Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

Ч.Б, Б.З, Д.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золаяа, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Ш.Ганбат, Ө.Оргил, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр магадлалтай, Ч.Б, Б.З, Д.Н нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ч.Б.

 

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.З.

 

3. Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Д.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх “... Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож”

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.З-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Ч.Б-ийг тэнссэн 6 сарын хугацаанд, Б.З-г тэнссэн 1 жилийн хугацаанд, Д.Н-ыг тэнссэн 6 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах, мөн Б.З-г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 500 боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тогтоож” шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.З-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Ч.Б-ийг тэнссэн 6 сарын хугацаанд, Б.З-г тэнссэн 1 жилийн хугацаанд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах, мөн Б.З-г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 500 боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тогтоосугай” гэж,

4 дэх заалтыг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Б, Б.З нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,

6 дахь заалтыг:

“6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Б-д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Б.З-д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн 10 шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ “... Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3. Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарч байх тул тэдэнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд, Шүүгдэгч Д.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Ч.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хангалттай баримтаар тогтоогдсон байхад “үндэслэл бүхий эргэлзээ” гарсан шалтгаанаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Ч.Б нь хахууль өгөгч Д.Н-ын ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгоогүй буюу Хушаат сумын нутаг дэвсгэр гэдгийг мэдсээр байж хийх ёсгүй үйлдлийг хийж Д.Н руу “эхний ээлжид 1 сая төгрөг шилжүүлчих тэгээд маргааш техникээ оруул”, “5680101462 Ч.Б" гэсэн данс явуулсан мессэж явуулах зэргээр хахууль өгөхийг шаардсан идэвхтэй үйлдэл хийн төрийн албыг арилжааны хэрэгсэл болгон хахууль өгөхийг шаардсан, мөн 500.000 төгрөгийг өөрийн биеэр шууд авсан үйлдэлд хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Шүүгдэгч Д.Н-ын өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Хушаат сумын нутаг дэвсгэрт хамаарна гэдгийг мэдсээр байж гэрээ байгуулалгүйгээр техникээ оруулан хадлан хадаж, Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Б-эр хууль бус үйлдэл хийлгэхийн тулд хахууль өгч байгаагаа ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн буюу 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн баримтыг ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй. Зөвхөн гэрч Д.Г, Н.Н, иргэний нэхэмжлэгч Д.Н нарын мэдүүлгийг дурдаж хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар няцаагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь өөрөө ил болон далд хэлбэрээр халхавчилсан байдлаар өгч авалцаж буй байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласны улмаас бусдын эрх ашигт ноцтой хохирол учирсан бол .... ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд уг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй. гэмт хэргийн улмаас ноцтой хор уршиг, хохирол учирсан байхыг шаардаж байна. 3 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг “ гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.”гэж тодорхойлсон. Дээрх хууль зүйн үндэслэлд тулгуурлан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газар болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас тус бүр нэг, нэг хүн хохирогчоор тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Ч.Б-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эдийн болон эдийн бус хохирол учирч бизнесийн, ажил хэргийн нэр хүндэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, төрийн албаны ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмууд зөрчигдөж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хандах олон нийтийн итгэл алдагдсан зэрэг нь түүнийг өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж бусдад ноцтой хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна гэж дүгнэсэн байгаа нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчмыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, анхан шатны шүүхээс илт зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг прокуророос түдгэлзүүлээгүй бөгөөд тэднийг гэмт хэрэгт холбогдсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлээгүй байхад бизнесийн, ажил хэргийн нэр хүндэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 59 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал хэлсэн саналдаа “...Энэ хэрэгт 2019 оноос өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн зүйлчлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх өөрчлөөгүй. Анхан шатны шүүхээс гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх гэм буруугүй гэсэн агуулгаар дүгнэсэн юм. Энэ хэрэг 2020, 2021, 2022 он дамнаж шийдэгдэхдээ 3 удаа хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 1 удаа шийтгэх тогтоол гарсан байдаг. Давж заалдах шатны шүүх 2 удаа хууль хэрэглээний асуудлаар буцаасан, 1 удаа хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэнтэй холбоотой дүгнэлтийг хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвтгөж шийдвэрлэхдээ Ч.Б, Б.З нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эд хөрөнгийг залилан мэхэлсэн, завшсан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ тогтоолын дагуу анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хэлэлцээд эсэргүүцлийг хүлээн авсан. Гэтэл 2022 онд хэрэг харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шилжихэд прокурорын байр суурь өөрчлөгдсөн. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шийтгэх тогтоол гаргахдаа өмнөх цагаатгах тогтоолын хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн прокурор байр сууриа өөрчлөх нөхцөл байдал байгаагүй буюу Улсын Дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгжүүлээгүй. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр магадлал гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтөөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл хязгаарлагдсан учир бидний зүгээс цагаатгах байр суурийг илэрхийлж оролцсон. Б.З-гийн холбогдсон хэрэг, Ч.Б, Д.Н нарын хооронд болсон асуудал бол хоорондоо өөр. Б.З нь Н.Н, Д.Г нарын хадсан өвсийг хураагаад авч явсан нь тусдаа асуудал. Ч.Б-ийн хувьд газрын төлбөрөө шаардаж авсныг авлига авсан гэж үзэх боломжгүй. Учир нь хадлан хадахаар очсон ажилтнуудаас гадна Н.Н, Д.Г нар газрын төлбөр төлсөн асуудлыг тодорхой мэдүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Ч.Б-ийн “1 сая төгрөг өгчих, тэгээд техникээ оруул” гэдэг мессежийг бидний зүгээс Авлигатай тэмцэх газарт гаргасан өгсөн. Түүнээс цагдаа, прокурорын илрүүлсэн зүйл биш. Хэрэв Авлига өгөх санаа зорилго байсан бол тухайн үедээ 1 сая төгрөгийг Ч.Б-д шилжүүлчих байсан. Хадлан хадах газраа очиж үзсэний дараа газрын төлбөр өгөх шаардлагатай үүссэн учир өгсөн мөнгийг авлига өгсөн, авсан мэтээр дүгнэх боломжгүй. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Ш.Ганбат хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч нарын зүгээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч цагаатгах эсвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах агуулга бүхий гомдлуудыг гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Ө.Оргил хэлсэн саналдаа “...Бусад өмгөөлөгч нартай байр суурь нэг учир нэмэлт тайлбаргүй” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл хэлсэн саналдаа “...Ч.Б-ийн хувьд төөрөгдөлд орсны улмаас өөрийн сумын бүсчлэлийн газар гэж ойлгоод хадлан хадах хүмүүсээс төлбөр авсан гэдэг асуудлыг хэлдэг. Давж заалдах шатны шүүхээс Д.Н-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон учир миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйл болгон өөрчилсөн байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан гол шинж нь улс орон, хүн амын аюулгүй байдалд хор уршиг учруулсан байх юм. Тэгэхээр хураагдсан өвс, учруулсан хохирлын хувь ноцтой хохирол гэж үзэх эсэх нь маш их эргэлзээтэй учир дээрх байдалд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Хэрэв боломжтой бол хэргийг бүхэлд нь хянаж үзээд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Н хэлсэн саналдаа “...Энэ хэрэг 5 жилийн хугацаанд шалгагдаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг 3 удаа цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Улсын дээд шүүхээс “Д.Н энэ хэргийн хохирогч эсэхийг шалга” гэх байдлаар анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Дээрх тогтоолын биелэлтийг хангуулах хүсэлтийг анхан шатны шүүх болон прокурорт удаа дараа гаргасан байтал шалгалгүйгээр шийтгэх тогтоол гаргаж чирэгдэл учруулсанд гомдолтой байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Д.Н, Б.З, Ч.Б нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх харилцан зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээр 3 дахь удаагаа хянагдаж байгаа бөгөөд өмнөх тогтоолоор шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.З-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, шүүгдэгч Ч.Б, Д.Н нарыг хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Д.Н-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Б-ийн үйлдлийг дураараа аашлах гэмт гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилж, уг гэмт хэргийн улмаас ноцтой хохирол учруулсан гэдгийг тайлбарлан шийдвэрлэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ноцтой хохирол гэдгийг “хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж хуульчилсан хуулийн утга агуулгыг гуйвуулан өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Учир нь зөвшөөрөлгүй хадлангийн талбайд 500 боодол өвс хадаж бэлтгэсэн, 500.000 төгрөгийн хахууль авсан нь улс орон, хүн амын аюулгүй байдалд хохирол, хор уршиг учирсан гэж хамаатуулан дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ч.Б, Б.З, Д.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

            Шүүгдэгч Ч.Б нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Н-т “хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулах” хүсэлтийн дагуу Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулах зөвшөөрөл авч өгнө гэж 500,000 төгрөг авсан,

шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн Д.Н болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын өвсийг газрын төлбөрт барьцаалж хураан авч улмаар худалдан борлуулж, мөнгийг өөрт авсан үйл баримтыг хоёр шатны шүүхүүд зөрүүгүй тогтоосон байна.  Хэргийн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотолж  нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт цугларан бэхжүүлэгджээ.

 

Харин эрх зүйн дүгнэлт хийхдээ прокуророос шүүгдэгч Ч.Б, Б.З нарын үйлдлийг буруу зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх зөвтгөөгүй, давж заалдах шатны шүүх Д.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй боловч үндэслэлийг тодорхойлоогүй, Ч.Б, Б.З нарт холбогдох эрүүгийн хэргүүдийн зүйлчлэлийг өөрчлөхдөө хууль хэрэглээний алдаа гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Төрийн   захиргааны албан тушаалтныг  нийтийн албан тушаалтанд хамаарахаар хуульчилсан бөгөөд Ч.Б, Б.З нар нь сумын засаг даргын тамгын газрын даамлын албан тушаал үүрэг гүйцэтгэх хугацаанд нийтийн албан тушаалтанд тооцогдоно.

 

Албан тушаалын байдлыг урвуулахын зэрэгцээ төсвийн болон хувийн өмчийг шамшигдуулсан байвал албан тушаалын эсхүл өмчийн эсрэг гэмт хэргийн алинаар зүйлчлэхийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан байдал, үүний улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийг үйлдсэн арга зэргийг харгалзан албан тушаалтны үйлдсэн  бусад төсөөтэй гэмт хэргүүдээс ялгана.

 

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах болон албан тушаалын бусад гэмт хэргийн бүрэлдэхүүнд дурдагдсан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх тухай ойлголт нь албан үүрэгтэй нь холбоогүй эсхүл бүрэн эрхэд хамаарахгүйн улмаас гүйцэтгэх боломжгүй үйлдэл бус нийтийн албан тушаалтны бүрэн эрхэд хамаарч түүний хувьд гүйцэтгэх боломжтой боловч тухайн тохиолдолд хуулиар тавьсан шаардлага хангаагүй этгээдэд хэрэгжүүлж хууль бус давуу байдал олгохыг илэрхийлдэг.

 

Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Б нь өөрийн ажил үүргийн хуваарьт хамаарахгүй буюу Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлан хадах зөвшөөрөл олгохоор амлаж бусдаас мөнгөн хөрөнгө шилжүүлэн авч буй нь өмчийн эсрэг хэргүүдийн аль тохирохоор зүйлчлэх учиртай юм.

 

Шүүгдэгч Ч.Б нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал атлаа Хушаат сумын нутаг дэвсгэрээс “хадлан хадуулах зөвшөөрөл олгож гэрээ байгуулна” гэх байдлаар иргэн Д.Н-аас хадлан хадах газрын төлбөр гэж 500,000 төгрөгийг бэлнээр авч харьяалах нутаг дэвсгэрийн нэгжид тушаалгүйгээр 9 сарын дараа буюу уг хэрэгт шалгагдах явцдаа буцаан шилжүүлсэн талаар тогтоогдсон үйл баримтаас үзвэл газрын төлбөр болох уг мөнгөн хөрөнгийг завшсан гэж үзэхээр байна.

 

Мөн шүүгдэгч Б.З-гийн хадлан хадах гэрээ байгуулаагүй, хадлан өвс бэлтгэх газрын төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар 500 ширхэг боодол өвсийг Д.Н-аас хураан авч улмаар 3,000,000 төгрөгөөр борлуулан хувьдаа авсан нь дээр дурдсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ.  

 

Шүүгдэгч Ч.Б, Б.З нар нь тус, тусын сумын газрын албаны даамлын албан тушаалд ажиллаж байсан нь газрын төлбөр болон газрын харилцаатай холбоотой зөрчилд хариуцлага хүлээлгэхээр эд хөрөнгө түр хураахаар итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэл болох ба хуулийн дагуу төлбөрт шилжин ирсэн мөнгөн болон биет эд хөрөнгийг цаашид ашиглан шамшигдуулахдаа албан тушаалын байдлаа ашиглах шаардлагагүй байсан буюу ашиглаагүй байх тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн үзэх шаардлагагүй.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ял үгүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг анхан, давж заалдах шатны шүүх өмнө оногдуулсныг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хяналтын шатны шүүх хэвээр үлдээхээр тогтов.

 

Д.Н-ын Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Б-д газрын төлбөрт 500,000 төгрөг төлсөн, Хушаат сумын газрын даамал Б.З-д зөвшөөрөлгүй хадлан хадсан шалтгаанаар 500 боодол өвс хураалгасан явдал нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэв.    

 

Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд албан ёсны зөвшөөрөлгүйгээр хадлан хадсан зөрчлийг хянан шийдвэрлүүлэх зорилгоор Б.З нь 500 боодол өвс хураасан тул Д.Н-т өвсийг буцаан олгох үндэслэлгүй байна.

 

Иймд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзаж, шүүгдэгч Ч.Б, Б.З нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр магадлалын 1 дэх хэсгийн шүүгдэгч Ч.Б, Б.З нарт холбогдох заалтад “Прокуророос Ч.Б-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Б.З-д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ч.Б, Б.З нарыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.З-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.БАТДЭЛГЭР

                                   ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН