| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/07666/И |
| Дугаар | 210/МА2025/00195 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00195
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээнээс татгалзаж, ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,******* хороо,******* хороолол, /*******/ ******* дугаар байр,******* хаягт байрлах, 57,97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшил, ашиглалтыг ******* ХХК-д шилжүүлж, хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгуулах, хохиролд 50,940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч *******ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* ХХК нь *******, ******* нартай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг,******* хороо,******* хороолол, /*******/ ******* дугаар байр,******* хаягт байрлах, 57,97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбай үнийг 1,900,000 төгрөг, нийт 110,143,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон.
1.2 Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр акт үйлдэж, орон сууцны эзэмшил ашиглалтыг хариуцагчид хүлээлгэсэн өгсөн, өнөөдрийг хүртэл хариуцагч нар амьдарч байна. Хариуцагч нь гэрээний урьдчилгаа 27,539,500 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж бүрдүүлэх, үлдэгдэл 82,603,500 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаанд сар бүр 1,600,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний нэмэлт нөхцөл 6.3-т зааснаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд сар бүр 1,600,000 төгрөгөөр хугацаанд төлсөн, үүргийн зөрчилгүй тохиолдолд гэрээний хугацааг дахин 3 жилээр сунгахаар тохирсон.
1.3 Гэтэл хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба гэрээ байгуулсан цагаас эхлэн 4 жил гаруй хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж, удаа дараа нэмэлт хугацаа тогтоож, нэхэмжлэгчийн зүгээс бусад боломжоор хангаж байсан боловч үр дүн гарахгүй байсан тул бид хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нараас санал авч, алданги тооцохгүй үндсэн төлбөр 73,00,600 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөг төлөх санал тавьсныг хариуцагч нар зөвшөөрч эвлэрэх болсон. Эвлэрлийн гэрээ байгуулж, дундын данс нээсэн боловч төлбөрийг төлөөгүй.
1.4 Иймд, гэрээнээс татгалзаж, орон сууцны бодит эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж, гэрээний 3.4 болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар тухайн орон сууцны ижил төрлийн м.кв-тай байрны түрээсийн төлбөр шинжээчийн тогтоосон үнэлгээгээр 2019 оны зах зээлийн түрээсийн төлбөр 600,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 8,600,000 төгрөг, 2020 оны зах зээлийн ханш 650,000 төгрөг, тус оны түрээсийн төлбөр 15,000,600 төгрөг, 2022 оны сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг болж өссөн 2022 оны түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны байдлаар 1,200,000 төгрөг, нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход 2023 оны түрээсийн төлбөр 18,160,000 төгрөг, нийт 50,944,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,******* хороо,******* хороолол, /*******/ ******* байр,******* хаягт байрлах, 57,97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлж, хүлээлгэж өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, хариуцагч *******, ******* нараас 6,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 44,780,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,191,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 822,175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* миний бие 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БНХА-д байгаа талаар гадаад паспортын хуулгыг хамт шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, харин өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар өвдсөн талаарх холбогдох баримтуудыг хавсаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх хариуцагч нарыг эзгүйд хэргийг шийдвэрлэж, оролцогчийн эрхийг зөрчсөн.
Шүүх хуралдааны тэмдэглэлд *******, бид нарын хүсэлтийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч талд танилцуулж хэргийг шийдвэрлэсэн талаараа *******, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байна гэж тэмдэглэсэн нь шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт и-мэйлээр очсон болохыг нотолж байна. Мөн тус хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн ирцтэй холбоотой тайлбар байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчиж байна гэж үзээд талуудыг оролцуулах талаар шийдвэрлэнэ байх өөр тайлбаргүй гэж хэлсэн талаар тэмдэглэлд тусгагдсан нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авсан хэр нь илт хууль зөрчиж, хүлээж аваагүй мэтээр худал тайлбарыг бичиж, захирамж гаргасан байх тул захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
4.2 Талууд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч тал 81,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дундын эзэмшлийн дансанд байршуулж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингээд хариуцагч ******* нь 81,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 41,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх талаар хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хүлээж авахаасаа татгалзаж, хүсэлтийг хүлээж аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эвлэрүүлэн зуучлагч нь итгэмжлэл байхгүй бол эвлэрлийн гэрээг байгуулах эрхгүй ба энэ талаар шалгаж итгэмжлэл байгаа болохоор тус гэрээг байгуулсан гэдэг нь ойлгомжтой байхад нэхэмжлэгч талаас шүүхэд худал тайлбарыг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч бидний зүгээс тус гэрээг байгуулсан учраас гэрээний үүргээ биелүүлэх, уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэн шүүхэд тайлбар хийгээгүй болно. Гэтэл эвлэрүүлэн зуучлахад хандаж, энэ нэхэмжлэлийн шаардлагын дагуу эвлэрлийн гэрээ байгуулж, түүнийгээ нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ үйлчилж байхад шүүхээс нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3 Анхан шатны шүүх эвлэрлийн гэрээ байгуулсан хугацаагаар хохирлыг тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага нь эвлэрлийн гэрээний дагуу хохирол шаардаад байна уу эсвэл орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хохирол нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүхээс хохирлыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй хугацааг нэмэлт хугацаа гэж тооцсон нь буруу, мөн орон сууцыг хөлслүүлээд олох байсан орлогод 6,160,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Учир нь, талуудын хооронд шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн хэр нь орон сууцыг хөлслүүлж олох ёстой байсан орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Худалдах худалдан авах гэрээний хувьд олох байсан орлогыг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал бэлэн байгаа орон сууцыг бусдад худалдаж байгаа бөгөөд тухайн орон сууцны төлбөрийг төлснөөр тухайн гэрээний үйлчлэл дуусдаг. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн орон сууцыг бусдад худалдах зорилготой байсан бөгөөд орон сууцыг ашиглалтад оруулсан даруй бусдад худалдсан.
4.4 Нэхэмжлэгч талаас уг орон сууцыг өмнө нь бусдад түрээсэлдэг байгаагүй, түүнээс орлого олдоггүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрээнээс харагддаг. Гэтэл шүүхээс бусдад түрээсэлдэг байсан мэт дүгнэж сарын түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөгөөр тооцож 6,160,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч талд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч 2019 оны 03 дугаар сараас эхлэн маргаан бүхий орон сууцны эзэмшил ашиглалтыг авсан боловч мөнгөө төлдөггүй. Өмнө нь гэр бүлийн хүн нь гадагшаа явсан ******* уг байранд амьдардаг байсан учраас гэрээ байгуулаагүй гэх агуулгаар *******ийн хууль бус эзэмшилд байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг асуудлаар хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг хэрэг өмнө нь шүүхээр хэлэлцэгдээд тогтоогдсон үйл баримт байна гэж шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гомдол гаргасан учраас гомдлоороо бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байна гэж үзэн ерөнхий шүүгч гомдлыг хэлэлцсэн. Үүний дараагаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрлэсэн байдлаар тодруулан гэрээний үүрэгтэй холбоотой гомдол гаргасан. Өмнө нь гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гарган, эзэмшил ашиглалтаа танайх авах боломжтой, хууль бус эзэмшил байхгүй гэж шүүх дүгнэсэн.
5.2 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгчөөр өмгөөлөгч оролцсон. Тухайн үед өмгөөлөгч хэргийн материалтай танилцана шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцаагүй гэдгийг асуугаад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг товлосон. Шүүх хуралдаан товлогдсоны өмнөх өдөр хариуцагч талаас шүүхэд хүсэлт ирээгүй, шүүх хуралдааны өдөр хариуцагч талаас файлаар хүсэлт ирж тухайн файл нээгдээгүй. Хариуцагч уг маргаанд эрх зүйн шийдэл хийлгэхгүй, маргааныг шийдвэрлүүлэхгүй гэх зорилго байгаа гэдэг нь харагддаг.
5.3 Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг дүгнэх бүрэн боломжтой. Хариуцагч бид төлсөн мөнгөө гаргуулж авах боломжгүй гэж тайлбарладаг. Уг маргаан өнөөдөр эхлээгүй бөгөөд 3,4 жил үргэлжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаар хойш эрхээ хэрэгжүүлээгүй. Илүү мөнгө өгсөн гэдэгт энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээнээс татгалзаж, ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,******* хороо,******* хороолол, /*******/ ******* дугаар байр,******* хаягт байрлах, 57,97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшил, ашиглалтыг ******* ХХК-д шилжүүлж, хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгуулах, хохиролд 50,940,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг,******* хороо, , ******* дугаар байр, 2 дугаар орц, 2 давхар,*******, 2 өрөө, 57,97 м.кв талбайтай орон сууцыг 110,143,000 төгрөгөөр худалдах, ******* нь орон сууцны урьдчилгаа 7,399,500 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 15,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 5,140,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, үлдэх байрны төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн жилийн 8 хувийн хүүтэй, сар бүр тогтмол 1,600,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 9-12/
3.1 Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,******* хороо,******* хороолол, /*******/ ******* дугаар байр,******* хаягт байрлах, 57,97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ******* ХХК болох нь тогтоогдож байна. /хх 6/
3.2 Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т гэрээнд заасан орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц хүлээлцсэн акт-аар хүлээлгэн өгсөн, орон сууц *******, ******* нарын эзэмшилд байгаа, /хх 12/ хариуцагч орон сууцны төлбөрт 57,239,500 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх хариуцагчийн сар бүр төлөх 1,600,000 төгрөгөөс хэд нь хүү, үндсэн зээлд төлөх нь тодорхойгүй гэж үзэн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд тус хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байна.
4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.2 Хариуцагч ******* нь гэрээний 2.4-т заасан орон сууцны төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, орон сууцны төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22/01 дугаар мэдэгдлээр, гэрээ цуцлах тухай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22/05 дугаар мэдэгдлээр, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22/40 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/86 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 23/117 дугаар мэдэгдлээр орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байна. /хх 14-19/
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулсан байх тул нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ. Иймд, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ.
4.3 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх орон сууцны бодит эзэмшил, ашиглалтыг хариуцагч нараас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
5. ******* ХХК болон ******* нар 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 327 дугаар Эвлэрлийн гэрээ байгуулж, ******* нь орон сууцны үлдэгдэл төлбөр 81,000,000 төгрөгийг төлөх, ******* ХХК нь орон сууцыг *******ийн нэр дээр шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх 140-142/
5.1 Дээрх эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гараагүй байх тул уг хэргийг шүүх шийдвэрлэсэн гэж үзэхгүй. ******* нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлснийг буруутгахгүй. Иймд, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч нь гэрээний нэг тал болох хариуцагч *******т гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч уг хугацаанд тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 1,200,000 төгрөгөөр тооцож нийт 6,160,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн, хариуцагч нар нь уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй байна. Иймд, хариуцагчийн ...шүүхээс бусдад түрээсэлдэг байсан мэт дүгнэж сарын түрээсийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.
6.1 Харин шүүх дээрх хохирлыг гэрээний тал биш *******ээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Иймд, тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хариуцагч *******ээс хохирол гаргуулсан хэсгийг хассан өөрчлөлт оруулна. Мөн шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байгааг залруулсан өөрчлөлтийг оруулна.
7. Түүнчлэн, анхан шатны шүүх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн тул талууд шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч дээрх зүйлд зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Тиймээс шийдвэрт нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагчийн орон сууцны төлбөрт төлсөн нийт 57,239,500 төгрөгийг буцаан гаргуулан хариуцагч *******т олгосон өөрчлөлт оруулна.
8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01540 дугаар шийдвэрээр *******т холбогдох, дээрх орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 91-95/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01097 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /хх 96-98/
8.1 Нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан байх тул дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхгүй. Иймд, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч с хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 101/ШЗ2024/25852 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулан товлож, хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна. /хх 152/ 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс и-мэйлээр хүсэлт ирсэн байх боловч уг файл нь нээгдэхгүй байсан талаарх баримт авагдсан. /хх 156-157/
9.1 Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/27851 дугаар захирамжаар ...хүсэлт гэх нэртэй файл нээгдээгүй бөгөөд шүүхээс хүсэлтээ дахин илгээхийг мэдэгдсэн боловч ирүүлээгүй болох нь мэдээлэл лавлагааны мэргэжилтний тодорхойлолтоор тогтоогдож байна, хэрэг үүсгэж 1 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэх үндэслэлээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд, хариуцагчийн ...хүсэлтийг хүлээн авсан хэр нь илт хууль зөрчиж, хүлээж аваагүй мэтээр худал тайлбарыг бичиж, захирамж гарган хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/05137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,******* хороо,******* хороолол /*******/, ******* дугаар байр,******* хаягт байршилтай, 57,97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны бодит эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэн, хүлээлгэж өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, хариуцагч *******аас 6,160,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-аас 57,239,500 төгрөг гаргуулан хариуцагч *******т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,780,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,395 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
М.БАЯСГАЛАН