| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/01367/И |
| Дугаар | 210/МА2025/00206 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00206
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04288 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 12,311,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК-тай ******* 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хоёр жилийн хугацаатайгаар 231074023460021 дугаар бүхий Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулж Төрийн банк болон үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч *******тэй байгуулсан 17,000,000 төгрөгийн цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулсан юм.
Монгол улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор *******гийн ажлын албыг татан буулгаж улмаар 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр *******гийн ажлын албаны гүйцэтгэх захирлын А/160 дугаар тушаал гарч, мэргэжилтнээр ажиллаж байсан миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мөн өдрөөр тасалбар болгосон юм.
Гэвч ******* ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
Монгол Улсын Их хурлын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын Их Хурлын Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 25 дугаар тогтоолоор ...*******г татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг ******* төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх үүргийг хүлээлгэхдээ хууль болон тогтоолоор ямар нэгэн хугацааг заагаагүй бөгөөд хэзээ, хэрхэн, яаж хэрэгжүүлэх эрх хэмжээ нь Монгол Улсын Засгийн Газрын эрхлэх эрх хэмжээний хүрээний асуудал гэж бидний бие ойлгож байна.
Мөн энэхүү хуулийн өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлын тогтоол зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнийг зөвхөн бид мэдэж байсан зүйл огт биш бөгөөд сонирхсон Монгол улсын нийт иргэд аж ахуй нэгжийн хэмжээнд нээлттэй хэн бүхэн мэдэх бүрэн боломжтой мэдээлэл байсан юм.
Иймд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №231074023460021 дугаар бүхий Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон тул даатгалын нөхөн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдлээр тооцож 16,415,477 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Хамтран зээлдэгчтэй тул даатгалын гэрээний 2.2-т зааснаар даатгалын үнэлгээ нь зээлийн үлдэгдлийн 50 хувьтай тэнцүү байхаар заасны дагуу нэхэмжлэгчид ногдох нөхөн төлбөрт 8,207,738 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 4,103,870 төгрөг, нийт 12.311.607 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/165 дугаартай Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай албан бичгээр тус Сангийн эрх зүйн байдлыг зохицуулдаг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, мөн Улсын Их Хурлаас Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 25 дугаар тогтоолыг тус тус баталсан нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан корпораци, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үр дагавар тул Засгийн газраас 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр *******гийн ажлын албыг татан буулгах тухай 259 дүгээр тогтоолыг баталж, Санг татан буулгасан юм. Мөн Сан нь 2021 оны 12 сар, 2023 оны 02 сард тус тус орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг ажиллагсдадаа өгсөн байна.
Нэхэмжлэгч нь дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор Сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан нь Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Улмаар даатгуулагч даатгалын гэрээг ирээдүйд бий болох тохиолдлыг урьдаас таамаглах боломжгүйгээс учирч болзошгүй эрсдэлээс хамгаалж даатгуулах даатгалын үндсэн гол зарчимтай зөрчилдөж байгаа юм.
Иймд дээр дурдсан үйл баримтын хүрээнд даатгуулагчийн үйлдэл нь хууль болон гэрээг зөрчсөн, эрсдэл үүсэх нөхцөл, орчин бий болсон, нотлох баримтыг дутуу бүрдүүлж үйл баримтыг худал мэдээлэх, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай нөхцөл, орчин бий болгосон зэрэг нь Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1, 431 дүгээр зүйлийн 431.4.4-т тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Банк даатгалын зуучлагч бөгөөд энэ гэрээ сайн дурын даатгал тул заавал байгуулах ёстой тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн гэрээний 3.1.1.3-т заасан нөхцөл үндсэн болон хамтран зээлдэгч хоёулаа ажил олгогч татан буугдаж зээлээ төлж чадахгүй эрсдэлд орсон байхыг шаардана. Мөн хохирол учирсан байхыг шаардана. Гэтэл байгууллага татан буугдсан ч нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн, цалин хөлс буураагүй харин нэмэгдсэн байх тул зээлээ төлөх боломжгүй болоогүй. Хууль батлагдсаны дараа татан буугдахыг мэдсэн хэр нь зээл авч даатгалын гэрээ байгуулсан. Үүнийг санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ******* ХХК-иас 8.207.738 /найман сая хоёр зуун долоон мянга долоон зуун гучин найман/ төгрөг гаргуулж *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.103.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 146.274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. Нэхэмжлэгч нь Төрийн банк ХК-тай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан цалингийн зээлийн гэрээг байгуулсан ба хариуцагч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой харилцааг даатгасан байдаг. Нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/160 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, цалингийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа гэх боловч хуульд заасны дагуу нэгтгэсэн хуулийн этгээдтэй буюу ******* ТӨХХК-д 2023 оны 08 дугаар сараас үргэлжлүүлэн шилжин ажиллаж, хийж байсан ажил болон ажлын байр, оффис өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохоос гадна нэхэмжлэгч өөрөө энэ талаар хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй юм.
Нэхэмжлэгч Сан татан буугдах талаар ажилтнууддаа ямар ч мэдэгдэл, мэдээлэл өгөлгүйгээр гэнэт бөөнөөр нь ажлаас халсан, бидний зүгээс татан буугдах талаар юу ч мэдээгүй" гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ...зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа ч ажил олгогчийг аливаа байдлаар мэдэгдэл өгөлгүй ажлаас бөөнөөр нь халсан талаар аливаа гомдол гаргаагүй, эрхээ сэргээлгэхээр эрх бүхий албан тушаалтанд хандаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, ажлаас гэнэт халагдсаны тэтгэвэр тэтгэмж аваагүй зэргээс үзэхэд Сан татан буугдахаасаа өмнө ажилтнууддаа мэдэгдэл өгсөн болох нь нотлогдож байна. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд 2021 оноос эхлэн ******* татан буугдах нь тодорхой болчихсон, татан буугдах процесс явагдаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд даатгалын тохиолдол гэнэтийн шинжтэй байх зарчимтай зөрчилдөж байгаа юм.
2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т ...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор *******" ТӨХХК-г үүсгэн байгуулсан байх тул дээрх процесс Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хуулийн этгээдийг нэгтгэх процесс явагджээ гэж дүгнэсэн нь үйл баримтыг үнэн, зөв тогтоосон, энэ нь хэрэгт цугларсан хөдөлшгүй нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх ажил олгогч татан буугдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.
3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-т Улсын Их Хурлаас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хууль батлагдсан явдал нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох тул зохигч хэн аль нь уг үйл баримтыг мэдэх боломжтой гэж үзнэ гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй, хуулийг буруу тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Сан татан буугдахтай холбоотой бүхий л процесс сангийн ажилтнуудад ил тод байсан бөгөөд сангийн ажилтнууд мэдээллийн давуу байдлаа ашиглан даатгалын гэрээг байгуулсан нь тогтоогдож байна. Мөн нэр бүхий 16 зээлдэгч зэрэг гэнэт цалингийн зээл авсан нь Төрийн банк ХК-ийн хариуцагчид ирүүлсэн баримтаар нотлогддог.
Мөн Улсын Их Хурлаас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр баталсан хууль 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №19 /1267/ дугаар мэдээллээр нийтлэгдэж нийтэд илэрхий болсон байна.
Нэхэмжлэгч нь /нэр бүхий 16 зээлдэгч/ дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор Сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан нь Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38,5-д тус тус заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /санг татан буулгах/ хуулийн төслийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд өөрийн цахим хуудсанд байршуулан мэдэгдсэн байдаг ба хуулийн төсөлд ямарваа нэгэн санал ирүүлээгүй байдаг. Энэ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим хуудсанд одоо ч нээлттэй ил тод байдаг.
Иймд анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орлого тасалдсан эсэх нь нөхөн төлбөр олгох асуудалд хамааралгүй. Даатгалын тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгохтой холбоотой зохицуулалтаас харахад хохирол учирсан байх уу эсхүл тодорхой нөхцөл болзлыг тохиролцож гэрээ байгуулах боломжтой. Иргэний хуулийн 431 дүгээр зүйл, Даатгалын тухай хуульд заасан нэр томьёоны тайлбар дахь агуулгаас тодорхой харагдаж байна. Гэвч талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний нөхцөлүүд тодорхойгүй байсан. Мөн ажил олгогч байгууллага татан буугдах эрсдэл үүссэн тохиолдолд бид таны зээлийн үлдэгдлээр нөхөн төлбөрийг олгох зохицуулалттай гэдгийг нэхэмжлэгчид тайлбарласан. Төрийн банк ХК, ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу мэдүүлгийн маягтыг бөглүүлж авах ёстой. 2019 оны Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмийн 7.2-т даатгалын гэрээг байгуулахад тавигдах шаардлагыг тусгаж өгсөн. Уг дүрмийн 7.2.2.в-д даатгалын гэрээний бүх нөхцөлийг ойлгосон эсэхийг шалгаж, асуулгын хуудас бөглүүлдэг. Мэдүүлгийн маягт бөглүүлж буй асуулгын хуудсыг гэрээний нөхцөл бүрээр тайлбарлаж, баримтжуулан хадгалсан тохиолдолд уг нөхцөл байдал үүсэхгүй байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас даатгалын нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэх нь зүйтэй. 2021 оны Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн корпорацын дүрэм, журмыг баталсан боловч 2 жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын тогтоол гарсны улмаас ******* татан буугдсан. Мөн *******гаас надад татан буугдах талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Тухайн үед миний бие *******гийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу ажлаас халагдсан. Мөн Хөдөө аж ахуйн корпорацад ажилд орох анкет өгч, туршилтын хугацаатайгаар томилогдон ажиллаж байгаад үндсэн ажилтнаар ажиллаж байна гэв
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 12,311,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банк ХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон ба үүргийн гүйцэтгэлийг хангахаар ирээдүйд авах цалин хөлс болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулжээ. /х.х-ийн 133-136/
3.2. Мөн тэрээр тус өдөр ******* ХХК-тай даатгалын гэрээ байгуулж, гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсвэл учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэхээр тохиролцож, даатгалын үнэлгээ нь үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчид ижил тэнцүү хувь хэмжээгээр тогтоож, даатгалын хураамжид 204,000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй. /х.х-ийн 6-7/
3.3. Хэрэгт цугларсан баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор *******гийн ажлын албыг татан буулгасан тул тухайн байгууллагын захирлын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/160 тоот тушаалаар ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан буюу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр цуцалсан байна. /х.х-ийн 9-13/
4. Зохигчдын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1.3-т зааснаар үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн ажил олгогч дампуурах, татан буугдах тохиолдолд үүнийг даатгалын тохиолдол мөн гэж үзэж, улмаар 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар зээлдэгчийн төлөөгүй үлдсэн зээлийн өрийг даатгалын нөхөн төлбөрөөр төлж барагдуулахаар харилцан тохирчээ.
Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар энэхүү даатгал нь ердийн даатгалын төрөлд хамаарах бөгөөд даатгуулагч ******* нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсны улмаас цалингийн зээлийн төлбөрийг Төрийн банк ХК-д төлж чадахгүй эрсдэл үүсэхэд даатгагч ******* ХХК нь даатгалын нөхөн төлбөр өгөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу тогтоож, даатгалын нөхөн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн буруу болжээ.
5.1. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан ба хуулийн төслийн танилцуулгад ...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.19 дэх заалт буюу ******* гэснийг хүчингүй болгох, ... *******г татан буулгаж, ******* ТӨХХК байгуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэж, /х.х-ийн 72/
5.2. Мөн хуулийн төслийг санаачлагч нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим хуудсанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн төслийг байршуулсан бөгөөд төслийн танилцуулгад ... *******гийн хөрөнгийн чадвар доройтож, активын чадвар буурч, эргэлтийн хөрөнгийн хомсдолд орсны улмаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд шаардлагатай дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашид хэвийн үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна... гэж, /х.х-ийн 71/
5.3. Үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 тоот тогтоолоор ******* ТӨХХК-ийг үүсгэн байгуулсан,
5.4. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн 5.3.19, 21 дэх заалт /хөдөө аж ахуйг дэмжих сан/-ыг хүчингүй болгосон,
5.5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор *******гийн ажлын албыг татан буулгажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь *******гийн ажлын албыг татан буулгаагүй, тийм нөхцөл байдлыг үүсгээгүй /даатгалын тохиолдлыг өөрөө бий болгоогүй/ гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний ажиллаж байсан байгууллагыг татан буулгах тухай мэдээллийг олон нийтэд түгээсэн байх тул энэ талаар мэдээгүй гэх тайлбар учир дутагдалтай байна.
Нэхэмжлэгч нь татан буугдсан байгууллагад хууль, эрсдэл, өрийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, түүний ажиллаж байсан байгууллагын дээд шатны байгууллагын цахим хуудсанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн төслийг байршуулсан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлж байсан байх тул мэдээлэлд ойрхон этгээдийн хувьд түүнийг мэдэх боломжтой байсан гэж үзнэ.
6. Даатгал нь ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй эрсдэл /даатгалын тохиолдол/-ийг даатгах агуулгатай. Гэтэл зохигч нарыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр даатгалын гэрээ байгуулахаас 2 сарын өмнө Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн 5.3.19, 21 дэх заалтыг хүчингүй болгожээ.
Тодруулбал, хуулиар үүсгэн байгуулж, мөн татан буулгадаг байгууллагыг хэдийгээр зохигч нар татан буулгах эрх хэмжээгүй боловч тэдгээрийг гэрээ байгуулахаас урьд өмнө даатгалын тохиолдол бий болох нь /нэхэмжлэгчийн ажиллаж байгууллага татан буугдах/ тодорхой болсон байхад үүнийг мэдэх ёстой байсан гэж гагцхүү хариуцагчийг буруутгах нь үндэслэлгүй юм.
Зохигчид хэн аль нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орсон талаар тийнхүү мэдэж байсан тохиолдолд даатгалын гэрээг хожим байгуулахгүй байсан бөгөөд үүнээс хойш *******гийн ажлын албыг татан буулгасан нь ирээдүйд бий болсон даатгалын тохиолдол гэж дүгнэх боломжгүй.
7. Хэдийгээр зохигч нарын байгуулсан даатгалын гэрээнд зааснаар даатгуулагчийн ажиллаж буй байгууллага нь татан буугдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгох зохицуулалттай боловч ажилтан цалин хөлсгүйн улмаас зээлийг төлж чадахгүй төлбөрийн тасалдал үүссэн байхыг шаардсан агуулгатай байна.
Гэвч нэхэмжлэгч ******* нь татан буулгаж нэгтгэсэн *******гийн ажлын албанаас ******* ТӨХХК-нд ажиллаж, үргэлжлүүлэн цалин хөлс авч байгаа болох нь тогтоогдсон тул зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж дүгнэхгүй. /х.х-ийн 172/
8. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4139 тоот албан бичгээр даатгагч ******* ХХК-д даатгуулагч *******д даатгалын нөхөн төлбөрийг олгохыг мэдэгдсэн нь шүүхийн журмаар гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд даатгагчаас нөхөн төлбөрийг гаргуулах эсэхийг шийдвэрлэхэд шууд баримтлах нотлох баримт биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авахгүй.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн гомдлоор шийдвэрлэх эрхтэй боловч тухайн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөнтэй холбоотой талуудын маргааныг шүүх нотлох баримтад үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
Иймд, дээрх үндэслэлээр хариуцагч төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04288 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн гаргасан хариуцагч ******* ХХК-д холбогдох даатгалын гэрээний үүрэгт 12,311,607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,274 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР