Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00996

 

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00996

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 18-р баг, Баянбулаг, Баян өндөр 3-р гудамж, 33 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, Бэсүд овогт Шаравын Мөнх-Амгалан /РД:НЙ60111906/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Мөнх-Амгалан, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд Говь-Алтай аймагт төрсөн. ХААТМС-ийг 1980 онд төгсөөд 1980 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын хүнсний эмнэлэгт асрагчаар ажиллаж эхэлсэн ба 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн амралт авсан бөгөөд тус байгууллагад 1 жил 10 сарын хугацаатай ажилласан. Миний бие ээлжийн амралт авсан өдрөөс хойш буцаж ажилдаа ороогүй бөгөөд ажлаас гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй тул уг хугацаанд ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Мөнх-Амгалан нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүйгээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ш.Мөнх-Амгалан нь Төв аймаг, Борнуур сум, Хүн эмнэлэгийн амбулторт 1980 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсан нь Төв аймгийн Борнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ажилд томилох тухай 126 дугаартай захирамж, Төв аймгийн Борнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох, 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай Ажилд томилох тухай захирамж, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-н өдрийн 01/164 дугаартай цалингийн түүвэр, Гэрч Л.Цэцэгдэлгэр, Ж.Пунцагдулам нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Борнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ажилд томилох тухай 126 дугаартай захирамж, Төв аймгийн Борнуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ээлжийн амралт олгож, ажилд түр томилох тухай 49 дугаартай захирамж зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж тэдгээрийг үндэслэж нэхэмжлэгч Ш.Мөнх-Амгалангийн ажилд орсон он, сар, өдрийг 1980 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн,  гарсан өдрийг 1982 оны 6 дугаар сарын 23-наас тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэсүд овогт Шаравын Мөнх-Амгалан /РД:НЙ60111906/-ийн Төв аймаг, Борнуур сум, Хүн эмнэлэгийн амбулторт 1980 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ