| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0152/э |
| Дугаар | 2019/ШЦТ/155 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Хохирогч Б.Т
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1921000740044 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын ...................... багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Д. /РД: ......................./
Шүүгдэгч Д.Д нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг, “20-ын гарам” гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Т-г зодож “баруун чихний хэнгэрэг хальсны цоорол” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би нөхрийн хамт хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө сумын төв явсан. Манай малчин Оюунбаатар 10 цагийн орчимд нөхөр бид хоёр руу утсаар яриад “манай мал айлын малтай нийлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ ирэх үед малын хашаан дотор хүмүүс орчихсон ялгаж байсан. Урьд нь нэг бус удаа Т эгч манай малын хашаанд орж мал ялгаж байсан. Тухайн үед нөхөр маань Т эгчид хандаж “айлын эзэн нь байхгүй үед хотонд орж болохгүй. Та дахиж ингэж болохгүй шүү” гэж сануулж байсан. Гэтэл дахин ийм байдал гаргасан болохоор би Т эгчтэй маргалдсан. Тэр үедээ Т эгчийн чих рүү хүрсэн байх гэж бодож байна...гэв.
Хохирогч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Бид нар 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хонио нийлүүлчихсэн. Тэгээд би нөхрийн хамт Бадар-Ууганы гэрт очих үед малчин Оюунбаатар байсан. Би Оюунбаатарт “танай эзэн чинь ирж байгаа юм уу?” гэхэд “ирж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эзэн чинь ирж байгаа юм бол даарч зогсоод яах вэ? малаа ялгаж байя” гэж хэлээд малаа ялгаж байсан. Тэр үед Бадар-Ууган, Д хоёр ирээд малынхаа хашаан дээгүүр давж орж ирээд “муусайн пиздаанууд малын хашаанд ороод юу хийгээд байгаа юм бэ?, эзэнгүй айлын хашаанд орж ирээд яаж байна аа. Та нар хэн юм бэ?” гэж хэлээд уурлаад бахираад байсан. Тэр үед манай нөхөр “хонио ялгахгүй тэгээд яах ёстой юм бэ?” гэхэд Бадар-Ууган “...юу гээд хуцаад байгаа пиздаа вэ?” гэж хэлээд манай нөхрийг заамдаад толгойгоороо мөргөх үед Д очоод манай нөхрийн үснээс нь үсдээд хойш татсан. Тэр үед би малаа ялгаад зогсож байх үед Д над руу ирээд “хөөе гэдсээ унжуулсан авгай минь. Манай хашаанаас гар. Та нар манай малын хашаанд орж ирдэг хэн юм бэ?” гэж хэлэхэд нь би “битгий хуц, цаашаа яв. Би хонио ялгах хэрэгтэй байна” гэж хэлээд цааш явж байхад Д миний араас ирээд үснээс зулгаагаад унагаасан. Тэгээд миний хэнгэрэг цоорсон тул Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр очсон. Эмч эмчилгээний зардалд 2769.405 төгрөг болно гэж хэлсэн. Иймд эмчилгээний зардалд 2769.405 төгрөг нэхэмжилж байна...гэв.
Гэрч Б.Баяраа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төртүвшин мотоциклтой ирээд манай хонь айлын хоньтой нийлсэн байна, та хэд ирээд хонь ялгаад өгчих гэсэн. Тэгээд Батбаяр, Т нартай цуг “Санни” маркийн машинд суугаад урд талд байх айл руу явсан. Төртүвшингийн саахалт айлын хашаанд Т, Төртүвшин хоёрын зааж өгсөн хонийг ялгаад зогсож байтал Цэнхэр өнгийн “Портер” машин ирээд дотроос нь 30 орчим насны залуухан эхнэр, нөхөр хоёр бууж ирээд “муу пиздаануудаа та нар айлын хоттой хонин дотор юу хийж байгаа юм” гээд хашаан дотор байсан хүмүүс рүү дайрч давшилж эхэлсэн. Бадар-Ууган гэх залуу Төртүвшинг заамдаад хоолойг нь боосон. Д гэх хүүхэн Т-ийн үснээс хоёр гараараа зулгаагаад нүүрээр нь доошоо газар руу дарж байсан. Би Т-ийн үсийг нь тавиулах гээд Д-гийн базсан хуруунуудыг нь нээж байтал Д нь миний цээж рүү түлхээд авсан. ...Д, Т хоёр салаад Т машиныхаа жолоочийн хажуу сандал дээр суусан ба Туяагийн 4 настай хүү өвөр дээр нь уйлаад сууж байсан. ...би жолоочийн суудал дээр суугаад “энд хэрүүл хийгээд яахав, явъя” гэж байтал Бадар-Ууган гэх залуу хаалга нээгээд Т-ийн энгэрийг заамдаж боосон. Би хажуу талын сандал руу сунаад тэр залуугийн гарыг тавиулах гэж оролдсон. Батбаяр машинаас буугаад Бадар-Ууганы араас татаж салгасан. Тэр үед Д нь нөхрийнхөө хажуугаар орж ирж Т-ийн толгой руу 2-3 удаа цохиод авсан. Бадар-Ууган цохьсон эсэхийг нь анзаараагүй. Намайг харахад цохиж байгаа зүйл харагдаагүй...” гэжээ. /хх-ийн 87-88 тал/
Гэрч Ч.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нарыг машинд суухад Т-ийн хүүхэд нь уйлаад байж байсан ба Т-ийн нүүр ам шороо болоод үс нь сэгсийсэн байсан. Бид нар эндээс явъя гэж байтал Бадар-Ууган Т-ийн сууж байсан талын хаалгыг нээгээд Т-ийн энгэрээс зуурч, заамдаж хэрэлдээд байсан. Тэр үед хажуугаар нь Д орж ирээд Т-ийн толгой руу самардаж цохиод байсан...” гэжээ. /хх-ийн 90-91 тал/
Гэрч О.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд хонио гаргаад Бадар-Ууганы малчин Оджавхлан гэх залуутай хашаан дотор тэжээлийн морьдод өвс тавьж өгөөд байж байтал Оджавхлан “ахыгаа хонин дээр буулгаад өгчих хонь бургасанд орчихсон” гээд хонин дээр яваад очиход Төртүвшин хонин дээр ирчихсэн “нийлчихсэн” гээд ялгаад байж байсан. Тэгэхээр нь би Бадар-Ууган руу утсаар залгаад “хонь нийлчихсэн байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд бид нар хонио ялгах гээд тасархай, тасархайгаар нь 2 тийш туугаад зарим талыг нь Бадар-Ууганы хашаан дотор хашаад байж байтал хүмүүс ирцгээсэн...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/
Гэрч Г.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр намайг Б.Т-ийн чихний группыг сунгаж, үзлэг хийх үед Б.Т-ийн баруун чих нь нөхүүлсэн бүтэн байсан. Баруун чихний хэнгэрэг нөхүүлсэн ч гэсэн уг баруун чихний сонсголыг хэвийн гэж үзэхгүй бөгөөд сонсгол бууралттай 3 дугаар зэргийн түвшинд байсан. ...баруун чихний нөхсөн хэнгэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үзлэгээр гэмтэж хагарсан ба улайж үрэвссэн, чихэн дотор нь цус гарсан байдалтай байсан. Уг гэмтэл нь шинэ бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад толгой болон чихэндээ цохиулсны улмаас үүсэх боломжтой...” гэжээ. /хх-ийн 92-93 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 93 тоот дүгнэлтэд
1. Б.Т-ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун хацар, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, зүүн гарын сарвууны цус хуралт, зулгаралт, хуйханы зүүн зулайд хэсгийн үс зулгаагдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлийн баруун чихний хэнгэргэн хальсны цооролт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 47 тал/
- Хохирогч Б.Т-н мэдүүлэг /хх-ийн 21-24 тал/
- Хохирогч Б.Т-ийн эм авч хэрэглэсэн зардлын баримтууд /хх-ийн 17-18 тал/
- Гэрч М.Алтангоогийн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/
- Гэрч Г.Бадрахын мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/
- Хохирогч Б.Т-ийн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 46 тал/
- Шүүгдэгч Д.Д-ийн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 51 тал /
- Эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 119 тал/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192100311 дугаартай тогтоол /хх-ийн 98 тал/
- Б.Т-н хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон шийдвэр /хх-ийн 99 тал/
- Д.Д-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27, 58 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг, “20-ын гарам” гэх газарт хохирогч Б.Т-г зодож эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Б.Т, гэрч Ч.Батбаяр, Б.Баяраа, С.Ганжигүүр, О.Оюунбаатар, Г.Анхбаяр нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 93 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Д.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Д-н үйлдлийн улмаас хохирогч Б.Т-н биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс 2831.405 төгрөг нэхэмжилж байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 342.000 төгрөгийн хохирлын баримт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс хохирогчид төлсөн 280.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 62.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн нэхэмжилж байгаа бусад хохирол нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Д-н .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Д-н ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-с бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 62.000 /жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багт оршин суух, Б.Т /РД: ....................../-д олгосугай.
6. Хохирогч Б.Т нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ