Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01199

 

М.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00256 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие М.Л- нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор томилогдсон. Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны А/50 тоот тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 тоот тушаалд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх зүйл байхгүй бөгөөд миний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2 дах хэсэгт “...орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг...” ойлгохоор байна. Ажлын байр цөөрүүлсэн үндэслэлээр надад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдээгүй. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт байхаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний агуулгыг бичээгүй хууль зөрчсөн тушаал гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Гомдлын шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба бол Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт гээд аж ахуйн үйл ажиллагааг зохицуулдаг улсын төсвөөс санхүүждаг төсөвт байгууллага юм. Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тогтоосон байдаг ба нийт 32 орон тоотой тогтоосон. Үүнээс жолооч 8, үйлчлэгч 8 байхаар тогтоосон.

Гэтэл нийтлэг үйлчилгээний тогтоосон бүтэц орон тоог хэтрүүлээд 9 жолооч, 10 үйлчлэгчийг ажиллуулж байсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон хувь хүний орлогын албан татварын өр үүссэн байгууллагыг хүлээн авсан. Нийтлэг үйлчилгээний алба цалингийн сангаас гадна орон тоо хэтрүүлсэн учраас өртэй гарсан. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн 14 сая төгрөгийн өртэй гарсан. Хэрвээ бүтэц орон тоондоо багтаасан бол өр үүсэхээргүй байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төсвийн зохистой удирдлагын зарчмыг хуульчилсан байдаг. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулна, өр төлбөр үүсгэхгүй байна гэсэн зарчимтай. Гэтэл бодит байдалд нийгмийн даатгалын санд гэхэд 14 сая төгрөгийн өр үүссэн байсан. Тийм учраас Нийтлэг үйлчилгээний албаны цалингийн санд багтаах, орон тооны цомхтгол хийх, өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага үүссэн учраас Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тоог шинэчилсэн. Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 32 орон тоог 28 орон тоо болгон өөрчилж, жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгон цөөрүүлсэн. Ингэж байж нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх, бүтэц орон тоондоо багтааж Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бололцоотой болсон.

Тогтоосон бүтэц орон тоо, цалингийн санд багтаан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай учаас орон тоо нь хасагдсан 4 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр орон тоо цөөрсөн учраас М.Л- тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах мэдэгдлийг 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулаад, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ажилтанд нэг сар буюу түүнээс дээш хугацааны цалин хөлстэй олгох тэтгэмж олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байгаа. 2017 оны 01 сард нэхэмжлэгч М.Л-д 452 150 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны даргын тушаалд заалт болгож оруулаад нэхэмжлэгчид олгосон. Энэ бүх ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу явагдсан.

Иймд нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00256 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.Л-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.5, 69.1, 46.1, 46.2.-т заасныг тус тус баримтлан М.Л-гийн хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Л-г тус албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 3 305 040 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс гаргуулж М.Л-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 7.1.1, 7.1.2.-т заасныг баримтлан М.Л-гийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны санхүүгээс 138 030 (70200+67830) төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, М.Л-гийн өмгөөлөгч Б.Батсүхийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй, цуглуулаагүй” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Учир нь хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлохоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын 2016, 2017 оны цалингийн цэс, 2016 оны 09, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл, мэдэгдлийг ажилтан гардуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт гарган өгсөн. Эдгээр нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхгүйгээр хариуцагчийг нотлох баримт гаргаж өгөөгүй гэж буруутган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, эсхүл хэрэгт хамааралгүй гэж үзсэн бол энэ талаар үндэслэлээ магадлалдаа дурдалгүй орхигдуулсан.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “орон тоо цөөрүүлсэн” буюу хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассан нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар тусгажээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтцэд жолоочийн орон тоог байхаар шинэчлэн тоггоосон. Ингэснээр жолоочийн ажлын байранд ажиллаж буй 9 ажилтнаас тогтоосон бүтцэд багтаан 3 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шаардлага үүссэн тул Нийтлэг үйлчилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр жолоочийн орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах мэдэгдлийг нэхэмжлэгч М.Л-д 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан. Улмаар Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр М.Л-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, жолоочийн ажлаас халсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтныг    хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах үүрэгтэйг тусгажээ. Нэхэмжпэгч М.Л- нь аймгийн Засаг даргын орлогч хэрэглэдэг автомашиныг ажлын нөхцөл, хэрэгсэл болгон жолооддог ажилтан байсан. Ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх нөхцөл болсон тээврийн хэрэгсэл үгүй болоход ажлын байр нь хэвээр хадгалагдана.

Харин ажилтны орон тоо цөөрсөн тохиодолд л ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрх зүйн үндэслэл үүсдэг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад давж заалдах шатны шүүх буруу тайлбар хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэсэнд гомдолтой байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жолоочийн ажлын байрны орон тоо цөөрснөөс бус жолоочийн унадаг тээврийн хэрэгслийн тоо цөөрсөн үйл баримт болоогүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн 26 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 153/ШШ2017/00256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Л- нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажлаас Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б\03 тушаалаар халагдсаныг хууль бус гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийтлэг үйлчилгээний албанд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний алба нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарласан байна.

Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б\03 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42.1.-д заасан зохицуулалтыг баримталснаас гадна Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А\50 дугаар тушаалыг үндэслэжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А\50 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтаар Тамгын газрын бүтэц орон тоог, 2 дугаар хавсралтаар хэлтэс, тасгийн дүрэм, албан хаагчдын ажлын байр \албан тушаал\-ны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Уг тушаалын хувийг 1 дүгээр хавсралтын хамт нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн аль нь  шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх ба эдгээр хоёр баримтын хавсралт хэсэг нь өөр агуулгатай байгааг шүүх анхаараагүй байна.

Нэгэнт хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн тухайн маргааны гол зүйл нь ажил олгогч байгууллагын бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотой буюу нэхэмжлэгчийн ажлын байр цөөрсөн эсэх үйл баримт тул энэхүү өөрчлөлтийг баталсан захиргааны акт эргэлзээгүй тодорхой байх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн ажлын орон тоо цөөрсөн гэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ жолоочийн орон тоо цөөрсөн нь тогтоогдоогүй гэж тус тус үзсэн нь баримтаар тогтоогдоогүй байх тул шийдвэр, магадлал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн дээрх хоёр баримтын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бөгөөд хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байна. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. Харин мөн зүйлийн 44.4.-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэх зохицуулалт нь талуудын тэгш эрхийн зарчмын дагуу хэргийн оролцогч талд хамааралгүй болно.

Хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан тушаал, хавсралтын хуулбар хувь нотариатаар гэрчлэгдээгүй, 31-32 дугаар талд авагдсан баримт хариуцагч талын бичиг хэргийн тэмдэгээр баталгаажсан байна. Нийтлэг үйлчилгээний алба нь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгж болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд Засаг даргын орлогчийн 00-02 ХОА улсын дугаартай автомашины жолоочоор ажиллаж байсан” нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж магадлалдаа заажээ. Хэрэгт энэ тухай баримт байхгүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдэх шаардлагыг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2017/00256 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                           Ц.АМАРСАЙХАН