Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0118

 

“Б Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан “Б Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Ө” ХХК-ийн 134000 м.кв газрын “Б Ч” ХХК-ийн 17576 м.кв газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Ч” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: ““Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/318 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага өөр хэргийг шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг дарга хэргийн оролцогчоор оролцоогүй хэргийн шийдвэр, магадлал, тогтоолыг нотлох баримтаар хавтаст хэрэгт авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг зөрчсөн. Уг нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

        Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу хилийн заагийг тогтоосон 21, 3 дугаар шон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэмж тогтоосон 75 дугаар шонгуудын хилийн зурвас нь хаагуур байгаа, ямар байрлалтай, ямар тэмдэглэгээтэй болох, мөн маргаан бүхий 17576 м2 газар нь дархан цаазат газрын хилийн цэст бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн хамаарсныг шинжээч томилон тогтоолгүйгээр, үзлэг хийж хэргийн бодит нөхцөлийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч “Б Ч” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох 134000 м.кв газрын “Б Ч” ХХК-ийн ашиглах эрх бүхий 17576 м.кв газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар “Б Ч” ХХК-д Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын зориулалтаар, таван жилийн хугацаатайгаар 1.7 га талбай бүхий газрыг ашиглах,

        хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/389 дүгээр захирамжаар “Ө” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар таван жилийн хугацаатай 134.0 га газрыг эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

        Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт тухайн олгогдсон газрууд хамаарч байгаа болох нь “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор нотлогдсон тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 /Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй/-д зааснаар тухайн нөхцөл байдлыг дахин нотлох шаардлагагүй.

        Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д /Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана/-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалт тогтоосон газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргахаар хуульчилсан бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар “Ө” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар эзэмшүүлсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

        Энэ нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 /захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан/-д заасны дагуу илт хууль бус гэх үндэслэл болно.

        Өөрөөр хэлбэл, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг шинэчлэх, тодруулах зэрэг асуудал нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын эрх хэмжээнд хамааралтай, ийнхүү тодорхой болгоогүйгээс маргаантай байгаа гэх үндэслэл нь одоо хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн үйлчлэлийг үгүйсгэх, нэхэмжлэгч “Б Ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

        Иймээс хариуцагч Нийслэлийн Засаг дарга өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар маргаан бүхий захирамжийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

        Иймд энэ талаарх “Нийслэлийн Засаг дарга хэргийн оролцогчоор оролцоогүй хэргийн шийдвэр, магадлал, тогтоолыг нотлох баримтаар авч үнэлсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ тус компанид тусгай хамгаалалттай газар нутагт 1.7 га буюу 17000 м.кв газар ашиглах эрхийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгосон, түүний эрхийн зөрчил энэ хэмжээгээр байгааг анхааралгүй нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “17576 м.кв” хэмжээгээр буюу бүхэлд нь хангасан нь, түүнчлэн хэрэглэвэл зохих хуулийг болон хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй нь буруу болжээ.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 750 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3”, “бүхэлд нь” гэснийг “зарим хэсгийг”, “17576” гэснийг “17000”, “тогтоосугай” гэснийг “тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 576 м.кв газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                                                ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР