| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/05998/И |
| Дугаар | 210/МА2025/00285 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00285
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/04468 дугаар шийдвэртэй,
*******ий нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* 1 хотхон, А блок, 1 дүгээр орц, 2 дугаар давхар ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие орон сууц хайж агентын тавьсан зарын дагуу *******тай 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* 1 хотхон, А блок, 1 дүгээр орц, 2 дугаар давхар, ******* хаягт байрлах 68.91 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авч, өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хамт амьдарч байна.
Би, ******* болон ******* нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээний 5.1-д Нийт гэрээний үнэ 124,038,000 төгрөг болно. Төлбөр тооцоо дууссан болно гэж заасныг үндэслэн дээрх гэрээг байгуулсан.
Тухайн үед бид хоёрын гэрээг баталсан нотариатч үндсэн орон сууцны захиалгын гэрээний төлбөр тооцоо дууссан бол та хоёрын хооронд эрх шилжүүлэх гэрээг байгуулж болно гээд энэхүү гэрээг баталсан ба харин тооцоо дуусаагүй тохиолдолд үндсэн худалдагч талаас зөвшөөрсөн бичиг авч ирэх ёстой гэж хэлж байсан.
Мөн гэрээг байгуулахаас өмнө гэрээн дээр байсан утас руу залгаж асуухад энэ орон сууцыг худалдаж авахад ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Миний бие *******то 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 92,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19,000,000 төгрөгийг тус тус төлж, одоо 11,500,000 төгрөг төлөх дутуу байгаа бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа төлнө.
Намайг *******аас нөхцөл байдлыг тодруулахаар тэрээр ...би тухайн үед орон сууц хайж байгаад зарын дагуу Ц.тай уулзсан, тэр хүн *******гийн бариулж байсан орон сууцны барилгад бараа, материал нийлүүлээд, үүнийхээ оронд уг орон сууцыг авахаар тохирсон юм. Тэгээд намайг дагуулж очоод *******тай гэрээ байгуулсан. Би, орон сууцны үнэ 103,365,000 төгрөгийг Ц.д төлж барагдуулсан... гэсэн.
Гэтэл ******* нь тай төлбөр тооцооны асуудалтай болсныхоо дараа намайг орон сууцыг чөлөөлж өг гэж шаардаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд, намайг энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. нь *******гийн менежер бөгөөд ХХК нь манайд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй учир уг орон сууцыг өгөх боломжгүй. Мөн хариуцагч ******* нь *******гээс орон сууцны төлбөрт нэг ч төгрөг хүлээн аваагүй, гэрээ байгуулаагүй болно гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Би, 2020 оны 8 дугаар сард орон сууц хайж байгаад цахим зараас Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* 1 хотхонд орон сууц зарна гэсний дагуу Ц.тай утсаар нь холбогдож уулзсан. Ингээд тус орон сууцыг үзээд 103,365,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Тэр үед Ц. нь шууд захиалагч талтай уулзуулаад гэрээг чинь байгуулаад өгье гээд *******гийн ажил дээр очиж орон сууцны захиалгын гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан ба надад ... хамтран ажиллаж байгаа, ямар ч асуудалгүй... гэсэн бөгөөд гэрээний 5.1-д Төлбөр тооцоо дууссан болно гэж тодорхой зааж өгөөд улмаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр түүнд 103,365,000 төгрөгийг төлсөн.
Үүний дараа би дээрх орон сууцыг *******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг үндэслэн *******д 124,038,000 төгрөгөөр худалдсан бөгөөд 11,500,000 төгрөг төлөх дутуу байгааг орон сууцны гэрчилгээгээ гарсны дараа төлнө гэж хэлсэн. Уг орон сууцны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг өгөхгүй удаад байгаа талаар *******гийн менежер *******тэй уулзахад Ц.г нийлүүлэх ёстой бараагаа нийлүүлээгүй учир өгөхгүй гэсэн. ******* нь анхнаасаа төлбөр тооцоо дууссан гэдгээ нотолсон. Гэтэл одоо энэ бүгдийг үгүйсгэж байгаа нь шударга бус явдал юм. Иймд, *******г дээрх орон сууцны өмчлөгч гэж үзэх нь зөв гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* 1 хотхон, А блок, 1 дүгээр орц, 2 давхар, ******* хаягт байрлах 68.91 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, тус талбайн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч *******д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 770,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 770,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.
1. Орон сууцны захиалгын гэрээг анх *******тай хариуцагч байгуулсан бөгөөд ******* захиалгын гэрээг Б. Амартүвшинд шилжүүлэхээс өмнө захиалгын гэрээний 7.4-т заасан нөхцөлийн дагуу *******д мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авах үүргээ хэрэгжүүлээгүй тул хууль зүйн үндэслэлгүй.
2. Орон сууцны үнэнд нэхэмжлэгч нэг ч төгрөг хариуцагчид төлөөгүй төлсөнтэй адилтгах үүргийг гүйцэтгээгүй тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй.
3. *******гийн нэр дээрээс орон сууцны өмчлөх эрх *******т шилжиж өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй тул *******аас гэрээний үүргийг ******* шилжүүлэн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн дугаар 04468 шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
*******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөр тооцоо дууссан талаар тодорхой бичсэний үндсэн дээр гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын хооронд энэхүү гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь Ц.тай бартерын гэрээ байгуулаад бараа материал авах, оронд нь орон сууц өгөх гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу бараа материалын үлдэгдлээ авч чадаагүй бөгөөд тухайн үед байгуулсан гэрээний журмаар хохирол болон гэрээний үүргээ шаардаад шийдвэрлээд явах боломжтой. Гэтэл энэ нөхцөл байдлыг орон сууцтай холбож тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь уг орон сууцанд 2022 оны 12 дугаар сараас хойш 4 жилийн хугацаанд амьдарч байна. Гэрээ байгуулах үед нотариат гэрээнд байсан дугаар руу залгаж ийм гэрээ байгуулагдаж байна, төлбөр тооцоо дууссан уу гэж тодруулсны үндсэнд *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээг баталсан болохыг *******, ******* нар өөрсдөө тайлбарлаж нотолдог. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч ******* нь захиалгын гэрээг хийгээд гарын үсэг зурж тамга дарсан, төлбөр тооцоо 100 хувь дууссан талаар гэрээнд тусгасан. Нотариатч уг гэрээг үндэслээд дараагийн хүнд худалдах эсэхийг гэрээнд заасан дугаараас асуугаад төлбөр тооцоо асуудалгүй байна гэж үзээд шилжүүлж өгсөн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* 1 хотхон, А блок, 1 дүгээр орц, 2 дугаар давхар ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. болон ХХК нар 2022 оны 11 дүгээр сард бараа материал бартераар нийлүүлэх гэрээ байгуулж, худалдагч нь худалдан авагчид 316,700,000 төгрөгийн барилгын сангийн тоноглол нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* 1 хотхон, А блок, 1 дүгээр орц, 2 давхар ******* хаягт байрлах 68.91 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. /х.х-ийн 51-52/
3.2. ******* нь *******тай 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 124,038,000 төгрөгөөр тооцож шилжүүлэхээр, /х.х-ийн 5-7/
3.3. Улмаар ******* нь *******тэй 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, энэхүү гэрээний шаардах эрхийг 122,500,000 төгрөгөөр нэхэмжлэгчид шилжүүлжээ. /х.х-ийн 4/
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, хариуцагч *******гаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт өгөхөөр тохирсон уг гэрээний шаардах эрхийг ХХК-ийн захирал Ц. нь *******т 103,365,000 төгрөгөөр, ******* нь *******д 122,500,000 төгрөгөөр тус тус шилжүүлжээ. /х.х-ийн 35/
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан.
Шаардах эрх шилжсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хэвээр үлдэж, харин үүрэг гүйцэтгүүлэгч солигддог тул энэ хэргийн үүрэг гүйцэтгэгч буюу худалдагч нь *******, үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдан авагч нь ******* гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Хэдийгээр ******* болон ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т нөгөө талын зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлэхийг хориглосон байх боловч нэхэмжлэгч нь утас руу залгаж энэ талаар мэдэгдсэн гэсэн тайлбарыг хариуцагчийн зүгээс баримтаар няцаагаагүй байна.
Мөн ******* болон ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний шаардах эрх нь *******аас *******д шилжсэнээр гэрээний мөн чанар болон худалдагч, худалдан авагч нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлгүй байхаас гадна хариуцагч ******* нь уг гэрээний шаардах эрхийг ХХК-аас *******т шилжсэнийг зөвшөөрч байжээ. /х.х-ийн 36-37/
Иймд, хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ХХК-ийн захирал Ц.д 103,365,000 төгрөгийг шилжүүлсэн бол ******* болон ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д төлбөр тооцоо дууссан болно гэж дурджээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнэ бүрэн төлөгдөж дууссан худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан бөгөөд гагцхүү *******т 122,500,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.
7. Нөгөө талаар хариуцагч ******* нь ХХК-аас авах ёстой бараа материалыг хүлээн аваагүй нь нэхэмжлэгч *******г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь зохигч нарын маргаж буй орон сууцны үнийг худалдан авагч *******аас худалдагч *******д бүрэн төлж барагдуулсан гэсэн тохиролцоог үндэслэн шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгчийг үүнд итгэх эрхтэй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримт болоод нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч нь тус орон сууцанд 2020 оны 12 дугаар сараас хойш амьдарч байгаа болох болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 40/
Энэ тохиолдолд хариуцагч *******г Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч *******д орон сууцыг хүлээлгэж өгсөнд тооцно.
Тиймээс хариуцагч *******гийн ...орон сууцны төлбөрт нэг ч төгрөг хүлээн аваагүй, гэрээ байгуулаагүй болно... гэсэн татгалзал үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхтэйгээс гадна орон сууцны гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг шаардах эрхтэй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан өмчлөгчийн туйлын эрхээ хүлээн зөвшөөрүүлэх агуулгатай нэхэмжлэл гаргасан байхад хожим гэрээний зүйлийн үнийг төлж өмчлөгч болох тухай мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...тус тайлбайн гэрчилгээ... гэж найруулгын хувьд алдаатай байгааг мөн адил засна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/04468 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-т тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* 1 хотхон, А блок, 1 дүгээр орц, 2 дугаар давхар ******* хаягт байрлах 68.91 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******г тогтоож, тус орон сууцны гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч *******д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 770,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР