Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00201

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03714 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хохирлын төлбөр төлсний зөрүү 21,500,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: олох байсан орлогод 20,864,383 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолоор ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар гэм буруутайд тооцогдож 37,000,000 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ДШМ/835 магадлалаар миний үйлдлээс 3 үйлдэлд оролцсон нь тогтоогдоогүй гэж дүгнэж, 3 үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэл хөнгөрүүлж, хохиролд төлөх төлбөрийг 15,500,000 төгрөг болгож, өөрчилж шийдвэрлэсэн. Уг магадлалд хохирогч, ялтан нараас гомдол гаргасан боловч Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

1.2 Ингээд дээрх торгуульд 8,830,000 төгрөгийг төлсөн. ******* 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхээс гаргуулсан хохиролд 37,000,000 төгрөгийг ******* ХХК-д Хохирол төлөв гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Магадлалд ******* нь хохиролд төлсөн 37,000,000 төгрөгөөс илүү төлсөн мөнгийг шаардах эрхтэйг дурдсан. Иймд ******* ХХК-аас хохиролд илүү төлсөн 21,500,000 төгрөгийг буцаан авах үндэслэлтэй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хохиролд илүү төлсөн 21,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож *******д 4 жилийн хорих ял оногдуулж, хохиролд 37,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж манай компанид 37,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 37,000,000 төгрөгийг өөрөө сайн дураараа төлсөн. Хэрэв хохирлын төлбөрийг үндэслэлгүй гэж үзэж байсан бол хохирлоо төлөхгүй байх эрх нь нээлттэй байсан.

2.2 ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлын төлбөрийг дээрх байдлаар төлж, хохирол төлбөр төлөгдсөн хэмээн шүүх хуралдаанд оролцож, ял шийтгэлийг хөнгөрүүлсэн атлаа нэгэнт төлөгдсөн хохирлын төлбөрийг буцаан нэхэмжилж буй нь үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирол 37,000,000 төгрөгийг төлснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг дуусгавар болсон бөгөөд нэгэнт дуусгавар болсон үүргийг буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй.

2.3 Мөн хохиролд 37,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх боловч баримтаар ******* гэх хүн төлсөн, өмгөөлөгч *******ийн мэдүүлгээр ар гэрийнхнээр нь төлүүлсэн гэсэн байх тул ******* зөрүүг буцаан шаардах эрхтэй эсэх, шаардах эрх шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа учраас хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1, 492.2.1 дэх хэсэгт зааснаар ******* шүүхийн шийдвэрийн дагуу төлөлтийг хийсэн учир шударга ёсонд нийцсэн тул буцаан шаардах эрхгүй. Мөн түүнчлэн шийтгэх тогтоол гарч, талуудын хооронд 37,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүсэж, үүнийг нэхэмжлэгч биелүүлсэн. Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөлийн шаардлагыг хангахгүй байх тул зөрүү төлбөрийг нэхэмжлэх эрхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Манай компани нь барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд ******* нар нь гэмт хэрэг үйлдэж, манай компанид 62,000,000 төгрөгийн хохирол учруулаагүй байсан бол уг мөнгөн хөрөнгийг хамгийн багаар арилжааны банкны хадгаламжид байршуулахад 20,864,383 төгрөгийн орлого олох байсан.

Тухайлбал, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 1010 хоногийг Худалдаа хөгжлийн банкны нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү болох 12.5 хувийн хүүгээр бодоход 10,376,712 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 32,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 18 хүртэлх 957 хоногийг Худалдаа хөгжлийн банкны нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү болох 12.5 хувийн хүүгээр бодоход 10,487,671 төгрөг, нийт 20,864,383 төгрөгийн орлого олох байсан.

3.2 Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хамааралтайгаар гаргаагүй, харин бидэнд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа бөгөөд эрүүгийн шүүх үүнийг шийдвэрлэдэггүй, иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байдаг. ******* 2 зээлийн гэрээнд оролцож, гэмт хэрэг үйлдсэн болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан. *******гийн хууль бус үйлдэл байгаагүй бол энэ 2 зээл гарахгүй, 60 гаруй сая төгрөг ******* ХХК-ийн дансанд байж байх байсан. Мөн тус хэргийг үйлдсэн хамтран хариуцагч нь *******гийн хамтран үүрэг гүйцэтгэгч болох бөгөөд бид Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу аль нэг этгээдээс өөрийн үзэмжээр шаардаж *******гаас нэхэмжилж байна.

Иймд *******гаас өөрт учирсан хохирол болох олох байсан орлого буюу 20,864,383 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Нэхэмжлэл түүний үйл явдал нь эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлал болон төлбөр хийсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар няцаагдана. *******г эрүүгийн хэрэгт ямар оролцоотой болохыг дүгнэж, нийт 15,500,000 төгрөгийн хохирлыг хариуцах ёстой гэдгийг шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч талаас учруулсан хохирлоос давсан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд хохирлыг бодит хохирлоор тооцохоор заасан. Олох байсан орлого нэхэмжлэх боломжгүй.

4.2 Тухайн зээлийг гаргасан ******* ХХК-ийн ажилтнууд хариуцлагатай хандах үүрэгтэй байсан, тэр үед ******* нь тус байгууллагын албан тушаалтан, ажилтан байгаагүй, зээлдэгч биш, зээлийг гаргаж өгсөн ажилтан биш, зээлийг авч захиран зарцуулсан этгээд биш юм. Тиймээс хамааралтай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд энэ хохирол нь *******д хамааралгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 635,617 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 265,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас хураамжид 262,280 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх Иргэний хуулийн 228, 492.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хууль буруу хэрэглэж, хэргийг хэт нэг талыг барьж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн, хэргийг шийдвэрлээд шийдвэр сонсгосноос өөрөөр шийдвэрт шийдвэрийн тогтоох хэсгийг бичсэн, дүгнэлтээ мөн танилцуулснаас өөрөөр бичсэн.

6.2 Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 2.5.5-д заасан шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр заасныг зөрчиж, хариуцагч талын учирсан хохиролд хүү, алданги, олох байсан ашиг орлого тооцож нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн. Мөн уг хохирлыг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд заасныг үндэслэн олох байсан ашиг орлогыг энгийн хадгаламжийн хүү 12,5 хувиар тооцож, хугацааг 2019.10.09-2022.08.18 гэж юуг үндэслэн тооцож буй нь ойлгомжгүйгээр тооцож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

6.3 Түүнчлэн шүүх шийдвэртээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн алинд оруулан 635,617 төгрөгийн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлд хэдэн төгрөг хангаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Улсын тэмдэгтийн хураамжийг мөн буруу тооцсон.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож. шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгчийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3.2.2.-т заасны дагуу гэм буруутай нь тооцогдоод 37,000,000 төгрөгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10.4-т Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно. гэж зааснаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон. *******гийн зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хохирлын төлбөр болох 37,000,000 төгрөгийг өөрийн хүсэл зоригийн үндсэнд хариуцагч байгууллагын дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж хохирол төлбөрөө өөрийн сайн дураараа хүлээн зөвшөөрч 37,000,000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасны дагуу ******* ХХК болон ******* нарын хооронд үүссэн хохирлын асуудал дуусгавар болсон. Гэтэл дуусгавар болсон үүргийн харилцааг буцаан шаардах эрх нэхэмжлэгч талд байгаа эсэх нь тодорхойгүй.

7.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсны хүрээнд уг маргааныг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан дуусгавар болсон үүргийг буцаан шаардах талаар үндэслэл, шаардлагаа гаргаагүйн улмаас шүүх хэргээс хальж маргааныг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Нийслэлийн давж заалдах шүүхээс хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн. Гэхдээ *******гийн хувьд хохирлын төлбөрөө төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөлүүлэх зорилгоор уг төлбөрийг төлсөн гэх үйл баримт харагддаг. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 835 дугаар магадлалын 22 дугаар талд шүүгдэгчийн өмгөөлөгч *******ээс гаргасан давж заалдах гомдолд ар гэртэй нь зөвлөлдөөд хохирлын төлбөрийг төлөх нь зүйтэй гэх байдлаар 37,000,000 төгрөгийг төлөөд гомдол гаргасан нь харагддаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1, 492 дугаар зүйлийн 492.4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага үндэслэлгүй хөрөнгөжих хууль зүйн асуудал байхгүй.

7.3 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх шийдвэрээ танилцуулах явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон ******* хуралдааны танхимыг орхин гарсан. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн үндэслэлээ юу гэж тайлбарласныг сонсоогүй, мөн шүүхийг үл хүндэтгэсэн атлаа давж заалдах журмаар гомдол гаргахдаа анхан шатны шүүх өөрөөр шийдвэрээ бичсэн гэх агуулгаар гаргасан нь үндэслэлгүй.

7.4 Мөн гомдолд Эрүүгийн хуулийн 2, 5 дугаар зүйлийг зөрчсөн гэх асуудлыг дурдсан. Гэтэл уг зүйл заалтыг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй буюу Эрүүгийн хэргийн шүүх хохирлын асуудлыг шийдсэн. Харин хор уршгийг Эрүүгийн хэргийн шүүх шийдэхгүй бөгөөд одоо ******* ХХК-д уг гэмт хэргийн улмаас ямар хор уршиг учирсан талаар сөрөг нэхэмжлэл гаргаж Иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн. Иргэний хэргийн шүүх Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийг баримталж шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хуулийг зөрчсөн гэх асуудал яригдахгүй. Мөн хадгаламжийн хүүг 12.5 хувиар тооцсон баримт хэрэгт авагдаагүй гэх асуудал яригдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хадгаламжийн дундаж хүү нийтэд илэрхий үйл баримт учраас хэрэгт хавсаргах хэрэгцээ шаардлага байхгүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээтэй холбоотой хүү алдангийн асуудлыг тавьж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлээгүй.

7.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хамтран үүрэг гүйцэтгэгч учраас үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр аль нэг этгээдээс шаардах эрхтэй. Мөн 635,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй талаар гомдол гаргасан нь бодит байдалд нийцээгүй. Тухайлбал, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу харилцан тооцогдох шаардлага гэж үзэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж зөрүү нь 635,000 төгрөг болсон. Анхан шатны шүүх харилцан тооцож байгаа учраас зөрүү төлбөрийг нь гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал ойлгоогүй нь шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хохирлын төлбөр төлсний зөрүү 21,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3.1 Хариуцагч нь олох байсан орлого 20,864,383 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, олох ёстой байсан орлого гэж тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч ******* 2 зээлийн гэрээнд оролцож, гэмт хэрэг үйлдсэн болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан. ******* нар гэмт хэрэг үйлдэж манай компанид 62,000,000 төгрөгийн хохирол учруулаагүй байсан бол уг мөнгөн хөрөнгийг хамгийн багаар арилжааны банкны хадгаламжид байршуулахад 20,864,383 төгрөгийн орлого олох байсан гэх үндэслэлээр сөрөг шаардлага гаргасан.

4. Дээрх сөрөг шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу бусдад гэм хор учруулсны хариуцлагад хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хэрэг, эрх зүйн маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

5. Гэтэл анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03714 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

М.БАЯСГАЛАН