Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Богд овогт Чулуунбатын Анхбаярт холбогдох эрүүгийн “1909026800616” дугаартай, 186/2019/633/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуульд 2 дугаар дамжааны оюутан, одоо Амно ХХК-д гэрээгээр туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2-В байрны 01 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бат-Эрдэнийн Тулга /РД:УС98122810/, 

           Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драммын театраас 2018 оны 06 дугаар сарын дундуур таксинд суухдаа иргэн Н.Энхзул нь Айфоне-6 загварын гар утсаа гээгдүүлсэнийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Т нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Энхзулын:..Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драммын театрын гаднаас такси бариад Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Грин вилла хотхонд хүргүүлэн буугаад 205-204 тоотод байрлах гэртээ орсон хойноо гар утсаа алга

болсоныг мэдсэн. Миний гар утасны аппел аядигаар нь харахад 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 99959944 гэсэн дугаарын хэрэглэгч хэрэглээд байгаа мэдээлэл гарч ирсэн учраас цагдаагийн байгууллагад хандаж байсан гэх мэдүүлэг. /хх-н 9-10/,  

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Түмэндэмбэрэлийн:.. Тухайн гар утсыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутад УС98122810 регистерийн дугаартай Бат-Эрдэнэ овогтой Тулга гэх хүн манай байгууллагаар үйлчлүүлж 900.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр чигээр нь төлбөр тооцоогоо хийлгүй орхиж явсан. Тулга гэдэг хүн манай байгууллагаар үйлчлүүлэхдээ 95281228 гэсэн буцаж холбогдох утас бичиж үлдээсэн байна. Тухайн утас барьцаанд тавьсан гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүлээгээд хугацаа дууссан учраас зарагдсан гэх мэдүүлэг. /хх-н 12/,  

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Өлзийбаярын:..Уг утсыг би 2018 оны 06 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Драммын театрын орчмоос олсон. Тэгээд машиндаа байлгаж байхад манай дүү Тулга түр өгч байгаач гэж хэлээд авсан. Гэхдээ Тулга надаас авсан гар утсаа ломбардад тавьсан тадаар мэдээгүй гэх мэдүүлэг. /хх-н 13/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.хохирогч Н.Эхзулын мэдүүлэг, гэрч Б.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг, гэрч О.Өлзийбаярын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний тайлан, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Арвижих барьцаат зээлдүүлэх газрын баримтын хуулбар зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драммын театраас 2018 оны 06 дугаар сарын дундуур таксинд суухдаа иргэн Н.Энхзул нь Айфоне-6 загварын гар утсаа гээгдүүлсэнийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч, Н.Энхзул, гэрч Б.Түмэндэмбэрэл, О.Өлзийбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Н.Энхзул нь санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

 

 

зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Т нь Айфоне 8 загварын гар утсаа гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. 1.Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Тулгыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тулгыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ