Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2017/0005/З |
Дугаар | 09 |
Огноо | 2017-05-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 09
2017 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 123/ШШ2017/0009 | Төв аймаг |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянжаргалан сумын иргэн Н.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох,
“Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, хариуцагч Г.Бямбадорж, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Сонинбайгаль, гэрч Б.Цэрэннадмид, Н.Насандэлгэр, Ү.Гантөмөр, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын Б/04 тоот захирамж нь Монгол улсын Үндсэн хуулийн 14, Төрийн албаны тухай хуулийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, 43.3, 131.1.3, Шилэн дансны тухай хуулийн 10.1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёр дугаар хуралдааны 04 тоот тогтоол, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 40.1-д заасан миний төрийн албанд ажиллах, нэр төртэй байх хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон. “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд сарын өмнө мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулна гэж 1 сарын өмнө мэдэгдэхийг тухайлан зааж өгсөн. Миний хувьд 2016 онд сахилгын арга хэмжээ авагдаагүй, төсвийн гүйцэтгэл, шилэн дансны мэдээлэл оруулах зэрэг нь ажил үүргийн хувьд надад хамааралгүй. Сумын Засаг даргын А/54 тоот захирамжийн дагуу төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг санхүүгийн албаны дарга буюу төсвийн ерөнхий нягтлан бодогч, мөн 5.000.000 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий орлогын гүйлгээг мэдэгдэх үүргийг татварын улсын байцаагч, Засаг даргын орлогч нар тус тус хариуцах талаар оруулах хуваарь гарч дагаж мөрдөж байсан. 2016 оны төсвийн төслийг хугацаанд нь мэдүүлээгүй хугацаа алдсан байсан, манай шинэ нягтлан бодогчийн туршлагагүйгээс болж Шилэн дансанд мэдээлэл байршуулаагүй байсан, Санхүү хяналт албаны дарга нь удирдлага зохион байгуулалтаар хангадаггүй байсантай холбоотой. Төв аймгийн Аудитын газрын Менежментийн захидлыг хүлээн авч зөвлөмжийн дагуу төрийн сангийн төлөөлөгч Сандагдоржоор зөрчлийг арилгах ажлын төлөвлөгөө гаргуулаад, төлөвлөгөөгөө хэрэгжилтийн тайлангийн хамт Аудитын газарт хүргүүлсэн. Орон нутгийн өмчийн талаарх мэдээллийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн, хагас жилийн тооллогоор дутагдсан хөрөнгийг холбогдох эздээр төлүүлэхээр шийдвэрлэж, тайлбар бичүүлж авсан. Сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийг эзэмшигч нарт картаар хүлээлгэн өгч эзэмшүүлсэн, өмчийн харилцааг өмчийн төлөөлөгч хариуцаж зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд төсөв бага ирж байсан болохоор скалад, граж зэргийг засварлах зардал байхгүй байсан. Дутсан гэх эд хөрөнгүүд бүгд хариуцаж авсан хүмүүст байгаа. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байсан. Зил 130 машиныг “Анкей интерншнл” ХХК нь Засаг даргын Тамгын газарт хандиваар өгсөн, ашигладаггүй байсан учраас буцааж өгөөд 10 сая төгрөг авч Соната 5 авто машиныг худалдаж авч сумын цагдаагийн хэлтэст өгсөн. Зил 130 авто машиныг анх өгөхөд Төрийн сангийн төлөөлөгч Цэрэннадмид орлогод аваад данс бүртгэлдээ оруулсан мөртлөө тус машины оронд сумын цагдаагийн хэлтэст машин авч өгсөн. Зил 130 машиныг данс бүртгэлээс хасуулах хүсэлтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн боловч одоо хүртэл шийдэж өгөөгүй, дансанд бүртгэлтэй хэвээр байгаа. Актлагдах эд хөрөнгө өндөр үнэтэй учраас худалдаж авдаггүй. Цалингийн өр үүсээгүй, ажилчдын ээлжийн амралт давхардсан учраас өр гарсан. 2016 оны эцсээр нийгмийн даатгалын санд өргүй гарсан. Би санхүүгийн мэргэжилтэй биш учраас энэ талаар сайн мэдэхгүй. Аудитын албаны албан шаардлагатай танилцаагүй. Ажлаас халагдсаны дараа мэдсэн. Тухайн албан шаардлагад Шилэн дансны хуультай холбоотой зөрчлүүд гарсан байсан. Соёлын төвийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын эрхлэгч нар дээр надаас илүү зөрчил гарсан байхад цалингийн 20 хувийг нь хасаад намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. 3 дугаар улиралын тайлан хугацаа хоцорч гарсан. Нягтлан бодогч тухайн үед шүлхий өвчин гарсан постон дээр ажиллаж байсан болохоор хоцрогдуулсан. Зөрчил гаргасан ажилчдыг Цэрэннадмид хариуцах ёстой байсан. Миний хувьд Тамгын газрын ажилчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, зохих ёсны шаардлагаа тавьж байсан. Гаргасан зөрчлөө арилгахгүй, давтан зөрчил гаргаж байсан албан хаагчдаас болж энэ асуудал үүссэн. Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Сандагдорж, нягтлан бодогч Ц.Отгонжаргал, дунд сургуулийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Энхсайхан, Тамгын газрын нярав Дариймаа, татварын газрын байцаагч Даваадулам гэж 5 хүнтэй, санхүүгийн алба даргаар нь Цэрэннадмид ажилладаг. Би багш мэргэжилтэй хүн, төсөв мэдэхгүй. Дүүрэн Засаг даргаар 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээгээ дүгнүүлсэн. Г.Бямбадорж Засаг дарга 2016 оны 11 сард ажлаа авсан. Засаг даргыг ажилдаа орсон үеэс эхлээд Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрийг гаргах, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд бэлтгэх зэрэг их ажилтай байсан. 2016 оны 12 сарын 25-ны өдрийн орой ажил дээр сууж байхад Засаг даргыг орж ирэхээр нь үр дүнгийн гэрээгээ дүгнүүлье гэж хэлэхэд 12 дугаар сарын 27, 28-ны өдөр дүгнэсэн ч болно гэж хэлээд гараад явсан. Намайг 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан байсан. Засаг даргын нэрэмжит үзлэгээр миний хариуцаж байсан ажил дээр би “D” үнэлгээ аваагүй, Тамгын газрын төрийн албан хаагчдын ажлын хариуцлагагүйгээс болоод шалгалтанд “D” үнэлгээ авсан. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан үед дайчлагдан ажиллаж байсан хүмүүсийн хоол хүнсэнд малчдаас мал мах ханган нийлүүлэхийг ажлыг Засаг даргын орлогч Г.Золбаатар, нярав Ж.Дариймаа нар тус тус гүйцэтгэсэн. Сум орон нутаг хариуцдаг эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн хуулийг уландаа гишгэж, ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байгаа ажилтныг үндэслэлгүйгээр 2 өөр захирамжаар /Б/04, А/10/, өөрийн дур зоргоороо үндэслэл зохиож, зохиомлоор, таамаглалаар явцуу эрх ашгийн хүрээнд дээрхи захирамжуудыг гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 .12.27 ны өдрийн Б/04, А/10 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан цалинг гаргаж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхцэцэг удаа дараа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Баянжаргалан сумын Засаг даргын Б/04 тоот захирамж нь хууль бус шийдвэр болсон. Төрийн албаны албан хэрэг хөтлөх журамд зааснаар Б дугаарыг дотоод ажил хэрэгтэй холбоотой зүйлд хэрэглэдэг. Б/04 тоот захирамжийг санхүүгийн албаны дарга Б.Цэрэннадмид төлөвлөх ямар ч эрх байхгүй. Энэ захирамжийг гарсаныг хэн ч мэдээгүй. Н.Энхцэцэг нь албан томилолтоор Улаанбаатар хотод ажлаар явж байсан. Төрийн албаны салбар зөвлөлийн хурал болоод сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах талаар дурьдсан байдаг. Засаг дарга захирамжаа хүчингүй болгохын оронд өөрчилж ажлаас чөлөөлөх болгож гаргасан. Хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Эхний ажлаас халсан захирамжид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас халсугай гэж байна. Гэтэл 2017 оны 2 дугаар сард гаргасан захирамжид 12 сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас халсугай гэсэн байдаг. Гэтэл Н.Энхцэцэг нь 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халагдсан. А/ дугаарыг төсвийн хөрөнгөтэй холбоотой асуудлын талаарх захирамж гаргахдаа хэрэглэдэг. Төрийн байгууллагын өмч хөрөнгө ил задгай, хадгалалт хамгаалалтгүй байхад Засаг дарга нь хяналт тавьдаггүй. Санхүүгийн албаны дарга бүртгэл хяналтаа явуулдаггүй. Шилэн дансны хуулийн зүйл заалтыг Б.Цэрэннадмид нь зөрчсөн. Төсвийн тухай хуульд зааснаар хяналт тавих нь Б.Цэрэннадмидын үүрэг. Маргаан бүхий Засаг даргын хоёр захирамж Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, аймгийн Засаг даргын нэрэмжит шалгалт, Аудитын газрын зүгээс өгсөн зөвлөмж бичигт Н.Энхцэцэгийг ажлаас хал гэж огт дурьдаагүй. Өмч хөрөнгийн асуудлыг хариуцах, хяналт тавих ёстой бусад хүмүүс нь хяналт тавихгүй байгаа учраас эд хөрөнгө нь эзгүйдээд дуусч байна. Аймгийн Засаг даргын үзлэгээр “D” үнэлгээ авсан нь ажлаас халах үндэслэл болохгүй. “D” үнэлгээ гэдэг нь муу гэсэн үнэлгээ биш. Суманд байхгүй өндөр үнэ ханшаар төрөл садангийн хүмүүсээсээ хонь, ямаа аваагүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглаагүй. 2016 онд сахилгын шийтгэл авагдаагүй. Сахилгын шийтгэлийг шат дараалалтай ногдуулсан зүйл байхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг зөрчсөн. Дотоод ажилд нь хяналт, шалгалт хийгээгүй байж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлгүй зүйлээс болж ажлаас чөлөөлсөн захирамж гарсан. 3 дугаар улиралын санхүүгийн тайланг гаргаагүй нь Н.Энхцэцэгт ямар ч хамааралгүй. Иймээс маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.872 852 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Энхцэцэгийг 2016 оны 12 сарын 27-ны өдрийн Б/04 дугаар захирамжаар ажлаас нь халж, Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 14 дугаартай тогтоол ирүүлсэний дагуу тус захирамжинд өөрчлөлт оруулж 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаар захирамж гаргасан. Дээрх захирамжууд нь хууль тогтоомж, өөрийн эрх хэмжээний хүрээнд, төрийн албан хаагчийн гаргасан алдаа зөрчил дутагдалд тохирсон арга хэмжээ авсан. Н.Энхцэцэг нь сумын Засаг даргын Тамгын газрын дарга, төсвийн шууд захирагчийн албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь Төв аймгийн Аудитын газрын “Менежментийн захидал”, 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 251 дугаар албан шаардлагаар тогтоогдож хариуцлага тооцуулах, биелэлтийг хангуулах үүргийг Засаг дарга надад Төв аймгийн Аудитын газрын дарга 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 1/559 албан бичгээр өгч, хариуцлага тооцож хариуг хугацаанд нь ирүүлэхийг даалгасан. Орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хийсэн шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил дутагдалд холбогдох төрийн албан хаагчдад хариуцлага тооцох талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авсан. Батлагдсан орон тоог хэтрүүлж 24 орон тоотой ажиллахаас 25 орон тоотой ажиллуулсанаар цалингын өр үүсгэсэн, шатахууны өр авлага үүсгэсэн боловч данс бүртгэлд тусгаж мэдээлээгүй. 2016 он жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй. Нөхөр, ээжийнх нь хамаатан, төрсөн дүү нараасаа 60,000-80,000 төгрөгийн малыг 150,000 мянган төгрөгөөр худалдан авсан. Ажлаас чөлөөлөгдсөний дараа өөртөө шатахуун бичиж ШТС-аас шатахуун авсан. Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр сумын Засаг даргын Тамгын газар нь 2016 оны ажлаар “D” үнэлгээтэй хангалтгүй дүгнэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн 26.1.3 дахь заалтаар үүрэгт ажлаас нь халсан. Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг хэрэгжүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.2.2, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчсөн. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6, 16.5.7-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ 12 сарын 25-ны дотор өгч дүгнүүлээгүй. Н.Энхцэцэгийн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Сонинбайгаль нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсвийн тухай 16.4-т “дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.15-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга тухайн шатны ЗДТГ-ын төсвийг” гэж заасан, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.3, 16.5.4, 16.5.6, 16.5.7-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхээ Н.Энхцэцэг хэрэгжүүлээгүй, үүргээ хангалтгүй биелүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 13-ны Төв аймгийн Аудитын газрын 251 дугаартай албан шаардлагад төсвийн шууд захирагчид хариуцлага тооцож, биелэлтийг хугацаанд нь ирүүлэхийг даалгасан. Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхцэцэг нь төсвийн төсөл, хагас жилийн тайлан, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын гүйлгээ, төсвийн гүйцэтгэл мэдээлээгүй нь тогтоогдсон. Төв аймгийн Аудитын газраас өмнө нь Менежментын захидлыг Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, нягтлан бодох бүртгэлийн дагуу бүртгэлийг хөтлөх, баримтгүй ажил үйлчилгээг бүртгэхгүй байх зөвлөмжийг өгч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэх арга хэмжээ авч ажиллахаар Н.Энхцэцэг, Ц.Отгонжаргал нар гарын үсэг зурж авсан байдаг. 2016 оны 12 сард биелэлтийг хангаагүй гэдгийг тогтоосон. Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт муу, өмч хөрөнгийн асуудлыг хариуцан шийдвэрлээгүй, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан. Орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтын талаар нягтлан бодогч Ц.Отгонжаргал, нярав Ж.Дариймаа нарын гаргасан мэдээллийг Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р хуралдаанд танилцуулж, хурлаас 07 дугаар тогтоол гарсан. 3-р улирлын тайланг хугацаанд гаргаагүй. 2016 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй. Аймгийн Засаг даргын үзлэгээр “D” үнэлгээтэй үнэлэгдсэн. Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гэрч Б.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт муу байдаг. Н.Энхцэцэг 2007 онд Тамгын газрын дарга болсноос хойш муу ажиллаж ирсэн. Санхүүгийн ажилд ч гэсэн анхаарал тавьж ажиллах ёстой гэж олон удаа хэлж байсан. Сумын Засаг даргын захирамжаар 24 орон тоотой ажиллахаар батлагдсан боловч Н.Энхцэцэг нь 25 хүний орон тоотой ажиллуулаад нийгмийн даатгалын санд өр үүсгэсэн. Суманд шүлхий өвчин гарч онцгой байдлын постод ажиллаж байсан хүмүүсийн хүнсэнд өөрийн садан төрлийн хүмүүсээс хонь ямааны мах өндөр үнээр авсан байсан. Өөрөө гарын үсэг зураад батлаад бензин авсан баримт олон байдаг. Хөрөнгийн талаар Н.Энхцэцэгт хэлэхэд чамд хамааралгүй гэж хэлдэг. Би санхүүгийн тал дээр хяналт тавьдаг. 2016 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа ирүүл гэж хэлэхэд тайлангаа хоцроож өгсөн гэжээ.
Гэрч Н.Насандэлгэр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2014 оны 09 сард Тамгын газрын дарга Н.Энхцэцэг манай нөхөртэй уулзаад 12 сард төлнө гээд 2 сая төгрөгний цалингийн зээл авахуулсан. 2015 онд 2 сая төгрөгнөөс хагас мөнгийг нь төлсөн. Би жирэмсний амралтаа аваад 2016 оны 06 сард ажилдаа орьё гэж хэлэхэд сонгуулийн тухай хуулиар ажилдаа орж болохгүй гэж хэлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсээс асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. 2016 оны 08 сард албан ёсоор өргөдлөө өгсөн боловч Н.Энхцэцэг дарга шүлхий өвчин гараад пост гарсан тул нялх хүүхэдтэй хүн авах боломжгүй гэж хэлсэн. Үүний дараагаар би 1111 дугаарын утас руу залгаж хэлсэний дараагаар Н.Энхцэцэг дарга утсаар ярихдаа чи дээш доош нь их ярих юм, ажилдаа ор гэж хэлсэн. Ажилдаа ороход цалингийн хэмжээ хасагдсан байсан гэжээ.
Гэрч Ү.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Засаг даргын Тамгын газар 2009 онд агро парк хадлангийн тракторыг эзэмшүүлэхээр гэрээ байгуулж өгсөн. Зайрмагны машин ав гэж 1 сая төгрөг өгсөн. Дээр нь би 1 сая төгрөг нэмээд 2 сая төгрөгөөр зайрмагны машин авсан, одоо хотод засварт өгсөн. Засаг даргын Тамгын газраас нэг удаа эд хөрөнгийг авчирч өг гэж бичиг ирсэн боловч, хаана авчирч өгөхийг мэдэхгүй байсан болохоор очоогүй, түрээс төлдөггүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс Баянжаргалан сумын Засаг даргад холбогдуулан “сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04 дүгээр захирамж, 2017 оны 2 сарын 07-ны өдрийн А/10 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Энхцэцэгийг “...хууль, Аудитийн зөвлөмж зэргийг зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт муу, өмч хөрөнгийн асуудлыг хариуцан шийдвэрлээгүй, шилэн дансанд төсвийн төсөл, хагас жилийн тайлан, төсвийн гүйцэтгэл, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын гүйлгээ мэдээлээгүй, батлагдсан орон тоог хэтрүүлж, цалин шатахууны өр үүсгэсэн, шатахууны өглөгийг мэдээ тайланд тусгаагүй, өндөр үнээр төрөл садан, дотны хүмүүсээсээ хонь, ямаа худалдаж авсан, байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагааг явуулаагүй, 3-р улирлын санхүүгийн тайланг гаргаагүй, аймгийн Засаг даргын үзлэгээр дутагдалтай үнэлгээ авсан, 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн“ гэх үндэслэлээр Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас нь халж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажлаас халагдах зөрчил гаргаагүй, сумын Засаг даргын А/54 тоот захирамжийн дагуу төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг санхүүгийн албаны дарга буюу төсвийн ерөнхий нягтлан бодогч, 5.000.000 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий орлогын гүйлгээг мэдэгдэх үүргийг татварын улсын байцаагч, Засаг даргын орлогч нар хариуцна, надад хамааралгүй, эд хөрөнгийг картаар хүлээлгэж өгсөн эзэмшигчид хариуцна, цалин шатахууны өр үүсгээгүй, байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлж байсан, ах дүү нараасаа өндөр үнээр мал мах аваагүй” гэж тодорхойлжээ.
Маргаан бүхий захиргааны актуудад заасан Н.Энхцэцэгийн гаргасан гэх зөрчил тус бүрт дүгнэлт хийж үзвэл:
1. Аудитын газрын зөвлөмж хэрэгжүүлээгүй, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт муу, өмч хөрөнгийн асуудлыг хариуцан шийдвэрлээгүй гэх зөрчлийн тухайд
Төв аймгийн Аудитын газраас Баянжаргалан суманд хүргүүлсэн “Менежментийн захидал”-аар ашиглалтгүй байгаа тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх, дутагдсан хөрөнгийг холбогдох эздээр төлүүлэх, зөвлөмжийн хариуг 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлэх үүрэг өгснийг Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхцэцэг хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, ашиглалтгүй байгаа тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх, хагас жилийн тооллогоор дутагдсан 2.542.400 төгрөгийг холбогдох эздээр төлүүлэх үүргийг санхүүгийн албаны дарга Б.Цэрэннадмид, нягтлан бодогч Ц.Отгонжаргал нарт хариуцуулсан байна.
Тухайн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргаж “орон нутгийн өмчийн талаарх мэдээллийг 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар, 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлж, хагас жилийн тооллогоор дутагдсан хөрөнгийн жагсаалтыг гарган холбогдох эздээр төлүүлэхээр, ашиглалтгүй байгаа тээврийн хэрэгслийн холбогдох материалыг бүрдүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар арга хэмжээ авч, хэрэгжилт 70%” байгаа тухай бичжээ.
Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд нийт 12 авто тээврийн хэрэгсэл, техник бүртгэлтэй. Эдгээр авто тээврийн хэрэгслээс Соната-5 маркийн автомашиныг цагдаагийн албан хаагч нар хариуцан ажиллуулдаг, харин сумын Засаг даргын Тамгын газар нь портер маркийн автомашин, 35 морины хүчин чадалтай төмсний трактор, пад тракторуудыг эзэмшүүлэх болон түрээслүүлэх гэрээгээр 2009, 2011 онуудад иргэн Ү.Гантөмөр, Б.Цогтгэрэл, О.Бямбасүрэн нарт хүлээлгэн өгсөн, портер маркийн машины түрээсийн төлбөрт 67000 төгрөг авснаас өөрөөр 2016 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн гэрээний төлбөрүүдийг бүрэн төлүүлээгүй, гэрээг дүгнээгүй, гэрээ тус бүрийг 1 жилийн хугацаатай байгуулсан ч гэрээний хугацаа дуусахад үргэлжлүүлэн эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд заасны дагуу портер, аксент маркийн автомашин, хадлангийн тракторь, иж планета мотоциль зэргийг актлах, худалдах, зил 130 автомашиныг бүртгэлээс хасуулах зэрэг ажлыг эрх бүхий этгээдэд хандаж шийдвэрлүүлэх, мөн гарсан шийдвэрийг биелүүлж акталсан эд хөрөнгийг худалдах ажлыг хариуцан зохион байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 104, 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 9, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дүгээр тогтоол, эд хөрөнгө түрээслэх гэрээ, нэхэмжлэгч болон гэрч Ж.Дариймаа, Ү,Гантөмөр нарын “түрээсийн төлбөр төлөөгүй” гэсэн тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн Н.Энхцэцэг нь Төв аймгийн Аудитын газраас өгсөн “ашиглалтгүй байгаа тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх” үүргийг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй, 11 дүгээр сарын 18-ны өдөр “орон нутгийн өмчийн талаарх мэдээлэл бичиж, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлснээс өөр ажил зохион байгуулаагүй, уг мэдээлэлд зааснаар болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийг цуглуулан нэг газар байршуулах арга хэмжээ аваагүй бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс үүргээ биелүүлэхийг шаардаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч Ү.Гантөмөрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Автомашин, техник зэрэг эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг 2009-2016 онуудад орон нутгийн төсөвт оруулаагүй, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам хяналт тавьж, удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчимд нийцэхгүй байх бөгөөд Н.Энхцэцэгийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах...” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 67 дугаар зүйлийн 67.1-д “Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна” гэж, “...өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Сумын өмчийн харилцааг зохицуулах журам”-ын 5, 5.1, 5.1.а-д орон нутгийн өмчийн төлөөлөгч ажиллуулах, өмчийн төлөөлөгч орон нутгийн өмчийн холбогдолтой хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж, биелэлтийг хангуулах бүрэн эрхтэй байх тухай заасан боловч уг журмын 4.3, 4.3.1-д сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээнд орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, олж авах эрхтэй гэж, мөн сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 6-д “Засаг даргын хариуцсан бусад чиг үүргийг хэрэгжүүлж, шаардлагатай мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана.... үйл ажиллагааны нэгдлийг хангаж ажиллана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн “өмчийн харилцааг өмчийн төлөөлөгч хариуцаж зохион байгуулна, автомашин, эд хөрөнгийг картаар эзэмшигчид хүлээж авсан эзэмшигчид хариуцна” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
Үүнээс гадна сумын Засаг даргын Тамгын газрын грашийн барилгыг эсгий үйлдвэрлэх зориулалтаар 2009 оны 4 сарын 09-ний өдөр иргэн Б.Баттогтоход түрээсийн гэрээгээр 1 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ч түрээсийн төлбөрт 30000 төгрөг нэг удаа төлсөн, бусад хугацаанд төлбөр төлөөгүй, гэрээг дүгнээгүй, гэрээний хугацаа 2010 онд дууссан ч дахин гэрээ байгуулаагүйг дурьдаж байна.
Нэхэмжлэгч нь Аудитын газрын зөвлөмжид заасан “хагас жилийн тооллогоор дутагдсан 2.542.400 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлэх” үүргийг биелүүлсэн байх боловч тухайн зөвлөмжид заасан бусад үүргийг биелүүлээгүй байх тул түүнийг Аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөрөнгийн асуудлыг хариуцан шийдвэрлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
2. Шилэн дансанд төсвийн төсөл, хагас жилийн тайлан, төсвийн гүйцэтгэл, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын гүйлгээ мэдээлээгүй, 3-р улирлын санхүүгийн тайланг гаргаагүй, байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагааг явуулаагүй гэх зөрчлийн тухайд:
Төв аймгийн Аудитын газрын Менежментийн захидлын Шилэн дансны талаарх 6 дахь хэсэгт “...хагас жилийн тайлан мэдээлээгүй, төсвийн хэмнэлт хэтрэлт түүний шалтгааны тайлбар, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтыг мэдээлээгүй...тул хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах гэж, мөн дотоод хяналтын талаар гэсэн 3 дахь хэсэгт “дотоод хяналтын алба нь тухайн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж ажиллаагүй тул...дотоод хяналт хийх улирал, жилийн төлөвлөгөөг батлуулж ажиллах” тухай үүрэг зөвлөмж өгсөн. Гэтэл энэхүү зөвлөмжийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхцэцэг биелүүлээгүй, төсвийн шууд захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эдгээр ажлыг удирдан зохион байгуулаагүйгээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.1-д ...төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд мэдээлэх гэж, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.7-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан гаргах, ...тогтоосон хугацаанд тайлагнах”, 16.5.6-д заасан “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2, 6.1.3-д “хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэл, дараа сарын 08-ны өдрийн дотор, дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор мэдээлэх” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Аудитын газрын Менежментийн захидал, 2016 оны 12 дугаар сарын 13-ны ҮАГ-НАГ/2016/04/ИН-71-251 дугаартай албан шаардлага, гэрч Ц.Отгонжаргалын “Шилэн дансанд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн эсэх талаар мэдээлэх тухай би мэдэхгүй байсан учир мэдээлээгүй, ... 3-р улирлын санхүүгийн тайланг хугацаа хоцорч гаргасан” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын Тамгын газрын дарга, төсвийн шууд захирагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий албан тушаалтнаар гаргавал зохих тайлан, мэдээг хуульд заасан журмын дагуу хугацаанд нь гаргуулаагүй, Шилэн дансны хэрэгжилтэд тавих хяналтаа хэрэгжүүлээгүй байх ба “би багш мэргэжилтэй, төсөв мэдэхгүй” гэж тайлбарлаж байх тул түүнийг тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд “Төрийн албаны тухай 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан “төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэжлээ дээшлүүлэх” үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Үүнээс гадна Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар Шилэн дансанд төсвийн төсөл, хагас жилийн тайлан, төсвийн гүйцэтгэл, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын гүйлгээ мэдээлээгүй, 3-р улирлын санхүүгийн тайланг гаргаагүй зэрэг зөрчил гаргасан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “сумын Засаг дарга сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хийх дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр баталж, уг төлөвлөгөөнд заасныг зохих хэмжээнд хэрэгжүүлсэн” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
Дээрх зөрчлүүдийг Төв аймгийн Аудитын газар шалган тогтоож, холбогдох зөвлөмжийг сумын Засаг даргын Тамгын Газрын даргад хүргүүлснийг Н.Энхцэцэг хүлээн авч төлөвлөлгөө батлан, түүний хэрэгжилтийн байдлыг Аудитын газарт хүргүүлсэн. Үүний дараа Төв аймгийн Аудитын газраас “Шилэн дансны тухай хууль зөрчсөн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн төсвийн шууд захирагч нарт хариуцлага тооцож, биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор Төв аймгийн Аудитын газарт ирүүлэх” тухай 2016 оны 12 сарын 13-ны өдрийн ҮАГ-НАГ/2016/04/ИН-71-251 дугаартай албан шаардлагыг Баянжаргалан сумын Засаг даргад хүргүүлсэн бөгөөд Н.Энхцэцэг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг захиргааны байгууллага зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Аймгийн Засаг даргын үзлэгээр дутагдалтай үнэлгээ авсан, 2016 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй гэсний тухайд
Төв аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр байгууллагын төсөв санхүүгийн байдал, үндэсний үйл ажиллагааны үзүүлэлт, хууль тогтоомж шийдвэрийн хэрэгжилт, хүний нөөцийн чадавхи, дотоод хяналт, үйл ажиллагааны ил тод байдал гэсэн 6 үзүүлэлтээр шалгалт хийсэн байх бөгөөд Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар нийт 3.15 оноогоор буюу 63.08 хувиар D үнэлэгдсэн байна.
Мөн нэхэмжлэгч Н.Энхцэцэгийн “2016 оны 12 дугаар сарын 26-ны орой ажил дээр байж байхдаа сумын Засаг даргад үр дүнгийн гэрээгээ дүгнүүлье гэхэд дараа дүгнүүлчих гэж хэлсэн” гэсэн тайлбар, хариуцагч сумын Засаг дарга М.Бямбадоржийн “Н.Энхцэцэг надад үр дүнгийн гэрээний биелэлтээ 12 сарын 25-ны дотор өгч дүгнүүлээгүй” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ, сумын Засаг дарга үнэлж дүгнээгүй үр дүнгийн гэрээний биелэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар Н.Энхцэцэг нь 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ эрх бүхий албан тушаалтанд гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор гарган тайлагнаж, дүгнүүлээгүй болох нь тогтоогдлоо. Иймд Н.Энхцэцэгийг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7-д “...үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4. Батлагдсан орон тоог хэтрүүлж, цалин шатахууны өр үүсгэсэн, шатахууны өглөгийг мэдээ тайланд тусгаагүй, өндөр үнээр төрөл садан, дотны хүмүүсээсээ хонь, ямаа худалдаж авсан гэх зөрчлийн тухайд:
Аудитийн газрын Менежментийн захидлын бараа материалын талаарх 6 дахь хэсэгт :...364.672 төгрөгийн шатахууны тооцооны алдаа гаргаж илүү олгосон зөрчил илэрсэн” тухай бичсэн ба уг зөрчил нь багийн Засаг дарга н.Оюунцэцэг, нягтлан бодогч Ц.Отгонжаргал нарын буруугаас гарсан бөгөөд зөрчил арилсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч Н.Энхцэцэгт хамааралгүй. Мөн Аудитын газрын Менежментийн захидал, албан шаардлага, аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн дүгнэлт зэрэгт Н.Энхцэцэгийг цалин шатахууны өр үүсгэсэн, шатахууны өглөгийг мэдээ тайланд тусгаагүй, өндөр үнээр төрөл садан, дотны хүмүүсээсээ хонь, ямаа худалдаж авсан тухай бичээгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, холбогдох тайлбарыг гаргуулаагүй, үүнээс гадна түүнийг төрөл садангийн хүмүүсээсээ өндөр үнээр мал худалдаж авсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд тохирсон, маргаан бүхий захиргааны актуудаар түүний төрийн албанд ажиллах, нэр төртэй байх хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.7, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхцэцэгийн “Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04, мөн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН