Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 000053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Д.Цогтоод холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

 

Индексийн дугаар 142/2017/0082/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

               Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Б.Жавхлантуяа

               Ялтан                                                 Д.Цогтоо

               Ялтны өмгөөлөгч                           С.Батмөнх-Очир

               Нарийн бичгийн дарга                   Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолтой, Дашдоржийн Цогтоод холбогдох, 201714000088 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6-56 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФА-61081931 регистрийн дугаартай, Монгол овгийн Дашдоржийн Цогтоо.

 

Д.Цогтоо нь 2016 оны 12 сарын 07-ны орой өөрийн эзэмшлийн 35-53 ОРХ улсын дугаартай машинд 1977 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн 7,62,*39R мм-ийн калибртай 11 ширхэг сумыг хууль бусаар авч явсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Монгол овгийн Дашдоржийн Цогтоог байлдааны галт хэрэгсэл хууль бусаар авч явсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1.д зааснаар шүүгдэгч Д.Цогтоог 3 /гурав/ сар, 1/нэг/ хоног баривчлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1.д зааснаар шүүгдэгч Д.Цогтоод оногдуулсан 3 /гурав/ сар, 1/нэг/ хоног баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 11 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо:

 

Д.Цогтоог гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэсэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг болон оногдуулсан ялыг Д.Цогтоогийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

 

Д.Цогтоогийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг дутуу хийснээс болж түүнд ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдлууд орхигдсон байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.т заасан нөхцөл байдлуудыг тогтоогоогүйгээс ялтан Д.Цогтоогийн эрх зүйн байдал дорджээ гэж үзэж байна.

 

Гэтэл бодит байдал дээр Д.Цогтоо нь реватизм буюу хэрх өвчний сүүлийн шатанд орсон байнгын эмчийн хяналтанд байдаг, эхнэр Х.Цэрэнчимэг нь зүрхний үнхэлцэг хальсны цооролт, зүрхний ховдлын хэм алдалт өвчтэйн учир байнгын асрамжинд байж, яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Д.Цогтоогийн хүүхдүүд болох Ц.Хүдэрчулуун нь өрх тусгаарлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багт оршин сууж, тум сумын МСҮТөвд багшаар ажилладаг, Ц.Мөнхчулуун нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18-9 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг учраас байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай Д.Цогтоо, Х.Цэрэнчимэг нар нь ам бүл 2-уул амьдардаг зэрэг нь ялтны болон эхнэр Х.Цэрэнчимэгийн эмнэлэгийн карт, удаа дараагийн оношлогоо, шинжилгээний дүгнэлтүүд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн засаг даргын тодорхойлолт, МСҮТ-ийн захирлын тодорхойлолт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6-р хорооны даргын тодорхойлолт, Ц.Мөнхчулуун, Ц.Хүдэрчулуун нарын иргэний бичиг баримтуудаар нотлогдох боломжтой байтал энэ ажиллагааг огт хийлгүй орхигдуулсан байна.

 

Д.Цогтоог өмгөөлөх эрхээр хангаагүй буюу энэ хэрэгт хяналт тавьсан прокурор Б.Жавхлантуяа “танд өмгөөлөгч шаардлагагүй ээ, танд тэнсэн өгнө” гэснээр энэ хүний өмгөөлүүлэх эрх нь зөрчигдсөн байна. Ийм үйл явдал болсон учраас Д.Цогтоо нь өмгөөллийн туслалцаа огт аваагүй, авахыг хүсээгүй, шүүх хуралд өөрийгөө өмгөөлж оролцоно гэж бичгээр хүсэлт гаргаж өгч, өөрийгөө өмгөөлж, хэргийн учир холбогдол болоод өөрийн хувийн байдал буюу өвчтэй талаараа, ар гэрийн амьдрал, хийсэн хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж, ямар хариуцлага хүлээж хэрхэн хүмүүжих талаараа шүүхэд ойлгуулж чадаагүй байна.

 

Иймд Д.Цогтоод 3 сар 1 хоног баривчлах ял оногдуулсан 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цогтоогийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоох, өмгөөлөх эрхээр хангуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Д.Цогтоод холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Дашдоржийн Цогтоог 2016 оны 12 сарын 07-ны орой өөрийн эзэмшлийн 35-53 ОРХ улсын дугаартай машинд 1977 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, байлдааны зориулалттай 7,62,*39R мм-ийн калибртай 11 ширхэг сумыг хууль бусаар авч явсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгэсэн байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Цогтоогийн өмгөөлөгч эс зөвшөөрч “... анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн..., .... хэргийн бүрдэл дутуу байхад түүнийг гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн, судалж үзвэл:

 

1./ Шүүгдэгч Д.Цогтоо нь 2016 оны 12 сарын 07-ны орой өөрийн эзэмшлийн, 35-53 ОРХ улсын дугаартай машинд 1977 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 7,62,*39R мм-ийн калибртай 11 ширхэг сумыг авч явсан нь үнэн бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

- Шүүгдэгч Д.Цогтоогийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн:

 

.... Манай ах Оюунгэрэлийнх Булган аймгийн Хангал сумын “Сэвсүүл” гэдэг газар мал малладаг..., манай ганц нэг мал тэр ахынд байдаг ..., тэр үед ах маань миний гар утас руу залгаад хоёр бярууг чинь чоно идсэн..., сэгийг нь ирж үзээрэй гэж хэлж байсан...,  Тэгээд хоёр бярууныхаа сэгийг харахын хажуугаар буугаа аваад хотонд нь бууны чимээ өгье гэж бодоод тэднийх рүү явсан...,

 

Тэгээд хөдөө очоод чоно идсэн гэх газар нь очоод хоёр удаа бууны чимээ өгсөн...., Миний буу бол “Вепрь 7,62*36” маркийн ,ангийн зориулалттай буу бөгөөд би 2009 онд Улаанбаатар хотын “Их ав” гэдэг нэртэй зэвсгийн дэлгүүрээс 1.400.000 төгрөгөөр худалдан авсан, энэ буунд яг ямар сум зориулагддагийг мэдэхгүй.., Би Нарантуул захаас “Вепрь” бууны сум авъя гэхээр энэ сумнуудыг өгсөн..., Би цагдаагийн байгууллагад хураалгасан сумнуудыг Нарантуул захаас 2016 оны 01 сард худалдаж авсан...,. Би  энэ сумнуудыг миний бууны сум л гэж ойлгодог...,

 

Анх буу аваад цагдаагийн газарт бүртгүүлээд шалгуулахад цагдаагийнхан 3 сум аваад ир гэхээр нь энэ сумнаасаа үзүүлж буудсан...,Цагдаагийнхан мэдэж байгаа.., тэгээд энэ сумнуудаар буудаж болохгүй, энэ таны бууны сум биш гэж хэн ч хэлээгүй...,  Би ямар нэг ашиг хонжоо олох зорилго байгаагүй, чоно нохойноос хамгаалж буу тавиад л ирсэн..., хүн болгон л хэрэглэдэг учир хориглосон гэж бодоогүй ..., гэсэн мэдүүлэг ,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016-12-12-ны өдрийн 149 дугаартай:

 

Шинжилгээнд ирүүлсэн сум нь буудлага үйлдэх боломжтой..., Шинжлэгдэж буй сум 1977 онд, ОХУ-д, байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн,  “7,62*39R мм “ калибрьтай буунд зориулагдсан сум байна...,

Шинжилгээнд ирүүлсэн суманд гар аргаар хийсэн шинж тэмдэг илрэхгүй байна ... гэсэн дүгнэлт, /хх-ийн 14-р хуудас/ ,

 

-Цагдаагийн эрүүгийн төлөөөлөгч М.Цасчихэр 2016-12-07-ны өдөр Д.Цогтоогооос эд зүйл хураан авсан тухай :

 

....Хөндлөнгийн гэрч О.Түвшинтөгс, Ц.Сүхбат нарыг байлцуулан Дашдоржийн Цогтоогоос нийт 11 ширхэг байлдааны сум хураан авлаа ...гэсэн тэмдэглэл, хураан авсан сумны зургийг авч бэхжүүлсэн баримт..., /х.хийн 7.,8.,11-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

Гэвч энэ үйлдэл нь “галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэх, хадгалах, авч явах, борлуулах, үйлдвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Тухайлбал хэргийн сэдэлтийн хувьд :

 

-Д.Цогтоо нь галт зэвсэг буюу “веперь 7.62х 36” маркийн бууг эзэмших эрхийн гэрчилгээтэй, татвараа цаг тухайд нь төлж байсан, энэ буунд нь дээрх 11 ширхэг сум таардаг, энэ сумаар анх Цагдаагийн газарт буугаа бүртгүүлж, буудаж шалгуулсан, тэд буудаж шалгасан, түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр цаг хугацаанд хөдөө малаа эргэж, малаа хамгаалах зорилгоор малын хотонд буудаж чимээ өгсөн тухай үйл баримт тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл 11 ширхэг сум нь галт хэрэгсэл мөн боловч шүүгдэгч Д.Цогтоо сумыг “...ямар нэг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэх, ашиглах зорилгоор авч яваагүй, мөн ийм зорилгоор хадгалаагүй эсхүл сумыг ашиглаж, ямар нэг материалаг ашиг, хонжоо, орлого олох... гэсэн зорилгогүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив талын үндсэн шинжийг үгүйсгэж байна.

 

Иймд Д.Цогтоод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь Эрүүгийн хуульд заасан “зөвхөн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан, нийгэмд аюултай, үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутай хийсэн үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” болох тухай зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2./ Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

 

            - Д.Цогтоод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад түүний үйлдэл хангалттай нотлогдохгүй байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 176 дугаар зүйлд заасны дагуу “....дээрх эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд ...” хяналт тавьж байсан прокурор нь 2016-12-23-ны өдөр 5/03 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгожээ. /х.хийн 60-р хуудас/

 

            -Энэ тогтоол хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзвэл тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 176 дугаар зүйлийн 176.3.т зааснаар зөвхөн дээд шатны прокурор доод шатны прокурорын үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалын эрх, үүргийн хувьд өөрийн тогтоолоор хүчингүй болгох бөгөөд харин Эрүүгийн байцаан шийтгэх ажилагааны оролцогч /сэжигтэн, яллагдагч хохирогч, хууль ёсны төлөөлөгч... гэх мэт/ биш атлаа .... эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа албан тушаалтан энэ ажилдаа хөндлөнгийн байр, сууриар хандах байтал “өөрөө” хэргийг сэргээлгэх тухай “гомдол” гаргасан нь хууль зөрчсөн байна. /х.хийн 63-65-р хуудас/

 

            Мөн Прокурорын тогтоол нь Д.Цогтоог ...сум авч явсныг, эсхүл тэр сум ямар зориулалттай, ямар бүтэцтэй болохыг үгүйсгээгүй байх бөгөөд харин дээрх үйл баримт нь эрүүгийн гэмт хэрэг мөн гэж хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй эсэх талаар гарсан байхад мөрдөн байцаагч гомдолдоо “...прокурорын тогтоол үндэслэлгүй  гэдэг нь “тогтоогдож байна”..., гэсэн дүгнэлт хийж, “...дахин шалгаж хариуг мэдэгдэнэ үү...” гэсэн үүрэг өгчээ.

 

Өөрөөр хэлбэл тухайн хэргийг шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа “албан тушаалтан” нь “ албан үүрэгтээ” ашиг сонирхолын зөрчилгүй хандаж, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх нь хуульд нийцэхээс гадна мөрдөн байцаагч нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тухайн хэрэгт хамааралтай этгээд болох хэргийн оролцогч буюу эрүүгийн байцаан шийтгэх ажилагааны оролцогч биш гэдгээ цаашид анхаарах шаардлагатай.

 

Д.Цогтоод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа учраас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, 11 ширхэг сумыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3., 317 дугаар зүйлийн 317.1.2., 319 дүгээр зүйлийн 319.1.3., 321 дүгээр зүйлийн 321.1.3., 208 дугаар зүйлийн 208.1.1., 323 дугаар зүйлийн 323.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 07-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Монгол овогтой Дашдоржийн Цогтоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.д зааснаар Д.Цогтоод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн дариу сулласугай.

 

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, 1977 онд ОХУ.д үйлдвэрлэгдсэн, 7.62*39R  мм-ийн калибртай, 11 ширхэг сумыг Д.Цогтоод буцаан олгосугай.

 

4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

 

            ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

 

                                                                                                            Ц.ТУЯА