Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00331

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1956 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, Түмэн овогт Дэмбэрэлийн Болдбаатар /РД:ГЭ56060518/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00346/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1956 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн. Би Булган аймгийн 8 дугаар баазад 1971 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл туслах малчнаар, Булганхангай хоршоололд адуучнаар 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдийг хүртэл өвсний сахиулаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би хөдөө Булган аймгийн Сайхан сумын Өрөмтөд амьдардаг тул холоос дахин шүүхэд ирэх боломжгүй унаа ховор явдаг тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн 8 дугаар баазад 1971 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Булганхангай хоршоололд адуучнаар 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдийг хүртэл өвсний сахиулаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан цалингийн түүвэр бүхий Булган аймгийнАрхивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай лавлагаа, 1976 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тээврийн яамны харьяа Булган аймгийн СХ-ийн авто тээврийн 8 дугаар баазын даргын 1972 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №55 дугаартай Уралдаанд түрүүлэгчдийг урамшуулах тухай тушаал, хавсралт, Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №37 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал, хавсралт, Булган аймгийн Эрчим хүчний захиргааны даргын 1977 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №66 дугаартай ажилд томилох тухай тушаал, тус даргын 1978 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №29 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Булган аймгийн нэгдэл дундын Булганхангай хоршоололын даргын 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ажилд томилох тухай №21 дугаартай тушаал, тус даргын 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №66 дугаартай ажилд томилох тухай тушаал, тус даргын 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №25 дугаартай хүмүүсийг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал, хавсралт, тус даргын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №55 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, Тээврийн яамны харьяа Булган аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1976 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №08 дугаартай тушаал, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Ж.Энхбаяр, Д.Ганболд нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Түмэн овогт Дэмбэрэлийн Болдбаатарыг Булган аймгийн 8 дугаар баазад 1971- оны 10 дугаар сарын 09-ний 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Булганхангай хоршоололд адуучнаар, 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдийг хүртэл өвсний сахиулаар нийт 17 /арван долоон/ жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН