сэтгэл санаа нь тайван амгалан ээжийгээ агаагаа санахгүй, бэтгэрэхгүй өсөх үү. Хамт амьдрал зохиож эхлэхэд бид яг адил хөрөнгөтэй байсан. 2 талаасаа нийлүүлээд сууж амьдарч эхэлсэн.
Урьдчилгаа төлбөрийг хамт амьдарч байх хугацаандаа хурааж хуримтлуулсан мөнгө орсон. Энэ мөнгө бол ганц ******* гаргасан мөнгө биш. Энэ 18 000 000 төгрөгийг хамт амьдарч байхдаа төлсөн. Би ч төлсөн. Энэ нэхэмжлээд байгаа 31 429 920 төгрөгийг 4 хүнд хувааж бодож болох байсан. 2019 онд ******* салахдаа энэ эд хөрөнгийн маргаанаа бариад орох байсан шүүх дээр. Одоо шүүхийн шийдвэр гарсан. Энэ нэхэмжлэл хамаагүй гэж бодож байна. гэжээ.
2. Хэргийн баримт болон талуудын тайлбараас үзэхэд Б.*******, Н.******* нар нь 2011 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.******* төрсөн, талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй ба Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2019/00172 шийдвэрээр хүү Б.*******ийг эх Н.*******гийн асрамжинд байлгахаар шийдвэрлэж, хүү Б.******* нь 2019 оноос хойш эх Н.*******тай хамт амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон, энэ тухайд зохигчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл эх Н.******* нь хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш хүүхдийн асрамжийг өөрчлөх эхийн халамж дутмаг, хүүхдийн амьдрах орчин, ахуйн нөхцөл, санхүүгийн бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдсон тохиолдолд асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийг дахин гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүй ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Хүү Б.*******ийн одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх, өсөж дассан орчныг солих зайлшгүй, онцгой шалтгаан байхгүй, Гэр бүлийн тухай хуульд заасан ахуйн нөхцөл байдал, асрамжилж буй эхийн асрамжийн талаар дутагдалтай асуудал нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул хүүхэд дассан орчинд өсөн торних эрхээ эдлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй 2024 оны 09 сарын 30-ны өдөр 11 настай хүү Б.*******ийг асууж тэмдэглэл үйлдсэн ба тэрээр ээжтэйгээ амьдрах талаар саналаа илэрхийлсэн. /хх-116-117/ Иймд шүүх зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хүүхэд эцэг, эхийгээ тусдаа амьдарснаас хойш одоог хүртэл эх Н.*******гийн асрамжид байгаа, эхийн халамж зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж хүү Б.*******ийг эх Н.*******гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов. гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ...хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан гэх үндэслэлээр гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хангахгүй орхив.
5. Б.******* нь төрсөн цагаас одоог хүртэл эх Н.*******гийн асрамжид хамт амьдарч байгаа, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хүү Б.*******ийн одоо байгаа асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн эхийн асрамжид үлдэхэд харшлах, үгүйсгэх, ноцтой үндэслэл байгаа тухай баримт авагдаагүй тул эцэг, эхийн хэнд илүү ээнэгшин дассан, амьдрах орчин нөхцөлийг өөрчлөх нь зайлшгүй шаардлага байгаа эсэхийг харгалзан хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүүхдээ асрамждаа авах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагын талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... Нэхэмжлэгч энэ байшингийн өөрт байгаа хувийг авъя гэж нэхэмжлэл гаргаагүй. Харин үүнд оруулсан өөрийнхөө мөнгийг авъя гэж нэхэмжлэл гаргаад байгаа. Тэгээд оруулсан мөнгөө баримтаар бүгдийг нь нотолчихсон. Хэрвээ шүүх ингэж дүгнэж байгаа бол тэр мөнгө хаашаа орсон юм бэ гэдэг эргэлзээтэй асуудал үүсээд байна. Нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй үнэлэх ёстой. Тэр байрны урьдчилгаа, мөн зээлийн төлбөрт тодорхой үнийн дүн бүхий мөнгө төлөгдчихсөн. гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагын хувьд анхан шатны шүүх ... Нэхэмжпэгч нь хариуцагчаас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 13 671 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба 2015 оны 01 сарын 29-ний өдрийн Төрийн сангийн орлогын дансны хуулгаар байрны урьдчилгаа 30 хувь Н.******* КИ84080606 гэх гүйлгээний утгаар 13 671 000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт төлсөн 14 724 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. 2015 оны 05 сарын 12-ны өдөр зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Банзрагч нар орон сууц худалдан авах зориулалтаар 31 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай Хаан банкнаас зээлж, зээл болон барьцааны гэрээ байгуулжээ.
Уг гэрээнд 2021 оны 08 сарын 23-ны өдөр зээлдэгч Н.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* гэж гэрээний талуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан, 2023 оны 03 сарын 21-ний өдөр гэрээний талууд хэсгээс хамтран үүрэг гүйцэтгэгч Б.*******ыг хасаж, гэрээний бусад заалтууд хэвээр байхаар зээлдэгч Н.*******тай гэрээ байгуулсан байна.
Дээрх зээл болон барьцааны гэрээгээр уг орон сууц нь Хаан банкны ипотекийн зээлийн барьцаанд байх бөгөөд тухайн зээл нь эргэн төлөлтийн хуваариар 2030 онд төлөгдөж дуусахаар, хариуцагч Н.******* уг төлбөрийн үүрэг гүйцэтгэгч байна. Нэхэмжпэгч нь өнгөрсөн хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч буюу Хаан банкинд өөрийн гүйцэтгэсэн зээл, хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, анхан шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид өөрийн оруулсан хувь буюу мөнгөн хөрөнгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг зохигч хамтран амьдарч байх хугацаандаа тэдний бий болгосон хөрөнгөөс орон сууцны урьдчилгаа болон хамтран амьдрах хугацаанд авсан зээлээ буцаан төлөх, гэр бүлээ амьдрах орон байр, идэх хоол хүнстэй байлгах анхан шатны хэрэгцээ, хүүхэд сурах, хүмүүжих үндсэн эрхээ эдлэхэд зориулан зарцуулсан нөхцөл байдлын талаар хариуцагч тайлбар гаргасан ба нэхэмжлэгч нь энэ талаар үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагын талаар дурдсан ч дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн уг шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн энэ шийдлийг давж заалдах шатны шүүхээс буруутган өөрчлөх хууль зүйн боломжгүй.
7. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00392 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР