| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00319/И |
| Дугаар | 00332 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00332
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хасбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Усны гудамны 215 тоотод оршин суух Боржигон овогт Намчингийн Пүрэвсайхан /РД:ГЖ81021219/-д холбогдох 23486022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00319/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Пүрэвсайхан нь тус банкны Булган салбарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримт бичиг үйлдэх, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж банкинд 24943555 төгрөгийн шууд хохирол учруулсан. Н.Пүрэвсайхан нь учруулсан хохирлоо барагдуулахаар 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах 2011/01 дугаар гэрээг байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарь гарган уг хуваарийн дагуу төлбөрийг барагдуулвал 6764482 төгрөгөөс чөлөөлөхөөр болсон. Гэтэл Пүрэвсайхан нь Төлбөр барагдуулах гэрээний хуваарийн дагуу хохирлыг төлөөгүй, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш 1460000 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 30-наас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй үйлдлээр гэрээг биелүүлэхгүй байна. Банкны зүгээс уг гэрээний үүргийг гүйцэтгэхийг Пүрэвсайханаас удаа дараа биечлэн уулзах, утсаар ярих байдлаар мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээ, хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй, зайлсхийж байна. Иймээс гэрээгээр тохирсон хөнгөлөлтийгхүчингүй болгож, нийт 23483522 төгрөг, эвлэрлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсны зардал 2500 төгрөг нийт 23486022 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Пүрэвсайхан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний нэр дээрх төлбөрийг Хас банк нь зээлийн данс үүсгэсэн нь миний бие бусад арилжааны банкуудаас ямар нэгэн хэлбэрээр зээл авах боломж хаагдсан учраас зөвхөн цалингийн орлогоос төлөхөд хүндрэл үүссэн. Уг банкинд төлөх 23486022 төгрөгийг дахин 3 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулах хугацааны боломж, эсвэл бусад банкнаас зээл авах боломжийг олгож өгнө үү гэжээ.
Хас банк Булган аймаг дахь салбарын шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Пүрэвсайханд холбогдох 23486022 төгрөгийн хэрэгт ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Н.Пүрэвсайхан нь хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа зөвшөөрсөн боловч 3 жилийн хугацаанд төлөхөөр хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс Н.Пүрэвсайханы гаргасан хугацааны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь төлбөр барагдуулах хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад шийдвэрлэх учир хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Булган аймаг дахь салбар нь Н.Пүрэвсайханд холбогдуулан 23486022 төгрөг гаргуулахнэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 23486022 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Н.Пүрэвсайханд холбогдох 23486022 /хорин гурван сая дөрвөн зуун наян зургаан мянга хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 275380 /хоёр зуун далан таван мянга гурван зуун наян/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 137690 /зуун гучин долоон мянга зургаан зуун ерэн/ төгрөг, хариуцагчаас 137690 /зуун гучин долоон мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН