Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00192

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05369 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 49,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 37,700,000 төгрөг төлсөн. Тус компани 2022 оны 4 дүгээр улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй.

1.2 Иймд, гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 34,950,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, нийт 49,950,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба тэрээр орон сууцны төлбөрт 34,950,000 төгрөг төлсөн. Хөрөнгө оруулагчдын маргаанаас болж орон сууц ашиглалтад ороогүй. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тул өгсөн, авснаа буцаах асуудал яригдана.

2.2 Нэхэмжлэгч түрээсийн төлбөр төлж хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 43,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,850,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 373,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Орон сууц хөлслөх гэрээг нөхөн хийсэн талаар шийдвэрийн 15 дугаарт дурдагдсан төдийгүй орон сууц хөлсөлсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй. Гэрээнд ямар орон сууц, хэдэн м.кв гэх мэт өгөгдлүүд болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, нотариатын хуулбар огт тусгагдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэсэн. Иймд, хохирол гэх 8,700,000 төгрөгийг шүүх хангасан нь үндэслэлгүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 *******тай 2023 оны 09 дүгээр сард 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2023 оны 09 дүгээр сараас хойш төлбөр төлсөн баримтуудыг хэрэгт хавсаргасан.

5.2 Мөн *******, ******* нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Орон сууц хугацаандаа ашиглалтад орсон бол маргаан үүсэхгүй байсан. Анхан шатны шүүх *******д шилжүүлсэн 6,300,000 төгрөгийг орон сууц хөлсөлж төлсөн төлбөр болох нь баримтаар тогтоогдохгүй байна, ******* шилжүүлсэн гэж үзсэн. Үүнд; *******тай байгуулсан гэрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар болон хаягийг тодорхой бичсэн.

Иймд, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт төлсөн 34,950,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөг, нийт 49,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг буцаан шилжүүлэхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК болон ******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр CR-313 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* ХХК нь ******* орон сууцны 7 дугаар давхарт байрлах, А загварын зүүн харсан цонхтой, 26.76 м.кв талбай бүхий, *******, 1 өрөө орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, ******* гэрээний төлбөрт 56,196,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 17-19/

3.1 Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 34,400,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд энэ талаар маргаагүй. /хх 5-16/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Тодруулбал, талууд дээрх гэрээг байгуулах үед орон сууцны барилга ашиглалтад ороогүй байснаас гадна нэхэмжлэгчээс төлсөн мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь гэрээнд заасан тодорхой хөрөнгийг бий болгож, үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн нь дээр дурдсан хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн шинжийг илүү агуулсан байна.

Иймд, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж өөрчлөв.

4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын хөлсийг хариуцагчид төлсөн боловч хариуцагч нь үр дүнг буюу гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 34,400,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд үүнд гомдол гаргаагүй.

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

6.1 Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 2 жилийн хугацаагаар хөлслүүлэхээр заажээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон байхаас гадна хохирол болон гэм буруу, шалтгаант холбоо бүрэн тогтоогдсон нөхцөлд мөн зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг талд хохирол шаардах эрх үүснэ.

6.2 Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу бусдад төлбөр төлсөн нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулаад зайлшгүй бусдаас түрээсэлсэн буюу хөлсөлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

Иймд, нэхэмжлэгч нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол 8,700,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* ХХК-аас 34,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05369 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дүгээр зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 34,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,550,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 373,450 гэснийг 329,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН