Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 221/2023/0081/з |
Дугаар | 001/ХТ2024/0073 |
Огноо | 2024-07-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2024/0073
Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,
Монголбанкинд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0010 дугаар шийдвэртэй хэргийг,
Нэхэмжлэгч Ц.Д-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Б.М-О, Б.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-... тоот “Татан буугдсан “А б” ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал нь иргэн Ц.Д-ийн хувьд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр тогтоолоор тогтоогдсон 3,446,159,752 төгрөгийн хохирлыг Монголбанкнаас гаргуулах”
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1.“Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот “А б” ХК-ийг албадан татан буулгах тухай тушаалаар “А б” ХК-ийг албадан татан буулгаж тус банкинд банкны эрх хүлээн авагчийг томилсон. Энэхүү тушаалын дагуу “А б” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа явагдаж байхад Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор иргэн Ц.Д надад 3,446,159,752 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар магадлалаар уг хохирлыг Монгол банкны тушаалаар томилогдсон “А б” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулсан ба Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр батлагдсанаар надад учирсан хохирол болон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн бичиг баримт нь “А б “ХК-ийн банкны эрх хүлээн авагчид шилжсэн.
2.2.Гэвч надад төлөх төлбөрийг төлөөгүй байхад банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайлан /дуусгавар болгох тухай танилцуулга/-г үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн А-.. тоот тушаал гарч банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгож татан буулгаснаар иргэн миний шүүхийн шийтгэх тогтоолын дагуу гарсан хохирол барагдуулах боломж алдагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн илт хууль бус захиргааны акт гарсан.
2.3.Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланд “...эрүүгийн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрээр “А б” дахь эрх хүлээн авагчаас 3,4 тэрбум төгрөг гаргуулж хадгаламж эзэмшигч Ц.Д-д олгохоор шийдвэрлэсэн” болохыг тайлагнасан. Монгол банк нь банкны эрх хүлээн авагчийг харилцагч, хадгаламж эзэмшигчтэй холбогдох төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулаагүй байх үед үйл ажиллагааг нь дуусгавар болгож банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ зөрчсөн...” гэх зэргээр тайлбарлажээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар:
3.1.“... Банкны тухай хуулийн .. дугаар зүйлийн ...2 дахь хэсэгт заасан энэ хуулийн ...1-т заасан тайланг Монголбанк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцно гэснийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-.. дугаар тушаалаар татан буугдсан “А б” ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болгож, энэ тухай “Өнөөдөр” сонины 2015/04/08-ны өдрийн №083 (5477) дугаарт нийтэлсэн.
3.2. ... Банкны эрх хүлээн авагчийн банкны актив хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах үүрэг нь банкны нийт актив хөрөнгийг худалдан борлуулснаар дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл борлуулах актив хөрөнгө буюу орлого байхгүй болсон тохиолдолд бусад нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах боломжгүй болж эрх хүлээн авагчийг татан буулгадаг.
3.3.Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хуульд заасны дагуу Монгол банк нь банкны салбарт хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч зохицуулагч байгууллагын хувьд цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон банкийг татан буулгаж, банкны үйл ажиллагааг зогсоож, банкны актив хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар борлуулан бүх хадгаламж эзэмшигч, банкнаас авлага бүхий бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийх чиг үүрэгтэй эрх хүлээн авагчийг томилдог.
3.4.Банкны эрх хүлээн авагч нь Монгол банкны хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг буюу төрийн мөнгөний бодлоготой холбоотой нийтийн эрх зүйн чиг үүргийн аль нэг хэсгийг хэрэгжүүлдэггүй, харин татан буугдаж байгаа банкны эдийн болон эдийн бус хөрөнгийг хамгийн зүй зохистой, шударга байдлаар нийт нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчдэд хуулийн дагуу хуваарилан, төлбөрийн чадваргүй этгээдийн үүргийг түүний хөрөнгөөр өмнөөс нь гүйцэтгэх төлбөр тооцооны шинжтэй хувийн эрх зүй давамгайлсан үйлдэл гүйцэтгэж байгаа этгээд юм. Иймд нэхэмжлэгчээс хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлсны дагуу татан буугдсан банкны эрх хүлээн авагчийг нэг удаагийн шинжтэй захиргаа, нийтийн эрх зүйн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасан этгээдтэй адилтгах үндэслэлгүй. ...” гэх зэргээр маргажээ.
4.Хэргийн нөхцөл байдал:
4.1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 04 сарын 17-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолоор “... 3,446,159,752 төгрөгийг “А б” дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулж, хадгаламж эзэмшигч Ц.Д-д олгох, шүүгдэгч Э.Г-А, Д.Э, Н.Д нараас 3.501.275.653 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “А б” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох”-оор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
4.2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар “А б” ХК-ийг албадан татан буулгаж тус банкинд банкны эрх хүлээн авагчийг томилсон, “А б” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Ажлын тайланд “... шүүхийн шийдвэрээр ... банкны эрх хүлээн авагчаас 3,4 тэрбум төгрөг гаргуулж хадгаламж эзэмшигч Ц.Д-д... олгохоор шийдвэрлэсэн. А б-ны актив хөрөнгө дуусгавар болсон тул ... /Ц.Д-ийн/ төлбөрийг барагдуулах боломжгүй болсон”, “ ... Банкны тухай хуулийн .. дугаар зүйлд заасны дагуу “А б” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцох шийдвэрийг гаргуулах саналтай” гэжээ.
4.3.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-.. дугаар тушаалаар дээрх тайланг баталж, “А б” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн ажиллагааг мөн өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцсон байна.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр:
5.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... дүгээр тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
5.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцээд, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр Банкны тухай хууль /2010 он/-ийн .. дугаар зүйлийн ...2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.1.1.“... Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйл Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох, тайлагнах тухай зүйл, заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн байх тул энэхүү маргаанд буюу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-.. дугаар тушаал хууль бус эсэхийг тогтоохоор шүүх хянан шийдвэрлэхэд уг 74 дүгээр зүйлийг буцаан хэрэглэхгүй бөгөөд цаг хугацааны хувьд тушаал гарах үед батлагдаагүй байсан.
5.1.2. ... Тухайн үед үйлчилж байсан Банкны тухай хуулийн .. дугаар зүйлд зааснаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцохдоо Монголбанк эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, ийнхүү дүгнэх үндэслэлгүй.
5.1.3. ... Тус банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэл хүлээн авах хугацааг 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон байх бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгч Ц.Д нь нэхэмжлэлээ гаргаж өгөөгүй байх ба төлбөр төлөх дараалалд нэр нь орсон талаарх баримт байхгүй байна.
5.1.4. ... Нэхэмжлэгч Ц.Д нь өөрийн хадгаламжийн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн /өөрийн гараар тэмдэглэгээ хийсэн гэх/ бөгөөд ийнхүү “А б” ХК-ийн хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад байгаагүйн улмаас /шүүх хуралдаанд тайлбарласан/ эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцон хохирлоо гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-.. тоот “Татан буугдсан “А б” ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
5.1.5. ... Эрүүгийн шийтгэх тогтоолоор дан ганц “А б” ХК дахь эрх хүлээн авагчаас хохирогч Ц.Д-д хохирлыг гаргуулахаар шийдвэрлээгүй, шүүгдэгч нараас мөн гаргуулж “А б” ХК дахь эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн, түүнчлэн “А б” ХК дахь эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монголбанкийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин шүүхийн шийдвэрүүдээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зохицуулалт энэ харилцаанд мөн хэрэглэгдэхгүй.
5.1.6. Ц.Д нь А б-ны хадгаламж эзэмшигчийн мэдээлэлд бүртгэлгүй байсан тул Банкны тухай хууль /2010 он/-ийн 65 дугаар зүйлийн 65.3-т “Банкны эрх хүлээн авагч нь банкны актив хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг явуулахдаа хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг бусдаас илүүд үзнэ” гэж зааснаар банкны эрх хүлээн авагчийн тайланг шалгаагүй, хадгаламж эзэмшигч этгээдийн төлбөрийг барагдуулаагүй тушаал гаргасан хэмээн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэжээ.
6.Нэхэмжлэгч Ц.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
6.1.“... Шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулахаар хариуцагчаас А б-ны хадгаламж эзэмшигчийн бүртгэл, төлбөр төлөх дараалал, А бинд олгож байсан зээлийн баримт, банкны татан буулгах үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг ирүүлэхийг даалгасан.
6.2.Харин нэхэмжлэгчээс хадгаламжийн дэвтрүүд болон хадгаламжийн гэрээг шүүхэд ирүүлэхийг шаардсан. Энэхүү надаас шаардсан баримтыг 2011 оны эхээр цагдаагийн байгууллагаас бүгдийг хурааж авсан байсан тул УЕП-ын дэргэдэх Эрүүгийн хэргийн архивд шүүхээс ирүүлсэн албан бичгийг үзүүлж хүсэлт гаргасны дагуу хавтаст хэргээс холбогдох баримтыг хуулбарлан шүүхэд өгсөн.
6.3.Эрүүгийн хэргийн материалтай танилцаж байх үед Банкны эрх хүлээн авагчийн тушаалаар удаа дараа урамшуулал банкны ажилтан, албан хаагчдад олгож байсан байдаг. Уг тушаалуудыг нотлох баримтаар хуулбарлан авах гэсэн боловч Монголбанкны нууцын тэмдэгтэй, хөндлөн дарсан “хуулбарлахыг хориглоно” гэсэн дардастай байсан тул надад хуулбарлан өгөхөөс татгалзсан. Учир нь эрх хүлээн авагч Банкны тухай хуулиар татан буугдсан банкны эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй боловч хуульд заасан дарааллыг тогтоосны дагуу төлбөр барагдуулаагүй байхдаа банкны мөнгөн хөрөнгөөс урамшуулал олгож байсныг нотлохыг хүссэн.
6.4.Харин хариуцагчийн зүгээс шүүхэд “банкны эрх хүлээн авагчаас тогтоосон төлбөр төлөх дараалал”-ыг ирүүлээгүй. Банкны тухай хууль болон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журмууд, банкинд онцгой журам тогтоосноос хойш Монголбанкнаас олгосон зээлийн гэрээнүүд зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.
6.5.Шинээр цуглуулсан нотлох баримт болон урьд нь хэрэг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Э-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн хүрээнд шүүх дараах байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Тухайлбал:
6.6.Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 3-ын талаар: Банкны тухай хуулийн /2010 он/ .. дугаар зүйлийн ...1, ...2-т заасан үүргээ хэрэгжүүлж банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болсонтой нийцсэн талаар дүгнэлт хийсэн байна.
6.7.Гэвч тухайн үед эрх хүлээн авагчийн тайланг хүлээн авахдаа Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монголбанкны үйл ажиллагааны чиглэл” заалтын 5.4-д заасан банкны эрх хүлээн авагчийн тайланг хянах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, мөн зүйлийн 5.7-д банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэсэн үүргээ тайланг хүлээн авч банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох захиргааны акт гаргахдаа хэрхэн дүгнэсэн талаарх баримт байхгүй.
6.8.Учир нь тайланд хадгаламж эзэмшигч Ц.Д-ийн 3.4 тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болохыг тодорхой тайлагнасан байгаа.
6.9.Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шаардлагыг дэмжиж тодруулахын тулд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг шалгуулахыг хүссэн. Энэ нь захиргааны актыг гаргахдаа захиргааны байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн зарчмыг хангасны эцэст шийдвэрлэсэн байх учиртай. Энэхүү асуудлаар шүүх шийдвэртээ эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.
6.10.“Үндэслэх” хэсгийн 4.1-ийн талаар: Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, ...” гэж 2018 онд нэмэлт орсон, учир нь 2010 оны уг хуулийн .. дугаар зүйлийн ...2-т “Энэ хуулийн ...1-д заасан тайланг Монголбанк баталж ...” гэж байжээ. Эндээс үзэхэд 2018 оны нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар банкны эрх хүлээн авагчийн тайланг Монголбанк хүлээн авсны дараа “хэлэлцэх” үүрэгтэй талаар хуульд илүү нарийвчилсан зохицуулалтыг нэмсэн байна.
6.11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заажээ. Мөн түүнчлэн 2018, 2021 онд батлагдсан “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулиудаар Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг буцаан хэрэглэхийг хориглосон зохицуулалт байхгүй байна. Хэрэв тайланг хэлэлцэж үнэлэхгүй бол түүнийг Монголбанк хүлээн авах шаардлага үүсэхгүй. Иймд Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.
6.12.“Үндэслэх” хэсгийн 4.2-ын талаар: Энд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохын тулд Банкны тухай хуульд нийцсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан тохиолдлын шинжийг агуулаагүй, ийнхүү захиргааны акт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй гэжээ.
6.13.Шүүхийн энэхүү дүгнэлт нь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд дуусгавар болгох асуудалд эрх зүйн дүгнэлт хийжээ. Харин Монголбанк хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн тухай дүгнэлт хийхээс татгалзсан байна. Тухайлбал:
6.14.Гэрч С.Э нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23 -ны өдрийн 446 дугаар тушаалаар "А б ХК-ийн эрх хүлээн авагчийн зөвлөлөөр томилогдсон бөгөөд уг тушаалын биелэлтэд хяналт тавихыг Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Ж-д даалгасан байна. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "Иргэн Ц.Д-ийн хувьд санхүүгийн тайланд тусгагдаагүй Энэ хүн банкны хадгаламж эзэмшигч биш. Хадгаламж эзэмшигч гэдгийг аль ч шатны шүүх тогтоогоогүй. А б-ны дэс дараатай үүссэн эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон ийм л хүн байгаа. Харин ч бид 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дуудаж уулзсан. Шүүхийн шийдвэрийг шилжүүлдэг хуультай. ..." Өмгөөлөгчөөс :- Дараалалд оруулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж ойлгож болох уу? гэхэд: Гэрч : Өглөг гэдэг хэсэгт харамсалтай нь бичиж чадаагүй гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Энэхүү гэрчийн мэдүүлгээр хуульд зааснаар татан буугдсан банкны бусдад өгөх өглөгийг тогтоохын тулд эрх хүлээн авагч дараалал тогтоох үүрэгтэй байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр банкны хадгаламж эзэмшигч мөн гэдгийг тогтоосон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх материалыг нь авчаад төлбөр төлөх дараалалд оруулаагүй байхад хариуцагч Монголбанк уг асуудлыг шийдвэрлэлгүй шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Шүүх дээрх дүгнэлтээр хариуцагчид давуу байдал бий болгож хэргийг шийдвэрлэсэн.
6.15.“Үндэслэх” хэсгийн 9-ийн талаар: Төлбөр барагдуулах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч Ц.Д надад банкны эрх хүлээн авагчаас ямар ч баталгаат шуудангаар мэдэгдээгүй. Энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй.
6.16.“Үндэслэх” хэсгийн 10-ын талаар: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэхгүй болгосон үндэслэлээ дүгнэхдээ: эрүүгийн шийтгэх тогтоолоор дан ганц эрх хүлээн авагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлээгүй, шүүгдэгч нараас мөн гаргуулж эрх хүлээн авагчид шийдвэрлэсэн гэжээ. Энэ нь илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь: Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас эрх хүлээн авагч эд хөрөнгийг хураан авсан талаар Монголбанктай байгуулсан “Актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний хавсралт болон тайланд тодорхой тусгагдсан байгаагаар няцаагдана. Энэ дүгнэлтийг хариуцагч нар иргэний шүүх хуралдаанд тайлбарладаг байсан.
6.17.Мөн “...эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монголбанкийг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ...” гэжээ. Энэхүү иргэний хэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй байна. Мөн түүнчлэн уг иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр байгаа. Ингэснээр шүүхээс гарах шийдвэрийн эрх зүйн үр дагавар өөр байх болно.
6.18.Шүүх дээрх дүгнэлтээрээ Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зохицуулалтыг илт буруу тайлбарласан нь түр байгуулагдаж татан буугдсан банкны эрх хүлээн авагчид үүссэн эрх зүйн үр дагаврыг Монголбанкийг хариуцлагаас чөлөөлөх гэсэн үндэслэлгүй дүгнэлт юм.
6.19.“Үндэслэх” хэсгийн 8-ын талаар: Анх А б-ийг албадан татан буулгах шийдвэр 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан. Үүнээс хойш 2 сарын хугацаанд нэхэмжлэл хүлээн авсан энэ хугацаанд би нэхэмжлэлээ өгсөн боловч таны нэр тус банкны хадгаламж эзэмшигчдийн жагсаалтад байхгүй байна гээд өргөдлийг хүлээж аваагүй. Иймд цагдаагийн байгууллагад ханд гэсний дагуу цагдаад хандсан өргөдлийг эрүүгийн хэргийн архиваас авч шүүхэд өгсөн. Тэгэхээр банкны эрх хүлээн авагч эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 2014 оны 2 дугаар сард эрх хүлээн авагч надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авснаас хойших хугацаанд төлбөр төлөгдөх дараалалд хэрхэн орсон талаар дүгнэлт хийх учиртай.
6.20.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “А б” ХК-ийн актив хөрөнгө дуусгавар болсон гэж тайлан гаргасан нь эргэлзээтэй байна. Тухайлбал: хариуцагч Монголбанкнаас “А б” ХК-д онцгой дэглэм, эрх хүлээн авагч томилсон үед нийт 149,9 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар эрх хүлээн авагчийн тайланд тусгасан байна. Нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээнүүдээс үзэхэд: “Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөлийн А б-н дахь мөнгөн хадгаламжийг олгох үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зориулсан зээлийн гэрээ” нь 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 0408/107 дугаартай хийгджээ. Энэхүү гэрээгээр 147,9 тэрбум олгохоор болсон. Зээлийн хүүний хувь хэмжээг 7 хоногийн хугацаатай 6 сар байна. Уг зээлийн гэрээний хавсралт 1-д зааснаар 50.0 тэрбум төгрөгийн 20... оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр хуваарь гаргажээ. Энэ зээлийн хүү 61 562 500 төгрөг байхаар байна.
6.21.Дээрх зээлийн нэмэлт гэрээгээр 20... оны 07 дугаар сарын 28-ны өдөр .....тоот гэрээгээр мөн 50 тэрбум төгрөгийг 6 сараар олгож, эргэн төлөлтийн хуваарь нь 12 сараар хавсралтад дурджээ. Мөн 20... оны ... дүгээр сарын 07-нд өдөр 3,6 тэрбум төгрөг нэмэлт гэрээгээр олгожээ. Харин банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны үед 4.0 тэрбум төгрөгийг нэмж зээлсэн талаар тайланд тусгасан боловч гэрээ болон хэдийд зээлсэн нь тодорхой бус байна.
6.22.Эндээс дээрх зээлүүд нь 107,6 тэрбум төгрөг болж байх бөгөөд онцгой дэглэм тогтоохоос өмнө олгосон зээл 18,3 тэрбум төгрөгийг нэмэхэд 125,9 тэрбум төгрөг болж байна. Тайланд тусгасан 149,9 тэрбум төгрөгөөс 24.0 тэрбум төгрөгийн зөрүү хэрэгт авагдсан баримтаар гарч байна Энэ талаар хуралдаан дээр тайлбарлаж хариу авах гэсэн боловч шүүгч хэрэгт хамааралгүй гээд мэтгэлцүүлээгүй болно. /Хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан./
6.23.Тэгэхээр эрх хүлээн авагчийн тайланд тусгаснаар олгосон нийт зээлийн хүү 61.2 тэрбум хүүг зээл олгосноос хойш 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тооцсоны үлдэгдэл 1.7 тэрбум төгрөгийг банкны пассив алдагдалд хаажээ.
6.24.Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “Банкийг албадан татан буулгаснаас хойш хугацаанд банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги торгууль тооцохгүй.” гэж хуульчилжээ. Энэхүү зохицуулалт нь 2010 оны Банкны тухай хуульд ч байсан. 2013 оноос Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль үйлчилсэн. Мөн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль үйлчилж эхэлсэн.
6.25.Эдгээр байдлаас харахад А б-ны актив хөрөнгө дуусгавар болсон нь эргэлзээтэй байна.
6.26.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар 2024 оны 05 дугаар сарыг 27-ны өдөр шийдвэрлэсэн .....дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
7.1.“А б” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 20... оны 11 дүгээр сарын 30-2015 оны 03 дугаар сарын 12-ны хооронд явуулсан үйл ажиллагааны талаарх Ажлын тайланг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, уг тайланд “... /эрх хүлээн авагч нь/ нийт иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг бүрэн барагдуулж дууссан бөгөөд банкин дахь дансаа хаалгахгүй байгаа 571 иргэн, хуулийн этгээдийн харилцах дансны үлдэгдэл 227.3 сая төгрөг, 5911 иргэний мөнгөн хадгаламжийн үлдэгдэл 148.3 сая төгрөг, тэдгээрийн хуримтлагдсан хүү 32.3 сая төгрөг буюу нийт 407.8 сая төгрөгийн эх үүсвэрийн хамт Төрийн банкинд “гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан шилжүүлсэн” гэж, “... Монгол банкнаас А бинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээний үндсэн дээр Монголбанкнаас авсан зээлийн үлдэгдэл 75.8 тэрбум төгрөг, түүнд тооцсон хүү 61.2 тэрбум төгрөг буюу нийт 137 тэрбум төгрөгт тооцон дараах актив хөрөнгүүдийг /2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, ... 64.6 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх, 70.3 тэрбум төгрөгийн авлагын шаардах эрх, 101.6 сая төгрөгийн өмчлөх бусад хөрөнгө, 1.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгө/ хөрөнгүүдийг шилжүүлэв” гэж, “... дээрх гэрээнд нэмэлт ..... тоот нэмэлт гэрээ байгуулан нийт 951.3 сая төгрөгийн хүүнд тооцон ... актив хөрөнгүүдийг шилжүүлснээр А б-ны актив хөрөнгө дуусгавар боллоо. Банк актив хөрөнгөгүй болсон тул ... хүүгийн үлдэгдэл 1.7 тэрбум төгрөгийг алдагдалд хаасан” гэж тус тус дурджээ.
7.2.Э.Г-А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоолуудаар “... Ц.Д-ийн 3,446,159,752 төгрөгийн хадгаламжийн мөнгийг, Х.Т-ийн 55,115,904 төгрөгийн хадгаламжийн мөнгийг ... хууль зөрчиж банкны нягтлан бодох бүртгэлд хадгаламж хэлбэрээр зохих журмын дагуу бүртгүүлээгүйн улмаас дээрх нэр бүхий иргэдэд хадгаламж, хүүгийн хамт нийт 3,501,275,656 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, 3,446,159,752 төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас гаргуулж, Ц.Д олгохоор, уг мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “А б” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
7.3.Энэ шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас, мэдэгдэл хүргүүлж байсан болон “А б” ХК дахь Банкны эрх хүлээн авагчаас “шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэн авах тухай хүсэлт” гаргаж байсан нь хэрэгт авагдсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаах тухай” 320 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж хүргүүлсэн “А б” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаартай “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйл ...-д заасны дагуу төлбөр төлөгч “А б” ХК-тай холбоотой Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны ... тоот шийдвэрийн Ц.Д-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг “А б” ХК-ийг татан буулгах комисс буюу Эрх хүлээн авагчид шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
7.4.“А б” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс гаргасан 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажлын тайлангийн 2.3.2-т “... Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт заасан дарааллын дагуу банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг барагдуулах үүрэгтэй” гэж тодорхойлон “... /эрх хүлээн авагч нь/ нийт иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг бүрэн барагдуулж дууссан” гэж тайлагнасан атлаа 2.3.3-ын г/-д “... банкны актив хөрөнгө дуусгавар болсон тул хадгаламж эзэмшигч Ц.Д-ийн төлбөрийг барагдуулах боломжгүй” гэх агуулга дурдаж, Ц.Д-д ямар нэг төлбөр төлөөгүй орхигдуулсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Ц.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
7.5.Тодруулбал, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана: 32.5.1. бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах, ... болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр; 32.5.2.хэрэг гүйцэтгэгч буюу татан буулгах комисс, тэдгээртэй адилтгах бусад этгээдийн эрх, үүргийнхээ хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардал; 32.5.3.дампуурлын үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх явцад байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу гаргасан шаардлага; 32.5.4.хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр; 32.5.5.хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө; 32.5.6.хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс; 32.5.7.хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо” гэж өр төлбөр барагдуулах дарааллыг тусгайлан тогтоож заажээ.
7.6.Э.Г-А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “... Ц.Д-ийн 3,446,159,752 төгрөгийн хадгаламжийн мөнгийг ... хууль зөрчиж банкны нягтлан бодох бүртгэлд хадгаламж хэлбэрээр зохих журмын дагуу бүртгүүлээгүйн улмаас ... /*******/-д хадгаламж, хүүгийн хамт ... хохирол учруулсан” гэж дүгнэсэн байхад хариуцагчийн төлөөлөгч нарын “... Ц.Д нь А б-ны хадгаламж эзэмшигчийн бүртгэлд бүртгэлгүй байсан” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй, давж заалдах шатны шүүх мөн уг асуудлаар “... хадгаламж эзэмшигчийн нэрсийн жагсаалтад байгаагүй, мэдээлэлд бүртгэлгүй байсан тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.
7.7.Түүнчлэн, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтлах”-аар, 32.8-д “татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу харилцагчдад хуваарилах”-аар нарийвчлан зохицуулсан, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т “Банкны эрх хүлээн авагч нь банкны актив хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг явуулахдаа хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг бусдаас илүүд үзнэ” гэж тус тус заасан байжээ.
7.8.“А б” ХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж, “нийт иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг бүрэн барагдуулсан” атлаа хадгаламж эзэмшигч Ц.Д-ийн төлбөрийг барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ авсан талаар тайланд дурдалгүй “... банкны актив хөрөнгө дуусгавар болсон тул хадгаламж эзэмшигч Ц.Д-ийн төлбөрийг барагдуулах боломжгүй” гэж үзсэн, Монгол банкны Ерөнхийлөгч уг тайланг хүлээн авч, маргаан бүхий “А б” ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал гаргахдаа хадгаламж эзэмшигч Ц.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Монголбанк хадгаламж эзэмшигч харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор ... /банкны үйл ажиллагаанд хяналт тавих/”-аар заасантай, Банкны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Монголбанк банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шуурхай, үр нөлөөтэй байх, төрөөс гарах зардлыг багасгах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтална” гэж заасантай тус тус нийцсэнгүй.
7.9.Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банкны тухай хуулийн .. дугаар зүйлийн ...1-д “Банкны эрх хүлээн авагч нь ... тайланг гаргаж Монголбанкинд өгнө”, ...2-т “Энэ хуулийн ...1-д заасан тайланг Монголбанк баталж нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсонд тооцно” гэж тус тус заасан, Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дээрх заалтуудаар тодорхойлсон Монголбанкны үйл ажиллагаа “хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах”-д чиглэгдсэн байх ба уг үүргээс Монголбанк болон тус банкны Ерөнхийлөгч чөлөөлөгдөхгүй, гэтэл энэ талаар давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийжээ.
7.10.Тодруулбал, Банкны тухай хуулийн .. дугаар зүйлийн ...2-т заасан “тайланг батлах” зохицуулалтын хууль зүйн агуулгыг маргааны үйл баримтад холбогдуулан шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
7.11.Аливаа баримт бичгийг эрх бүхий этгээдээс “батлах” хууль зүйн агуулга нь түүний үнэн зөв, хуульд нийцсэн байдлыг баталгаажуулах, ингэснээр хууль зүйн үр дагавар үүсгэх агуулгатай, Банкны тухай хуулийн .. дугаар зүйлийн ...2-т заасны дагуу Монголбанк тайланг баталгаажуулахдаа банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг шалгасны үндсэн дээр баталгаажуулах эсэхийг шийдвэрлэх ба ингэснээр Монголбанкны шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангах юм.
7.12. “А б” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажлын тайланг Монголбанкны Ерөнхийлөгч баталсан нь банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд А б-ны хадгаламж эзэмшигч Ц.Д-д хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тус банкны эрх хүлээн авагчаас гаргуулж олгуулахаар тогтоосон өр төлбөрийг огт барагдуулаагүй байхад хариуцагчаас “А б” ХК дахь эрх хүлээн авагчийн тайланг баталгаажуулж, эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан үндэслэлгүйгээр хязгаарласан шинжтэй байх тул, энэ талаарх нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
7.13.Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “/Монголбанкны үйл ажиллагааны чиглэл нь/ ... банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”-аар, 19 дүгээр зүйлийн 1-д “Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор ... албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих”-аар заасан байх тул хариуцагч Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагч Ц.Д-ийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй, энэ үүрэг хуульд заасны дагуу дуусгавар болсон гэж үзэхгүй.
8.Гэхдээ шүүхийн энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгчийн “... Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр тогтоолоор тогтоогдсон 3,446,159,752 төгрөгийн хохирлыг Монголбанкнаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангах үндэслэл болохгүй. Учир нь тухайн тохиолдолд Ц.Д-д учирсан хохирол нь “... хууль зөрчиж банкны нягтлан бодох бүртгэлд хадгаламж хэлбэрээр зохих журмын дагуу бүртгүүлээгүйн улмаас” буюу Э.Г-А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас шууд учирсан хохирол гэж үзэхгүй. Гагцхүү тухайн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаанд зохих ёсоор хяналт тавиагүй, тайланг баталгаажуулснаараа хариуцагч буруутай юм.
9.Иймд, дээрх үндэслэлүүдээр Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-.. дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч татан буугдсан А б-ны хадгаламж эзэмшигч Ц.Д-ийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд холбогдох нөхцөл байдлыг тодруулж, түүний хохирлыг бодит нөхцөл байдалд тохируулан боломжит хэмжээнд барагдуулах талаар судлан, энэхүү шийдвэрийг биелүүлэх зохих шийдвэр гаргахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0010 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 19 дүгээр зүйлийн 1, Банкны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.5, 32.8-д заасныг тус тус үндэслэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-.. дугаар “Татан буугдсан “А б” ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаалын иргэн Ц.Д-д үйлчлэлтэй хэсгийг Ц.Д-д холбогдуулан дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ